МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2011.08.02
Гадаад харилцаа

Н.Энхболд: Энэтхэг бол манай улсын оюун санааны хөрш мөн

УИХ-ын дэд дарга Н.Энхболд Энэтхэгийн ерөнхийлөгч Пратибха Девинсингх Патилтай дээд хэмжээний уулзалт хийжээ. Стратегийн түншлэлийн хэмжээнд хамтран үйл ажиллагаа явуулдаг Энэтхэг улстай тогтоосон харилцаандаа онцгой анхаарч хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх нь чухал болохыг уулзалтын үеэр хоёр тал онцлон тэмдэглэж байсан юм.

Монгол Улсын засгийн газрын зүгээс Энэтхэгийн ерөнхийлөгч хатагтай Пратибха Девинсингх Патилын айлчлалын үеэр нийгмийн зарим салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсан. Үүнд, Боловсролын салбар, эдийн засгийн төлөвлөлтийн салбар, Батлан хамгаалах болон хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллахаар хоёр талын албаны хүмүүс холбогдох баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Дээрхи салбарын хүрээнд цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэхийн суурь үндэс бол эрх зүйн орчин, өөрөөр хэлбэл парламентын үүрэг их юм. Энэ утгаараа УИХ-ын дэд дарга Н.Энхболд парламент хоорондын хамтын ажиллагаа туйлын чухал болохыг онцолж байлаа.

Монгол-Энэтхэг хоёр улсын дээд хэмжээний уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Н.Энхболд хэлэхдээ,

‘’Цаашид хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх тал дээр бид туйлын анхаарч ажиллах болно. Энэтхэг улс бол манай улстай олон зуун жилийн түүхэн уламжлалтай, оюун санааны хөрш мөн. Энэтхэг улс бол хүн ам болон эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд тэргүүлдэг улсын нэг. Парламентын хувьд Монгол улсын гурав дахь хөрш гэдэг ойлголтонд хамаарагдах улсуудын нэг бол Энэтхэг улс мөн. Иймээс Энэтхэг улсын ерөнхийлөгч Монгол улсад айлчлал хийсэн нь чухал үйл явдал боллоо.

Энэтхэг улс нийгэм, эдийн засгаа хөгжүүлэхийн тулд төлөвлөгөө маш чухал болохыг практик дээр батлан харуулж байгаа улсын нэг. Энэтхэг улс нэг тэрбум гаруй хүн амтай, хамгийн чөлөөт эдийн засагтай улс. Өнөөдрийг хүртэл Энэтхэг улс нарийн төлөвлөгөөний үндсэн дээр эдийн засгийн хөгжлийн хурдцаа алдахгүй байгаа туршлагаас бид суралцах шаардлагатай гэж УИХ-ын дэд дарга Н.Энхболд онцлон хэллээ.

Өнгөрсөн жил Монгол-Энэтхэг хоёр улсын парламент хоорондын дээд хэмжээний уулзалт болсон. Цаашид залуу болон эмэгтэй парламентчид хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал болохыг уулзалтын үеэр хоёр тал санал нэгтэйгээр хэлж байв.

Энэтхэгийн ерөнхийлөгч хатагтай Пратибха Девинсингх Патил УИХ-ын дэд дарга Н.Энхболдтой хийсэн уулзалтандаа сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлэн, түүний хоёр орны парламент хоорондын хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж байгаагаа онцлон хэлсэн

ШИНЭ МЭДЭЭ