Чуулганы хуралдаан эхэллээ
2015.10.28
Улстөр

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14.00 цагт зарласан байсан ч ирц бүрдэхийг хүлээсээр 16.05 цагийн орчимд эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж эхлээд байна.

Үүнтэй холбоотойгоор

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Аж ахуйн нэгжүүдийн татварын өрийг барагдуулна гэсэн байна. Найман сарын байдлаар 507,8 тэрбум төгрөг, хүү торгуультайгаа 562,6 тэрбум төгрөгийн өрнөөс 300 тэрбумыг нь оны төгсгөлд барагдуулна тооцож байгаа. Төсвийн тодотгол өргөн баригдсанаас хойш нэг сарын хугацаанд хэд нь барагдав аа ? Дахиад өгөх юмтай ААН-үүд бий юу? 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Төсвийн хүрээний мэдэгдэл өрийн таазыг хэрхэн шийдэх гэж байна вэ? Төсвийн хүрээний мэдэгдэлд хамгийн гол зүйл нь орлого, зарлага. Үүнийг тэнцвэртэй байлгах ёстой. Орлогыг нэмэгдүүлэх хамгийн багцаатай зүйл болох томоохон төслүүд явагдаж байна.

Гэхдээ бидний орлого яагаад тасраад байгаа юм бэ? 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Засгийн газраас Онцгой албан татварыг нэмэгдүүлэх хуулийн төслийг оруулж байгаа. Ер нь сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд иргэдийн хормой хотыг тэмтрэх бодлого гаргаад байна. Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийн амьдралыг доош нь татаж байгаа юм. Валютын ханшийг бодит байгаа ханшаар нь тооцож оруулдаггүй” гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Нефть бүтээгдэхүүнд ногдуулах ОАТ-ыг яаж тусгав. Зэвсэгт хүчний хувцас сургалтын зардлыг гадаад зээл тусламжаас олдог орлогоос санхүүжүүлэхээр тусгасан. Хуульд зааснаар эдгээр зардлыг төсөвт суулгах ёстой. Энэ асуудлуудыг хэрхэн тусгав гэдэгт хариулт хүслээ.

 УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:Төсвийн төсөөллийн есөн үзүүлэлтийн гол нь орлого. Эхний арван сарын гүйцэтгэлээр 2015 оны төсвийн орлого 4 их наяд юм байна. Баталж өгөх тоо 6 их наяд төгрөг. Үлдэж байгаа хоёр сарын хугацаанд 2 их наядаар төсвийн орлогыг бүрдүүлж чадах уу. Нэг сард нь 1 их наядыг төвлөрүүлнэ, чадах уу. Гааль, татвар хоёрт орлого бүрдүүлэх даалгавар өгөгдөөд энэ нь эргээд аж ахуйн нэгжүүд дээрээ дарамт үүсгэх юм болох юм биш биз.  2015 оны төсвийн тодотголыг хийхдээ зардлыг 7.2 их наяд төгрөгөөр баталж өгөх нь. Гүйцэтгэл нь одоо хэд байна вэ, хэдийг санхүүжүүлсэн байна вэ. Орлогоо бүрдүүлж чадахгүй бол зардлаа санхүүжүүлж чадахгүй, дараа нь алдагдлаа Засгийн газрын бонд гаргаж санхүүжүүлэх болно. Эргээд Засгийн газрын дотоодын өр нэмэгдэх эрсдэлтэй. Энийгээ хэр зөв тооцоолсон бэ?

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Архи, тамхины татвараас 60 тэрбумыг олоод тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг нэмнэ гэсэн мэдэлэл яваад байна. Ингэх юм уу. Оюутолгойн валют бүх банкаар ороод ханш бууна гэдэг мэдээлэл цацагдаад байна. Энийгээ тооцсон уу. Нэгэнтээ эдийн засагт 4 тэрбум ам.доллар ороод ирж байгаа юм чинь, долларын ханшаа 1000 төгрөгөөр оруулбал яасан юм. Уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйн салбараас маш их орлого олох юм шиг ойлголт их гарч байна. Уул уурхайн орлого дээрээ зөвхөн сурилаад байна уу, бусад орлого дээр яриад байна уу.

 

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Нефтийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын талаар сүүлийн хоёр долоо хоногт маш буруу ярилаа. Энэ салбарт 8 жил ажилласан хүний хувьд хэлэхэд, ОАТ-ыг нэмэгдүүлэхэд үнэ өсөхгүй гэдэг чинь буруу, бас нефть импортлогчид галзуу ашиг олоод байна гэдэг чинь буруу. Б.Болор сайд ч НИК компанид ажиллаж байсан, мэдэх учиртай. Бизнесийг мохоох юм ярих хэрэггүй ш дээ. Шатахууны үнэ өсөх юм бол иргэдийн нуруун дээр л ачаалал ирнэ.

Үүний дараагаар  Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт   бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

 

ШИНЭ МЭДЭЭ