Монголд парламентийн биш компаниудын засаглал тогтлоо
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2015.04.09
Улстөр

Монголд парламентийн биш компаниудын засаглал тогтлоо

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Тантай гурван сэдвийн хүрээнд ярилцах гэсэн юм. Эхнийх нь уул уурхай. Улс төрийн хүрээнд ид маргаан тариад байгаа Тавантолгойн ордын талаар та ямар байр суурьтай байгаа вэ. Гэрээний төсөлтэй нь танилцаж амжив уу?

Гэрээний төслийг дөнгөж л гар дээрээ аваад сууж байна. Гэхдээ миний ойлгосноор Тавантолгойтой холбоотой асуудлыг Засгийн газар ч эцэслэн хэлэлцээгүй байгаа юм биш үү. Тэгэхээр эхлээд засаг дээр сайн ярих ёстой байх. Дараа нь бол УИХ зайлшгүй авч хэлэлцэх ёстой. УИХ- ын өмнө нь гаргасан шийдвэр ч тийм. Тавантолгой зэрэг томоохон ордын гэрээг парламент дээр хэлэлцэх ёстой гэж шийдсэн.

-Сая Засгийн газар эхлээд гэрээг үзэглэчихээд, дараа нь УИХ-д танилцуулах гэж байсан юм биш үү?

Тийм бол хууль зөрчсөн л үйлдэл болно. УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой асуудлыг зайлшгүй Их хурал хэлэлцэх ёстой.

-Ерөнхий сайд чуулганы нээлтийн өмнөх өдөр олон нийтэд хандаж Тавантолгойн түгжээг мулталлаа, энэ ордыг урагшлуулахгүй бол эдийн засаг уруудах нь гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. УИХ-ын дарга болохоор гэрээг энэ хэвээр батлах ямар ч боломжгүй гэж байна. Ер нь Тавантолгойгоо ашиглах уу, ахиад хугацаа алдах нь уу?

Томоохон ордуудаа ашиглая гэж олон жил ярьж байна. Мөнхийн сэдэв шиг боллоо. Гэхдээ том, жижиг гэлтгүй байгалийн баялгаа ашиглах л гэж байгаа бол эх орныхоо эрх ашигт нийцүүлэх ёстой. Ингэж зөв явуулах боломж нь ч бий. Харамсалтай нь, мордохын хазгай гэдэг шиг эхэлж байгуулсан гэрээнүүд нь буруу байсан учраас одоогийн мухардалд орчихоод байгаа юм. Өнөөдрийн энэ гацаа Оюутолгойгоос л эхтэй.

-Яагаад тэр вэ?

Оюутолгойн, гэрээг засч сайжруулах ёстой байсан ч бид чадсангүй. Анх энэ гэрээг байгуулахдаа хэт их буулт хийж, буруу зөрүү юм хийснээс өнөөдрийн энэ бүхэн эхэлсэн. Би чамд жишээ хэлье л дээ. Ашигт малтмал гэдэг газрын хэвлийн баялаг, ард түмний өмч. Оюутолгой ч, Тавантолгой ч адилхан л Монголынх. Ашигт малтмалын хуульд төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордод төр 50-иас доошгүй хувь, хувийн хэвшил хөрөнгөөрөө илрүүлсэн бол 34 хувийг нь төр эзэмшинэ гээд заачихсан. Ингэхдээ энэ эзэмшиж байгаа хувиа төр ямар нэгэн үнэ төлбөргүй авах ёстой. Ард түмний мэдэлд байдаг, төрийн хамгаалалтад байдаг том ордуудаа, байгалийн баялгаа ашиглуулж байгаа бол төр эзний хувьд 34, 50 хувийг үнэгүй авах ёстой юм.

Гэтэл мордохын хазгай гэдэг шиг Оюутолгойн 34 хувийг төр эзэмшихийн тулд үүндээ таарсан хөрөнгө оруулалт хийнэ гэж зээл авсан. Ингэж Ашигт малтмалын хуулийн агуулгаа өөрчилчихсөн. Энэ буруу бодлогын үр дагавар нь зөвхөн Оюутолгойд ч биш бусад орд дээр гарлаа. Өөрөөр хэлбэл, дараа дараагийн стратегийн том ордуудаа ийм зарчмаар алдах буруу жишиг тогтоочихсон. Одоо яаж байна гэхээр төр хувь эзэмшинэ гэвэл түүндээ, тэр хувьдаа тохирсон хөрөнгө оруулалт хий гэж шахдаг боллоо. Тийм хэмжээний хөрөнгө оруулж чадахгүй бол хувь эзэмшиж хяналт тавьж чадахгүй байдалд хүрч байна шүү дээ.

-Намрын чуулганы төгсгөлд бүр хувь эзэмшихгүй байх агуулгатай өөрчлөлт Ашигт малтмалын тухай хуульд ороо биз дээ?

Харин тэгсэн, яг битүүний өдөр УИХ баахан хууль бөөндөж баталсан шүү дээ. Тэрний нэг нь Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж төр хувь эзэмших, тусгай роялти авах байдлаар хоёр сонголттой болгосон. Өөрөөр хэлбэл, төр эзэмшлийн хувиасаа татгалзаж түүнийхээ оронд тусгай роялтиг орлуулж авах хууль баталсан.

-Гэхдээ энэ өөрчлөлт нь Оюутолгойтой холбоогүй биз дээ?

