Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэлэлцэхээр боллоо
2015.11.20
Улстөр

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ танилцууллаа.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууснаар хуулийг хэлэлцэж эхэлсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ хуулийг оруулж ирж байгаа нь дэвшил. Тусдаа хууль байхгүй бол болохгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянган иргэн, тэднийг харж асардаг хүмүүс бий. Хууль батлагдснаар асран хамгаалагчдын нийгмийн хамгааллын асуудал нь ямар байдлаар зохицуулагдах вэ” гэдгийг  тодрууллаа.

Үүний дараагаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт асуусан юм. Тэрээр “Хууль батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ. Гол нь Монгол улсад байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрт үр өгөөж нь наалдах ёстой” гэлээ.


Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Гурван сая иргэнтэй манай улсын хувьд 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэдэг бол их тоо. Тэдгээр иргэдийн 64 хувийг нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна гэсэн судалгаа бий. Тиймээс судалгааны байгууллагууд, ТББ-уудтай хамтарч шалтгаан нөхцлийг нь тогтоомоор байна. Тухайлбал иргэд замын хөдөлгөөнд оролцож байгаад хичнээн мянгаараа амиа алдаж байгаа билээ?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн дэд бүтцийг бий болгох, бүтээмжийг сайжруулах чиглэлд нийт 7,3 тэрбум төгрөгийн зардлыг 10 жилийн хугацаанд тухайн салбарын төсөвт суулгаад явбал ачаалал үүсэхгүй шийдэх боломжтой гэж байна. Харин энэ мөнгө сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа ажил эрхлэх боломжгүй байгаа хүмүүсийн санхүүжилтийг нь бүрэн шийдээд явахуйц байж чадах уу? гэж асуусан.

 Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Нийгмийн хөгжлөөс болоод олдмол болон төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж бий. Эдгээр нь нийгмийн хариуцлагагүй байдлаас болоод аль аль нь үүсч байна. Зам тээврээс болоод хичнээн хүн олдмол хөгжлийн бэрхшээлтэй болсон бэ. Барилга, уул уурхайн салбараас гээд хэдэн хүн олдмол болж байгаа бол. Салбар, салбараар нь тооцсон нарийн судалгаа байдаг уу. Ийм судалгаа байвал цаашдын хуулинд оруулах боломж үүсэх байх” гэлээ.

Гишүүд асуулт асууж дууссаны дараагаар саналтай гишүүд үг хэлсэн юм.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Өргөдлийн байнгын хороон дээр яригдсан хууль болоод С.Эрдэнэ сайдын ярьж буй хуулиуд хоорондоо төстэй хэдий ч манай хуулийн хувьд зарим нэгэн онцлогтой байна. Тухайлбал Санхүүгийн баталгааг хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн хуулинд тодорхой зааж өгөөгүй. Уг нь хөгжлийн бэрхшээлтэй ч бай бэрхшээлгүй ч байсан энгийн түвшинд авч үзэх ёстой. Тэтгэврийн хэмжээ өндөр, группийн мөнгө бага байдаг болохоор ихэнх иргэд хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ болин тэтгэвэртээ гардаг. Энэ нь халамжийн мөнгөний бодлого төвөгтэй байна гэсэн үг.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийг төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзнэ Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ. 

ШИНЭ МЭДЭЭ