Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийтийг хамарсан марафон болов
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийтийг хамарсан марафон болов
2015.10.05
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийтийг хамарсан марафон болов

“Утаагүй нийслэл-2015” марафон өнгерсен бямба гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Уг марафонд таван мянга гаруй иргэн бүртгүүлсэн хэмээн зохион байгуулагчид хэлж байлаа.

Мөн энэхүү гүйлт нь иргэд агаар, хөрсний бохирдол болон замбараагүй хот төлөвлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байгаа нэг илэрхийлэл гэнэ. Өглөөний 09:00 цаг гэхэд оролцогчид цугларсан байв. Хэдийгээр нар туссан сайхан өглөө хэдий ч жиндүүхэн байсан юм.

Өглөө бүр гүйдэг болов уу гэмээр хүмүүс их харагдаж байлаа. Оролцогчдын зарим нь гэрээсээ гүйгээд ирснээ ч ярилцаж байх юм. Мөн гэр бүлээрээ амралтын өглөөг өнгөрүүлэхээр ирсэн байхтай ч таарав. Түүнчлэн байгууллага төлөөлөн оролцож байгаа хүмүүс өөрсдийн туган дор бөөгнөрцгөөнө. Тус марафонд төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллага оролцож байгаа аж. Тухайлбал, Шадар сайдын ажлын алба, Барилга хот байгуулалтын яам, Монголбанк, БСШУЯ, Эрүүл мэндийн байгууллагаас 1000 гаруй төлөөлөл оролцсон аж.

Марафон гүйлт өсвөр, идэр, дунд насны ангиллаар дөрөв, 10, 21 км гэсэн гурван төрлөөр болсон юм. Тэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Дүнжингаравын шинэ замаар гүйлтээ хийж байлаа. Уг гүйлтэд холимог тулааны дэлхийн аварга, ОУХМ Ж.Нарантунгалаг, гавьяат тамирчин С.Батцэцэг болон паралимпийн хөнгөн атлетикийн тамирчид оролцож иргэдийг спортоор хичээллэхийг уриалж байгаа харагдсан.

Холимог тулааны дэлхийн аварга Ж.Нарантунгалаг “Эруүл мэнддээ хөдөлгөөнөөр хөрөнгө оруулалт хийх нь хамгийн зөв. Энэ сайхан гүйлтэд иргэд ч идэвхтэй оролцож байна шүү дээ. Ер нь хүний эрүүл байхын гол үндэс бол хөдөлгөөн байдаг. Тиймээс хүн бүр эрүүл мэндээ бодож, идэвхтэй амьдраарай, хөдөлгөөнөөр хөрөнгө оруулалт хийе гэж уриалмаар байна” хэмээж байсан юм.

Түүнчлэн дуучин, сийлбэрч Т.Баттогтох “Миний хувьд бараг өдөр бүр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирж гүйдэг. Эрүүл байхын энгийн нууц бол гүйлт шүү дээ. Нийслэлийн мянга мянган иргэд эрүүл энх байгаасай. Ер нь тэгээд эрүүл байхын гайхамшгийг мэдрэхийн тулд дасгал хөдөлгөөн тасралтгүй хийж, өглөө бүр  гүйж байгаасай гэж хүсч байна" гэв. Марафон гүйлт нь 15 сая төгрөгийн шагналын сантай аж. Гэвч шагналын төлөө ирсэн хүн алга бололтой. Харин ч бүр ахмадууд илүүтэй оролцож байгаа харагдсан юм.

ШИНЭ МЭДЭЭ