Үнэ өссөнөөс иргэдийн хүлээсэн хохирол хэзээ ч барагдалгүй үлддэг
Шатахуун түгээх станцад
2012.01.25
Эдийн засаг, Худалдаа

Үнэ өссөнөөс иргэдийн хүлээсэн хохирол хэзээ ч барагдалгүй үлддэг

Валютын ханшийн чангаралтаас үүдэлтэйгээр нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш өсөж, энэ нь эргээд иргэдийн амьдралд дарамт учруулж, үнийн хөөрөгдөл бий болгосон тул УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажилласан юм. Ажлын хэсэг бүх талыг оролцуулсан хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж, тодорхой саналуудыг дэвшүүллээ. УИХ-ын гишүүн П.Алтангэрэл жилийн жилд шатахууны үнийн өсөлт бусад бараа, үйлчилгээний үнэ нэмэгдэх шалтгаан болдгийг анхаарч зөв шийдвэр гаргаж чадахгүй байгаагаас ий байдал үргэлжилдэг хэмээж байлаа. "Оны эхнээс эхэлсэн валют, шатахууны үнийн өсөлтөөс болж бусад зүйлийн үнэ нэмэгдсэн. Үүнээс болж хохирсон иргэд, аж ахуйн нэгжийн хохирлыг хэн барагдуулах вэ. Монголын 2,7 сая хүн ам үнэ нэмэгдсэнээс хойш хэдэн кг гурилыг хэчнээн төгрөгөөр авч хэрэглэсэн гэдэг тоог гаргаж болно. Гагцхүү үнэ өссөнөөс иргэдийн хүлээсэн хохирол хэзээ ч барагдалгүй үлддэг. Үүнийг зохицуулах механизм ч байхгүй" гэж П.Алтангэрэл гишүүн хэлж байлаа. Гишүүн Д.Ганхуяг "Монголд шатахууны жижиглэнгийн худалдаа хийх нь ашиг багатай. Бөөний худалдаан дээр өрсөлдөж байна. Шатахууны 60 орчим хувь нь бөөний худалдаагаар явдаг. БНСУ, Япон зэрэг нефтьгүй орнуудын туршлагаас үзвэл Кувейт зэрэг орны Засгийн газартай гэрээ байгуулсны дараа компаниуд нь очиж худалдаа хийдэг. Манайд бол компаниуд өөрсдөө гэрээ, худалдаагаа хийдгээс үнийг дур зоргоор нэмэх шалтгаан үүсдэг" гэж байв. Гишүүн Батж.Батбаяр импортлогч хэдэн компани, Газрын тосны Хэрэг эрхлэх газар зэрэг цөөхөн газрын мэдэлд шатахууны үнэ орсныг хэлж энэ салбарт эрчимтэй шинэчлэлт хийх хэрэгтэй болсныг сануулав. Түүний олж мэдсэнээр Наушки дээр тонн
нь- 1000-1200 төгрөгийн ханштай шатахуун Улаанбаатарт ирэхдээ 1800- 2000 төгрөг болж бүтэн нугардаг аж.

