Наймхан жилийн дотор гурван удаа өршөөл үзүүлсэн тохиолдол олон улсад байдаггүй
Өршөөлийн тухай хуулийн төслийг батлах нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлж, шүүх засаглалын шударга байдлыг алдагдуулна гэж хууль зүйн яам үзэж байна. Ердөө наймхан жилийн дотор гурван удаа өршөөл үзүүлсэн тохиолдол олон улсад бараг байдаггүй юм байна.
Өршөөлийн тухай хуулийн төслийн 9.1.6-д зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөлд үл хамруулахаар заасан. Гэхдээ энэхүү заалт нь насанд хүрээгүй хүмүүст хамаарахгүй юм байна. Хуулийн төслийн 6-р зүйлд хүнд гэмт хэрэгт анх удаа холбогдсон 3-с дээш жил хорих ялаар шийтгүүлсэн бол хугацааг харгалзан эдлээгүй ялын 50 хувийг өршөөхөөр заасан байна.
Гэтэл ойр ойрхон өршөөлийн хууль баталж хүмүүжигчдэд өршөөл үзүүлэх нь хууль шударга ёсыг үгүй болгох сөрөг талтай. Нөгөө талдаа аливаа гэмт хэргийн цаана хохирогч заавал байдаг. Гэтэл хохирогчдын хохирлыг барагдуулалгүй ийнхүү өршөөл үзүүлэх нь шударга бус гэж үзэх тал байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Жилд 30 тэрбум төгрөгөөр шинэ шорон бариад нийгмийг бүхэлд нь шоронжуулах бодлого руу явмааргүй байна. Нийгмийг соён гэгээрүүлэх хэрэгтэй. Бусад улс үндэстнүүдийн хөгжин дэвшсэн түүхийг судалж нийгмийн хүрээн дэх соён гэгээрүүлэх ажил бол хамгийн чухал ажил байдаг. Тиймээс энэ тал дээр түлхүү анхаарч. Эрүүгийн хуулийн хатуу зохицуулалттай холбож шоронжуулж байгаа байдлыг өөрчлөх ёстой” хэмээн байр суурьтай байна.
Хуулийн төслийн бас нэг заалт нь хөнгөн хөнгөвтөр, хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ялаар шийтгүүлсэн 18 нас хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан хүмүүсийн эдлээгүй ялыг болон, нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ. Тэгвэл улс төрийн болон албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа албан тушаалтнуудын хэргийг өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгохгүй гэдэг асуултад
УИХ-ын гишүүн Ганбат “Бусад орны хуультай харьцуулахад дэлхийн стандартаас хоцрогдож байна. Утас хулгайлаад 10 жил, албан тушаалын хэрэгтэн мөн 10 жил авч байгаа жишээ байна. Гэхдээ 2008 онд хийсэн шиг алдаа гаргаж болохгүй. Хохирлоо барагдуулсан, албан тушаалтан авилгын хэрэг хамрагдахгүй байх ёстой” хэмээн хэллээ.
Хууль зүйн яамнаас хийсэн судалгаагаар өршөөлийн хуульд хамрагдсан иргэдийн 20-30 хувь нь эргэн гэмт хэрэг үйлддэг байна. иймээс энэ удаагийн өршөөлийн тухай хуулийн төсөл нь ганц удаа гал унтраах гэсэн арга хэмжээ. Тэгвэл шоронжсон улс гэж хэлэгдэхэд хүргэсэн ялтнуудын тоог цөөлөхийн тулд гэмт хэргийн тухай хуулиа батлах нь зүйтэй юм байна.