Төр муу менежер гэдгийг төрийн юмыг үнэгүйдүүлж авах гэсэн хүмүүсийн гаргасан хэллэг гэж ойлгодог
НИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга асан Б.Саранчимэг
2015.11.26
Улстөр

Төр муу менежер гэдгийг төрийн юмыг үнэгүйдүүлж авах гэсэн хүмүүсийн гаргасан хэллэг гэж ойлгодог

НИТХ-ын төлөөлөгч, "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийн дарга асан Б.Саранчимэгтэй ярилцлаа.

Түүнийг ажлаас чөлөөлсөн мэдээлэл хэвлэлээр нэлээд дуулиантайхан цацагдсан. Гэвч албан ёсоор байр сууриа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ер илэрхийлээгүй тэрбээр манай сонинд ярилцлага өглөө.

-Танд тавих эхний асуулт маань "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийн даргын ажлаас чөлөөлөгдсөн тухай байгаад уучлаарай. Гэхдээ энэ асуулт хамгийн эхэнд тавигдана гэдгийг мэдэж байсан байх аа. Нийслэлээс шилдэг гурван байгууллага тодруулж зарлахад танай цэцэрлэгт хүрээлэн шалгарч байсан санагдах юм. Гэтэл удалгүй дарга нь халагдчихлаа. Та ямар алдаа гаргасан учраас халагдсан гэж бодож байна вэ?

-Тийм ээ, өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн байгууллагууд ажлаа дүгнүүлэхэд 88 байгууллагаас бүрэн хангалттай үнэлгээ авч, гурван байгууллага шилдгээр тодорсны нэг нь манайх. Ажлаас халсны тухайд хэн нэгний алдаа гэхээсээ илүүтэй төрийн тогтолцооны гажуудлын нэг хэлбэр энэ үйл явдлаар илэрсэн гэж болох юм.Төрийн ой санамж гэх зүйл алга болж, намын үзэмжээр төрийн ажил ердөө дөрөв, дөрвөн жилээр явагддаг болсны бодит байдал нь энэ юм уу даа.

-Та НИТХ-д суугаа МАН-ын гишүүн төлөөлөгч. Хотын даргыг огцруулах өргөдөлд гарын үсэг зурсан учраас Э.Бат-Үүл дарга ийм шийдвэр гаргалаа гэсэн яриа гарсан. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Э.Бат-Үүлдээ ч биш л дээ. Түрүүний хэлсэн төрийн гажуудал энэ юм. Ажлаа сайн хий гэхээс илүү дарга нарынхаа тогтоол шийдвэрийг үг дуугүй дагахыг шаарддаг тогтолцооны гажиг юм.

Уг нь хотын дарга маань 25 жилийн өмнө ийм тогтолцооны гажгийг засах гэж тэмцсэн хүмүүсийн нэг. Гэтэл ардчилал гэдэг үнэт зүйл маань өнөөдөр энэ хэмжээнд хүрсэн нь нөгөө бидний яриад байгаа дүр эсгэсэн ардчилал тогтчихсоныг баталж байх шиг.

-Та хотын даргыг огцруулах өргөдөлд гарын үсэг зурсан биз дээ. Зурахгүй байж болоогүй юм уу?

-Би бол нийслэлийн иргэдээс сонгогдсон тэдний дуу хоолой болох учиртай төлөөлөгч хүн. Тиймээс татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах ёстой гэдэг байр суурь дээр хатуу зогссон. Төсвийн мөнгө бол татвар төлөгчдийн хөлс хөдөлмөрийн дүнд бий болдог зүйл. Гэтэл тэднийг төлөөлөн гарч ирсэн хүмүүс үр ашиггүй зарцуулна гэдэг өөрөө маш том хариуцлага алдаж байгаа зүйл юм. Тэр тусмаа эдийн засгийн ийм хямралтай, ард түмний амьдрал ингэтлээ хүндэрсэн үед бүр ч онцгой анхаарах учиртай. Тиймээс алдаа гаргасан хотын удирдлагад бид зарчмын шаардлага тавьсан. Бас нийслэлийн иргэдийг төлөөлж шаардлага тавьж, хариуцлага тооцох хүмүүс бий гэдгийг сануулахыг хүссэн.

-Та энэ ажил дээр 2010 онд очиж байсан байх аа. Тэр үед танай нам нийслэлийг удирдаж байсан. Харин дараа нь 2012 оны сонгуулийн дараа таныг яагаад солиогүй юм бэ. Уг нь ялсан намынхан өмнөх боловсон хүчнүүдээ хуйгаар нь хөөчихдөг биз дээ. Ямар нэг тохироо байсан уу?

