Стандарт бус чөлөөт бүс байгуулж болохгүй
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2015.10.28
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Стандарт бус чөлөөт бүс байгуулж болохгүй

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай ярилцлаа.

-Өнгөрсөн долдугаар сард "Халх гол" чөлөөт бүс байгуулах тухай 75 дугаар тогтоолыг УИХ-аас баталсан. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын хаврын чуулган завсарлах наадмын өмнөх өдөр энэ тогтоол батлагдсан. Чөлөөт бүсийн талаарх ТЭЗҮ, эдийн засгийн тооцоо зэрэг нь тогтоолоо батлагдсаны дараа хийгдэж байх жишээтэй. Ер нь нутгийн иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсох, тэр бүү хэл олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр үндэслэл, тооцоо судалгаатай хандах байсан юм.

Монгол Улс өмнө байгуулсан Алтанбулаг 500 га, Замын-Үүд 900 га чөлөөт бүсийн ажил "0" байна шүү дээ. Үүнээс 1000 дахин том газар нутгийн хэмжээтэй чөлөөт бүс байгуулна гэж зарлаж байгаа нь зарчмын том алдаа болсон. Би эсрэг байр суурьтай байгаа.

-Уг нь хэрэгжиж эхэлбэл Дорнодын иргэдэд хэрэгтэй байсан юм биш шүү? Яагаад цуцлах, өөрчлөх тогтоол өргөн барив?

-Энэ төсөл хэрэгжих болбол Дорнодын нутгийн иргэдэд хэрэгтэй бус хохиролтой байх болно. Тэгэхэд Чөлөөт бүсийн тухай 75 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд харшилж, соёлын өвийг хамгаалах тухай хууль, газрын тухай хуулийн үзэл санаа, хэрэгжилттэй ноцтой зөрчилдөж байгаа юм. Тийм ч учраас УИХ-ын 75 дугаар тогтоолыг цуцлах, өөрчлөх тогтоолын төсөл хэсэг гишүүдийн хамт өргөн бариад байна.

Дэлхийд 500 мянган га газартай чөлөөт бүс гэж хаана ч байхгүй. Хамгийн том Шанхайн чөлөөт бүс гэхэд дөнгөж 12 мянган га байна шүү дээ. Бид үндэслэл тооцоогүй, стандарт бус чөлөөт бүс байгуулж болохгүй шүү дээ. Түүнээс гадна ХАА-аар дагнасан чөлөөт бүс гэж байдаггүй. Харин НҮБ-ын ХХАА-н байгууллагын судалгаагаар органик үйлдвэрлэлийн ХАА-н бүс (Agricultural areacertified organic) гэж 90 гаруй оронд экспортын баримжаатай ХАА-гаа хөгжүүлж байна. Үүний нэг жишээ Уругвай улс гэхэд тус аж ахуйн бүс нутгийнхаа 99 хувьд нь мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортолдог. Монгол Улс олон улсын энэ л нэршил болоод үйл ажиллагааны чиг­лэлээр ХАА-гаа хөгжүүлэх ёстой.

-Нэрэнд тийм их учир шалтгаан байна уу. Чөлөөт бүс гэж нэрлэснээр ямар хор хохирол, аюул байгаа юм бэ?

-Чөлөөт бүс гэдэг бол Монгол Улсын татвар болоод гаалийн бүсийн гадна орших тусгай хууль, журам, дэглэмтэй Монгол Улсын нутаг дэвсгэрийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Тэгэхлээр эдийн засгийн тусгай статустай улс доторх улс гэж хэлж болно. Жишээлбэл, Дорнод аймгийн болоод Халхгол сумын Засаг даргын мэдэлд хамаарахгүй, Чөлөөт бүсийн захирагч гэж хүн бүхнийг шийдвэрлэж, чөлөөт бүс доторх газрыг дуудлага худалдаа болон төсөл шалгаруулах замаар хэдэн жилээр ямар хэмжээтэй газрыг хэнд олгохыг мэдэж шийдвэрлэнэ.

