Б.Саранчимэг: Улааныг харж урваж, шарыг харж шарвахгүй өөрийнхөө зарчимд үнэнч амьдарна
НИТХ-ын Байгаль орчин, Экологийн хорооны Дарга, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын Дарга Б.Саранчимэг
2014.11.27
Орон нутгийн хөгжил

Б.Саранчимэг: Улааныг харж урваж, шарыг харж шарвахгүй өөрийнхөө зарчимд үнэнч амьдарна

Зуны үүрээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг эртлэн зорьж, үдшээр нь үр хүүхдүүдээ хөтлөн налайтал салхилж яваа хотынхон маань Б.Саранчимэг хатагтайн бүрдүүлсэн ногоон төгөл, бүтээн байгуулалтуудаас  амьдралын амар амгаланг цээж дүүрэн мэдэрдэг.

Богдхан уул, Хатан Туулыг дэрлэн сүндэрлээд даруй гурван жилийг үдсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэн саяхан шинэхэн албан байртай болж, хадаг уяад байгаа юм. Эмэгтэй хүний нягт нямбай сонголт, янз донж бүтээн байгуулалт, ногоон гоёлоос  нь нэвт ханхалдаг энэ хамт олон жилийн дөрвөн улиралд бут сөөгөө Б.Саранчимэг хатагтайн зүйрлэснээр яг л нялх хүүхэд мэт арчилж торддог. “Хотын парламент”-д хоёронтоо сонгогдож, Нийслэлийн НАМЭХ-ны даргаар ажилладаг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ын дарга Б.Саранчимэгтэй шинэхэн оффист нь ярилцлаа.  

-“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”  чамгүй хөдөлмөрлөсний эцэст өөрийн гэсэн  байртай болсонд нь баяр хүргэе. Өрхөө татан сууж буй хатагтайн, хамт олны сэтгэгдлийг сонсъё гэж бодож байна?

-Урмын үг хайрласанд баярлалаа. Манай цэцэрлэгт хүрээлэн 2012 онд усан оргилуураа нээж иргэдийг хүлээн авч эхэлснээс хойш даруй 3 жил гаруй болжээ. Байгууллага маань 2010 онд 27 хүнтэй, 2 бээлий,5 хүрзтэй Нийслэлийн өмчит газар болж байснаа бодвол одоо 100 гаруй ажилтантай болсон.  

Хамт олон маань энэ бүхнийг хүйтэнд хөрж, халуунд халан байж борви бохисхийлгүй  өөрсдийн сэтгэл зүрхээ зориулан ажиллаж, цэцэрлэгт хүрээлэнгээ өдий зэрэгт хүргэснийг хэлэхэд таатай байна. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай оронд гадаа ажилладаг ажилчид маань орж ирээд бүлээцээд гарах ажлын байртай болно гэдэг ажилд маань маш том ахиц дэвшил, ёстой л нуруу тэнийж, сэтгэл дүүрэн баяртай байна даа.

-Цэцэрлэгт хүрээлэн өдрөөс өдөрт өнгө засаж, өөрчлөгдсөөр байх шиг...?

-Сүүлийн ажлуудаасаа сонирхуулахад сагс, газрын теннис, хөл бөмбөгийн гэсэн спортын гурван тайлбайтай болсон. Мөн 5.2 км дугуйн зам, явган зам, гэрэлтүүлэг тохижилтын ажлууд хийгдсэн. Хүрээлэнгийн маань баруун болон урд талын талбайн тохижилт, усжуулалтын систем, цөөрөм хийгдэж дууссан. Цагдаагийн байгууллага манайд нэг өдрийнхөө цалинг хандивлаж, маш том талбайтай болсон. 

Дулааны улиралд 2 га талбайдаа үйлчлүүлэгчдэдээ заавал сурах цэнгээнт 10 бүжиг, иогийн дасгал заадаг. Хүрээлэнд маань олон тэмцээн, уралдаан зохиогддог болсон. Өнөөдөр гэхэд цэцэрлэгийн мянгаад хүүхдүүд ирсэн байна. Манай дээр цирк байрлаад сүүлийн 4, 5 тоглолтоо үнэ төлбөргүй үзүүлсэн. Хойтон хавраас дахин цирк тоглогдоно.

-Анх тантай уулзахад сул шороон дунд цайныхаа цагаар түр байрлах ажилчдын гэрт орж, тогоо тойроод ажилтнуудтайгаа сууж байхтай чинь таарч байснаа санаж байна?

