С.Ганбаатар: Улстөрчид өөрсдөө жинхэнэ асуудал болж байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.10.15
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

С.Ганбаатар: Улстөрчид өөрсдөө жинхэнэ асуудал болж байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. 

-“Оюутолгой” компанийн нуун дарагдуулсан татварын хэмжээг 130-аас 30 сая ам.доллар хүртэл яагаад бууруулсан талаар албаныхнаас мэдээлэл хүссэн. Тоймтой хариу ирсэн үү? 

Өмнө нь Оюутолгойн талаар ярьж байсан олон хүн эрх мэдэлд хүрээд чимээгүй болчихсон байна. Би хөрөнгө оруулагчдыг “Манайхаас гар” гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт Монголд үр ашгаа өгөхгүй байна гэдэг асуудлыг яриад байгаа юм. Энгийн иргэдэд ажлын байр, хүүхдүүдэд цэцэрлэг, ахмадуудад тэтгэвэр, багш, эмч нарт цалингийн нэмэгдэл болж, энэ том төслүүд үр шимээ өгөөсэй гэж хүсдэг.

Ингэхгүйгээр “Рио- Тинто”-гийн улаан хамгаалагч царайтай улстөрчид тэнд бараа бүтээгдэхүүнээ шахдаг, хувьдаа, гэр бүлдээ мөнгө хийдэг, Монгол оронд ямар ч ашиггүй байдлаар 70 жил явна гэвэл санасны гарз шүү. Оюутолгой компанид 130 сая ам.долларын татварыг нуун дарагдуулсан байсныг албаныхан илрүүлсэн. Гэтэл дарга нар нь шалгаж байна гэх нэрийдлээр дарсаар байгаад гаргаж ирэхдээ 30 сая ам.долларын асуудал байна гэсэн. Энэ бол илбэ, ид шид. Өөр юу гэж тайлбарлах юм бэ.

Ер нь “Оюутолгой” компанитай байгуулсан 17 гэрээ байдаг.

УИХ-д 20 сая ам.долларын гадаадын зээл, тусламжийн талаар бөөн маргаан болж, шийдвэр гаргадаг. Гишүүн болгон өөрсдийн байр сууриа илэрхийлдэг. Хоорондоо муудалцдаг, сайхан муухайгаараа дуудалцдаг. Гэтэл Оюутолгойн татварын хэмжээ яагаад эрс буурав. Гайхах нь зүйн хэрэг биз дээ. Нэг агентлагийн дарга нар асуудлыг нууц шийдэж болдог юм уу. Татварын хэмжээ буурсан нь буруу гэж би хэлээгүй.

Олон нийтэд анх “Оюутолгой” компани 130 сая ам.долларын татвар нуун дарагдуулжээ” гэсэн мэдээлэл тараачихаад яагаад 30 сая ам.доллар болтлоо буурсныг баримт нотолгоотой, эдийн засгийн тооцоотой тайлбарлаж өгөхийг хүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, татварын бай- цааг чийн акт, баримтыг надад өгөх боломжтой эсэхийг асуусан.

Гэтэл “Улсын нууц учраас өгөх боломжгүй” гэх хачирхалтай хариу сонссон. Тэгэхээр “Оюутолгой” компанийн талаархи мэдээлэл УИХ-ын гишүүнд өгч болохооргүй нууц болж таарлаа. “Оюутолгой”-н 34 хувь бол ард түмний өмч.

Хэрвээ энэ компанийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн алдагдал хүлээх юм бол ТЕГ- ын дарга Т.Батмагнай, нэр бүхий улстөрчид, газар, хэлтсийн дарга нар халааснаасаа төлөхгүй шүү дээ. Хэрэв тийм байдалд орвол алдагдлыг татварын мөнгөөр барагдуулна. Өөрөөр хэлбэл, ард түмний мөнгөөр гэсэн үг.