Тийм ч учраас хувийн эдэлбэр газар тариалан, өвөлжөө, хаваржаа, ус бэлчээрийг ашиглаж байгаа нутгийн иргэдийн эрх ашигтай зөрчилдөх нөхцөл үүсч байгаа юм. Мөн чөлөөт бүсийн нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн Монгол Улс руу орохдоо татвартай, гадаад руу бол татваргүй байна. Тэнд ажиллах гадаадын иргэн, мэргэжилтний тоонд хязгаарлалт байдаггүй. Ер нь чөлөөт бүсийн газар нутаг Монгол Улсад гэхээсээ гадны улсад илүү таатай ашиглагдах нөхцөл үүсгэдгээрээ онцлог.

Орон нутгийн иргэд чөлөөт бүсээ дагаад ажилтай, орлоготой болно биз дээ. Тэнд 260 өрхийн өвөлжөө бууц орж байгаа нь давхцал үүсгэж байна уу?

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

-Чөлөөт бүсийн нэг зорилго нь татвараас чөлөөлөгдсөн орчинд үйлдвэрлэл хөгжүүлж хүмүүсийг ажлын байраар хангах явдал байдаг. Харин дэлхийд байхгүй ийм том газар нутаг бүхий чөлөөт бүс нь нутгийн иргэдийн олон арван зуун дамжин ажиллаж амьдарч ирсэн амьдралын хэвшил, уламжлал зан үйл, эзэмшил газар нутагт шууд нөлөөлнө. Ялангуяа судалгаагаар тогтоогдсон Халхгол сумын 200 гаруй өрхийн өвөлжөө, хаваржаа, нүүдэллэж дассан ус бэлчээрт давхцал үүсгэснээрээ тэдгээр иргэдийн эрх ашиг шууд хохирох нөхцөл болж байгаа юм.

Чөлөөт бүсэд 26 мянган га газрыг хаших юм гэнээ. Ялангуяа уугуул нутгийн Ялалт багийн төв дээр гэхэд айлууд нь хашаа хороогүй, зэрэгцээд амьдарч ирсэн тал нутгийн онцлогтой хүмүүст газар нутгийг нь хашаална гэдэг тархин дундуур нь татах шиг санагдаж байгаа байх. Түүнийгээ ч иргэдтэй УИХ-ын гишүүд биднийг уулзах үед хэлж байсан. Ялангуяа Буйр нуурыг хөвөөлж чөлөөт бүсийн гортиг татаж байгаа нь өмчлөх, хашаалах сэтгэхүйтэй гадна дотныхон эзэмших, дээрэлхэх үндэс болох нь гарцаагүй юм.

-Бас хятадууд орж ирж өвс хадаж байгааг эсэргүүцэж буй хүн олон. Хятадуудыг оруулж ирлээ гэж дургуйцэж байна. Энэ чинь эдийн засгийн харилцаа биш үү. Эрээн рүү ч монголчууд хэдэн мянгаараа л очдог шүү дээ?

-Хадлан хадах зөвшөөрөл авсан монголчууд хятад хүмүүсийг техниктэй нь оруулж хадуулаад өвс гаргах хамтарсан үйл гэж хэлж болно.

Сумын захиргаа, иргэдийн хурал нь хүнгүй газар шил рүү хадлан хадах зөвшөөрөл олгоход тэнд нь хадалгүй өвс гаргах боомтонд ойроор нь сум, багийн төвийн дэргэд, айлуудын өвөлжөө, хаваржааны газар өвс хадсанд нутгийн иргэд бухимдаж байна. Сумын удирдлага ч дарга, захиргааны зангараг дутсан нь харагдсан. Тиймдээ ч иргэдийн шахалтаар сумын ИТХ нь сумын дарга, ИТХ-ын даргаа огцруулах шийдвэр гаргасан гэнэ.

Ер нь өвсийг хагдарч унадаг зүйл мэтээр ойлгож, ихээр хадаж гаргах нь цаашлаад цагаан зээрийн бэлчээрлэлт, үр удмаа үлдээх зэрэгт сөргөөр нөлөөлж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах байдал үүсгэх юм билээ. Тийм учраас өвс хадланг ихээр хадаж экспортлох дээр цаашдаа судалгаа, тооцоотой анхаарах шаардлагатай.

