Б.Бат-Эрдэнэ: Гурван сая иргэнээ сайхан амьдруулахад гуравхан орд л хангалттай
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2014.06.16
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.Бат-Эрдэнэ: Гурван сая иргэнээ сайхан амьдруулахад гуравхан орд л хангалттай

 УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр Ашигт малтмалын хуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эсэргүүцэж байгаа юм.

-Ашигт малтмалын хуулийн төслийг хурдан баталж лиценз олгож эхлэхийг хулээсэн хүлээлт нийгэмд үүсээд байгаа. Гэтэл та яагаад эсрэгээр нь яриад байна вэ?

-Хэн хүлээгээд байгаа юм. Тэр хүлээгээд байгаа хүмүүс чинь ард түмний хэдэн хувь нь юм бэ. Улс орны амьдрал болохоо болилоо, иргэдийн амьдрал ядуурч байна, та нар хайгуулын лицензээ бушуухан олгож эхлээч гэх хүн хөдөө орон нутаг, нийслэлээр явж байхад нэг ч таарсангүй. Өвөг дээдэс минь хэдэн үеэрээ хамгаалж ирсэн байгалийн баялгийг сул цөлмөж амташсан гадаад, дотоодын цөөхөн хэдэн компанийн л ашиг сонирхол байгаа шүү дээ.

-Лиценз олгохоо больсноос хойш уул уурхайн салбар унтаа байдалд орсон, хөрөнгө оруулалт зогслоо гэж үзээд байгаа шүү дээ.

-Одоогийн эрх баригчид сонгуулийн мөрийн хөтөлбөртөө эдийн засгийг солонгоруулна гэж заасан байгаа. Солонгоруулна гэдэг нь нэг салбараас хамааралтай бус олон тулгууртай болгоно гэсэн үг. Гэтэл аман дээрээ ингэж байгаа ч ажил дээрээ зөвхөн байгалийн баялгаа л эдийн засгийн хямрал гэсэн далбаан дор цөлмөж гадагш нь гаргая гэдэг л бодлого барьж байна. Эдийн засаг зөвхөн уул уурхайгаас болж хямарсан юм уу, үгүй шүү дээ.

Улс орныг эдийн засгийн аргаар удирдах бодлогын том алдаа, гажуудал л ийм байдалд оруулсан.

Гэтэл одоо их хэмжээний өр тавьж эсвэл байгаа баялгаа цөлмөж энэ байдлаас гарна гэж үзэж байна. Гэтэл хайгуул хийж нөөцийг нь тогтоосон том ордуудаа бүгдийг ашиглалаа гээд хувь хүнд наалдсан юм юу байна. Хувь хүн, улс оронд ашиггүй ийм байдлаараа дахиад хайгуулын лиценз тараагаад бүгдийг нь цөлмөвөл хэцүү.

Монголчууд байгаа юмаа барж биш мэрж хаврын хүнд, өвлийн хайруу цагт хэрэглэнэ гэж хуваарилдаг. Зөвхөн өнөөдөртөө биш ач зээдээ хэмнэж, гамнаж байгаад хүргэх юмсан гэсэн монгол ухаан байдаг.

Байгалийн баялгийг хөдөөгийн нэг өрхийн хэмжээнд зүйрлэвэл хотонд нь байгаа хэдэн эр үхэр, хонь нь гэсэн үг. Гэтэл өвөл идэш хийхдээ бүх амбан шараа унагадаггүй биз дээ. Ам бүл бүх юмаа тооцож үздэг. Үүнтэй адил өмнө нь нөөцийг нь тогтоочихсон Эрдэнэт,  Оюутолгой, Хөшөөт гэх мэт ордууд чинь гурван сая хүний амьдралыг дээшлүүлэхэд хангалттай. Нэмж ашигладаг байлаа гэхэд өмнөх юмаа цэгцэнд нь оруулчихаад, яарах юмгүйгээр зөв бодлогоор ашиглах хэрэгтэй.