Ер нь бол Ноён уул, Гацууртын ордтой холбоотой хийсэн зүйл л дээ. Ерөнхий сайд ч УИХ дээр Оюутолгойн 34 хувийг тусгай роялтигаар солих тухай асуудал байхгүй гэж ярьж байна лээ. Гэхдээ Оюутолгойн гэрээнд Монгол Улсын шинээр баталсан хуулиуд тухайн компанийн эрх ашигт нийцэхээр байвал хуулийг авч ашиглана. Хэрэв эрх ашиг нь хөндөгдөхөөр бол өмнө нь хийсэн тогтворжуулсан гэрээнийхээ хүрээнд явна гээд тодорхой заачихсан. Тийм болохоор одоо буцаж бухаж болно л доо.

Монголын төрийн хувьцааг үгүй хийгээд хоёр дахь сонголт буюу нэмэлт роялти төлөөд явах хувилбарыг хөрөнгө оруулагч сонгож болно. Ийм л ойлгомжтой юм яваад байгаа юм. Даанч энэ мэт зүйлийг нь ярихаар үргэлж буруудах боллоо. Эцсийн дүндээ эх орныхоо газар нутаг, байгалийн баялгийг хүн арддаа тэгш шударга хуваарилуулъя гэж ярьсны төлөө бурууддаг, популистаараа дуудуулдаг болсон. Уг нь ийм байж таарамгүй юм. Эх орныхоо газар шорооны төлөө дуугарсан нь буруудах ёсгүй гэж л би бодож явдаг даа.

-Та Гацууртын ордын талаар цухас хөндлөө. Ноён уулаас хол, Хүннүгийн булш, бунхан хөндөгдөхгүй байхад улстөржүүлж байна. Иймээс Гацууртын ордыг яаж ч байсан ашиглана гэж Ерөнхий сайд хэлсэн шүү дээ?

Ноён уул бол түүх, соёлын дурсгалт онцгой бүс. Ийм түүх, соёлын үнэт өв, археологийн олдвороо бид өөрсдөө ч дангаараа судалж хүч хүрдэггүй. Олон улсын хэмжээнд хамтарч ажилладаг. Жишээ нь, Германтай хамтарч олон жил Хархоринд ажилласан.

Манай Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум,Хэрлэнгийн хөдөө аралд Японы шинжлэх ухааны хүрээлэнгүүдтэй хамтарч олон жил ажиллаж байна. Түүх, соёлын үнэт өв, археологийн олдворт ингэж л хандах ёстой. Бийр багсаар хэчнээн жилийн нарийн судалгаа, шинжилгээ хийж байж   малтажгаргадаг. Түүнээс археологийн олдворыг уул уурхай олборлох явцдаа эксковаторын шанаганд өлгөгдөөд гараад ирэхээр нь холбогдох газарт нь тушаачихдаг юм биш. Үүнийг л ойлгох хэрэгтэй. Даанч манайхан хайхрахгүй юм даа.

-Гэхдээ өнөөдрийн хуулиар уул уурхай ашиглах явцад археологийн олдвор гарч ирвэл заавал бүрэн бүтэн холбогдох байгууллагад нь тушаана гээд заагаад өгчихсөн биз дээ?

Тэр нь тийм. Хууль тийм гэж яриад байдаг юм.   Гэхдээ бодит байдал дээр эксковаторын шанаганд өлгөгдөөд гараад ирсэн зүйлийг улсад тушаана гэж хайхрамжгүй хандаж болохгүй. Чамд нэг юм хэлье. Би энэ Ноён уул, Гацууртын орд тойрсон асуудлыг хараад нэг зүйлд их гайхсан.

-Тэр нь юу вэ?

Урт нэртэй хууль анх батлагдахад Гацууртын орд хуулийн хязгаарлалтын бүсэд орчихсон юм. Тэгэхэд сэтгүүлчид энэ компанийн удирдлагуудаас “Монголын төр хууль баталлаа. Энэ ордыг ашиглахад хуулиар хориотой боллоо” гэж асуухад “Энэ хууль яах вэ. Бид хуулийг нь өөрчлөх юм” гэж хариулсан байдаг. Тэгэхэд би “Тусгаар улсын төрийн эрх барих дээд байгууллагаас гаргасан хуулийг гадаадын хөрөнгө оруулалттай компани яаж өөрчлөх юм бол” гэж бодож байлаа.

Яагаад гэвэл, тэдний хариулт тэр үед бол хүний ой тойнд багтахгүй зүйл байсан л даа. Гэтэл 2012 оны сонгуулийн дараагаас энэ асуудал эрчимтэй яригдаж, өнөөдөр Гацууртын ордыг ашиглах дээрээ тулчихаад л байж байна шүү дээ. Энэ боломж, цаг хугацааг хүлээж байж дээ гэж харагдаж байна.

-Стратегийн ордын жагсаалтад оруулаад л Урт нэртэй хуулийн хязгаараас гаргаж байгаа биз дээ?

Хэдэн жилийн өмнө болсон үйл явдлыг би чамд ярьж өгье. Гацууртыг ашиглах шаардлагатай байна гэж тухайн компанийн төлөөний хүмүүс УИХ дээр ирж намын бүлгүүдэд танилцуулга хийж байсан юм. ИнгэхдээГацууртын ордыг ашиглахын тулд Урт нэртэй хуулийн хүрээллээс гаргаж, стратегийн ордын жагсаалтад оруулах хэрэгтэй байна гэсэн. Төр ийм шийдвэр гаргаад өгөх юм бол төрийн хүсч байгаа хувийг эзэмшүүлье. 50 хувь байна уу, 34 хувь байна уу, хамаагүй. Дуртайгаа эзэмш. Бид холбогдох бүх татвараа төлөхийн зэрэгцээ төрд ногдол ашиг хуваарилна гэсэн.