Хэрэв чөлөөт бүс байгуулбал татвар байхгүй болно. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Би өмнө нь хэлсэн. Чөлөөт бүс гэдэг бол Монгол Улсын татвар, гаальд хамаарахгүй тусгай хууль журам мөрдөгдөх газар гэж. Тэнд эдийн засгийн харилцааны хувьд онцгой дэглэмтэй Чөлөөт бүсийн хууль үйлчилнэ. Гэтэл Р.Бурмаа сайд чөлөөт бүсийн хуулийг журмаар зохицуулна гэж яриад байгааг ойлгохгүй байна. Чөлөөт бүсийн хуулийн үйлчлэлээс давсан журам гэж байж болохгүй шүү дээ.

Жишээлбэл, тэнд ажиллах аж ахуйн нэгжийн 51 хувь нь Монголынх байна, гадаадын ажиллах хүч мэргэжилтэн нутгийн иргэдийн гурван хувиас хэтрэхгүй байна гэх мэтээр амьдралд хэрэгжих боломжгүй тархи угаалт маягийн юм ярих нь инээдтэй. Дэлхийд байхгүй стандарт бус чөлөөт бүс байгуулах гэж зүтгээд байгаа­гийн цаана хувийн эрх ашиг бүү байгаасай гэж л бодох юм.

-Та Ноён уудыг ухуулахгүй гэж байсан. Гэвч өнөөдөр нинжа нар үүрэлчихлээ. Уг асуудалд шийдвэртэй арга хэмжээ авах ямар боломж байна вэ?

-Хараа голын Ноён уул, Хан хэрлэнгийн Бурхан Халдун, Хатан туулын Богд уулыг үеийн үед дээдэлж тахин, хайрлан хамгаалж байх тухайтүүхийн шарласан хуудсанд бичээстэй байдгийг эрдэмтэн доктор Г.Аким гуай хэлсэн нь нэгийг бодогдуулах бус уу. Сентерра Гоулд компанийн лицензтэй талбай нь хамгийн өндөр Ноён оргил 1759м, хатан оргил 1722м хоёрын дунд оройг нь хүртэл хилийн заагтай байна. Энэ бодлогогүй үйлдэлтэй Засгийн газар УИХ-аас ашиглуулaхгүй гээд хоёр удаа буцаагаад байхад гурав дахиа оруулна гэж байна.

Нүд улаан, мөнгө цагаан гэгч л энэ байх. Бас Ноён уулаа төрийн тусгай хамгаалалтад аваад, зэрэгцүүлээд ухаж ашиглана ч гэх шиг. Ноён уулын ноён оргилын талыг нь тасдаж ухчихаад энэ бол төрийн тусгай хамгаалалттай Ноён уул гэж хэлээд тэнэгтээд сууж байх уу. Энэ канадууд нь ч гэсэн Ноён уулын 70 тонн алтыг 10 жилд ухаж аваад ердөө 10 хувийн ашигтай ажиллана гэсэн ТЭЗҮ хийсэн байх нь алтыг нь аваад авдрыг нь эвдлээд хаяна гэгч болох байх. Ноён уулын энэ өндөрлөгөөс 5-6 жижиг гол горхи Хараа голд цутгаж тэжээдэг үзэсгэлэнт байгальтай.

Хамгийн гол нь өвгөдийн булш онгоныг хадгалсан түүхийн дурсгал, мөнх цэвдэгт нөлөөлөх нь гарцаагүй юм. Ямартаа л Ноён ууланд "Монголиор" хэмээх олон улсын экспедиц алт ухаж байгаад Хүннүгийн олдвор дурсгал олдож эхэлмэгц 1920-иод онд Богд хааны зарлиг гарч үндсэндээ төрийн хамгаалалтад авч, алт ухахыг зогсоон дархалж байхав дээ. Өнөөдрийн энэ байдал зуун жилийн өмнөхөөс дор ёс суртахуунтай эзэнгүй төрийн эмгэнэл гэлтэй.

