ДНБ-ийн 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө ил боллоо
2015.12.18
Эдийн засаг, Худалдаа

ДНБ-ийн 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө ил боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараагаар УИХ-ын гишүүд асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Д.Батцогт “Одоогийн байдлаар зургаан их наяд гаруй төгрөгийн хөрөнгө ил болсон нь эдийн засагт эерэг үзүүлэлтийг өгнө. Үүнийг дагаад ДНБ-ийн хэмжээ ч өсөх төлөв ажиглагдаж байна. Энэ хуулийн хугацааг нилээн урт тавьж өгсөн. Тиймээс байгууллагууд хөрөнгөө ил болгож байна, гэхдээ дутуу байгууллагууд бий. Хөдөө орон нутагт, сумдад энэ хуулийн талаар мэдээгүй, ач холбогдлыг нь ойлгоогүй хүмүүс байгаа. Би тиймээс хуулийн хугацааг сунгах нь зүйтэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “6,1 их наядын хөрөнгө бүртгэгдлээ гэсэн. Энэ ДНБ-ын 30 хувьтай тэнцэх хэмжээний тоо. Үндсэндээ бид ийм хэмжээний мөнгийг нуун дарагдуулсан гэсэн үг. Байгууллага бүр энэ үйл явцад дүгнэлт хийх ёстой. Энэ тоог оруулахад ДНБ-д ямар хөдөлгөөн орох вэ. Үүнийг салбар, салбараар нь гаргаж өгнө үү. Аль салбарт хамгийн их мөнгө байсан бэ?

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Энэ хууль цөөнхид зориулагдсан  хууль гэдэг нь харагдаж байна. 2007 онд Эдийн засгийн өршөөлийн тухай хууль гаргасан. Хуулийн нэрийг нь сайхан өөрчилж гаргаж байна. Өнөөдөр сайхан зүйл ярьж байгаа хэдий ч цаашид ямар байдалд хүргэх нь мэдэгдэхгүй байна. Маш цөөн ААН байгаа нь нэг зүйлийг хэлж байгаа хэрэг. Үүнийг тодорхой болгон, тооцоо судалгааг гаргах ёстой. Дахин, дахин хэн ийм хууль батлаад байгааг нь мэдэх хэрэгтэй. Нийгэмд удахгүй хууль дахиад гарчихна гэдэг байдал үүсээд байна” гэсэн юм.

Одоо Чуулганы хуралдаанаар Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.

ШИНЭ МЭДЭЭ