Хамгийн гол нь төрөөс эзэмшиж буй хувьд нь таарсан хөрөнгө оруулалт шаардахгүй гэсэн юм. Ийм асуудал тавиад тэгээд Засгийн газар буцаж, хоёр сарын дараа эргэж орж ирэхдээ 20 хувийг эзэмш, дээш бол 120 сая ам.доллар төл гэсэн. Ийм шахалтыг Монголын төрд, төсөвт. ард түмэнд үзүүлсэн. Тэгснээ Ашигт малтмалын тухай хуульд битүүний өдөр өөрчлөлт оруулж. хувиа онцгой роялтигаар сольж болох юм гээд миний түрүүнд ярьдаг хуулийг батлуулсан. Одоо Гацууртыг стратегийн ордод аваад зогсохгүй төр 20 хувь ч эзэмшихгүйгээр нэмэлт роялти авсан болоод явах нь.

-Нэлээд сайн зохион байгуулжээ.

Сайнаар барах уу. Монголын байгалийн баялгийг цааш нь, гадагш урсгадаг нүх сүвийг маш бодлоготой, төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай хийдэг юм байна гэдгийг би ойлгосон. Одоогоос яг жилийн өмнөУИХ-аар хууль батлуулж Монгол банкинд тушаасан алтны роялтийн татварыг эрс бууруулсан шүү дээ. Энэ бол угтал шийдвэр.нь байж Тэр үед 10 хувийн роялти авдаг байсныг Монгол банкинд тушаавал гэдэг нэрээр 2.5-хан хувь болгож бууруулсан.

Тэгээд жилийн дараа Ашигт малтмалын тухай хуульд дахиж өөрчлөлт оруулаад нэг бол төр хувь сонгох, эсвэл нэмэлт роялти сонгох болгоод явуулчихсан. Яг үнэндээ жилийн өмнө 2.5 хувь болтол буулгасан үндсэн роялтигаа буцаагаад л одоо нэмэлт роялти ав гэчихэж байгаа юм. Ингээд л төрийн оролцоо байхгүй болчихож байгаа юмдаа. Төр оролцоогүй байна гэдэг хяналт тавьж чадахгүй, ногдол ашиг авч чадахгүй л болно гэсэн үг.

-Монголд төр гэж байгаа биз дээ. Энэ бодлогыг нь харахгүй байна гэж үү?

Харахгүй, хараад хэлснийг нь популистаар нь дууддаг болж. Ер нь бол уул уурхай, эрдэс баялгийн салбарын энэ буруу бодлого дэлхийн бусад улс оронд ч байдаг юм байна., Гашуун туршлага олон оронд байна. Байгалийн таасаа овойж, оцойтлоо баяжсан, хөгжсөн, хөлжсөн улс орон гэж алга.

Тун цөөхөн байна. Зөвхөн тэр ордыг ашиглаж байгаа үндэстэн дамнасан компаниудын л олз болоод, бусад орны эдийн засгийг дэмжиж, тэтгэх золиос болоод дуусдагюм байна. Бидний өнгөрсөн 20 жилийн түүх ч үүнийг баталдаг. “Алт” хөтөлбөр, Ашигт малтмалын тухай 1997 оны хууль гээд муу үр дагавартай шийдвэрүүдийг нэрлэж болж байна. 20-иод жилийн өмнө О.Дашбалбар гуай уул уурхайд ийм юм болох нь гэж сануулахад хүн бүр л итгээгүй. Ингэж л ашиглаж, ухаж байж улсаараа хөгжинө гэж боддог байлаа.

Одоо 20 жилийн дараа улс орон ямар байна, яаж хөгжив гэхээр сонин л дүр зураг харагдана. Ухсан нүх, сүйрлийн ирмэгт очсон байгальтай, эх орондоо гишгэх газаргүй, уух усгүй болтлоо доройтсон. Ийм байдалтай болохоор өнөөдөр энэ тухай ярихад хүн бүр мэдэж байгаа учраас зөвөөр хүлээж авч байна л даа. Төр нь бүхэлдээ харж чадахгүй байгаа ч түмэн олон бол анхаарч харж байна. Баялгийн хараал, Голланд өвчин гээд ярьдаг даа. Манайд ийм шинж тэмдэг их эрт илрээд одоо архагших шатандаа орчихоод байна.

-Ер нь сайн мэдээ байна уу?

Мэдээж байлгүй яахав. Байгаль дэлхийгээ хамгаалсан хуулиуд үр дүнгээ өгч байна. Монголын байгаль, экологи гэдэг өөрөө их эмзэг юм. Гутаж гундах нь их амархан. Төрийн зөв бодлого явуулж, байгальтайгаа зөв харьцах юм бол сэргэж, сэхэхдээ ч амархан Гэдгийг харлаа. 2009 оноос өмнө ган зудын давтамж, гай гамшиг ямар их байлаа. Зун нь байнга гантай, өвөл нь зудтай. Хэдэн малаа барж, хот нь харласан айлууд хот руу л нүүдэг байлаа шүү дээ. Жилдээ 20- 30 мянга буюу бараг нэг аймгийн өрхтэй тэнцүү айл Улаанбаатар руу нүүж байлаа.

