Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өнгө зассаар байна
2014.07.31
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өнгө зассаар байна

Нийслэлийнхэн чөлөөт цагаа өнгөрүүлдэг ганц сайхан газартай болсон нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн.

Өвөл зунгүй хүн ихтэй байдаг болсон энэ газар өдөр ирэх бүр өнгө зассаар байна. Ургаж байгаа ургамал цэцэг, хийж байгаа бүтээн байгуулалтын ажлыг нь харахад яалт ч үгүй сэтгэл мэдрэгдэнэ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн машины зогсоолд машинаа байрлуулахад 30 минут нь 500 төгрөг бол нэг цаг нь 1000, хоёр цаг нь 2000, гурван цаг нь 3000 гэнэ.

Энд усан оргилуур, сандалнууд гээд цэцэрлэгт хүрээлэнд хэрэгтэй бүхэн байна. Түүний зэрэгцээ газрын теннис, сагсан бөмбөгийн тус бүр гурван талбай, хөлбөмбөгийн нэг талбайг засч тохижуулжээ. Энэ бүх талбайд иргэд үнэ төлбөргүйгээр тоглоцгоож байна. Хөлбөмбөгийн талбайд тоглож байсан хүүхдүүдийн багшаас "та бүхэн хэдэн төгрөгийн төлбөр төлсөн бэ" гэхэд "төлбөр мөнгө гэж байдаггүй болохоор бид боломж гарвал ирж тоглодог. Энд ирсэн хүмүүстэй зохицоод л тоглочихдог" гэж байлаа. Аргагүй юм, хөлбөмбөгийн талбайн үнэ дунджаар 30-40 мянга байдаг гэдгийг тоглодог хэн хүнгүй л мэднэ. Тиймээс үнэ төлбөргүй сагс, хөлбөмбөгийн цэвэрхэн сайхан талбайд тоглоно гэдэг хэчнээн сайхан билээ.

Хөлбөмбөгийн талбай

Хөлбөмбөгийн талбайн үзэгчдийн хэсэг

Хөлбөмбөгийн талбай

Газрын теннисний талбай

Газрын теннисний нийт 3 талбай засч тохижуулжээ

Газрын теннисний талбай

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хаа сайгүй хогийн сав, сандал харагдана. Цэвэрлэгч нар байнга хогийн савыг султгаж, орчныг цэвэрлэх аж. Ийм сайхан талбайнуудыг үнэ төлбөргүй байрлуулаад өгсөн байхад ундааны сав, хог цаас энд тэндгүй хаясан харагдана. Нэг баг болж ирж тоглосныхоо дараа ядахдаа тарьсан хогоо цуглуулж хаяад, орчноо цэвэрлээд явчихад гэмгүй санагдана.

Салхинд гарсан хүмүүсийн дуртай газар нь энэхүү дугуйны хэсэг. Амралтын өдрүүдэд бүхий л цагт харин ажлын өдөр 18.00 цагаас эхлээд л хүмүүс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорино.

Дугуйгаар явахад зугаатай бас халуунд бол салхи татуулан давхих дургүй хэн байхав. Дугуйн зам 1,5 км байсныг нэмж 3,5 км болгожээ. 3,5 км газрыг дугуйгаар туулахад 4 хүний саравчтай дугуй 7000 төгрөг, 2 хүний саравчтай дугуй 5000 төгрөг, цуваа дугуй 3000 төгрөг, нэг хүний дан дугуй 2000 төгрөгийн төлбөртэй байх ажээ. Дугуйн замд нь хэдэн метр яваад буйг харуулсан тэмдэглэгээг ч хийсэн байлаа.

Харин ажиллуулж буй хүмүүс нь зарим иргэд дугуйг нь хулгайлаад явчихдаг, эсвэл эвдэлчихээд буцааж өгөлгүй зам дээр хаячихаад яваад өгдөг талаар ч ярьж байлаа. Өдөрт дор хаяж 2-3 дугуй эвдэрдэг гэнэ. Хүний юм гэж хүйтэн сэтгэлээр хандахгүй байвал эргээд очиход нь дугуйтай л угтана гэдгийг ойлгомоор.

Одоогоор үйлчилгээнд нийт 300 орчим дугуй өдөрт гардаг байна.

Нийслэлд маань чимэг болж буй Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууддаа баярлалаа гэж хэлмээр санагдана. Үндэсний портал GoGo.mn сайтын эрхэм уншигч та бүхэн энэхүү цэцэрлэгт хүрээлэнгээр ороод гараарай.

ШИНЭ МЭДЭЭ