Тэгэхээр хэн эзэн нь юм бэ гэдэг эндээс тодорхой харагдаж байгаа биз. Ард түмнийг төлөөлж, УИХ-д суугаа хүний хувьд “Оюутолгой” компанийн татварын талаар мэдээлэл хүсэх нь хуульд харшилсан зүйл биш. Би холбогдох мэдээллийг нь татварын улсын байцаагчдыг байлгаж байгаад лавлана. 

-УИХ-ын дарга З.Энхболд “Оюутолгой” компанийн татвар, хөрөнгө оруулалтын чиглэлийн хурлыг хоёр ч удаа хойшлууллаа” гэж та фейсбүүк хуудастаа бичсэн байсан. Энэ ямар учиртай юм бэ?
 Оюутолгой компанид 130 сая ам.долларын татварыг нуун дарагдуулсан байсныг албаныхан илрүүлсэн.

УИХ-ын дарга З.Энхболд ажлын хэсгийг хуралдуулахгүй байх арга хэмжээг хоёр ч удаа авсан. “Оюутолгой”-н ажлын хэсэгт хяналт тавих таван гишүүн байдаг. Ажлын хэсгийн дарга нь би. Тэгэхээр даргын хувьд УИХ-ын даргаас асуухгүйгээр ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, танилцаж, лавлах эрх нь байгаа.

Тиймээс маргааш /өнөөдөр/ 10.00 цагт “Оюутолгой” компанийн татвар, хөрөнгө оруулалт, одоогийн нөхцөл байдлын талаар өргөтгөсөн хурал хийнэ. Энэ үеэр албаныхнаас нууц мэдээллийг асуухгүй. ТЕГ-ын цахим хуудаст байршсан олон нийт мэдвэл зохих мэдээллийг асууна. Иргэд өөрийнхөө өмч, ирээдүйн орлогын талаар мэдэх эрхтэй. 

-Энэ компанийн үйл ажиллагаа зарим талаар доголдож байгаа нь Монголын улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой гэдэгтэй та санал нийлэх үү? 

Энэ компани Монголын засгийн газраас боллоо гэж чичилж болохгүй. Өмнө баяжмалаа экспортод гаргах ажлыг Засгийн газар хойш татсан талаар ярьж байсан. Баяжмалынх нь экспортыг Засгийн газар хойш татсан зүйл байхгүй. Энэ бол “Оюутолгой” мөнгөгүй болсонтой холбоотой. Энэ компани хэтэрхий үрэлгэн менежменттэй. Үүнээс болоод мөнгөгүй болчихоод зээл хайж байгаа талаар мэдээлэл сонсогдож байна.

Манай талаас гэрээнд заасан шаардлагаа тавьсан. Ер нь “Оюутолгой” компанитай байгуулсан 17 гэрээ байдаг юм. Үүний найман гэрээг нь үзэх шаардлагатай байгаа. Тодруулбал, цахилгаан худалдан авах, баяжмалаа худалдах, техник технологи, тоног төхөөрөмжөө худалдан авсан, бэлтгэн нийлүүлэгч компанитай хийсэн гэрээгээ ил тод болгохыг шаардаж байгаа.

Дээрх гэрээний талаар нээлттэй мэдээлэл хүссэний төлөө Монголын талыг буруутгах нь зохимжгүй хэрэг. “Оюутолгой”-н сайт руу орох юм бол санхүүжилт босгохоор хайж байгааг төвөггүйхэн харж болно. Энэ мөнгөө хаанаас, ямар нөхцөлтэйгөөр зээлэх вэ гэдэг нь монголчуудад хамаатай асуудал.

Яагаад гэвэл “Оюутолгой”-н алдагдал, өрийг төлөх ачааг бид үүрч мэднэ. Санхүүгийн хувьд яагаад хямрах болсон нь ханган нийлүүлэгчээсээ зах зээлийн ханшаас хэт үнэтэй бараа бүтээгдэхүүн авсантай салшгүй холбоотой. Энэ талаар олон баримт байна. 