- Анх овойлгох гэр ч байхгүй, гадаа хувцсаа сольдог, худаг, дэд станцгүй байсан. Бид гэхдээ тэрэнд огт шантраагүй. 183 га газрын ерөнхий төлөвлөгөөг хийлгэж, байгаль орчин, техник эдийн засгийн судалгааг зохих хуулийн дагуу зарлаж хийлгэсэнээр ажлаа эхлүүлсэн. Үүний дагуу ажлаа эхлүүлсэн нь ажлын үйл явцыг зөв гольдролд нь оруулсан гэж боддог.

Манай бүтээн байгуулалтын 90 хувь нь ногоон байгууламж байдаг. 975 га газрыг зөв ашиглаж чадвал хойч үед маань хэрэгтэй, урт удаан настай төсөл болно. Хамт олны маань 90 хувь нь дээд боловсролтой, мэргэжлийн залуучууд байдаг. Тэдний маань хүчээр ажил үнэхээр хурдацтай урагшилж байна. Дэлхий орнуудын туршлагыг харж байхад авах зүйл олон байдаг. Жишээ нь, Нью-Йорк хотын алдарт “Central park” 100 жилийн өмнө байгуулагдаж байсан. 

Тухайн үед энэ цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн босголт, ерөнхий төлөвлөгөөг тусгайлан хуульчилснаас хойш одоог хүртэл өөрчлөлт хийгдээгүй. Цэцэрлэгт хүрээлэн маань Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр дээр бүтээн байгуулагдсан. Иймээс энэхүү газрыг төрийн бодлогоор хайрлан хамгаалж, хойч үедээ үлдээх учиртай газар. Хүмүүс их ирдэг гээд худалдаа наймаа дэлгэрүүлэхдээ гол нь биш. Ундны усны эх үүсвэрийг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд манай үйл ажиллагаа чиглэгдэж байна. 

- Танай тохижилт, бүтээн байгуулалтаас яалт ч үгүй эмэгтэй хүний ур ухаан, донж маяг ажиглагддаг. Шарилжаар дүүрсэн газар хүрзнээс өөр зэвсэггүй, улаан гараараа зэрлэг зулгаах таны санаанд багтсан ажил  байсан гэж үү?

-Эмэгтэй хүмүүс байгалиасаа эхлүүлсэн ажлаа дуусгаж байж салдаг, төрөлхийн тууштай хүмүүс байдаг. Анх энэ албанд Ц.Мөнхбаяр дарга надад “Миний санасанд хүрэхгүй байгаа энэ төслийг илүү сайжруулмаар байна” гэж санал тавьсан учраас итгэлийг нь алдахгүйн тулд хичээж ажилласан. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах уу, болих уу гэж Иргэдийн хурлын төлөөлөгчид чамгүй санал зөрөлдсөний эцэст Улаанбаатар хотын захирагчийн захирамжаар 2009 онд байгуулахаар болсон түүхтэй. 

Тэр үед надад хоёр ажлын санал ирсэн л дээ. Хотын ажилд гар бие оролцох хүсэл маань илүү байсан учраас энэ саналыг хүлээж авсан. Одоо Э.Бат-Үүл дарга намайг томилон ажилуулж байгаа нь хийсэн ажлыг маань бага боловч үнэлснийх гэж боддог. Бусдын итгэлийг алдахгүйн тулд эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхийн төлөө бид цаашид илүү эрчтэй ажиллах болно. 

-Энэ ажил таны амьдрал, хувь хүнд юу өгсөн бэ. Анх ажил авч байснаа бодвол маш сайн цэцэрлэгч болсныг бичсэн номноос тань харлаа?

- Би Улаанбаатар хотын ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, экологийн асуудлуудыг шийдвэрлэхэд бага ч гэсэн хувь нэмрээ оруулах гэж хичээн ажилладаг. Энэ ч зорилгоороо иргэдийн экологийн боловсролыг нэмэгдүүлэх  юмсан гэсэн бодолдоо хөтлөгдөн 2 жил гаруйн хугацаанд “Ногоон ном”-ны судалгааны ажлыг эхлүүлж, өнгөрсөн жил номоо хэвлүүлсэн. Үргэлжлүүлээд Ногоон ном 2, 3-ыг гаргах бодол ч байгаа. Мөн ямар ч хүн ирсэн экологийн судалгаануудыг нэг дороос үзэх боломжийг бүрдүүлсэн “Эко танхим” байгуулахын төлөө ажиллаж байна. 

-Ид өвлийн цаснаар ч танай цэцэрлэгчид талбайдаа ажиллаж байгаа нь харагддаг.Тэд өвөл сул зогсолт хийдэггүй юу?

