Төсвийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2014.12.31
Эдийн засаг, Худалдаа

Төсвийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Өнөөдөр /2014.12.30/ Улсын Их Хурлын дарга З.Энхболдод 2015 оны төсвийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас Монгол Улсын 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1.0 их наяд гаруй төгрөгөөр буурахаар байгаа бөгөөд ирэх 2015 онд ч эдийн засгийн нөхцөл байдал энэ оныхоос сайжрах төлөв байдал ажиглагдахгүй байгаа тул ирэх 2015 оны төсвийн орлогыг бодитойгоор тооцох, батлагдсан хэмжээг бууруулах зайлшгүй шаардлага бий болоод байна.

Иймд 2015 оны батлагдсан төсвийн орлогыг бодитойгоор дахин төлөвлөх, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцож, төсөвт тусгах зорилгоор 2015 оны төсвийн тодотголыг боловсруулжээ. Мөн түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд батлагдсан.

Төсвийн тухай хуулийн 34.1.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх тохиолдолд тодотголын төслийг боловсруулна”, мөн хуулийн 6.2.3-т “Урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, эсхүл зарлага нэмэгдсэнээр төсвийн алдагдал нэмэгдэхээр бол төсвийн зарлагыг бууруулах, эсхүл орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар тухайн жилийн төсөвт тодотгол хийж, төсвийг тэнцвэржүүлнэ” гэж заасныг тус тус үндэслэн Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат хуулийн төсөл өргөн барих үеэрээ дурдсан болохыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

ШИНЭ МЭДЭЭ