"Утаа" хэлэлцүүлэг
2014.01.24
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Утаа буураагүйн гол шалтгаан нь буруу галлалт

Монгол улсын Засгийн газраас зохион байгуулсан утааны талаархи хэлэлцүүлэгт төрийн байгууллагуудын төлөөлөл, мэргэжилтнүүд оролцлоо.

Ус цаг уур орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга         Ж. Батбаяр

Улаанбаатарын агаарын бохирдлын гол элемент бол утаа. Онолын дагуу утаа гэдэг нь шаталтаас ялгарсан өчүүхэн жижиг хатуу биет, агаарын хольц юм. Улаанбаатарын утаанд тоосонцор, азотын исэл, хий, хүхэрлэг хий зэрэг үндсэн бохирдуулагчид агуулагддаг. Эдгээр бохирдуулагч нь хүний эрүүл мэндийн хувьд том эрсдэл дагуулдаг. Нийслэлийн хүүхдүүд хөдөөний хүүхдүүдтэй харьцуулахад 5-15 дахин илүү гуурсан хоолойн үрэвсэлтэй. Оршин суугчдын 23-24 хувь амьсгалын эрхтний өвчлөлтэй. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 20-27 хувь эрт хожуу үеийн хордлоготой. Нярай хүүхдүүдийн 3-4 хувь хүчилтөрөгчийн дутагдалтай гэсэн судалгаа байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

Судалгаанаас харахад 11 сараас 4 дүгээр сар хүртэл утааны хэмжээ хамгийн их байдаг. Тэр дундаа 12, 1 дүгээр саруудад дээд цэгтээ хүрдэг. Харин зуны улиралд зөвшөөрөгдөх хэмжээндээ байна.

Утаа багасах үеэр утааны талаар ярьж эхэллээ гэж зарим хүмүүс намайг шүүмжилсэн. Энэ тийм биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Утааны талаар 18 удаа хэлэлцүүлэг явуулсан. Утааны тухай нэгдсэн ойлголтод хүрье гэсэн үүднээс энэ хэлэлцүүлгийг хийж байна.

Чанарын мэргэжилтнүүд утааны хорт бодисын агууламж багассан гэж ярьж байгаа ч утаа буураагүй явдалд бид иргэдээсээ хүлцэл өчих хэрэгтэй. Тиймээс Засгийн газар ойрын хэдэн жилд энэ асуудлыг шийднэ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл:

2000 айлыг түүвэрчилсэн байдлаар судлаад үзэхэд 12,5 хувьд нь авсан сайжруулсан зуух нь байгаагүй. Байхгүйн шалтгаан нь зарсан, бэлэглэсэн явдал. 148 000 айлд зуух тараасан гээд бодохоор 14 000 – 15 000 зуух алга болчихсон байна.

Нөгөө талаар буруу галладаг зуршлыг арилгана гэдэг амаргүй. Зөв галласан бол утаа багасах бүрэн боломжтой. Нийслэлийн удирдлагаас асар их хэмжээний мөнгө гаргаж хямд үнээр тараасан зуухыг цааш нь арилждаг явдлыг гэмт хэрэг гэж үзэж байна. Хатуу хяналт тавьж бүртгэлжүүлэх хэрэгтэй.

Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун:

Авсан зуухаа цааш нь дамлавал уг үнийг хэд дахин төлнө гэсэн заалт гэрээнд байдаг. Харин одоо зарсан айлуудыг торгохоос өөр аргагүй. Шинээр зуух авч буй айлуудад үүнийг сайн хэлэх хэрэгтэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

Нийслэлийн удирдлага алга болсон зуухнуудаа буцааж олж авах хэрэгтэй. Хариуцлагагүй үйлдлийг зогсоох ёстой.

ШИНЭ МЭДЭЭ