-Манай 975 га газрын 220 га газарт нь хүний гар хүрсэн байна. Иргэд өөр газар тарьсан мод ургахгүй байна, танайд тарьсан мод ургаад байна гэж хэлдэг. Шинэ тарьсан мод нэг өдрийн хурц наранд ганц удаа шарагдахад л үхэх аюултай. Мод яг нялх хүүхэд шиг арчилгаа, сонор сэрэмж шаарддаг тиймдээ жилийн 4 улирал ажиллах зайлшгүй шаардлагууд гардаг. 

-Бэрхшээлгүй ажил гэж мэдээж байхгүй. Саяхан шинээр баригдсан машиных нь зогсоолд машинууд багтахгүй хүмүүс ирдэг болсон нь та бүхний хувьд ажлын үр дүн,  сэтгэл ханамж, таашаал мөн биз дээ?

-Их хотын иргэд маань үр хүүхэдтэйгээ салхилж, жаргалтай байгааг хараад ажлынхаа үр шимийг мэдэрч, цаашид хийх зүйл их байна даа гэж их бодогддог... Ажил хийхэд өөрсдөө хүсээд ч засч залруулж чадахгүй цаг хугацаа алддаг эсвэл хүч хүрдэггүй ажлууд гэж гардаг. Өмнө нь манай хүрээлэн зах шиг худалдаа наймааны хөлд дарагддаг байсан. 

Чанарын шаардлага хангаагүй  баталгаагүй шорлог, хоол хүнс зарагддаг байсан. Энэ нь иргэдийн эрүүл мэнд амь настай холбоотой. Үүнийг зогсоох гэж бид олон арга хэмжээ авч сүүлдээ ч өөрөө элдвээрээ хэлүүлж байсан тохиолдлууд олон. Ер нь энэ газрыг иргэдийн амарч салхилах газар гэж харахаасаа илүүтэй ашиг хонжоо олох гэсэн нүдээр хардаг хүмүүс олширч байгаад сэтгэл зовнидог юм.

-Улсын төсвөөс гадна бас гадныхны дэмжлэгээр ирэх болгонд шинэ ажлууд  хийж бүтээгдсэн байдаг.Нэлээд менежмэнт, хүч тавьж, тэднийг ажил руугаа оруулах хэрэг гардаг байх?

-Анх ажил аваад улсын төсвийг хараад зогсолгүй гадны  төсөл хөтөлбөрийг авахын төлөө ажилласан. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр орон бүрт салбартай. Монголд байдаг салбараар нь дамжуулан Солонгос руу хандсан. Тэндээс хамгийн анх 2 га газрын 100 хувийн санхүүжилт авч байсан. 

Тэр үед тарьсан мод одоо 4 нас хүрч байна. Ер нь хөрөнгө оруулалт мөнгөн хэлбэрээр орж ирдэггүй гэдгийг онцолж хэлэх хэрэгтэй. Хүрээлэнд маань гадны болон дотоодын төсөл хөтөлбөрийн хүрээнд нийт 4 тэрбум гаруйн төгрөгний бүтээн байгуулалт хийгдсэн байна. Жишээ дурдахад: Мянганы сорилтын сангийн төслөөр шалгарч багахан чийрэгжүүлэлтийн талбай хийгдсэн. 

Өнөөдөр LG компанийхан “Central tower”-ын урд байдагтай адилхан цаг, хоёр дэлгэц 100 хувийн хөрөнгө оруулалттай хийж өгөхөөр боллоо. Сөүл хотын хурлын төлөөлөгчид Д.Баттулга даргын урилгаар монголд ирэхдээ цэцэрлэгт хүрээлэнгээр айлчилсан. Манайд хүүхдэд зориулсан чанар стандарт хангасан тоглоомын талбай бараг байдаггүй. Иймээс тэдэнд санал тавьснаар хоёр зуун мянган долларын санхүүжилтээр тоглоомын талбай хийгдхээр болсон. 

-Зун амралтын өдрүүдэд цэцэрлэгт хүрээлэнд хүмүүс иог, дасгал хийхээр их цугладаг болсон. Энэ таны санаачлага байсан уу?

-Цэцэрлэгт хүрээлэн бол иргэдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж дугуй унах, дасгал хийх, зөв эрүүл амьдралын орчинг нь бүрдүүлсэн газар юм. “Туяа” иогийн газартай хамтран хагас, бүтэн сайнд дасгал хийлгэсэн нь үнэхээр үр дүнд хүргэсэн. Энэхүү байгууллагатай хамтран ашгийн бус үйл ажиллагаа явуулсан. Хүмүүс их ирж дасгал хийдэг болсон. 