"Сэлэнгийн Сүхбаатараас Улаанбаатар хүртэлх 300 гаруйхан км-т ийм их үнэ нэмэгдэх шалтгаан юу вэ. Экспортын татвар гэсэн зүйлийг ярьдаг. Ханган нийлүүлэгчидтэй хуйвалдаад экспортын татвар гэж зүйл тавиулаад хувааж авдаг юм биш биз. Нефть бол онцгой бараа. Бүх юмны үнэд нефтийн үнэ нөлөөлдөг. Ийм өндөр үнэтэй шатахуунаар 1000 км-ийн цаанаас зөөж ирж байгаа мах нийслэлд үнэтэй  байлгүй яах юм бэ. Экспортын татварыг импортлогч тал төлөх ёсгүй" гэхчлэн Батж.Батбаяр гишүүн байр сууриа илэрхийллээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг дотооддоо газрын тосны боловсруулах үйлдвэргүй, гадаадаас хараат байгаа нөхцөлд нефтийн бүтээгдэхүүний нөөцийг гурваас зургаан сарын хугацаатайгаар бүрдүүлэх ёстой гэж үзэж байна. Одоогоор Монголын төр хоёр компанитай гэрээ байгуулан нефтийн бүтээгдэхүүн нөөцөлж эхлээд буй. Гэхдээ тэр нь тав зургаан хоногийн л нөөц. Ийм нөхцөлд гадаадаас энэ төрлийн бүтээгдэхүүнээр 100 хувь хараат орон нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг дотооддоо тогтвортой барих боломжгүй гэж үзлээ. Хоёр дахь асуудал нь нефть импортлогч компаниудыг цөөлөх шаардлагатай. Олон компани нефтийн бүтээгдэхүүн импортолж байгаагаас бие биетэйгээ уралдан өрсөлдөхөд хүргэдэг. Эргээд энэ нь гадаадынхны өгөөш болоход хүргэж байгаа. Тиймээс "Роснефть" зэрэг ОХУ-ын төрийн өмчит компаниудтай Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, аль эсвэл холбогдох сайд нь хэдий хэмжээний нефтийн бүтээгдэхүүн импортлох вэ гэдгээ хэлэлцэж, тохиролцдог болох. Мөн дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ буурахад "Роснефть" компани бууруулахгүй явж ирсэн. Бууруулах талд Засгийн газар ярилцах. Монголбанкны хувьд валютын ханшийг тогтвортой байлгах

 

талд ажиллах. Нефть импортлогч компани валют хүсэхэд шаардлагатай үед нь гаргаад өгчихдөг байх. Үндэсний компаниудын хувьд маш өндөр хүүтэй зээлээр бизнес эрхэлдэг. Ийм үед валютын ханш чангарах нь эргээд сөрөг үр дагавар дагуулдаг. Тиймээс нефть бол стратегийн чухал бүтээгдэхүүн гэдэг талаас нь харж, энэ талын зохицуулалт бий болгох шаардлага байна гэлээ. Нөгөөтэйгүүр, нефть импортлогч компаниудаас хариуцлага шаардах цаг болсныг ч санууллаа. Учир нь зах зээл дээр валютын ханш чангарангуут түүний далимдуулан компаниуд нэгэн зэрэг нефтийн бүтээгдэхүүний үнийг нэг өдрийн дотор Улаанбаатар хотын хэмжээнд шууд литр тутамд нь 260 төгрөгөөр өсгөж байгаа явдал нь үгсэн хуйвалдаж байна гэж үзэхээс аргагүй байгаа. Мэргэжлийн байгууллагууд ч нефть импортлогчид үгсэн хуйвалдаж, үнээ үндэслэлгүйгээр хэт өндөр нэмсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтэд үндэслээд тэдгээр компаниудыг торгосон шиг торгох. Өмнө нь нефть импортлогч компаниудад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас торгууль ногдуулсан ч түүнийгээ одоо хэр нь төлөлгүй шүүхээр явж буй. Энэ бол зохисгүй үйлдэл, хэрвээ шүүхийнхийг өөрсдийн талд шийдвэр гаргуулан хахуульдана гэж байгаа бол УИХ-аас баталсан хуулийн хүрээнд боломжгүй зүйл болон хувирч буйг ч санууллаа. Тэгвэл УИХ-ын гишүүн З.Энхболд Нефть боловсруулах үйлдвэрийг байгуулах талд шуурхайлах. Хэрвээ байгуулж чадахгүй бол холбогдох  сайд нь албан тушаалаасаа огцрох. Монголбанкны хувьд валютын ханшийг тогтвортой байлгаж чадаагүй учраас ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг огцруулна. Ер нь төв банкны ерөнхийлөгчийг огцруулах болсон нь нэг талдаа тус банкинд ажиллаж байсан н.Дэлгэрмаа гэгчийн ашиг хонжооноос үүдэлтэй гэдгийг ч тэрбээр онцоллоо. З.Энхболд гишүүн хэлэхдээ "Монголбанкны н.Дэлгэрмаа бол валютын ханшийг хөдөлгөж, ашиг олдог нөхөр. Түүнээс болж өмнө нь төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан бол энэ удаад Л.Пүрэвдорж болох гэж байна. Энэ мэт хариуцлагагүй нөхдөөс салах ёстой" гэсэн юм. Харин төв банкны холбогдох албан тушаалтны хэлснээр бол н.Дэлгэрмааг гурван долоо хоногийн өмнө ажлаас нь чөлөөлжээ. Түүнчлэн нефть импортлогч компаниудыг үгсэн хуйвалдаж үнэ өсгөсөн гэдэг үндэслэлээр 10 тэрбум төгрөгийн торгууль ногдуулаад буй. Торгуулийг худлаа төлөх ёсгүй, үнэн зөвөөр төлөх ёстой. Дээр нь УИХ-аас Засгийн газарт шилжүүлсэн Онцгой албан татвар, Гаалийн татвар зэргийг нягтлах. Ингэхдээ нефтийн бүтээгдэхүүний үнэ хэд болоход эдгээр татваруудыг ямар байдлаар хөдөлгөж байв гэдгийг нарийн нягтлах. Нарийн нягтлахгүй бол үүний цаана юу ч нуугдаж байхыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар дээрх татваруудыг тэглэснээр одоо нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөхөд арга хэмжээ авах механизмгүй болоод буй. Тиймээс энэ бүхэнд дүгнэлт хийх цаг болсон гэдгийг гишүүн З.Энхболд онцолсон юм.

