2010.03.04
Хүний эрх

Б.Бат-Эрдэнэ: Өртөг зардлаа даагаад нөхөн сэргээлтээ хийгээд явбал уул уурхайн салбарт ажиллах нээлттэй

УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Хуульзүйн байнгын хороо УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар хуулийн ямар төслүүд дээр ажиллав?

-Намрын чуулганы завсарлагаанаар Хуульзүйн байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөөнд орсон ажлуудыг бүрэн биелүүлсэн. Хэд хэдэн хуулийн төслөөр ажлын хэсэг гарсан. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан. Эрүүгийн хуулийн төрөлжсөн хуулийн төслийг нэр бүхий гишүүд УИХ-д өргөн барьсан. Байнгын хороогоор хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсгийг Д.Одбаяр гишүүн ахалж байна. Хаврын чуулганаар Хуульзүйн байнгын хороо Цагдаагийн тухай, Тагнуулын тухай, Мэдээлэл авах эрх эрх чөлөөний тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр оруулсан. Эдийн засгийн байнгын хороотой хамтарч Харилцаа холбооны тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцэн намрын чуулганаас хаврын чуулганд шилжүүлсэн. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн төслийг ч хаврын чуулганаар хэлэлцүүлнэ. Хуулийн төслөөр байгуулагдсан ажлын хэсгүүд хуулийн хэрэгжилт биелэлттэй танилцаад явж байна.

-Хөрөнгө орлогын мэдүүлэг авах хүснэгтийг өөрчилж дэлгэрэнгүй авах хувилбарыг АТГ-аас оруулж ирж байсан. Энэ удаа хуучин хүснэгтийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ төрийн албаныхан өгсөн үү?

-АТГ-аас ирүүлсэн саналыг үндэслэн байнгын хороон дээр Х.Жекей гишүүн ахалсан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Хөрөнгө орлогын мэдүүлгийг хуучин хүснэгтээр авсан. Ирэх жил төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг журамд орсон өөрчлөлтийн дагуу явуулах байх.

-Харилцаа холбооны тухай хуулийг хаалттай хэлэлцэж хойшлуулсан шалтгаан юу байв, Утас чагнах төхөөрөмжийг Тагнуулын газарт байршуулъя, хүчний бусад байгууллагад адилхан ийм төхөөрөмж авч өгөх шаардлагатай, шаардлагагүй гэдэг дээр санал зөрсөн юм биш үү?

-Ажлын хэсгийн санал бол Тагнуулын байгууллага дээр төвлөрүүлэх байсан. УИХ-ын гишүүд Засгийн газраас оруулж ирсэн саналын дагуу л асуудалд хандъя гэдэг. Хаврын чуулганаар Харилцаа холбооны тухай хуулийг хэлэлцэн эцэслэн шийдвэрлэх байх.

-Тантай хамт нэр бүхий гишүүд Усны сав, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуул, олборлолт хийхийг хориглох хуулийг баталсан. Хэдийгээр батлагдсан ч багагүй эсэргүүцэлтэй тулгарч хэрэгжилт нь удааширсан шалтгаан юу байв?

-Гол мөрний ус бүрэлдэх эх, ойн сан бүхий газрыг хамгаалах хилийн заагт ашигт малтмал олборлохыг хориглох хуулийг УИХ баталж Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн. Засгийн газрын томоохон баримт бичгүүдэд ч тусгалаа олсон. Гэтэл ард түмэнд уул уурхайн салбарын зарим нөхөд сөрөг ойлголт төрүүлээд байх юм. “Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй хэдэн нөхөр сэтгэлийн хөөрлөөр биелүүлэх боломжгүй хууль хүчээр батлуулчихаад хэрэгжүүлэх гэж зүтгээд байна. Цаана нь хэдэн мянган хүний эрх ашиг зөрчигдөж амьдрал нь хохирох нь” гэж ухуулаад явна. Уг нь төрийн бодлогод тусгалаа олоод зорилт болон дэвшигдсэн зүйл. Монголын ард түмний хүсэл зорилго, шаардлага байгаль орчноо хамгаалах чиглэлийн төрийн бус байгууллагууд, байгаль эх орноо гэсэн олон зуун хүний сэтгэл эл хуулийн цаана бий. Нэг талаар алт олборлодог тусгай зөвшөөрөлтэй 200 аж ахуйн нэгж 1000 хүний эрх ашиг байж магадгүй. Гэтэл байгаль хамгаалснаар 2.8 сая монгол хүний амьдралтай холбоотой асуудал яригдах юм.

-Саяхан уул уурхайнхны нэгдсэн чуулган болсон. Хуулийг нэлээд шүүмжилж байгаа нь анзаарагдлаа?