-Ээжүүдэд зориулсан, тэднээр овоглосон төглийг байгуулсан байх аа?

 -Гадаад дотоодын байгууллагуудтай хамтран туршлага судлах ажлуудыг бид хийдэг. Манайх ээжүүдийн төгөл байгуулах төлөвлөгөөтэй байсан. ”Сато сан” гэж сайн сайхны төлөө их зүйлс хийдэг бүсгүйтэй хамтарч, сакура мод ургуулж ээжүүдийн төглийг бий болгосон. Олон ээжүүд ирж мод арьсан. Энэ төглийг олон жилийн дараа хүүхдүүд нь ирээд харах сайхан төгөл болоосой гэж хүсэж байна. Эх хүний энэрэл хайрыг мөнхөд илэрхийлж байдаг, халамж энэрэл, суу билгийг нь мөнхжүүлсэн тийм газрыг бид хүрээлэндээ төгс төгөлдөр байдлаар бүтээх болно. 

-Хийсэн бүтээснээ хамгаалах асуудал бас чухлаар тавигдаж таарна. Харуул хамгаалалт, камер, аюулгүй байдал тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Цэцэрлэгт хүрээлэнд иргэдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхээс гадна аюулгүй байдлыг нь хангаж өгөх хэрэгтэй. Манай нэг ажилчинд 5 га газар оногддог. 5 га газар гэдэг их том талбай ч гэсэн ажилчид маань бороотой, цастайд цаг агаарын байдлыг үл анзааран модоо усалж арчилж торддог. Ажилчдын маань орон тоо бага байгаа. Харуул хамгаалалтын хувьд 20 га газар хамархаар камер тавьсан. Ахиж нэмж 30 га газар харуул хамгаалалтын камер тавих төлөвлөгөө бий. Төсөв мөнгөнөөс болоод хойшлогдох ажлууд байгаа. Иргэд маань ч бие биедээ шударгаар шаардлага тавьдаг байх хэрэгтэй. 

-Та амралтын өдрүүдэд хүрээлэндээ дасгал хийгээд, гүйгээд явж байдаг спортлог дайчин эмэгтэй. Иргэдийн төлөөлөгчдийн хурал, хүрээлэн, улс төрийн ажил, ар гэр  гээд олон албыг яаж амжуулдаг вэ?

-Хүн завгүй байх ёстой. Гэхдээ хүн завгүй байна гэдэг харьцангуй ойлголт юм. Хүн дуртай ажлаа хийж байвал ямар ч ажлыг амжуулдаг. Би Нийслэлийн ИТХ-ын Экологийн хорооны дарга, Нийслэлийн НАМЭХ-ны тэргүүнээр ажиллаж байна. Миний хамгийн гол зорилго бол эмэгтэйчүүдийнхээ төлөө бодитой ажил хийх, цаашилбал ногоон Улаанбаатарын төлөө сэтгэл зүрх, ажил амьдралаа зориулна. Би хоёр хүүхдийн ээж, хажуугаар нь эх, эхнэр хүнийхээ ажлыг амжуулах хэрэгтэй. Бурхан надад сайхан хань, сайн хүүхдүүд заяасан. Тэд маань намайг дэмждэг учраас ажил маань сайхан бүтдэг гэж боддог. 

-Улс төрч бүсгүйчүүдийн зан чанар, төлөвшил танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?

-Би өөрөө эх хүн, гэрийн эзэгтэй. Тийм ч учраас ар гэрийнхээ ажлыг амжуулаад олон нийтийн төлөө гээд зүтгэж яваа эмэгтэйчүүдийг хараад маш их хүндэлдэг юм. Үүнээс дүгнэхэд эмэгтэй хүмүүс эмэгтэйчүүдээ дэмжээд, эмэгтэй багаараа ажиллаж чадвал их хүчирхэг байж чадна гэж боддог. Эмэгтэй хүн аливаад тууштай эхэлсэн ажлаа дуусгах гэж хичээдэг гэж би ярианыхаа эхэнд хэлсэн. Эмэгтэйчүүд маань улс төрд бие биенээ нөхөөд явбал аливаа зүйлд хэрэгтэй. Мөн бид залгамж халаагаа бэлдэхэд ихээхэн анхаарч ажилладаг.

-Таныг “Ногоон хатагтай” гэж хүмүүс нэрлэх болсон. Таны имидж гэгээлэг ногоон өнгө мэт харагддаг. Ногоон хөгжил таны өдөр тутмын ажил амьдралд нөлөөлсөн байх нь?

