Бие даагчид Оюутолгойн алдааг давтахгүй байхыг сануулав
УИХ дахь бие даагч гишүүд
2015.04.07
Уул уурхай, Ашигт малтмал

Бие даагчид Оюутолгойн алдааг давтахгүй байхыг сануулав

УИХ дахь бие даагч гишүүд өчигдөр Төрийн ордонд Таван толгойн хэлэлцээр болон хаврын чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгой, Таван толгой төслийн талаар байр сууриа илэрхийлж болохгүй гэсэн компанит ажил сүүлийн сарын хугацаанд өрнөлөө.Нэртэй нийтлэлч, улстөрчид гадны үндэстэн дамнасан корпорациудын бууны нохой болсон байна. 15 гадаадын банкнаас 4.2 тэрбум ам.доллар зээлж авах тухай Ерөнхий сайд хэллээ. Газар нутгаа өгч энэ мөнгийг авч байгаа. Говьд дахиад нэг улс бий болно гэсэн үг. "Рио Тинто’’ компани манайхаас идэх зүйлээ идчихсэн. Олон улсын томоохон 15 банкинд Монголыг дунд нь шидчихээд явах гэж байна. Одоо бид ард түмэндээ л итгэж байна.

Биднийг дуу хоолойгоо хүргэ гэж ард түмэн сонгосон" гэлээ. Таван толгой стратегийн орд, татвар төлөгчдийн мөнгөөр нөөцийг нь тогтоосон учраас УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг бие даагч гишүүд илэрхийллээ. Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих гэж байгаа бол нүүрс ухахдаа гадаадаас боловсон хүчин гуйх шаардлага байхгүй гэдгийг ч энэ үеэр хэлэв.

Биө даагч гишүүдийн зүгээс Таван толгой төслийг гацаах ямар ч бодол байхгүй. Харин Оюутолгойн алдааг Таван толгой төсөл дээр давтахвий гэж санаа зовж байгаагаа хэлсэн юм, Тэд эрх мэдэл, баялагтай холбоотой асуудлаар цаашид ч үгээ хэлсээр байх болно гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