Харин энэ жил сайн мэдээ сонссон. 4600 орчим өрх Улаанбаатараас орон нутагтаа шилжжээ. Энэ бол сайн зүйл. Монгол байгаль сэргэж, малчдын маань хөдөлмөр зүтгэлийн үрээр мал аж ахуйн салбар өсөлттэй байгаа. Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарынхан 2014 оны тайлангаа Байнгын хороонд тавихдаа нийтдээ 4.6 их наяд төгрөгийн баялаг бүтээлээ гэсэн. Үүний 500 тэрбум нь газар тариалангийн салбарынх. Боловсруулах салбар нийлээд 1.1 их наяд төгрөг бүтээжээ. Харин мал аж ахуйн салбар 3.5 их наяд төгрөгийн баялаг бүтээсэн байсан нь гайхамшигтай сайхан дүн.

-Хоёр дахь сэдэв рүүгээ оръё. Шийдлийн гээд Засгийн газар байгуулагдаад гурван сар болж байна. Хэдий энэ нь бага хугацаа мэт боловч Засгийн газрынх нь бүрэн эрх 1.6 жил гээд бодохоор ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгч болохоор хугацаа юм шиг. Та Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ямар дүн тавих вэ. МАН засагт орсноор хүлээж байсан үр дүн чинь гарав уу?

Би энэ засаг байгуулагдах үед тодорхой байр сууриа илэрхийлсэн. Засагт хамтрахдаа дэвшүүлсэн гурав, дөрвөн зорилт бий. Хамгийн эхэнд өрийн таазаа ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй гэсэн. Хоёрт, улс орныг хамарсан намчирхал, талцал, хуваагдлыг арилгая гэж тохирсон. Үүний тулд хууль, эрх зүйн тодорхой зохицуулалт хийе гэсэн. Тухайлбал, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн нэгдсэн хууль, цаашилбал Үндсэн хуулийн өөрчлөлт гэх мэтчилэн асуудлаа цаг алдалгүй ярья гэсэн. Мэдээж улс орны унаж доройтож байгаа эдийн засгаа засъя, залруулъя гэсэн. Ингэхийн тулд төрийн данхар бүтцийг цомхон болгож, төсвийн үрэлгэн байдалд онцгой анхаарал хандуулъя гэж тохирсон.

АН-ын дарга, УИХ-ын дарга шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дагуулж манай намын бүлэгт орж ирэхэд би энэ бүхнийг асуусан. Та нар үнэхээр намчирхал, талцал хуваагдлыг арилгаад, улс орныхоо эдийн засгийг сэргээж чадах уу гэсэн. Чадна гэвэл дэмжинэ гэдгээ хэлсэн. Байгалийн баялгаа зөв зохистой ашиглаж, ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлж, тэгш шударга хуваарилах зорилтоо хэрэгжүүлбэл та бүхнийг дэмжинэ.

Чадах уу гэсэн. Төрийн албан хаагчдын орон тоо, төсвийн үрэлгэн байдлыг засч, цэгцэлж чадах уу, чадвал дэмжинэ гэсэн. Харин та бүхэн МАНАН-гийн гэж яригддаг шиг нам дамжсан шуналт олигархи бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалаад, зөвхөн цөөхөн хэдэн гэр бүлийн улам баяждаг балагт бодлогыг цааш үргэлжлүүлбэл таарахгүй шүү гэсэн.

-Тэгээд “чадах уу” гэсэн асуултын хариулт нь одоо яаж гарч байна вэ?

Харамсалтай нь бидний хүлээж байсан, нөгөө анхнаасаа ярьж тохирсон зүйл хэрэгжив үү гэвэл үгүй. Хэлж ярьж байгаа зүйл нь хийж байгаа үйлтэйгээ зөрөөд байна. Хамгийн анх шийдлийн Засгийн газрын бүтцийг оруулж ирэхдээ л тохиролцооноосоо буцсан. Н.Алтанхуягийн Засгийн газар 16 яамтай, 19 сайдтай байсан. Гэтэл Ч.Сайханбилэг 15 яам, 19 сайдтай бүтэц оруулж ирсэн.

Яам нь 15 мөртлөө яамгүй сайд нэгийг оруулаад ирсэн. Ингээд сайд нарын тоо нь адилхан болчихлоо. За яахав гэтэл УИХ- ын гишүүн сайдын ажлыг давхар хашдаг байдал өмнөх засгаасаа дутахааргүй юм болсон. Тэр байтугай дэд сайд нарын орог тоог нэмэгдүүлсэн. Ингэж л эдийн засгийн хүнд нөхцөл байдалд тааруулж онцгой горимоор ажиллах, төсвийн хэмнэлт хийх зорилт хоосон болсон доо.

-Өрийн таазыг бас нэмчихсэн биз дээ?

Уг нь өрийн тааз ДНБ-ий 40 хувьдаа байна гэж ярьсан. Гэтэл нэгэнт 58.3 хувьд хүрчихсэн юм байна, энүүгээр нь явахаас гээд өсгөсөн. Байгалийн баялаг, том. ордуудаа эдийн засгийн эргэлтэд зөв оруулах асуудал нь Оюутолгойгоос эхлээд зөрчилтэй явна даа.

-Намчирхал, талцалыг таслан зогсоох юу болсон бэ?

Улс төрийн эцэс төгсгөлгүй талцал маргаан, намчирхал, хуваагдлыг арилгахтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалтын асуудал огт яригдахгүй байгаа. Уг нь хамгийн түрүүнд авч үзэх ёстой асуудал боловч намрын чуулганаар огт яригдаагүй. Харин хаврын чуулганы хамгийн сүүл рүү шидэгдсэн байх жишээтэй.