-Энэ ажлыг хийх болсноос хойш ажлаасаа шалтгаалаад ногоон өнгийг сонгох болсон. Би ганцаархнаа ийм сонголттой болоогүй. Манай ажилчид ч гэсэн ногоон өнгийг имиджээ болгон  сонирхох болсон. Багахаан зүйл хийгээд тэрийгээ томруулж ярихдаа биш. Үйл хэргээрээ харуулах ёстой. Хүмүүс ярьснаараа биш хийсэн бүтээснээрээ ялгарах ёстой гэж би үздэг.

-Анх таныг хүмүүс Б.Наранхүү гишүүний эгч гэж угтаж байсан. Одоо энэ тодотгол таны хэлэх үг, хийж бүтээсэн ажилд аажмаар гээгдэж байх шиг?



-Ямар ч хүнд өөрийн гэсэн бодол, ертөнц байдаг. Төрсөн эгчийнх нь хувьд дүүгээ сайн явж байгаад би баярлана. Улс төрийн хувьд, ажил  хэргээр нь хэн нэгний нэрээр  хооронд нь хамаатуулах нь өөрсдийнх нь л үзэл бодол байх. Би арван жилийн сургуулиа төгсөөд Орост дээд боловсрол эзэмшээд, УИХ-д ажиллаж байсан. 

Ажил хөдөлмөрөөрөө өөрийн гэсэн орон зайгаа бий болгосон. Улс төрд анх ороход  Наранхүүгийн эгч гэж нэлээн хэлэгдсэн. Заримдаа Наранхүүгийн дүү ч гээд байдаг байсан.(инээв) Цаг хугацаа бол аливаа зүйлийг тодорхойлогч. Хүмүүс намайг хэн бэ гэдгийг харж байгаа байх гэж боддог. Цаашдаа өөрийнхөө зарчимд үнэнч байна. Улааныг харж урваж, шарыг харж шарвахгүй.

-Хамгийн сайн улс төрч гэж таныхаар ямар хүнийг хэлэх вэ?

-Хамгийн гол шалгуур нь энэ улс орны хөгжил дэвшил, иргэдийн амьдралд бодит ахиц дэвшил гарган ажиллаж байгаа хүмүүсийг л би хувьдаа сайн улс төрч гэж ойлгодог. Миний хувьд Ногоон хөгжлийн асуудлыг улс төрийн талбар  гэж үзвэл би хамгийн сайн улс төрч байхыг хичээнэ. 

 -Таны цаашдын зорилго?

-Ногоон хөгжил, эрүүл экологийн доройтолгүй орчинг бий болгохын төлөө ажиллана. Энэ бол миний цаашдын зорилго. Цаашдаа заавал улс төр гэхгүйгээр энэ ажлаа үргэлжлүүлэх болно. Би заримдаа нойр хулжихаар  хийх ажлаа боддог. Бидэнд хийх ажил маш их байгаа. Улс орныхоо төлөө, эмэгтэйчүүдийнхээ төлөө олон сайхан зүйл хийнэ гэж бодож байгаа. Үүнийгээ яриад байх биш үйл хэргээрээ харуулна.

-Улаанбаатар хотын төдийгүй Монгол улсын нэрийн хуудас болсон тохилог, эрүүл, тухтай ногоон орчинг бүрдүүлэх гэж сэтгэл зүрхээ зориулж байгаа танай хамт болон танд уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.

-Баярлалаа. Манай хамт олон гар сэтгэл нийлж ажиллаж чаддаг учир Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн маань ажил олны талархал хүлээдэг гэж би боддог. Гар нийлж хийсэн ажлын өгөөж нь их байдаг шиг санагддаг юм. Бид бүтээж бий болгосон ногоон байгууламжаа үр хүүхдүүдээ өвлүүлэхээс гадна өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн газар нутаг, байгаль, эх дэлхийгээ хайрлаж, бахархах үзлийг хойч үедээ төлөвшүүлэх нь чухал байна. 

Нэг үеэ бодоход улаанбаатарчууд маань хүний хийсэн хөдөлмөрийг үнэлдэг , урам хайрладаг, ногоон байгууламжаа хайрлаж хамгаалахыг хичээдэг болсныг сайшаах хэрэгтэй. Нийслэл хотоо цэвэр агаар, цэнгэг устай, эко хот байлгахын төлөөх энэ их ажил нэг хүний ажил, амжилт бус нийт хамт олны минь хөдөлмөрийн үр дүн учир хамт олондоо баярлалаа гэж өдөр бүр хэлэхийг хүсдэг. Ногоон Улаанбаатарын төлөө ихийг бүтээж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хамт олныхоо өмнөөс баярлалаа гэж хэлэхийг хүсч байна. 

ШИНЭ МЭДЭЭ