“1000 ТӨГРӨГ” аян
2015.10.16
Эрүүл мэнд

“1000 ТӨГРӨГ” аянд төрийн түшээд нэгдэж байна

MN-25-р суваг телевизээс санаачлан Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн  Түлэнхийн тасгийн хамт олонд эмчилгээ явуулахад нэн шаардлагатай байгаа сүүлийн үеийн шинэ технологи болох арьс зүсэгч аппарат, донор арьсыг хадгалах хөргөгчийг авч өгөх зорилгоор “1000 ТӨГРӨГ” аяныг зохион байгуулж байгаа билээ. 

Манай улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай зарим тоног төхөөрөмжийн хангалт муу байдгаас эмчилгээний үр дүн сайжрахгүй, бүрэн эмчлэгдэх боломжгүйд хүрдэг.

MN-25-р суваг телевизийн "1000 ТӨГРӨГ АЯН” –д УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг  “Тодруулга” булангаар хүргье.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ аяны талар сонссон. Миний хувьд хүнийхээ хувьд оролцох болно. Миний хувьд хүмүүнлэгийн ажилд их оролцдог. Аавынхаа нэр дээр сан байгуулсан байдаг. Энэ жилийн хувьд түлэгдсэн арьстай хүүхдүүд Ховд аймагт нилээн байдаг. Тэр Ultra sound-ийн аппаратыг Ховд аймагт ойрын үед шийдэж өгнө.  Та бүхний зохион байгуулж байгаа аянд нэгдээд 500 мянган төгрөгийг хандивлана.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Түлэнхийн төвд хэрэгцээтэй байгаа аппаратыг авч өгөх гээд ийм сайхан санаа гаргасанд нь баярлаж байна. Бүрэн дүүрэн дэмжих болно. Энэ бол нийтийн үйлс шүү дээ. Түлэнхийн тасаг, нэгдсэн төв, эмнэлгүүдэд хүн эмчилүүлэхэд маш хүнд нөхцөлд болсон. Тиймээс үүнийг нь шийдээд төсөвт нь суулгаад л өгөх хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Түлэнхийн төвийн ачаалал байнга их байдаг. Ялангуяа тэр төвөөр үйлчлүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь хүүхэд багачууд байгаа. Ахуйн чанартай түлэгдэл бол маш их байгаа учир энэ төвийг яаралтай орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах шаардлага их байгаа. Миний хувьд та бүхний гаргаж байгаа саналыг бүрэн дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: Аянд нэгдэж цалингаасаа хандив өргөнө. Эрүүл мэндийн чиглэлээр санаачилгыг дэмждэг хүмүүсийг татвараас чөлөөлдөг байвал хүмүүс өөрсдөө сайн үйлсэд хандив өргөж ажиллах болно шүү дээ.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Дэмжиж байгаа. Түлэнхийн төв анхаарал татаж байгаа зөв зүйтэ аян гэж бодож байгаа. Хүмүүнлэгийн аянаар дамжуулан хүмүүс хоорондоо ойртдог. Нөгөө талаараа нийгэмд зөв ойлголт өгдөг учир цалингаасаа тодорхой хувийг хандивлаж дэмжих болно.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Монголчууд бид далайд дусал нэмэр гэж ярьдаг. Үүнтэй ижил Монгол хүн бүр сэтгэл гаргаад бололцоо боломжоороо аяныг дэмжих нь үр дүнтэй ажил гэж ойлгож байгаа. 25-р суваг телевизийн зохион байгуулж байгаа аяныг дэмжиж цалингийнхаа талыг хандивлаж байна.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба: Өнөөдөр үдээс өмнө аяны хүмүүс яаманд ирсэн. Манай яамны хүмүүс болон, миний бие нэгдэж хандив өргөсөн. Нийгмийн сайн сайхны төлөө төрийн болон төрийн бус, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллах замаар нийгмийн хариуцлагаа үүрч байгааг сайшааж байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