Улсын хэмжээнд долоон сая мод тарьжээ
Цэцэрлэгт хүрээлэнд энэ өдөр 1800 гаруй модыг шинээр нэмж тарилаа.
2014.10.13
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Улсын хэмжээнд долоон сая мод тарьжээ

Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгох зарлигыг 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарга­сан билээ. Үүнээс хойш энэ өдөр бүх нийтээр мод тарьж, ногоон хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Тэгвэл энэ өдөр өнгөрсөн бямба гарагт тохиож, төрийн тэргүүнээс эхлүүлээд нийслэл, орон нутгийн иргэд бүгд мод тарьж, цэнэг услалт хийлээ. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дамбадаржаагийн аманд байрлах Модлог ургамал үржүүлгийн газарт очиж мод тарьсан бол УИХ-ын дарга З.Энхболд Б.Саранчимэг даргатай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив. Тэрбээр жилд хоёр удаа мод тарьдаг бөгөөд энэ удаад УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Арвин, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар оролцлоо. 

ҮЦХүрээлэн Иргэдэд үйлчлэх төв ашиглалтад орж байгаатай холбогдуулан “Эко танхим” байгуулжээ.

УИХ-ын дарга З.Энхболд бүх нийтээр мод тарих энэ өдрийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2010 онд Бүх нийтээр мод тарих өдөртэй болсноос хойш улсын хэмжээнд 34 мянга гаруй аж ахуй нэгж байгууллага, 800 мянга гаруй  иргэн эх орноо гэсэн чин сэтгэлээр долоон сая мод тариад байна.  Манай орны нийт газар нутгийн дөнгөж  8.3 хувийг  ойн сан эзэлдэг, ойн нөөцөөр хомс улсын нэг юм.

Тиймээс бүх нийтээрээ ойжуулах, мод тарих ажлыг өргөн далайцтай илүү үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай. Үүний зэрэгцээ залуу хойч үедээ мод тарьж хэвших зөв сэтгэлгээг зүрх сэтгэлд нь ургуулах ажлыг ч мартаж болохгүй. Модоо тариад орхих бус, тарьснаасаа хойш 3-5 жил сайтар арчлан хамгаалах нь хамгаас чухал байдаг. Иймд ард иргэддээ тарьсан модоо жил бүр арчлан хамгаалж ургуулахыг уриалж байна.

УИХ 2013 онд Ойн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр  ойг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх, ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх асуудлыг улам боловсронгуй болгон төр, иргэн, хувийн хэвшил хоорондын уялдааг сайжруулж, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлж өгсөн. 

Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн өмчлөлийн болон эзэмшил  газартаа мод тарьж, түүнийгээ өмчлөх, шаардлагатай газруудыг ойжуулсан тохиолдолд түүнийг нь улс худалдан авах, ойжуулалтад хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн импортыг татварын бодлогоор дэмжих эрх зүйн орчин бүрдээд байна. Цаашид УИХ нийгэм-эдийн засаг, байгаль орчны асуудлыг цогцоор нь авч үзэж, ногоон хөгжлийн бодлоготой уялдуулан төрөөс ойн талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэн батална. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр, Монгол орныхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэн ойжуулж, Дэлхийн дулаарлын эсрэг ариун үйлсэд хувь нэмэр оруулахаар орон даяар энэ хөдөлгөөнд сэтгэл зүрхээрээ нэгдэн ажиллаж байгаа нийт иргэд, байгууллагад талархал илэрхийлье” хэмээсэн юм. 

Бүх нийтээр мод тарих энэ өдрийн арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын ажилтнууд оролцож, нийт 200 гаруй мод суулгалаа. Мөн мод тарих арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн 21 дүгээр дунд сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагчид, Баянзүрх дүүргийн Боловсролын газрын ажилтнууд оролцсон юм. Тус цэцэрлэгт хүрээлэнд энэ өдөр 1800 гаруй модыг шинээр нэмж тарилаа. 

ҮЦХ-ийн хамт олон иргэдэд үйлчлэх төвөө нээлээ

НИТХ-ын  шийдвэр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2009 оны 268 дугаар захирамжаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” түүхэн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Нийт 960 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулагдахаар төлөв­лөгд­сөнөөс 183 га талбайн ерөнхий төлөвлөгөө, зураг гарсан билээ. Үүнээс эхний ээлжийн 30 га талбайн нарийвчилсан ажлын зураг, төсөв хийгдсэний дагуу бүтээн байгуулалтын ажил хийгдэж нийслэлчүүдэд үүд хаалгаа нээгээд байгаа билээ. Өнөөдөр иргэдийн очих дуртай газрын нэг болсон тус хүрээлэнд бүтээн байгуулалтын ажил төлөвлөлтийн дагуу хийгдсээр байгаа.