-Саяхан болж өндөрлөсөн уул уурхайнхны цугларалт чуулганаар зориуд бодлого зорилготойгоор Ойн сан, усны сав газарт ашигт малтмалын хайгуул хийх олборлохыг хориглох хууль санаачлан батлуулсан. УИХ-ын гишүүдийн эсрэг турхиралт дайралт хийж байна билээ. Эл хуулийг хэрэгжүүлбэл ойн сав, усны сан бүхий газарт нинжа нар ороод ирнэ гэж яриад байх юм. Нинжа бол тулгамдсан шийдвэрлэх ёстой ч гэсэн тусдаа шийдэгдэх асуудал. Гол мөрний урсац ойн сан бүхий газруудыг хамгаалахтай холбогдсон хууль батлагдангуут л нинжа нар бий болсон мэтээр тайлбарлах нь зохимжгүй. Нинжа нарыг турхирдаг нэг хэсэг хүмүүс бий. Уул уурхайн салбарт улс орны эдийн засагт төсөвт хувь нэмрээ оруулдаг байгаль орчны нөхөн сэргээлтийг хуулийн дагуу хийдэг аж ахуйн нэгжүүд бий. Гэтэл нөхөн сэргээлт хийдэггүй, хоцрогдсон хуучирсан тоног төхөөрөмж ашигладаг химийн хорт бодис хэрэглэдэг уул уурхайн аж ахуйн нэгжүүд ч олон байгаа нь нууц биш.

 

Алтны татвараа төлөөгүй хэдэн арван компанийг “Алтандорнод Монгол” тэргүүлдэг. Хуулийг хамгийн их завхаруулдаг нөхөд бол алтны компаниуд. Алтны ганцхан компани хангайн нурууг хавтгайлаад нэг голыг улаанаар эргүүлж, ширгээж байна. Тэндээс авсан алт Монголд үлдээгүйгээр барахгүй өр зээл нь арилжааны зарим банкийг татаж унагаасан. Түүнийг нь монголын төр төлөх гээд явж байдаг. Олон улсын шүүхэд хүртэл улсыг нь өгөөд өрөнд унагаахыг оролддог боллоо. Нинжа нарыг турхираад зогсохгүй элдэв төрлийн ассоциаци байгуулан гадаадын хөрөнгө оруулалттай компанийн гар хөл болчихсон улс орноо худалдаад сууж байна. Гэтэл уг цугларалтын үеэр зарим нэр бүхий хүн энэ хуулийг санаачлагчид хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулж байгаад дундаас нь нөхөн төлбөр нэрийдлээр мөнгө завших нь гэж хүртэл гүжирдэж байна лээ.

-Хуулийг хэрэгжүүлэхэд гол мөрний урсац бүхий газарт олгосон тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож хурааж авах шаардлагатай. Гэтэл уул уурхайн компаниуд их хэмжээний нөхөн олговор хэрэгтэй гэх юм билээ?

-Хамгийн анх нөхөн олговорт 140 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн. Дараа нь 300 тэрбум төгрөг болж, саяхан болсон уул уурхайнхны чуулга уулзалтаар хоёр триллион төгрөгт хүрсэн мэтээр яриад байна. Нөхөн олговорт авах мөнгөний тоо хэмжээ нэмэгдээд байгаа юм. Уул уурхайн салбарын зарим нөхөд хачин юм ярьдаг. Гадаадын хөрөнгө оруулсан хүмүүс хайгуул хийгээд олборлолтын үйл ажиллагаа явуулахгүй гэж. Хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын зөвшөөрөл болгох алга хөрвүүлэхтэй адилхан зүйл. Түүнийг нь мэдэхгүй хүн байгаа юм шиг энхийн цагаан тагтаа шиг хүмүүс.

 

Өнөөдөр хайгуулын тусгай зөвшөөрөлтэй хэрнээ олборлолт хийдэг аж ахуйн нэгжүүд ч бий. Тусгай зөвшөөрлийг хоорондоо наймаалцдаг, нийлүүлж байгаад гадаадын үндэстэн дамнасан том компаниудад худалдаж олсон мөнгөөрөө харийн нутагт үнэтэй байшин хаус худалдаж авдаг цөөн хүнд эх орны байгаль сүйдэх, монгол хүн уух усгүй, ухсан нүх шиг болсон газар нутагтай үлдэх хамаагүй байх л даа. Байгаль орчны үнэлгээ чухал. Өртөг зардлаа даагаад шаардлагатай хөрөнгөө оруулаад нөхөн сэргээлтээ хийгээд явбал Монголд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж болно.Гэтэл бид эх нутгийнхаа хөрсийг онгилж алт эрдэнэсийг нь аваад тэндээс олох ашгаар л өртөг зарлагаа тооцдог. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэх асуудлыг хөнддөггүй. Уул уурхайнхан цугларчихаад Монголын нутаг дэвсгэрийн 50 хүртэлх хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй бол эл салбарт хөгжил дэвшил ирэхгүй гэх зүйл яриад байх юм. Газар нутгийнхаа 50 хувийг уул уурхайн салбарынханд өгөх ёстой гэнэ. Хайгуулын лицөнзийг ашиглалтынх болгодог хуулийн зохицуулалтыг өөрчлөөд цаашид тусгай зөвшөөрөл өгдөг байдлыг бүр мөсөн зогсоох хэрэгтэй. Газар нутгийнхаа 30 орчим хувьд ч хүрэхгүй ойн сан, усны урсац бүхий газарт тусгай зөвшөөрөл олгохгүй хамгаалъя гээд байхад эсэргүүцээд байх юм.

ШИНЭ МЭДЭЭ