Үнийн хөөрөгдлийн асуудлаар мэдээлэл хийлээ
Уул уурайн сайд Д.Ганхуяг
2012.02.01
Эдийн засаг, Худалдаа

Үнийн хөөрөгдлийн асуудлаар мэдээлэл хийлээ

Валютын ханш, шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөлт, энэ талаар цаашид авах арга хэмжээний талаар Төрийн ордны хуралдааны Г танхимд  өнөөдөр хэвлэлийн бага хурал боллоо. Хуралд  Валютын ханш, бензин шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, АН-аас тус хэсэгт ажилласан УИХ-ын гишүүн Б.Батбаяр, С.Эрдэнэ нар оролцож, ажлын хэсгийнхнээс гаргасан санал дүгнэлтийг сэтгүүлчдэд танилцуулсан юм.

Хурлыг нээж хэлсэн үгэндээ Д.Ганхуяг гишүүн:

-Долларын ханш өссөн шалтгнаанаар нефть импортлогчид бензин шатахууны үнийг нэмсэн. Үнэ өссөн энэ шалтгааныг тодруулах зорилгоор УИХ-ын ЭЗБХ-нд байдаг  АН, МАН хоёр намын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, нефтийн үнэ, долларын ханшны гажгийг засахаар хоёр долоо хоног ажиллалаа.  Энэ санал дүгнэлтийг ажлын хэсгийнхэн өөрсдөө зохиогоогүй, Монгол банк, Нефть Импортлогчдын холбоо, Монголын банкнуудын холбоо, ШӨХТГ гэх мэт холбогдох олон газраас авсан мэдээлэл, шалгалтын дүнд үндэслэн гаргасан бөгөөд өнөөдөр үдээс хойш зөвхөн энэ асуудлаар хуралдах гэсэн боловч ЭЗБХ-ны гишүүдийн ирц хүрээгүйн улмаас энэ чухал асуудлыг хэлэлцэж чадсангүй.

Валютын ханш өссөн, түүнийг дагаад шатахууны үнэ өсгөсөн нь Засгийн газар, холбогдох бусад төрийн байгууллага зохицуулах үүргээ тун тааруу гүйцэтгэсэнтэй холбоотой. Энэ өсөлт нь  нийгэмд, тэр тусмаа иргэд, айл өрх, аж ахуйн нэгжид хүчтэй үнийн хөөрөгдлийн дарамт үүсгэлээ. Олон арван сая хүн амтай, нефтьгүй улс орнууд энэ асуудлыг хэдэн 10 жил  хангалттай шийдсээр ирсэн. Монголын төрд ч энэ харилцааг зохицуулах бүрэн боломж бий. Бид чадах ёстой, харин чадахгүй бол холбогдох албан тушаалтнууд нь байраа тавьж өгсөн нь дээр” гэлээ.

Түүний өгүүлснээр бол олон улсын зах зээл дээр америк долларын ханш харьцангуй тогтвортой байхад манай зах зээл дээр сүүлийн 4-5 сарын хугацаанд төгрөгтэй харьцах долларын ханш чангарсаар 2012 оны эхээр огцом өсч 1400  төгрөгтэй тэнцэж байгаа нь бодитой биш тоо, дор хаяж 10 хувиар буруулах боломж байгаа аж.  “Монгол банк нь ашгийн төлөө бус, улс орны эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын төлөө ажиллах үндсэн зорилготой байгууллага атал 2010 оны балансын алдагдлаа нөхөх, 2011 онд алдагдал багатай гарахын тулд дотоод зах зээл дээр өнгөрсөн 8-р сараас өсч эхэлсэн долларын эрэлтэд зохих зохицуулалт хийгээгүйгээс оны сүүл болон энэ оны нэгдүгээр сарын эхээр валютын ханш огцом өссөн. УИХ-ын ЭЗБХ-ноос  төгрөгийн ханшийг хэлбэлзүүлэх байдлаар алдагдлаа нөхөж болохгүй гэж албан бичгээр чиглэл өгсөөр байтал Монгол банк түүнийг хэрэгжүүлээгүй. Хэрэв валютын захын үйл ажиллагаанд цаг тухайд нь оролцож байсан бол долларын ханшийг огцом хөөрөгдүүлэхгүй байх боломж байсан. Хэдийгээр тус банк 2011 оны 11, 12-р сард төгрөгийн ханшийг тогтворжуулахын тулд интервенц хийсэн ч ханш уналтыг зогсоож чадаагүй. Тийм учраас Монгол банкны удирдлагатай хариуцлага тооцох ёстой” гэж тэрбээр ярьсан юм.

ШИНЭ МЭДЭЭ