Дэлхийд дээгүүрт орох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэд зөвхөн мод тарих гэж ирдэггүй. Тус хүрээлэнгийн хамт олон иргэдийн тав тух, амралт чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд ихээхэн анхаарч ажилладаг. Тиймээс ч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэд, хүүхэд залуусын цуваа тасрахаа больсон нь тэдний таашаалд нийцсэн бүтээн байгуулалтын ажлууд хийгдсээр байгаагийн илрэл гэж хэлж болно. Энэ онд гэхэд л шинээр спортын цогцолбор талбай, 2.6 км гүйлт болон дугуйн хосолмол зам, нийтийн бие засах газар, гоёлын хашаа, үүдний орцын ажлыг хийж гүйцэтгэжээ. Одоогоор цэцэрлэгт хүрээлэнгийн баруун жигүүрийн тохижилтын ажил байгалийн чулуун зам, гэрэлтүүлэг, 15 га талбайд автомат усжуулалтын систем хийж байгааг тус хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг бидэнд дуулгасан юм. 

Үүнээс гадна намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр иргэдэд үйлчлэх төв үүд хаалгаа нээлээ. Энэхүү  барилгыг байгальд ээлтэй технологи, материалаар барьж байгуулсан гэдгээрээ онцлогтойгоос гадна иргэдийн экологийн боловсролыг нэмэгдүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг хүүхэд багачуудад төлөвшүүлэх зорилгоор олон төрлийн ажлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс зохион байгуулах юм. Иргэдэд үйлчлэх төв ашиглалтад орж байгаатай холбогдуулан “Эко танхим” байгуулжээ. 

Энэ танхимдаа экологийн олон төрлийн судалгаа, шинжилгээний материал болон ном товхимолуудыг нэг дор төвлөрүүлж, уншлагын танхим тогтмол ажиллуулах юм. Мөн экологийн мэдээлэл авахыг хүссэн иргэн бүр уг танхимаар үйлчлүүлэх боломжтой. Үүнээс гадна  “Эко танхим”-даа экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, иргэд, аж ахуй нэгжүүдийнхээ үйл ажиллагааг дэмжиж хурал, семинар, сургалтыг зохион байгуулах юм байна.

Тиймээс экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачид хэн бүхэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтарч ажиллах боломжтой ажээ. Дашрамд дурьдахад, энэ чиглэлээр ажиллаж буй хэн ч байсан  судалгаа шинжилгээний болон бусад ном товхимолуудаа хандивлан хамтран ажиллаж болох юм байна. 

“Аз жаргал”- ын галт тэрэгтэй боллоо

Тэгвэл зөвхөн хүүхэд багачууд гэхгүй тус цэцэрлэгт хүрээлэнг зорин очсон хүн бүхнийг “Аз жаргал”-ын галт тэргээр зорьчуулахаар болжээ.

Хүүхэд насанд хүргэж өгдөг, галт тэрэг хэрвээ байдаг бол хэмээх дууг мэдэхгүй, аялдаггүй хүн үгүй биз. Хүн бүр л хүүхэд насандаа очих нууцхан хүсэлтэй байдаг гэхэд нэг их дэгэсдүүлсэн болохгүй.

Тэгвэл зөвхөн хүүхэд багачууд гэхгүй тус цэцэрлэгт хүрээлэнг зорин очсон хүн бүхнийг “Аз жаргал”-ын галт тэргээр зорьчуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа явуулж байхаар төлөвлөж томоохон ажлууд хийж гүйцэтгэсээр байгаагийн нэг нь энэ галт тэрэг. Үүнээс гадна өвлийн бэлтгэл ажил болгож иргэдэд зориулсан цанын шинэ зам, мөсөн гулгуурын талбай, мөсөн шагайн талбай байгууллахаар төлөвлөн гүйцэтгэлийн ажлуудаа эхэллээ. Ийнхүү хөл хөдөлгөөн тасардаггүй цэцэрлэгт хүрээлэн иргэд рүү чиглэсэн олон ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсээр байна.


ШИНЭ МЭДЭЭ