Амжиж хэлэлцэх үү гэмээр л хойшоо шидсэн байна лээ. Тал талаас нь шахаж байж тэр дараалалд нь өөрчлөлт оруулж, урагшлуулсан. Энэ мэтээр засагт сэтгэл дундуур байна даа. Хүлээлттэй нийцэж ажиллаж чадахгүй л явна, энэ засаг.

-Гэхдээ бусад ажилдаа анхаарал хандуулаад болохгүй байгаа юм байлгүй дээ.

Хөдөө, орон нутаг руу явахад иргэд саналаа хэлж байна. Та бүхэн улс орныхоо эдийн засгийг унагачихжээ. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ёстой ажил нэг ч хийгдсэнгүй. Та нөхөд УИХ дээр жил бүр улсын төсөв, хөрөнгө оруулалт гэж баталдаг ч үүнийг чинь аваад үзвэл дандаа 2012 оноос өмнө төлөвлөгдсөн ажил байна. Та бүхний эхлүүлсэн гэх ажил алга гэж байна.

Цэцэрлэг барьж чадахгүй байгаа учраас хөдөөд хоёр гэр холбоод л цэцэрлэг болгодог. Сургууль, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ муу байна. Та нар төсвийн хөрөнгө оруулалт хийлээ л гээд байх юм гэж иргэд шүүмжилдэг. Би үнэндээ иргэдтэй санал нэг байна. Манай Хэнтий аймагт 2014 оны төсвийн хөрөнгө оруулалтыг УИХ дээр, эрх баригчид 54 тэрбум буюу улсын хэмжээнд айргийн тавд орохуйц гэж зарласан. Гэтэл тэр арга хэмжээнүүдийг нь үзэхэд 2014 онд 23 төсөл арга хэмжээ Хэнтийд хэрэгжихээс 19 нь 2012 оноос өмнө эхлүүлсэн ажлууд. Хоёрхон шинэ ажил бий. Нэг нь уулын ам тосгуулж, ус хуримтлуулах хов барих, нэг нь аймаг дундын отрын бүсэд чулуун хэрэм барих ийм л хоёр ажилтай сууна.

-Ярьсан,        тохирсноо биелүүлэхгүй,   амласнаа хэрэгжүүлэхгүй байвал энэ чигээр нь явуулаад л байх уу. Аль эсвэл засагт хариуцлага тооцох уу?

МАН шийдлийн Засгийн газарт АН-тай гэрээ байгуулж орсон. Энэ шийдвэрийг намын эрх барих дзэд байгууллага болох Бага хурлаас гаргасан. Тийм учрааб ярьсан хөөрсөн, тохирсон зүйлээсээ бүгд буцаж, ийм            байдалтай       байхад манай нам онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол засгаас гарах асуудлыг шийдвэрлэх   эрхийг           намын Бага хурлаас Удирдах зөвлөлд шилжүүлсэн. Тийм учраас Удирдах зөвлөл энэ дээр онцгой анхаарах хэрэгтэй.

-Танаас асууя  гэсэн гурав дахь сэдэв маань популизмтай холбоотой. Дуучин С.Жавхлантай нийлээд явж байсан үйлдлийг тань хараад таныг популист гэж хүмүүс дүгнэх шиг болсон. Чуулганы завсарлагаанаар болсон үйл явдлыг эргэн нэг дурсаач?

Зарим хүн амьдралаас тасарчихаад байна. Албан тушаалтай, Төрийн ордонд орсон болохоор албан тасалгааныхаа цонхоор харахад амьдрал сайхан байна гээд суугаад байдаг. Би тийм хүмүүсээс өөр хүн. Ард түмний итгэл хүлээсэн хүний хувьд би ард түмэнтэйгээ уулзаж байх ёстой л гэж боддог. Сүхбаатарын талбайд ахмадууд жагслаа гэхэд би очоод л уулздаг. Багш, эмч нар суулт хийлээ гэхэд би яваад л очдог.

Энд хүн уулзъя гэхээр нь би гараад л уулздаг. Тэр байтугай Баянхошуу, Нисэхэд сонгогчид ирээд уулзъя гэвэл байгаа айлыг нь эрж байгаад очиж уулздаг. Би тийм байх ёстой л гэж боддог хүн. Энэ шигээ л Ноён уулаа аваръя хөдөлгөөнийхөн ордны баруун талд өлсгөлөн зарлаж байхад би очсон. Хамгийн сүүлд С.Жавхлан болон хэд хэдэн иргэний нийгмийн байгууллагынхан бидэнд шаардлага ирүүлсэн.

Надад биш, УИХ-ын бүх гишүүнд ирүүлсэн шаардлага л даа. Тэрэн дээр нь эрхэм гишүүн та өөрийн биеэр МҮОНТ-ийн уулзалтад оролц гэсэн агуулга байсан. Би тэгээд л тэр уулзалтад очсон. Харамсалтай нь, МҮОНТ нэг л биш болчихсон юм билээ. Улсаас төсөв авдаг, татаастай хараат учраас тэр байх, эрх барьж байгаа улс төрийн хүчинд, эрх мэдэлтэй дарга нарын дохио, заавраар ажилладаг юм байна. Тэр нь харагдсан. Тэгээд л тэр уулзалт'болоогүй.

-Гишүүдээс нэг их олон хүн очоогүй байх аа?

Очих нь байтугай шүүмжилдэг хүн олон. Энэ дотор сууж байгаа нөхдүүд надад хэлдэг юм. Та иргэний хөдөлгөөнийхөнтэй уулзлаа гэж. Би хувьдаа иргэний хөдөлгөөн байтугай нэг иргэнтэй ч уулзах ёстой гэж боддог. Санал онолыг нь сонсох ёстой гэж боддог. Тэднийхээ үгийг төрд хүргэх үүрэгтэй.