Ноён ууланд нинжа нарыг ухах сонирхол бүхий этгээдүүд нь зохион байгуулалттай оруулаад байна гэж нутгийн хүмүүс ярьж байгаа нь ортой байх. Эзэнтэй төр засаг байгаа л юм бол хэдэн нинжагаас хамгаалахад юу байхав дээ. Ер нь Ноён уулыг энэ төр ухуулах шийдвэрийг албан ёсоор гаргавал түүний гор, хор хохирлыг Монгол Улс, Монгол түмэн амсах нь гарцаагүй. Ялангуяа Ноён ууланд алт дагасан хаан хор хүнцэл хамгийн ихээр агуулагддаг гэдгийг эрдэмтэд өгүүлж, сэрэмжлүүлж байна.

-Та ирэх сонгуульд бие даагч статусаараа нэр дэвших үү. эсвэл намын харьяалалтай болох уу?

-Сонгуульд оролцож УИХ-ын гишүүн болох нь миний эцсийн зорилго биш. Дэвшихгүй байхыг ч үгүй гэх газаргүй. Санаа зорилго нэг нөхдийн хамт авлигажсан төртэй бугшсан идээ бээрийг шахаж үгүй болгоход амаргүй юм байна гэдгийг дотор нь суугаад л ойлгож байна. Бидний улс орноо гэж хэлсэн үг, үйлдлийг популист гэж хочилж байна. Хэвлэл мэдээллийг мөнгөөр зодож хаалтын гэрээг энэ Засгийн газар хийж байна.

Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг болон түүний засгийн газар Дубайд дуудагдан очиж Оюу толгойгоос Монголын хүртэх ногдол ашгийг 15 жилээр ухраах буулт, хуйвалдаан хийчихээд ичих ч үгүй сандал ширээтэйгээ зууралдаж байна. Монгол Улсыг хоёр жилийн дараа улсын төсөвтэйгөө тэнцэх өр зээл төлөх гарцаагүй лай ланчиг бүхий ирээдүй хүлээж байна.

Оюу толгойн төлөвлөгөө нэрээр далдалсан Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж Монголын эрх ашгийг хохироочоод байхад энэ намууд яагаад эсэргүүцэж үгээ хэлэхгүй байна. Дүгнэлт тайлбараа гаргахгүй байна. Энэ чинь л намаар далдалсан олигархижсан төр засаг бий болсныг харуулж байгаа юм даа. Намайг нутгийнхан намаар бус хүнээр минь сонгосон юм.

Төлөөллөө болгоод УИХ-д суулгахад хуйвалдахгүй, ху­вийн эрх ашгаа өмнөө тавиад байхгүй гэж итгэл хүлээлгэсэн. Тийм ч учраас намд оролгүй, бие даагч статустайгаар дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Цаашдаа улс төрийн ямар үйл ажиллагаа явуулах сонголт байхыг цаг хугацаа харуулна биз.

-Сонгуулийн жилд тойрогтоо ямар, ямар ажил амжуулав?

-УИХ-ын гишүүн гэдэг бол улс орондоо хэрэгтэй хууль тогтоомж батлан гаргахын төлөө ажиллахын зэрэгцээ сонгогдсон тойргийнхоо төлөө цаг ямагт ажиллаж байх учиртай. Өнгөрсөн хугацаанд Дорнод аймаг буюу тойрогт баригдан, бариулсан эмнэлэг, сургууль, зам, барилга бүхнийг би хийсэн, хийлгэсэн гээд тоочоод байх нь зохисгүй байх. Мэдээж нэг ч гэсэн хөрөнгө оруулалт төсөвт суулгахын төлөө хичээн ажиллах нь тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний үндсэн гол үүрэг, хариуцлагын нэг гэж хэлж болно.

Харин УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ хөрөнгө мөнгөтэй холбоотой нэг ажлыг би амласан юм. Түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байгаа. Энэ бол Дорнод төдийгүй Монгол Улсад жишиг болсон өмчлөлийн 0.7 га бүхий хороолол (Залуус хотхон) барьж байгуулах бүтээн байгуулалтын ажил юм. Дэд бүтцийг нь УИХ-ын гишүүний хувиар хөөцөлдөж, улсын төсөвт дөрвөн тэрбум гаруй төгрөг тавиулсан. Одоо олон арав, зуун байшин бариг­даж ашиглалтад ороод байна. Монголчууд бид хөгжилтэй улсуудын жишгээр газартайгаа ойр амины орон сууцанд амьд­рах эрхтэй, ёстой шүү дээ.

ШИНЭ МЭДЭЭ