Ногоон хатагтай
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг
2015.11.04
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Ногоон хатагтай

Хүн бүрт сайн, муу олон жишээ бий. Гэсэн ч сэтгэлд үргэлжид сайнаар, сайхнаар дурсагддаг нэгэн бол яах аргагүй Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Батсүхийн Саранчимэг.

Өвлийн цаснаар, зуны цэцэгсээр цэцэрлэгт хүрээлэнг зорих бүрт түүнд баярлах сэтгэгдэл төрдөг учраас ийн талархах шалтгаан ганц надад бус нийслэлчүүдийнх байж таараа.

Ердөө таван жилийн өмнө шороо бужигнаж, зэрлэг ургамалд дарлуулсан өргөн уудам талбай байсан нь өнөөдрийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Тэрбээр уг хүрээлэнг бий болгохын тулд хүрз атгах үедээ атгаж, услах үедээ усалж, даргалах үедээ даргалж яг л ээж нь, эгч нь мэт ажиллаж ирсэн байдаг. Тэр ч битгий хэл өмсгөл зүүсгэл, хувцсаа хүртэл нов ногооноор ижилсүүлж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төлөө төрсөн мэт өөрийгөө удирдах нь ч бий.

Гайхмаар энэ бүх зүйл түүний сэтгэл, зүтгэлийн хүчинд өнөөдөр Улаанбаатарчууд дэлхийд хоёрхон байдаг байгалийн цэцэрлэгт хүрээлэнтэй болж чадсан. Харамсалтай нь, өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн тушаалаар түүнийг албанаас нь буулгажээ. Уг нь цэцэг тарих, мод үржүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барихад улс төрийн намын харьяалал огтхон ч хамааралгүй баймаар. Гэвч энэ удаад хотын дарга “Цэцгийг улс төрийн харьяаллаар ургуулдаг” гэж бодсон бололтой юм.

Гэхдээ Б.Саранчимэг хатагтай төрсөн нутаг болох Дундговь аймгийн байгалийн үзэсгэлэнт тогтоц болсон Бага газрын чулууны бэлд 400 мод суулгасан гэнэ билээ. Тэгэхээр тэр суулгац цаашдаа намгүй, төргүй ургаж таараа. Сэтгэл нь Б.Саранчимэг хатагтайнх болохоор тэр шүү дээ. Үүн шиг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ч цаашид ногоон хатагтайн замналаар улам бүр гоёж, улам бүр цэцэглэнэ гэж итгэе. Албыг нь авсан нэгнийг ч Б.Саранчимэг хатагтайн үлгэрээр сэтгэлээ, зүтгэлээ чин сэтгэлээсээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тушаахыг хүсье ээ. Ногоон хатагтайн сэтгэл ганц түүнийх бус олных байгаасай гэж ерөөе.

ШИНЭ МЭДЭЭ