-Та тэгэхээр лиценз олгож эхлэхийг яарах хэрэггүй, өмнөх алдаагаа бүрэн зассаны дараа олгох эсэхийг шийдье гэж байгаа юм байна, тийм үү?

-Монгол Улсын төрийн тэргүүн тийм зорилгоор л хуулийн төсөл санаачилж, түүнийг нь тухайн үед бүгд санал нэгтэй дэмжсэн биз дээ. Үүний үр дүнд нэлээд хэмжээний газар нутгаа чөлөөлсөн. Гэхдээ л цэгцэнд оруулах асуудал зөндөө байна.

Өмнө нь тараасан лицензийн буянаар Монгол Улс баяжсангүй, монгол хүний амьдрал өөдөлсөнгүй. Харин ч улам бүр ядуурч, хэдхэн олигархи л баяжлаа. Тэгэхээр цаашид ашиглах баялгаа Монгол Улсад, ард түмэнд хэр ашигтай гэдгийг нэг мөр тооцож, цэгцэлсний дараа нэмж ашиглах ёстой гэж үзсэн орддоо тусгай зөвшөөрлийг нь өгье л гэж байгаа юм.

-Бид ярьсаар сэрэмжлүүлсээр байтал баялгийн хараал тусчихав уу?

-Баялгийн хараалд боди тойгоор орчихсон шүү дээ. Ард түмнээ хэрэглээ шүтсэн сэтгэхүйтэй болгочихсон. Хөдөлмөрлөж, зүтгэж, бүтээж ажиллана гэсэн уламжлалт үзэл сэтгэлгээг ус хийж байгаа юм шиг унтрааж байна. Энэ бол яалт ч үгүй хараал. Эрх баригчдынх нь бодлого ч харалган, ой санамж нь ч богинохон болчихсон. Урт нэртэй хуулиар ямар газарт байгалийн баялаг ашиглаж

олборлохыг заагаад өгчихсөн. Гэтэл одоо хэлэлцэж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн төсөл үүнийхээ эсрэг байна. Энэ хуулийн төслөөр стратегийн орд гэж байдгийг больё, стратегийн ашигт малтмал гэдэг байя гэж байна. Гэтэл эрх барьж байгаа хүмүүс мөрийн хөтөлбөртөө нүүрс, газрын ховор металл, цацраг идэвхт бодис гээд олон төрлийн ашигт малтмалыг стратегийн ангилалд оруулна гэж байсан.

Гэтэл одоо ярьсан хэлснээсээ буцаж газрын тос, цацраг идэвхт бодис, байгалийн хий гэсэн гуравхан төрлийг л стратегийн оруулна гэж байгаа. Энэ гурав чинь гурвуулаа тусдаа бие даасан хуулиар зохицуулагддаг. Тэгэхээр эдгээр нь Ашигт малтмалын тухай хуульд хамаарахгүй болчихно. Нэр тунхаг төдий оруулсан болоод, үнэндээ стратегийн орд ч гэж байхгүй, ашигт малтмал ч үгүй болгож баялгаа гарынхаа салаагаар урсгах гэсэн бодлого л яваад байна.

Байгалийн баялаг чинь амны хишгээр бидэнд өгсөн бурхны хишиг байхгүй юу. Үүнийг ашиглахдаа төр ард түмнээ төлөөлж оролцож, тэгш шударга хуваарилах гэж л оролцож байгаа. Түүнээс биш байгалийн баялаг чинь ард түмний өмч шүү дээ. Тиймээс томоохон хэдэн ордууддаа төр маш зөв бодлого бариад гурван сая иргэнээ хүн шиг амьдруулах боломжтой. Гэтэл Багануурын нүүрсийг гэр хорооллын айлуудад тараах, сурагчийн дүрэмт хувцас оёх зэрэг аар саархан асуудалд оролцож аж ахуйн ажил хийгээд улс орны оршин байхын үндсийн үндэс болсон байгалийн баялагтай холбоотой асуудалд хүний сэтгэлээр хандах учиргүй юм.

ШИНЭ МЭДЭЭ