НИК-ийн гүйцэтгэх захирал н.Халиунбат "Монголын нефть импортлогч компаниуд ОХУ болон бусад оронтой "хил үнэ" гэдэг ойлголтоор ажилладаг. Хилээс дотогш бүх зардлаа Монголын тал даадаг. Далан жил ингэж ажиллаж байгаа. Энэ нь нийт барааны үнийн 85-86 хувийг бүрдүүлдэг. Үйл ажиллагааны зардал наймаас арван хувь байдаг. Ингээд компаниуд дөрвөөс таван хувийн ашигтай ажилладаг" гэж байлаа. Экспортын татварыг ОХУ-ын тал төлдөг ч үүнийгээ ямар нэг хэмжээгээр шатахууны үнэндээ шингээдгийг нуусангүй. Монголын жилийн нефть бүтээгдэхүүний хэрэгцээ 1,1 сая тонн юм байна. Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргалын хэлснээр Монгол Улсад 2011 онд 20 тэрбум ам.доллар эргэлджээ. Гэхдээ Монголд үлдэж байгаа нь 200 сая ам.доллар. Орж ирсэн валют импортын бараа болчихдог. Монголд импорт нь экспортоос давдгаас Монголд үлдэх валют өмнөх жилээсээ улам бүр буурсаар байна гэсэн юм. Газрын тосны Хэрэг эрхлэх газрын албаны дарга н.Магсаржавын хэлснээр нийт шатахууны 70 хувийг дизелийн түлш эзэлдэг байна. Гишүүд шатахууны 60 хувийг бөөний үнээр борлуулдаг гэснийг тэрбээр үгүйсгэж автобензинийг дан жижиглэнгээр борлуулдаг. Харин дизель түлшний 60 хувийг бөөнддөг гэсэн юм. Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийнхэн газрын тосны бүтээгдэхүүн импортлогч болон жижиглэн худалдааг салгах замаар борлуулагчдын дунд өрсөлдөөн бий болгох, газрын тосны борлуулалтын үнэл хяналт тавих арга механизмыг өөрчлөх шаардлагатай, зээлийн хүүгийн тодорхой хувийг зардалд шингээж зардлыг нормчлох, нефть импортлогч компаниуд Арилжааны болон Монголбанктай валютын ханшийг урт хугацаанд тогтвортой хадгалах чиглэлээр валютын свал хэлцэл хийх, нүүрс боловсруулж шатахуун гаргах үйлдвэр байгуулах, нефть боловсруулах үйлдвэрийг яаралтай байгуулах, газрын тосны хуулийг шинэчлэн найруулж батлах, бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулах гэх зэрэг санал дэвшүүлж байгаа аж.

ШИНЭ МЭДЭЭ