Эгийн голын усан цахилгаан станцид 827 сая ам.доллар зарцуулна
Эгийн голын усан цахилгаан станцид 827 сая ам.доллар зарцуулна
2015.11.04
Улстөр

Эгийн голын усан цахилгаан станцид 827 сая ам.доллар зарцуулна

-Эгийн голын усан цахилгаан станцид 827 сая ам.доллар зарцуулна-

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн оны наймдугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн.

Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк өнгөрсөн хугацаанд гурван удаа уулзаж, зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцсон байна. Уг зээлийн ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ сарын 09-11-ний хооронд БНХАУ-д хийх төрийн айлчлалын үеэр гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Тлейхан хэлэлцээрийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд “Зээлийн 827 сая ам.долларыг Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөсөн байна. Үлдсэн хөрөнгийг нь юунд зарцуулах вэ” хэмээн тодруулав.

Зээлийн хөрөнгийн дийлэнхийг эрчим хүчний салбарт зарцуулахаар төлөвлөсөн. Үүн дээр нэмэгдээд “Налайх-Гацуурт чиглэлийн 20 км автозамын өргөтгөл” гэсэн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж Сангийн сайд Б.Болор хариулав.

Мөн Эрчим хүчний сайд Д.Зоригт, Эгийн голын усан цахилгаан станцаас гадна Улаанбаатар-Мандаль говь чиглэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станц барих, Эрдэнэтийн ДЦС-д өргөтгөл, шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Эрдэнэтийн ДЦС анх 150 мянган цаг ажиллах хугацаатай баригдсан бол эдүгээ 210 мянган цаг ажилласан байна” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Болорчулуун нар, “Анх Эгийн голын усан цахилгаан станцыг барих тухай ярьж байхад 320 сая ам.доллар зарцуулна гэж байсан. Гэтэл энэ удаагийн төсөлд зардал нь 2.6 дахин нэмэгдсэн байна. Үүний шалтгаан нь юу вэ. Зээлийг улсын төсвөөс төлөх үү” хэмээн асуулаа.

Эрчим хүчний сайд Д.Зоригт, Зардал 16 үзүүлэлтээр нэмэгдсэн. Тухайлбал, суурилагдсан хүчин чадлын хэмжээ 95 мВт-аар, усан сангийн далангийн эзэлхүүн 910 мянган куб метрээр, усан сангийн эзэлхүүн 2.7 тэрбум куб метрээр өссөн зэргийг нэрлэж болох юм. Эгийн голын усан цахилгаан станц өөрийнхөө үйл ажиллагаанаас зээлээ эгүүлэн төлнө. Улсын төсвөөс хөрөнгө гаргахгүй” хэмээн хариуллаа.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжиж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