Н.Алтанхуяг: Бид 2014 онд хэрэглэгч бус үйлдвэрлэгч улс болно
Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2014.01.09
Улстөр

Н.Алтанхуяг: Бид 2014 онд хэрэглэгч бус үйлдвэрлэгч улс болно

Шинэчлэлийн Засгийн газар өнөөдөр Төрийн ордны их танхимд өнгөрсөн онд хийснээ дүгнэж ирэх оны төлөвлөсөн ажлаа танилцууллаа.

Засгийн газрын кабинетын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ, 21 аймаг, харъяа агентлагуудын удирдлагуудын төлөөлөл оролцлоо.  Өнгөрсөн оны хувьд Шинэчлэлийн Засгийн газарт амаргүй даваа, саад бэрхшээл олон байсныг Ерөнхий сайд дурдав.

Нүүрсний үнэ 33 хувиар буурч, дэлхийн эдийн засгийн болон хууль эрх зүйн орчноос шалтгаалан хөрөнгө оруулагч нар нүүр буруулсан явдал нь бэрхшээл хүндрэл учруулсан гэдгийг онцлов. Гэхдээ Чингис бондыг босгосон, үнэ тогтворжуулах хөтөлбөр, аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбосон, бүтээн байгуулалтын олон ажлын гарааны жил байсан гэдгийг тэрээр хэлсэн.

Өнгөрсөн онд гэхэд 200 мянган ажлын байрыг хадгалж, 51 мянган ажлын байр шинээр нэмэгджээ. Ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, ажил орлоготой болгохын төлөө хийх олон асуудал амар хялбар шийдэгдэхгүй байгааг ч хүлээн зөвшөөрөв.

Барилгын зөвшөөрөл олгох шат дамжлага, гадаад худалдаа, татвар төлөлт, эрчим хүчээр хангах асуудлыг өнгөрсөн онд дутмаг хийсэн. Харин энэ онд Засгийн газрын зүгээс дээрх асуудал голлож анхаарна гэдгийг ч Ерөнхий сайд хэллээ.

Ирэх онд Шинэчлэлийн Засгийн газар хэрэглэгч бус үйлдвэрлэгч улс болохын төлөө хүчин чармайлт гарган ажиллах болно

Өнгөрсөн онд 21 мянган айл өрх орон сууцтай болж 17 мянган айл өрх найман хувийн зээлд хамрагджээ. Сансарбаяр гэдэг залуугийн орон сууцны зээлд хамрагдаж 772 мянган төгрөгийн зээл төлж байсан бол найман хувьд шилжснээр 443 мянган төгрөг болж тухайн гэр бүл 50 орчим сая төгрөг хэмнэж байгаа жишээг татав. Ирэх онд Шинэчлэлийн Засгийн газар хэрэглэгч бус үйлдвэрлэгч улс болохын төлөө хүчин чармайлт гарган ажиллах болно гэдгээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг амаллаа.

"Элсэн чихэр 100 хувь, хувцас хунар 62 хувь гэх мэтээр манай улс импортлож байгаа. Нүүрсээ шууд гаргах бус угааж үнэд хүргэмээр байна. "Чингис бонд"-оос үлдсэн хөрөнгийг үйлдвэржилтэнд зарцуулахаар төслүүдээ хүлээн авч байгаа. Төслийн сонгон шалгаруулалтыг ажлын хэсэг нээлттэйгээр сонгон шалгаруулна. Ард иргэд хэн хүссэн нь сонгон шалгаруулалтын явц нээлттэй байх болно" гэдгийг Ерөнхий сайд хэлэв.

Энэ онд бүтээн байгуулалтын ажилд нэг их наяд төгрөг зарцуулах болно. Хөшигтийн хөндий онгоцны буудал, Өмнөговь, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбох зэрэг бүтээн байгуулалтын олон ажил ирэх хаврыг хүлээж байгааг дурдлаа.

Тэрээр танилцуулгын төгсгөлд "2014 онд бид үйлдвэрлэгч улс болно. Бид бүтээн байгуулах болно. Бид гурван саяулаа болно. Хүн шиг амьдарч, улс шиг хөгжихийн төлөө Шинэчлэлийн Засгийн газар тасралтгүй ажиллах болно" гэв.

ШИНЭ МЭДЭЭ