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар та ямар бодолтой байгаа вэ. Намрын чуулган эхэлснээс хойш төсөв биш сандал ширээ ярьж цаг алдлаа гэх хүн ч байна?

Улс төрийн намууд Монголын ард түмний бэрхшээлийг шийдэхээ ард түмэнд амлаж, гарч ирсэн. Одоо бол Засгийн газрыг бүрдүүлж байгаа улстөрчид өөрсдөө ард түмний бэрхшээл болчихоод байна. Төрийн түшээд иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх биш өөрсдөө хөгжлийн саад болчихоод байна. Үүнийг засч залруулахын төлөө би үгээ хэлсэн.

Ядаж энэ хуйвалдаанд оролцохгүй байх нь миний ажил. Эндээс болоод цаг хугацаа маш их алдах нь ойлгомжтой. Харамсалтай нь, ингэж цаг алдаж, төрийн ажил уясны төлөө хариуцлага хүлээх эзэн олдохгүй. Уг нь намрын чуулганаар маш чухал хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой.

Ер нь “Оюутолгой” компанитай байгуулсан 17 гэрээ байдаг юм. Үүний найман гэрээг нь үзэх шаардлагатай байгаа.

Гэтэл улстөрчид сандал ширээний хэрүүл хийгээд хөдлөхгүй байна. Ерөнхий сайд эдийн засгаа хэмнэхийн тулд яамдаа нэгтгэлээ. Одоо шинэ сайн нарыг томилно. Үүн дээр эрх баригч намын фракциудын дунд тохироо яваа. Миний бодлоор нэгтгэсэн яамдынх нь сайдаар хэн ч очсон онцын ялгаа байхгүй.

Эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал ийм хүндрэлтэй байхад нэг сайд шинээр гарч ирээд шуудхан сайжруулна гэдэгт итгэхгүй байна. Тэгэхээр энэ асуудал тийм ч их анхаарал татахгүй байна. Харин би “Оюутолгой”-н талаар, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл, Газрын тухай хуулийн талаар эрдэмтэдтэйгээ ярилцаад сууж байна. Засгийн газраас өргөн барьж, иргэд шүүмжлэлтэй хандсан хувилбараас өөрөөр өргөн барина.

Эхний ээлжид газрын бодлогын баримт бичгийг, дараа нь Газрын тухай хуульд өөрчлөлт оруулна. Цаад утгаараа Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн үг. 

-Ирэх оны төсвийн төслийг хэрхэн дүгнэж байгаа вэ? 

Төсөв үйлдвэрлэл, мөнгөний бодлоготой уялдах ёстой Жирийн айл өрх ч сар, жилийн төсөв санхүүгээ гаргадаг биз дээ. Энэ сард манайх ийм хэмжээний ашиг орлого, зарлагатай байх нь гэдгээ тооцоолдог. Айл өрх, хувь хүн болгон мөнгөө хуримтлуулж, хэрхэн эргэлдүүлэх талаар боддог. Гэтэл улсын төсөвт ийм тооцоо, судалгаа тун тааруухан байна.

Ер нь бүх мөнгөөрөө хуушуур авч идчихээд гэдсээ илээд хэвтээд байвал юу болох вэ. Уг нь Монголын мөнгөний бодлого үйлдвэрлэл ажлын байртай уялдах ёстой. Би сүүлийн хэдэн жил “Монголчууд ядаж хадаасаа өөрсдөө хийдэг болмоор байна” гэсэн уриалга, санааг гаргаж байна.

Тиймээс ган, зэс хайлуулах үйлдвэртээ хөрөнгө хаяж, нефтийн үйлдвэр барьснаар Монгол Улс гадаад худалдааны хувьд хараат байх нь багасна. Наанадаж гадагшаа урсч байгаа валютын урсгалыг сааруулна шүү дээ.

ШИНЭ МЭДЭЭ