-2010 онд ажлаа аваад аливаа бүтээн байгуулалт, сайн төлөвлөлт нь бүрэн судалгаан дээр л үндэслэх ёстой гэсэн хатуу байр сууринаас тухайн үеийн хотын дарга Г.Мөнхбаярт хүсэлт тавьж, бүх судалгааны ажлуудыг хийлгэж байлаа. Тэгэхэд хөрсний судалгаагаар цэцэрлэгт хүрээлэнд мод ургамал ургахад хэцүү нөхцөлтэй, бараг боломжгүй гэж гарч байсан юм. Зарим нэг шийдвэр гаргагчид хүртэл энэ төсөл цаашаа явахгүй гэх үе ч байлаа. Харин манай хамт олон энэ ажлыг хийсэн шиг хийе гэж хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Мэдээж, хичээгээд зүтгээд, сэтгэлээ шингээж ажиллаад ирэхээр үр дүн гарч эхэлдэг.

Энд ямар нэг тохироо гэхээс илүүтэй магадгүй ажлаа мэдэх цааш нь авч явах хүн хэрэгтэй байсан байж болох юм. Олон ч удаа манайх дээр дараалсан олон шалгалтууд ордог байсныг нуухгүй. Харин энэ жил аргагүй сонгууль дөхөж дээ.

-Та судалгаагаар цэцэрлэгт хүрээлэнгийн хөрс нь мод ургамал ургахад хэцүү нөхцөлтэй гарч байсан талаар хэллээ. Үнэхээр судалгаа ингэж хэлээд байхад энэ ажил руу орж байдаг та тийм гэнэн хүн юм уу, эсвэл тийм зөрүүд хүн юм уу?

-Бидний хүмүүжил бол даалгасан ажлынхаа ард нь гарч байж санаа амардаг, амар хялбарыг харж, хүнд хүчрээс зугтаж арагшаа суудаггүй тийм л зарчимд сургасан. Тиймээс ч энэ ажлын ард гарчих юмсан, иргэд маань очдог хүүхэд багачуудын инээд баясал дүүрэн байдаг газар бий болгочих юмсан гэсэн чин хүсэл байсан. Бас энэ бол ногоон хотыг хамтдаа бүтээх ёстой гэсэн хувь хүний минь зорилготой нийцсэн учраас өдий болтол ажилласаар ирсэн.

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нүдэн дээр яаж өөрчлөгдөж байгааг хүн болгон мэднэ. Таныг ажил авахад ямар байсан бас та хүлээлгэж өгөхдөө юу юутайг хүлээлгэж өгсөн талаараа жаахан баримт түшиглэн хэлээд өгөхгүй юу?

НИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга асан Б.Саранчимэг

-Анх таван жилийн өмнө 27 ажилтан, таван хүрзтэй шарилж дүүрэн талд ямар ч дэд бүтэцгүй ажпаа эхлүүлж байснаа тод санаж байна. Өнөөдөр 110 ажилтантай, 22 төрлийн 130 мянга гаруй мод сөөг 93 хувиас дээш хувийн ургалттай ургуулсан цэцэрлэгт хүрээлэн маань нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг эзэлдэг болжээ. Мөн хөндлөнгийн байгууллагын гаргасан судалгаагаар зуны улиралд өдөртөө 10 000 гаруй хүн ирдэг гэсэн тооцоо бий. Манай хамт олон нийслэл хотдоо анхны гэх тодотголтой олон ажлуудыг хийж ирсэн, хамгийн том усан оргилуур, анхны гүйлтийн болон дугуйн зам, газрын усан оргилуур гээд олон зүйлс бий.

Мөн зөвхөн бүтээн байгуулалт хийгээд байх биш бүтээснээ хайрлаж хамгаалж, дахиад илүү ихийг хийдэг сэтгэлтэй болгохын тулд иргэдийнхээ экологийн боловсролд зориулсан олон төслүүдийг ТББ-уудтай хамтран хэрэгжүүлж ирсэн байгаа.

-Та ажлаа өгөхтэйгөө зэрэгцүүлээд “Эко танхим”-ынхаа нээлтийг хийж байсан байх аа?

