Ж.Эрдэнэбат: 290 тэрбум төгрөг олохын тулд бонд гаргах шаардлагатай
Сангийн шинэ сайд Ж.Эрдэнэбат
2014.12.17
Эдийн засаг, Худалдаа

Ж.Эрдэнэбат: 290 тэрбум төгрөг олохын тулд бонд гаргах шаардлагатай

Оны төгсгөлд Засгийн газраа шинээр эмхлэн байгуулсан тул Төсвийн тухай хуульд тодотгол хийж, өөрчлөлт оруулах нь гарцаагүй болсон. Тийм ч учраас Ч.Сайханбилэгийн ахалсан Шийдлийн Засгийн газрын Сангийн шинэ сайд Ж.Эрдэнэбат томилогдсон даруйдаа төсвийн тодотгол өргөн барьсан юм. Түүнээс энэ талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ удаагийн төсвийн тодотголын гол агуулга нь юу вэ?

-УИХ-аас Засгийн газрын бүтцийн тухай хуулийг өөрчилсний дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын болон төсвийн хэрэгжилтийн явцтай холбогдсон шаардлагатай бусад хяналт, тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах зорилгоор Төсвийн тодотголоо боловсруулсан. Энэ тодотголд хэд хэдэн зарчим баримталсан.

Өнгөрсөн онд эх үүсвэр нь батлагдсан боловч нийт 95.3 тэрбум төгрөгийн ажлын гүйцэтгэл хийж, төсвийн орлогын бүрдэлтээс шалтгаалан төсвөөс  санхүүжүүлж чадаагүй. Тиймээс Засгийн газрын 2014 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 76 дугаар тогтоолын дагуу 268 аж ахуйн нэгжийн хийж гүйцэтгэх, 101 төсөл арга хэмжээний санхүүжилтийг нээж өгөх замаар баталгаажуулна.

Монгол Улсын хэмжээнд 2015-2016 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын бэлтгэл ажил, зураг төсөл боловсруулахад нийт 32.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр баталсан. Үүнд нэгдсэн эх үүсвэрээр 2014 онд ашиглах боломжгүй хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлын зардлыг бууруулан тооцлоо. Мөн аймгийн төвүүдэд шинээр дулааны станц, шугам барих ажлыг Засгийн газрын 29 дүгээр тогтоолоор концессын гэрээгээр хэрэгжүүлэх шийд гаргасан тул 21 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бууруулж тооцлоо. Төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулж нэмж байгаатай   холбогдсон өөрчлөлтийг тусгасан. Мөн ерөнхийлөн захирагчдаас хэмнэх боломжтой нийт 51 тэрбум төгрөгийг бууруулж тооцлоо.

-Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 63 хувьтай байна гэсэн. Үлдсэн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг яаж шийдэх вэ?

-Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалт 63 хувьтай явна. Төрийн санд гүйцэтгэл гаргаад, хянуулчихсан 70 тэрбум төгрөг байна. Эдгээр нь шат шатандаа хяналтад ороод, баталгаажаад манай яаман дээр хянагдаж байгаа. Цаана нь 420 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт үлдэх юм.

Гэхдээ үүнээс тодорхой хэсгийг хасах боломжтой. Жишээ нь, тендер зарлаагүй 35 объектын төсөвт өртөг 45.8 тэрбум төгрөг. Тендер зарласан хэдий ч гэрээ байгуулаагүй 40 объектын дүн 49 тэрбум гаруй төгрөг бий. Гэрээ байгуулсан ч гэлээ хэрэглэх боломжгүй болсон буюу тендерийн хугацааг оройтуулсан, улирлын чанартайгаар саад учирсан ажлын дүн 38.9 тэрбум төгрөг. Нийтдээ 135 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хасах боломжтой юм.

Тэгэхээр цаана нь 290 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээ олохын тулд бонд гаргах шаардлагатай. Нэг талдаа орлогын төвлөрөл дутуу бүрдэхээр нөгөө талдаа санхүүжилт гарахгүй төсөвт ачаалал болдог юм. Төр мөнгийг нь гаргаж өгөхгүй болохоор гүйцэтгэгч аж ахуйн нэгж банкнаас авсан зээлээ төлж чадахгүй болох эрсдэл учирдаг. Энэ хоёр талын хүндрэлийг нэг талд нь гаргая гэсэн зорилго л тавьж байна. Гүйцэтгэлээ гаргачихсан аж ахуйн нэгжид мөнгийг нь өгчихөөд эрсдэлийг нь бонд гаргах байдлаар төр өөртөө хүлээе гэдэг санаа.

-Энэ төсвийг анх батлахдаа ам.долларын ханшийг 1384 төгрөгтэй байна гэж заасан. Тэгэхээр ийм бага хэмжээтэй төсөөлөл төсөвт хэр ачаалал болохоор байна?

-Мэдээж зарлага тал дээр тодорхой хэмжээгээр ачаалал бий болж байгаа. Гэхдээ төсвийн нэгдсэн тэнцэл дотор авч үзвэл тийм ч том өөрчлөлт, нөлөө байхгүй.

-Арилжааны банкуудад мөнгөө хадгалуулах хүний тоо нэмэгдсэн нь бизнес эрхлэх бололцоо хязгаарлагдаж байгааг илтгэлээ гэж хэлэх хүн байна. Энэ хэр бодитой вэ?

-Хүмүүсийн банкны хадгаламж өсөөд байгаа шалтгаан  нь нэг талдаа бизнес эрхлэх сонирхол нь буурсантай холбоотой болов уу. Юунаас болоод байна вэ гэдгийг тодорхойлохоор төлөвлөгөө боловсруулж ажиллах нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн. Ийм нөхцөл байдалд хүргэсэн нөлөөлөл нь төрийн дарамт, шахалтаас болоод байна уу эсвэл өөр хөндлөнгийн шалтгаантай байна уу гэдгийг үнэхээр тодорхойлох шаардлагатай.

 

ШИНЭ МЭДЭЭ