МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын дэд дарга Н.Энхболд ХБНГУ-ын Статистикийн хорооны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
2012.04.23
Гадаад харилцаа

УИХ-ын дэд дарга Н.Энхболд ХБНГУ-ын Статистикийн хорооны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Н.Энхболд ХБНГУ-ын Статистикийн хорооны ерөнхийлөгч, ХБНГУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны дарга ноён Родерих Эгелер тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзлаа. Уулзалтанд УИХ-ын гишүүн, Монгол – Германы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд, УИХ-ын гишүүн Р.Буд нар оролцсон.Ноён Родерих Эгелер манай улсад энэ сарын 19-22-ны өдрүүдэд Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооны дарга С.Мэндсайханы урилгаар айлчилж байгаа юм байна. Хоёр орны статистикийн газрын хамтын ажиллагаа 1993 оноос улбаатай ажээ.Дэлхийн Банкны зээл, буцалтгүй тусламжтайгаар хэрэгжиж буй “Үндэсний статистикийн системийг хөгжүүлэх–Монстат” төслийн хүрээнд Хосолмол түншлэлийн хэлбэрээр хамтран ажиллах байгууллагаар ХСГ-ын тэргүүлсэн ХБНГУ, БНСУ-ын статистикийн байгууллагуудын хамтарсан Консорциум сонгогдсон аж.

Хосолмол түншлэлийн зөвлөх үйлчилгээний гэрээнд ҮСХ-ны дарга С.Мэндсайхан, ХБНГУ-ын ХСГ-ын ерөнхийлөгч Родерих Эгелер нар гарын үсэг зурж, төслийг хамтран хэрэгжүүлж байгаа аж.Төслийн хүрээнд Үндэсний статистикийн хорооны хүний нөөцийг бэхжүүлэх хүрээнд тус хорооны ажилтнууд төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Холбооны Статистикийн Газарт очин туршлага судлаж, семинар сургалтанд хамрагдан статистикийн чадавхиа дээшлүүлж хамтран ажилладаг юм байна.Ноён Р.Эгелер, Дэлхийн зон олныг нэг гэр бүл гэж үзвэл мэдээлэл солилцох арга зүй нэгтэй байх шаардлагатай. Энэ нь статистикийн мэдээлэл юм. Эдийн засгийн үнэн зөв статистик мэдээлэл авах нь улс төрийг тогтворжуулах, нийгмийн хөгжлийг хурдасгахад ихээхэн ач холбогдолтой. Монгол Улсын Их Хурлын дэд даргатай уулзаж байгаагийн хувьд сонирхуулахад Германы Бундестагт статистикийн хороо мөн ажилладаг. Гэхдээ Засгийн газрын гүйцэтгэх байгууллагын хэрэгцээнд зориулж мэдээлэл өгөх биш, нийгэмд хандсан мэдээллийг боловсруулдгаараа онцлогтой. Ардчилсан тоо баримтыг зөвөөр ашиглаж, улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлоход статистикийн дүн чухал гэдгийг анхаарах хэрэгтэй хэмээн хэлсэн юм.

УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Хоёр орны статистикийн хороод нягт хамран ажиллаж байгаад талархалтай байгаа. Монгол улс эдийн засаг, улс төрийн шинэ тогтолцоонд шилжснээр статистикийн дүн, тоо баримтыг чухалчлан үзэх болсон. Бид дэлхий нийттэй нэг стандарт, хэм хэмжээнд ажиллахыг хичээж байгаа. УИХ статистикийн хорооны бие даасан, хараат бус байдлыг хангахад анхаарч, үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байгаа гэж үзэж байгаа. Цаашид хоёр орны статистикийн байгууллагууд улам нягт хамтарч, харилцан туршлага солилцож ажиллана гэдэгт итгэлтэй байна. Мөн та ХБНГУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажилтай. Энэ онд Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль болно.

Сонгуулийн хууль, тогтолцоогоо шинэчилж, холимог системд шилжсэн. Бид энэ чиглэлээр Герман улсаас суралцах зүйл их байгаа. Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д албан ёсны айлчлал хийсэн. Энэ хүрээнд ч хоёр орны олон талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах байх гэдэгт эргэлзэхгүй байна хэмээн онцоллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