-Тиймээ, нээлт гэж болно. Энэ маань 2014 оноос эхэлсэн төсөл юм. Сэтгүүлч болон судлаачдад зориулсан экологи, тогвортой хөгжлийн талаарх ном товхимол судалгааны ажлуудыг нэг дор төвлөрүүлэх, экологийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг ТББ, иргэдийн үйл ажиллагааг дэмжих зорилготой танхмаа бид нээсэн. Өнгөрсөн хугацаанд цуглуулсан мэргэжлийн 500 гаруй ном товхимолоо тэндээ байрлуулсан. Уг нь их чухал төсөл л дөө. Даанч ажлаас чөлөөлөгдөх тухай мэдээлэлд дарагдчихлаа. Бас нэг сайхан мэдээллийг иргэддээ хүргэхэд цэцэрлэгт хүрээлэн маань ирэх сараас эхлэн өндөр хурдны үнэгүй Wi-fi интернэттэй болно.

-Уг нь энэ бүх ажлууд одоо танд хамааралгүй баймаар юм. Гэтэл та хүрээлэнгийнхээ ажлыг ярихдаа гэрэлтэж ирээд ярьж байна. "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д өндөр хурдны интернэт тавьж улсын мөнгө зарцуулж яах юм гэж ярих хүмүүс байхад үүнийг мөнгө зарцуулахгүйгээр хувийн хэвшлийнхэнтэй ойлголцоод хийхээр болсон гэж дуулж байлаа. Энэ талаар...

-Нэгэнт дунд нь ороод хийж байсан, сайн мэдэх ажил маань учраас мэдээлэл өгөх гээд байгаа нь энэ л дээ. Цэцэрлэгт хүрээлэнд өндөр хурдны интернэт хэрэгтэй байлгүй яах вэ. Би төсвийн мөнгийг өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж болохгүй гэдгийг анхнаасаа чанд баримталж ирсэн. Бид төр, хувийн хэвшлийн сайн түншлэлийн хүрээнд иргэддээ шилэн кабелиар одооныхоос илүү хурдтай бас үнэгүй интернэтийг хүргэхээр болсон. Үүнд төсвөөс үр ашиггүй гарч байгаа зардал байхгүй.

-Танайхан саяхан таван жилийн ойгоо тэмдэглэсэн байх аа. Тэр үеэр таныг өөрийгөө рекламдаж, улсын мөнгөөр шоудлаа гэсэн шүүмжлэл явж байсан...

-Уг нь таван жилийн ойгоороо бид энэ бүтээн байгуулалтыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж, ногоон хотын төлөө ажилласан хүмүүсээ алдаршуулж олон нийтэд таниулах зорилготой олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байсан юм. Тэднийгээ алдаршуулж таниулна гэдэг нь ногоон соёлыг олонд түгээж, иргэдийн экологийн боловсролыг дэмжихэд тусалж байгаа хэрэг л дээ. Тэгээд хотоос ой тэмдэглэх хөрөнгө хүсэхэд манайд нэг төгрөг ч гаргаж өгөөгүй.

Тиймээс бид өөрсдийнхөө боломж нөөцөөр ажилласан. Ямар ч байсан ажилчдынхаа шагналыг бүтээгээд баярын хурал хийж, тэдэндээ гардуулж өгсөн. Тэд бол энэ бүтээн байгуулалтыг гардаж хийсэн хүмүүс юм шүү дээ. Харин энэ төслийг удирдаж байгаагийн хувьд хотын салшгүй нэг хэсэг болсон ногоон соёлыг олон нийтэд түгээх, сурталчлан таниулах үүргийг өөртөө хүлээсэн. Гэхдээ бид улсын мөнгөөр баяр наадам хийгээгүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн маань хэрхэн боссон, цаана нь бидэнд ямар, ямар асуудлууд байгаа талаар иргэддээ үнэн бодитоор мэдээлэл өгөхөд анхаарсан. Байгаль экологийн төлөө ажиллаж явахад ямар ч хүнд хэцүү ажлууд олны дэмээр бүтэж, олон сайхан нөхөд, хамт олонтой болдог.

Энэ бол бидний ажлын онцлог юм даа. Зөвхөн мөнгө гэлтгүй дэмжлэг, нөхөрлөл дээр тогтсон харилцаа энэ ажлыг хийж явахад үүсдэг гэдгийг би ойлгосон. Тийм ч учраас бид гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд таван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг цэцэрлэгт хүрээлэндээ татаж чадсан юм. Мөн ажлаа өгөхийнхөө өмнө БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгөөр 10 га газарт бүрэн тохижилт хийхээр хоёр тал санамж бичигт гарын үсэг зурсан байгаа.

-Одоо таныг ажлаа өгчихөөр яригдаж байсан хөрөнгө оруулалтууд зогсох юм биш биз?

