Өршөөлийн хуулийн талаар хэн, юу гэж хэлэв?
УИХ-ын чуулганаар Өршөөлийн хуулийг хэлэлцэв
2015.10.08
Улстөр

Өршөөлийн хуулийн талаар хэн, юу гэж хэлэв?

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Өршөөлийн хуулийг хэлэлцэх гэж байна. Өршөөлийн хуулийн зарим зүйл заалтад Ерөнхийлөгч хориг тавьж түүнийг нь УИХ хүлээн авсан.

Ингээд уг хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар болоход Өршөөлийн хуулийн ажлын хэсэг болон байнгын хорооны гишүүд өмнөх хэлбэрээр нь буюу авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөсөн заалтуудыг нь хэвээр үлдээхээр зүтгэж байгаа юм.

Хэрвээ ингэвэл тус хуульд Ерөнхийлөгч хориг тавьсаны хэрэггүй болох юм. Уг хуульд авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөх заалтуудыг нь хэвээр үлдээхээр зүтгэж буй нь цөөн хэдэн гишүүний үйлдэл гэж иргэд, олон нийт харж байгаа. Энэ талаар зарим гишүүдийн байр, суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн Л.Цог

УИХ-ын гишүүн Л.Цог: Би хоригийг хүлээж авсан утгаарааавлига албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөхгүй гэсэн байр суурин дээр хатуу зогсоно. Авлига авсан, өгсөн, албан тушаалаа ашигласан хэрэг  дээр Монголын төр хатуу байх ёстой, өршөөгдөх асуудал байж болохгүй.Өршөөх гэж яригдаж байгаа залилангийн хэрэг  их ноцтой. Хохирол ихтэй, эргээд залилан хийхгүй гэсэн баталгаа байхгүйҮүнийг бол өршөөж болохгүй гэсэн байр суурьтай байна. Энэ бол бүлгийн биш миний хувь гишүүний байр суурь.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:  Авлига албан тушаалын хэргийг өршөөхийг дэмжихгүй байгаа. Хэвлэлээр Хууль зүйн байнгын хорооны АН-ын зарим гишүүн авлигачдыг өршөөх гэж байна гэсэн мэдээлэл яваад байгаа. Авлигачдыг өршөөх гээд байгаа юм биш.

Энэ хуулийг батлаад явахад эргээд Үндсэн хууль болоод хүний эрхийг хөндсөн бусад хууль тогтоомжтой зөрчилдөх хэрэг гарах вий гэж болгоомжилж байгаа юм. Хууль эрх зүйн талаасаа хэрхэн шийдвэрлэвэл зөв бэ гэдгийг зайлшгүй бодолцох хэрэгтэй. Зарим иргэд дутуу мэдээлэлтэй байгаа учраас авлигачдыг дэмжиж байна гэж Хууль зүйн байнгын хороонд байгаа АН-ын зарим гишүүдийг цоллоод байх шиг байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Авлига албан тушаалтнуудыг өршөөхийг дэмжихгүй. Өршөөж болохгүй. Хэрэв өршөөвөл Монголын төрд итгэх нийгмийн итгэл суларна. Монгол Улсын парламентын засаглалд аюул учирна. Монголын төр өөрсдөө авлигыг бий болгосон. Авлигачдыг өршөөнө гэдэг нь авлигатай тэмцэх, шударга ёсны тэмцэлд Монголын төр бууж өгч хүчин мөхөсдөж байна гэсэн үг.

Ямар ч тохиолдолд авлига албан тушаалын хэргийг өршөөж болохгүй гэсэн Ерөнхийлөгчийн хоригийг бид дэмжиж байгаа. Залилангийн хэргийн цаана хэдэн зуун тэрбумын асуудал яригдаж байгаа. Хэдэн мянган хохирогч, олон мянган хүний амьдрал ахуй яах вэ гэсэн асуудал бий. Залилангийн хэргийг өршөөчихөөр тэр зуун тэрбумын хохирлыг барагдуулах асуудал байхгүй болчих нь.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Эхнээсээ ойлгомжтой.Авлига, албан тушаал, залилангийн хэргүүдийг өршөөх гээд байна. Мөнгө л байвал мөнгө цагаан нүд улаан болчихсон нийгэм. Хичнээн тэрбум төгрөгний хохиролтой хэргүүд байна. Тэр хэргүүдээс юу ч олж авч чадахгүй тэгээд л өршөөнө.

Хичнээн мянган хохирогчтэй хэргүүд алга болох гээд байна. Нийгэм нийтээрээ төрд орж байж мөнгөтэй болно, ажил амьдралаа дээшлүүлнэ гэсэн үзэл сэтгэлгээ хандлагатай болж байна. Авлига албан тушаалын хэргийг өршөөхийг эсэргүүцэж байгаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Ажлын хэсэг ямар байдалтай ярьж байгааг би мэдэхгүй байна. Байнгын хорооны хурлаар хэлэлцэх үед байр сууриа илэрхийлнэ.Нэг залилсан хүн дахиад л залилан хийнэ. Авлига авсан хүн дахиад л авлига авна.

Ард иргэдийг хохироосон, мэхэлсэн залилсан, авлига авсан хэргүүдийг өршөөж болохгүй. Өршөөлийн хуулийн хоригийг хүлээж авсан шиг авах хэрэгтэй гэсэн байр суурь бие даагчдын зөвлөлөөс илэрхийлж байгаа.

УИХ-ын гишүүн А.Тлейхан

УИХ-ын гишүүн А.Тлейхан: Авлига албан тушаалын хэргийг өршөөхгүй гэдэг санал өгнө. Маш олон санал явуулсан. Сүүлдээ будилаан болоод юунд санал өгөөд байгаагаа ойлгохгүй юм болсон шүү дээ. Бусдаар бол бид завсарлага аваад авлигын хэргийг өршөөх гээд байгаа зүйл байхгүй.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Албан тушаалаа урвуулан ашиглаж ард иргэдийн мөнгөнөөс идэж уусан хүмүүсийг өршөөж болохгүйТэр дундаа мөнгө угаах, авлигалын хэргийг бүр өршөөж болохгүй юм. Үүнээс болж манай улс ядуурч байна. Хулгай, дээрэм гарч олон хүүхэд хулгай дээрэм хийж байна. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дээр олонх гишүүд хүлээж авсан.

Гэтэл харамсалтай нь өчигдөр байнгын хороон дээр МАН-ын удирдлагууд хүртэл Ерөнхийлөгчийн хоригоос эсрэг байр, суурийг илэрхийлж ярьсанаасаа тэс өөр үйлдлийг гаргалаа. Тэгээд өнөөдөр түүндээ ороогдоод завсарлага авч байх шиг байна.

ШИНЭ МЭДЭЭ