Төрийн 30-аад үйлчилгээг гар утсаар авах боломжийг бүрдүүлнэ гэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2014.01.17
Улстөр

Төрийн 30-аад үйлчилгээг гар утсаар авах боломжийг бүрдүүлнэ гэлээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газрын 2013 оны үйл ажиллагаа, энэ онд хийх ажлын талаар мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайдын мэдээлснээр, манай улс нийт хэрэглээнийхээ 88 хувийг импортоор авч, 12 хувийг өөрсдөө үйлдвэрлэж байна. 45 сая малтай манай улс сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 74, гурил гурилан бүтээгдэхүүнийхээ 41, нэхмэл хувцасны 62 хувийг гаднаас авдаг байна.

Тиймээс Монголдоо бүтээх, үйлдвэрлэх зорилтод хүрэхийн тулд 2014 онд нэг их наяд төгрөгөөр экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихээр төлөвлөсөн бөгөөд 270 тэрбум төгрөгийг Чингис бондоос санхүүжүүлж сүү, мах, ноос, ноолуур, оёмол, сүлжмэл, хүлэмжийн үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулж, 360 тэрбум төгрөг Чингис бондоос хуваарилагдаагүй үлдсэн аж.

Хуваарилагдаагүй үлдсэн хөрөнгийг үйлдвэрлэлд зарцуулахаас гадна Японд борлуулсан бондын 450 тэрбум төгрөгийг үйлдвэржилтэд зарцуулахаар төлөвлөжээ.

“Гудамж” төслийн хүрээнд нийслэлд 15 уулзварыг шинэчилж, хурдны замын ажлыг эхлүүлэн, Шинэ төмөр зам, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын ажлыг урагшлуулна гэж тэрбээр мэдээллээ. Амгалангийн дулааны станц, 3 ба 4 цахилгаан станцын өргөтгөлийг энэ онд ашиглалтад оруулах юм байна.

Аймаг бүхэнд 1000 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлж, 12 аймагт оношилгооны төвийг энэ хавар ашиглалтад өгнө гэлээ.
“40-өөс дээш насныхан ажил эрхлэхэд зориулж 3,2, залуу малчдыг дэмжихэд 3,5 тэрбум төгрөг зарцуулах нь. 50 мянган ажлын байр шинээр бий болгож, 24-өөс дээш насны 7 мянган мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ хэмээн мэдээлэлдээ дурдсан.

ТҮЦ машины үйлчилгээг нэмэгдүүлэхээс гадна төрийн 30-аад үйлчилгээг гар утас, компьютерээс авах боломжийг бүрдүүлэх юм байна. Эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн жорыг цахим болгож, шилэн данс, шилэн тендерийг бий болгоно гэж Ерөнхий сайд хэлсэн.

Ерөнхий сайдын мэдээллийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тус намын бүлгийн дүгнэлтийг уншиж танилцуулсан юм. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл ийм бага цаг хугацаанд Ерөнхий сайдын мэдээллийг хэлэлцэхэд учир дутагдалтай байна гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй учир чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ.

ШИНЭ МЭДЭЭ