Гэтэл сүүлийн үед УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ дагуу чуулганы дугуй танхимд үгээ хэлж чадахаа байсан. Бидний микрофоныг янз бүрийн тайлбар хэлээд хаадаг болсон. Өөрт нь таалагдахгүй үг хэлбэл шууд тасалдаг. Урдаас элдвээр буруушаах байдлаар ханддаг болсон.

-УИХ-ын дарга уу?

Тийм, З.Энхболд дарга. Уг нь ингэж болохгүй л гэж бодож байгаа.

-Та С.Жавхлангийн явуулж байгаа бодлогыг зөв гэж боддог уу, эсвэл... Хааяа хэт туйлшраад байх шиг санагддаг.

Очиж уулзана гэдэг тэр бүгдийг дэмжинэ гэсэн үг биш. УИХ-ын танхимд бид өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлдэг шиг тэнд ч ялгаагүй иргэний нийгмийн хэнтэй уулзахдаа бодлоо хэлдэг. Тэдний саналаас дэмжихийг нь дэмжээд, дэмжихгүйгээ хэлээд л явдаг.

Жишээ нь, янз бүрийн хэлбэрээр жагсаал цуглаан хийх, хурц хэлбэрийн тэмцэл болгоё гэж байвал би дэмжихгүй гэдэг. Хуулийн хүрээнд, сонгуулиар төр засгаа өөрчлөн байгуулах өргөн боломж байхад хүчирхийллийг уриалж байгааг би дэмжихгүй гэдэг. Мөн төрийн институцууд дотроос харьцангуй нэр бүтэн үлдээд байгаа Ерөнхийлөгчийн институц рүү дайрч давшлахыг би байж болохгүй зүйл гэж үздэг.

-Яагаад, та Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан болоод тэр үү?

Улс орны бүхий л амьдрал үйл ажиллагааг удирдаж байгаа, төрийн бодлогыг тодорхойлдог нь УИХ. Монгол Улс маань парламентын    засаглалтай биз дээ. Баталсан хуулийн хэрэгжилтийг нь хангах үүрэгтэй гүйцэтгэх байгууллага нь Засгийн газар. Засгийн газартаа хяналт тавих бүрэн эрх нь УИХ-д бий. Тиймээс энэ хоёр байгууллагад шүүмжлэлтэй хандсан байр сууриа би ил тод хэлдэг.

Ер нь бол бидний хэн маань ч иргэний хөдөлгөөнүүдээс тойрч, зугтах биш, тэднийг элдвээр хэлэх биш очоод уулзах л хэрэгтэй. Ард түмний дуу хоолой болж чадна гэж тангараг тавьсан улсууд яагаад иргэдтэйгээ ний нуугүй ярилцаж болдоггүй юм бэ. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг биз дээ.

-Та Ерөнхийлөгчийн институцийн талаар ярилаа. Ер нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн явуулж байгаа бодлого, үйл ажиллагаанд та ямар дүн тавьдаг вэ. Ерөнхийлөгчийн тайланг УИХ анх удаа энэ баасан гаригт хэлэлцэх гэж байна. Энэ үед татвараас зайлсхийсэн гадаадын иргэдэд уучлал үзүүлсэн Ерөнхийлөгчийн шийдвэрт иргэд шүүмжлэлтэй хандаж байна?

Хэвлэл мэдээллээр бүгд л тодорхой явсан мэдээлэл шүү дээ. Хүн бүр дор бүрнээ дүгнэлт хийх биз. Миний хувьд бүх ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгчийн институц рүү ямар нэгэн байдлаар шүүмжлэл хэлдэггүй. Шүүхэд ч бас тэгж ханддаг. Харин УИХ, Засгийн газрын байгууллагад бол шүүмжлэлтэй ханддаг. Ерөнхий сайдын нүүр рүү харж байгаад л би шүүмжлэлээ хэлдэг дээ.

-УИХ энэ чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээр ярьж байна. Эцэг хуульд өөрчлөлт оруулах асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?

Үндсэн хуулиа бүгдийг нь үгүйсгээд өөрчилнө гэхээс илүү энэ баталсан хуулийнхаа хүрээнд засаглал хуваах онолоо зөв явуулж байна уу гэдгээ харах хэрэггэй. Би Германы Бундестагийн гишүүдтэй уулзаж ярьж үзсэн.Тэд “бид их зовлон бэрхшээл үзсэн ард түмэн. Засаглалынхаа бүтцийг Англи, Францын хамгийн сайн загварыг авч бий болгосон” гэдэг.

Бидний дээд талын ахмад үеийнхэн, Үндсэн хуулийн эх баригч Чимид багш маань, тэр үеийн төрийн тулхтай зүтгэлтнүүд үнэндээ сайн загвар, жишээ авч Үндсэн хуулиа батлуулж парламентын засаглалын тогтолцоог бий болгосон. Харин өнөөгийн бид хуулийг хэрэгжүүлэх явцдаа хэт туйлширч б§йна даа. Хэт памчирлал ас>>далд хандаж байгаа нь буруу тогтолцоо бийболгочихоод байгаа юм. Тодорхой жишээ гэвэл 2012 оноос хойшхи үйл явдал байна.

-Тухайлбал?

