Улсын өмчид хүйтэн цэвдэг хандаж болохгүй
2015.10.09
Улстөр

Улсын өмчид хүйтэн цэвдэг хандаж болохгүй

 Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Чуулганы үеэр УИХ-ын гишүүдийн асуулт үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “2016 оны төсөвтэй танилцлаа. Нилээн хасч оруулж ирсэн. Энэ жилийн төсвийн байдал, дараа жилийн хандлагыг тооцоход зардлаа нилээн хасахаас өөр аргагүй. Тиймээс төсвийг ерөнхийд нь, зардлыг хассан талаас нь дэмжиж байна. Тэвчиж болох зардлуудыг нилээн сайн танасан. Гэхдээ зайлшгүй нэмэгдэх ёстой зардлууд байна. Хүнд байна гээд зайлшгүй хэрэгтэй зардлыг хасч болохгүй, нэмж суулгаж өгөх хэрэгтэй. Хоёр асуулт байна. 2016 онд шинээр обьект нэмэгдэж баригдахгүй гэж ойлгож байсан. Гэтэл 2016 онд эхлэх обьектууд нилээн байгаа юм байна. Нэг талаараа шинээр эхлэх зардалгүй гэчихээд 2016 онд эхлээд тухайн ондоо дуусгах обьектууд байгааг их гайхлаа”.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “ Хөрөнгө оруулалтын ажил хуучин явж ирсэн гашуун туршлага, муу зуршлаа давтсан гэж харагдлаа. Ер нь хөрөнгө оруулалтын ажлууд 2012 оноос хойш маш муу явж байна. Барилгын компаниуд зах зээлийн эрэлт хэрэгцээг дагаад хөдөөгийн малчдын хуримтлал дээр тулгуурлан байшин, барилга их барьж байгаа. 2012 оноос өмнө тавигдсан барилга, обьектууд одоо хүртэл дуусаагүй. Улсын өмчид хүйтэн цэвдэг хандаж болохгүй.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хэрвээ улсын төсвөөс барилга байгууламжийг барьж дуусгаж чадахгүй юм бол зөв менежмент гарцыг олж, энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Манай аймгийн төсөв дотор дууссан барилгууд дээр мөнгө тавигдсан. Тиймээс дууссан дээр нь биш дуусаагүй байгаа, дуусгах барилгад санхүүг нь шилжүүлэх шаардлагатай болов уу. Мөн элэгний хавдараар өвчлөгсдын 58,6 хувь нь оношлогдож чадаагүй гурав, дөрөвдүгээр үе дээрээ илэрч байгаа гэсэн мэдээлэл бий. Тиймээс энэ асуудалд хассан зардлыг нь нэмж төсөвт нь тусгавал олон хүний эрүүл мэндэд хэрэгтэй гэж үзэж байна. 

ШИНЭ МЭДЭЭ