“Эрдэс баялгийн салбар 2025” хэлэлцүүлэг болж байна
“Эрдэс баялгийн салбар 2025” хэлэлцүүлэг
2014.01.15
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

“Эрдэс баялгийн салбар 2025” хэлэлцүүлэг болж байна

Ойрын 10 жилд Монголдоо тэргүүлэх уул уурхайн салбарыг олон улсын жишгээр хөгжүүлэхэд оролцогч талууд хэрхэн хамтран ажиллах талаар “Эрдэс баялгийн салбар 2025” хэлэлцүүлгээр ярилцаж байна.

Иргэд, олон нийтэд уул уурхайн салбарын талаар бодит ойлголт өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, 2025 он хүртэлх зорилтоо тодорхойлохоор Уул уурхайн яамнаас санаачилсан энэ хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын 300 гаруй төлөөлөл оролцож байна.

“Өнгөрсөн жил уул уурхайн салбарын эрх зүйн орчноо шинэчилж, хөрөнгө оруулалтын бодлогоо тогтворжуулсан. Энэ жил Шинэчлэлийн Засгийн газар “Монголдоо бүтээцгээе” зорилтын хүрээнд эрдэс баялаг боловсруулах үйлдвэрүүд барьж эхэлнэ. Иймд олон улсын сайн туршлагуудыг хэрэгжүүлж, уул уурхайн салбараа дэлхийд өрсөлдөх чадвартай болгохын төлөө ажиллах нь та бүхний үүрэг. Үүнд анхаарлаа хандуулаарай” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэлцүүлгийн нээлтэд оролцохдоо хэллээ.

Уул уурхайн салбар Монгол Улсын ДНБ-ий 17 хувь, экспортын 81 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувийг эзэлж, улсын төсвийн 23 хувийг  бүрдүүлж байна. Улсын экспортын орлогыг нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр, жонш, газрын тос голлон бүрдүүлдэг. Цаашид хөрөнгө оруулалтыг нь хөхиүлэн дэмжих замаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хурдасгах чиглэлийг Засгийн газар барьж байна. Юун түрүүнд гангийн болон зэс хайлуулах үйлдвэрүүд барина.

2025 он хүртэлх хугацаанд уул уурхайн салбараас Монгол Улсын нийгэм, эдийн засаг боло норон нутгийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл, бүтээмж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, байгаль орчин, эрүүл мэндийн хариуцлагатай тогтолцоо нэвтрүүлэхчиглэлүүдээр хэлэлцэж, оролцогчдын санал дүгнэлтийг нэгтгэсэн уриалга гаргах юм.

ШИНЭ МЭДЭЭ