2012 оны сонгуулиар УИХ-д олонх болсон улс төрийн хүчин байгаагүй. Олон суудалтай болсон АН л парламентад байгаа жижиг намууд, бие даагчдыг нэгтгээд хүчээр олонхийг бүрдүүлсэн. Тэгээд дур зоргоороо засаг, төрийн ажил явуулсан. Гэтэл парламентын засаглал гэдэг олонх, цөөнхөөрөө үйл ажиллагаа явуулдаг, төрийн бодлого харилцан хяналттай байдаг засаглал юм. Үндсэн хуульд ч тэрийг хийгээд өгчихсөн. Жишээ нь, парламентын засаглалтай бусад оронд хяналтын бүх чиг үүргээ сөрөг хүчиндээ өгдөг.

Манайхаар бол Төсвийн зарлагын хяналт, Тусгай хяналтын дэд хороог ч гэдэг юм уу, бүр УИХ-аас байгуулдаг Аудитын газраа сөрөг хүчиндээ өгдөг. Манайд бол эрх баригч нам нь эрх барьж байгаа юм чинь гээд бүгдийг авдаг. Ингэж хандсанаар буюу    2012 оноос хойш хяналтгүй засагласнаас нь болж эдийн засаг юу болов. Сая бас шийдлийн Засгийн газрыг байгуулахдаа парламентад суудалтай бүх намаа оруулаад нөгөө тал руу нь туйлширчихлаа. Ийм хяналт, тэнцвэргүй засаг байгуулагдсан. Манайхан хоёр туйл руу савлаад байна гэх үү дээ.

-Одоо тэгээд яах ёстой юм бэ, таныхаар...?

Парламентын засаглалыг байх ёстойгоор нь л байлгах хэрэгтэй байна. Мөн эрх ашгийн эрэмбэ гэдэг юмыг их тодорхой гаргадаг болох хэрэгтэй. Германд жишээ нь маш тодорхой болгосон байдаг юм билээ. Парламентад сонгогдож ажиллаж байгаа хүн хувийн бизнес эрхэлдэггүй. Тэнд ямар ч бизнесмэн сонгогддоггүй. Ийм ойлголт байдаггүй.

Бүр парламентын гишүүн хүн бүрэн эрхээ дуусгаад бизнес эрхлэх, ямар нэгэн компанитай холбогдох юм бол ард түмэн маш их эсэргүүцдэг. Гэтэл манай УИХ-ыг хар. 2012 оны сонгуулиар УИХ-д дандаа л том компаниудын захирлууд орж ирсэн. Барилга, зам, архи, спирт, банк, санхүү юу байдаг юм. Монголын бүхий л том гэсэн компанийн төлөөлөл, захирлууд УИХ-д ороод ирсэн. Бараг л парламентын биш, компаниудын засаглал тогтох шиг болсон.

-Энэ нь тэгээд төрийн бодлогод нөлөөлж байна уу?

Нөлөөлөлгүй яахав. Ийм бүтэцтэй парламенттай болохоор батлагдсан хууль, бодлого шийдвэрүүд нь компаниудад зориулагдсан байдлаар гарч байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хууль бол нэг л жишээ нь. Тэнд заасан 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалтыг хэн хийх юм бэ. Тэр том компаниуд л хийнэ, тэгээд нэн хөнгөлөлттэй нөхцөл авна. Харин жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүсийн 10 сая төгрөгийн НӨАТ-ын босгыг нэмэгдүүлээд 100 сая төгрөгт хүргээд өгөөч гэхэд тэр хүмүүсийн хуруу нь байтугай хумс нь хөдлөхгүй байгаа шүү дээ.

Хамгийн сүүлд л гэхэд Өрийн удирдлагын тухай хуулийг гаргахдаа тэр том компаниуд өр тавих юм бол өрөнд нь Засгийн газар баталгаа гаргахаар заагаад өгчихлөө. Ийм, ийм алдаа гажуудлыг цэгц журамд нь оруулах хэрэгтэй байна. Юу юугүй байгаа юмаа нураана, өөрчилнө гэхээс илүүтэй байгаа хуулийнхаа боломжийг шавхаж ажиллах нь их чухал даа.

-Та ямар бизнестэй юм бэ. Том компаниуд өөрсдөдөө зориулж 'хууль баталж байгааг шүүмжлэхээр тань асуумаар санагдлаа?

Би монгол ахуйдаа төрж өссөн хүн. Монгол ахуй, монгол ухаан, хэрэглээ гэдэг гайхалтай. Бидний өвөг дээдэс гайхамшигтай ухаантай ард түмэн байж. Өвөг дээдсийн шингээж өгсөн, аав ээжийн хэлж захисан ёсоор л би явж ирлээ. Зах зээлд шилжээд ашиг олж л байвал гээд амьтны амь тасалсан арилжаа бизнес би хийхгүй гэж шийдсэн.

Мал мах бэлтгэх ч гэдэг юм уу, ан олзвор хөөцөлдөх бизнес хийхгүй гэж амласан. Хоёрт, алт бол оройд нь гарахгүй жаргал, ёроолд нь хүрэхгүй зовлон гэж ээж маань хэлдэг байсан. Тийм учраас алт ухсан ажил бизнес би хийхгүй. Гуравт, архи спирт үйлдвэрлэсэн, амьтан хорлосон ийм бизнес хийхгүй гээд тогтоосон энэ зарчимдаа үнэнч яваа. Харин өөр аж ахуйн бизнес эрхэлж явсан.

УИХ-д олныг төлөөлж орохдоо хувийн сонирхол, эрх ашгийн эрэмбэ гэдгийг тодорхой гаргах ёстой. Олны төлөө ажиллана, зүтгэнэ гэсэн бол хувийн эрх ашиг бүгдийг зааглаж, цэгцлэх ёстой гэж үзсэн. Энэ зарчмаараа яваа.