-Тийм зүйл болохгүй гэж найдаж байна. Хэдий засч сайжруулах, хийж чадаагүй олон зүйлс байгаа ч бидний үр хүүхэд шигээ хайрлаж, хамгаалж бий болгосон энэ бүтээн байгуулалтыг илүү сайн сайхан болгохын төлөө бүгд л хичээж ажиллах ёстой. Хэрэв хэрэг гарвал ажлаа өгсөн ч гэсэн ханцуй шамлаад л орно шүү дээ. (инээв)

-Б.Саранчимэг байж л энэ гадна дотны хөрөнгө оруулалтыг татсан юм шүү дээ гэх хүний яриаг сонсож л байлаа. Магадгүй нөгөө талд тэртээ тэргүй төр засгаас анхаараад хөрөнгө гаргаад хийж байгаа ажил ч байх...

-Мэдээж, энэ татвар төлөгчдийн хөрөнгө, ногоон байгууламжийн төлөө гэсэн чин сэтгэлтэй хамт олон, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж байгууллага болон төсвийг маань дэмжин баталж байсан шийдвэр гаргагчдын хамтын хөдөлмөр, бүтээл болохоос ганц Саранчимэг хийчихсэн зүйл биш.

-Та сая таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж чадсан талаар хэлсэн. Манайханд төсөв захиран зарцуулж байгаа хүн идэж л байгаа гэсэн хардлага байдаг. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Үүн дээр хардах ямар ч үндэсгүй л дээ. Манайх маш ойлгомжтой, ил тод зарчмаар ажиллаж ирсэн. Бид ногоон байгууламж, экологийн төлөө гэсэн сэтгэлтэй тэгээд хөрөнгө оруулах чадамжтай байгууллагуудад саналаа тавьдаг.Тэд зөвшөөрвөл манай батлагдсан зураг төсөв, шаардлагын дагуу хөрөнгө оруулагчид өөрсдөө гүйцэтгэлээ хийдэг. Тиймээс манай байгууллага зөвхөн ажил хүлээж авч байснаас байгууллагынхаа дансаар хөрөнгө мөнгө авдаггүй. Харин төсвийн мөнгөөр хийгддэг бүтээн байгуулалтын ажил, худалдаа үйлчилгээний зөвшөөрлүүдийг бүгдийг нь Нийслэлийн өмчийн газар болон Худалдан авах газрууд хариуцаж хийдэг юм. Тэгэхээр хардах боломжгүй бүх зүйл нь ил тод газар.

-Төр муу менежер гэж ярьдаг, бид ч итгэчихсэн. Гэхдээ сэтгэл байвал сайн менежмент хийж болохоор юм биш үү?

-Би төр муу менежер гэдэгтэй санал нийлдэггүй. Төрийн юмыг үнэгүйдүүлж авах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн гаргасан хэллэг гэж ойлгодог.

-МАН-ын НИТХ-ын төлөөлөгчид одоогийн нийслэлийн удирдлагуудыг их шүүмжилж байна л даа. Гэхдээ сүүлийн гурван жилийг эс тооцвол нийслэлд танай нам засаглаж байсан шүү дээ. Та гэхэд өмнөх дөрвөн жил төлөөлөгчөөр сууж л байсан. Тэр үедээ та нар хийж байхгүй яасан юм бол, юу хийсэн юм бэ гэж асуумаар санагддаг л даа?

-Бүтээн байгуулалтууд тэр дундаа төрийн ажил гэдэг бол тодорхой цаг хугацаа шаарддаг. Тиймээс аливаа ажил урьд өмнөх суурь дээрээсээ бий болж явдаг гэдгийг бид мартаад байна. Магадгүй энэ нь төрийн ой санамж гэдэг зүйл устаж байгаатай холбоотой.

Ер нь өөрийгөө дөвийлгөхийн тулд өмнөх нэгнээ хэт үгүйсгэх хандлага нийгэмд их болсоор байгаад харамсдаг. Нүдэнд харагдах зүйлүүд дээр цөөн жишээ хэлье гэвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, сүүлд хийгдсэн том замын ажлууд бүгд л өмнөх хотын даргын үед зураг, төсөв тооцоо, судалгаа нь гарсан ажлууд шүү дээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт ч бас урьд нь эхэлсэн байсан ажил шүү дээ.

-Таны төрсөн дүү УИХ-ын гишүүн Б.Наранхүү. АН-ын гишүүн. Харин та МАН-ын гишүүн. Таныг ажпаас тань өөрчлөөгүй явж ирснийг дүүтэй чинь холбох хүмүүс байдаг?