-Та Үндсэн хуулийн өөрчлөлт дээр яарах хэрэггүй гэж боддог юм байна гэж ойлгож болох уу?

Орон нутагг явахад иргэд энэ талаар маш их ярьдаг. Албан тасалгааны цонхоор харж байгаа хүмүүс энэ тухай мэддэггүй юм байна. Үнэндээ бол амьдралаас тасарсан, вакуумжсан, авдаг мэдээлэл нь багахан хүрээнд болчихож. Монголчууд уг нь хүний үгийг их сонсдог ард түмэн. Гэтэл хүний үг сонсохоо байчхаж. Сонсох нь байтугай тийм хүмүүстэй уулзлаа гэж эмзэглэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр л гэхэд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Ялангуяа энэ УИХ буюу 76 хүний хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ гэдэг дэндүү хөнгөн хуумгай хандаж байна шүү гэж байгаа.

Та нарыг бид харж байгаа шүү гэдэг. Та нар бол Үндсэн хуульд дордуулсан долоон өөрчлөлт хийж, гуравны хоёроор бүрддэг байсан чуулганы ирцийг ердийн олонх болгочихсон. 76 хүнээс 39 нь ирвэл ирц бүрдэж, 39- өөс 20 хүн нь улс орны ирээдүй, бидний аж амьдралтай холбоотой том том хуулиудыг баталж байна. Тэр 20 хүн дотор бусдын кноп дардаг хэд хэдэн хүн байна. Үндсэндээ арван хэдэн хүнээр улс орны бодлогын асуудлыг шийдэж байна. Ийм байдлаар Үндсэн хуулийг өөрчилнө, шинэчилнэ гэж байхгүй шүү гэж байна лээ.

-Популизмтай холбоотой сэдэв рүүгээ буцаад оръё. Та хоёр гар утастай юм байна. “Фэйсбүүк”-дээ болохоор хэмнэлт хийж жижиг гар утас барья гэж та уриалсан юм биш үү?

Энэ хоёр симтэй “Нокиа” утас олон жил болж байгаа юм. Хүмүүс их хэврэг гэдэг юм билээ. Нэг удаагийн аяга шиг хэврэг утас гээд байдаг. Засварын газар очихоор хүүхдүүд хэлдэг л юм. “Наадахыг чинь засна гэж байхгүй ш дээ” гэхээр нь “Ах нь хүний дугаарууд хадгалчихсан юм” гээд би засуулаад л гардаг. Харин нөгөөх нь бол “фэйсбүүк”, “твиттер”-т орж интернэтээр харьцахын тулд “самсунг”-ийн утас байдаг. Би энэ хоёр утсаа хоёуланг нь “фэйсбүүк”- дээ тавьсан юм. Гэтэл буруутгахын тулд, хар пиар хийхийн тулд нэг утсыг нь салгаад, нөгөөг нь тавиагүй юм шиг яриад байгаа. Бас машин байна. Би хөдөө орон нутагт, иргэд сонгогчидтойгоо уулзах, цаг нартай уралдаж явдаг учраас туулах чадвар сайтай машин унадаг. 2006 оны хуучин “470”. Хотод бол би ийм машинаар яах юм. Түгжрэл, зогсоолын хүрэлцээ, агаарын бохирдол гээд бодохоор 4800 мотортой машин унаад яахав дээ.

Тэгээд “Сузуки” маркийн жижиг тэрэг унадаг. Хүмүүс хүүхдийн бойтог гээд байдаг юм. Том жийпний бараг тал шиг  зогсоолд байрлуулахад ч хялбар, шатахуун ч бага иддэг машин. Тэгээд би энэ бүхнийг хэлж, хэмнэлт хийх уриалга гаргасан. Урин дулаанд бол дугуйгаа уначихна, өвөлдөө дугаарын хязгаарлалттай бор хүнээр хүргүүлчихнэ, такси барьчихна. Бас автобусанд ч суугаад явдаг. Дээхнэ автобусанд явж байхдаа “сэлфи” зургаа авчихсан чинь хүмүүс нэг удаа суусан юм шиг, эсвэл хоосон автобусанд сууж зураг авахуулсан мэтээр ярьж явна лээ. Тийм юм гэж юу байхав дээ. Энэ бас хүнд гайхуулах гавьяа ч биш.

Харин миний тэр уриалга бол олон хүнд хүрсэн байна лээ. Манай нэг нэртэй менежер хийдэг залуу “Таны уриалгыг дор нь хэрэгжүүлсэн шүү. Том машинаар өрсөлдөөд яах юм. Хэрэгцээгээ л хангах ёстой ш дээ. Приусээр явсан ч хоёр буудал явна, жип ч ялгаагүй. Зөв хэрэглээ нь чухал юм. Таны уриалгыг дэмжиж байгаа шүү” гэж хэлсэн. Ер нь бол хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс, хуулийн хүрээнд ашиг бизнесээ олоод түүгээрээ ямар машин авч унах нь, ямар хэрэглээтэй байх нь хамаа алга. Харин төрд байгаа хүмүүс учиртай, утгатай байхгүй бол болохгүй нь. Нийт төрийн алба, төрийн өмчит компаниуд жилдээ 50 тэрбум төгрөгийг граж, жолооч, шатахууны зардал, автомашины бусад үйлчилгээнд зарцуулдаг гэсэн тоо байна лээ. Энэ бол үрэлгэн зардал мөн үү гэвэл мөн ш дээ.

ШИНЭ МЭДЭЭ