-Энэ асуултыг олон хүн надаас асуудаг. Тодруулаад хэлэхэд бид ажил, хувийн харилцаагаа маш сайн зааглаж сурсан хүмүүс. Хэдий бид улс орноо хөгжүүлье гэсэн зорилготой ч өөр өөрийн сонгосон зам, үнэт зүйл нь өөр юм. Тэгээд нэмж хэлэхэд миний хашиж байсан алба бол бизнесийн ашиг сонирхол ихтэй Эрдэнэтийн ГОК шүү дээ. Би урьд нь хийж байсан ажпаа л үргэлжлүүлж хийж байсан. Энийг дүүтэй минь холбох шаардлага огт байхгүй.

-Та МАН-ын Нийслэлийн НАМЭХ-ийн тэргүүний алба хашдаг. Ер нь сүүлийн үед улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог ихээр онцлох болсон. Яагаад тэгж чухалчлаад байгаа талаар та энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу?

-"Дэлхийн банк"-ны нэг судалгаа байдаг юм. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх тусам тухайн оронд авлига, хээл хахуулийн хэрэг буурч, нийгмийн асуудлууд шийдэгддэг гэж. Ер нь бол манай ард түмэн эртнээс арга билгийн тэнцвэртэй байдлын тухай сургамжилж ирсэн үндэстэн.

Сүүлийн жилүүдэд бид цэцэрлэг сургуулийн асуудал их ярьж төр засгаа буруутгах болсон. Энэ бол шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо дутуу явж ирсний л үр дагавар. Бас онцгойлж хэлэхэд байгаль орчны асуудлууд орхигдоод байгаа ч анхаарч дуугарах дуу хоолой нь хэт цөөнх байсаар байна.

Өнөөдөр гэхэд нийслэлийн төсөв хэлэлцэж байна. Энд бас л экологийн асуудлуудыг шийдэх төсөв хөрөнгө, ажлын төлөвлөгөө гэх зүйл бараг орж ирсэнгүй. Улсын төсвөөс харахад л экологийн асуудал эрхэлсэн олон байгууллагуудыг хямрал нэрээр татан буулгаж төсвийг нь хэмнэж байгаад маш их харамсаж байна.

-Тэгвэл байгаль орчин, экологийн асуудалд төрийн бодлогыг тусгахын тулд яавал дээр вэ?

-Дэлхийн хөгжлийн хандлага өнөөдөр тогтвортой хөгжил гэдэг зүйл рүү чиглээд нэлээдгүй жил өнгөрлөө. Үүнийг ярихаар хүмүүс алсарсан холын зүйл төсөөлөөд байдаг. Тогтвортой хөгжил гэдэг маань энгийнээр хэлбэл эдийн засаг нь хүн ба нийгмийн асуудлуудаа орхилгүй, экологидоо ээлтэйгээр хөгжиж байгаа хөгжлийн загвар.

Манай улсын төрийн бодлого өнөөдөр зөвхөн эдийн засагтаа хэт анхаарснаас нийгэм болон экологийн асуудлууд хүнд шатанд орж аюулын харанга дэлдсээр байна. Гэтэл шийдвэр гаргагчид маань бахь байдгаараа ганц эдийн засгаа ярьсан хэвээрээ. Цэцэрлэгт хүрээлэн маань иргэдийн экологийн боловсролд зориулсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болсны цаад шалтгаан бол өнөөдрийн Монгол Улсын экологийн доройтолтой холбоотой. Экологийн маш олон асуудлууд шийдлээ хүлээгээд удсан. Шийдэлгүй удсанаар нийслэлиин хүүхдүүд дөнгөж ханиад хүрэв  үү үгүй юу хатгаа болчихдог боллоо.        

Тэдний 75 хувь нь амьсгалын замын өвчтэй болж, харшил болон хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа гээд олон зүйл дурдаж болно. Байгаль экологийн асуудал гэдэг нь хүнээр бол эрүүл мэндтэй адил чухал гэдгийг бид ойлгох цаг болжээ. Дээрээс нь Монгол орон маань эмзэг эко системтэй, бас уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас хоёр дахин өндөр явагдаж байгаа орон.

Тиймээс бид өнөөдөр хүрээлэн буй орчны асуудалдаа цаг алдалгүй онцгой анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг би онцолмоор байна. Тэрний төлөө ч цаашдаа тууштай ажиллана гэж бодож байгаа. Дүгнээд хэлэхэд нэгд, хууль эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх, хоёрт санхүүжилтийн механизмыг шийдвэрлэх, гуравт, иргэдийн экологийн боловсролыг нэмэгдүүлэх гэсэн үндсэн гурван хүчин зүйлийг шийдвэрлэх хэрэгтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