2010.03.16
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Б.Бат-Эрдэнэ: Сонгогчил 2.5 сая төгрөгөө нэхэж байна. Гэхдээ...

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй уулзлаа.

-Та тойрогтоо ажиллаад ирсэн гэсэн үү?

-Монголыг хамарсан зуд Хэнтий аймагт харьцангуй гайгүй туссан. Гэтэл цагаан сарын өмнөхойно орсон цаснаар байдал хүндэрчихлээ.Малын хорогдол ихэссэн.Сумдад байдал нэлээд ноцтой байна. Бид аймгийн удирдлагууд, тамгын газрынхантай хамт явж байгаа. Сумдад тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдээд явж байгаа. Харин орон нутгаас шалтгаалахгүй асуудлыг Засгийн газар, Онцгой байдлын газар, олон улсын байгууллагуудад хандах ажлыг зохион байгуулсан. Мөн хажуугаар нь УИХ-аас баталсан хуулиудыг сурталчлах, хэрэгжилтийг нь хянах зэрэг ажил зохион байгуулсан. Мөн сонгогчдын санал, хүсэлтийг хүлээж авсан.

-Сонгогчид зудын тусламжаас өөр ямар санал тавьж байна?

-Ер нь ажлын байрны санал түлхүү яригдаж байна. Ялангуяа ган, цөлжилтөөс шалтгаалж хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт эрсдэл өндөр болсон үед орлого буурч байгаа нь ядуурлыг нэмэгдүүлэх үндэс болж байна. Энэ бүхнээс үүдэн байнгын орлоготой ажлын байрны асуудал хурцаар тавигдаж байна. Мөн улс төрийн намууд болон Ерөнхийлөгчийн сонгуулиар амласан 2.5 саяыг нэхэж байна. УИХ-аас батлан гаргасан. Усны болон ойн сав газар ашигт малтмал ашиглахыг хориглосон хууль огт хэрэгжихгүй байна. Хэнтий аймгийн Онон, Балж зэрэг олон голын эх дээр хятадууд алт ухаж байна. Сайханы голын эх дээр бас ухаж байгаа. Ер нь уул уурхайтай холбоотойгоор байгаль орчинд маш их өөрчлөлт гарч байгаа. Улаанбаатарт амьдарч байгаа бид мэдэхгүй байж болно. Гэтэл газар нутаг дээрээ эзэн болоод амьдарч байгаа хөдөөгийнхөнд маш их мэдрэгддэг юм байна. Мал, хүнтэйгээ шахагддаг. Булаг, шанд гол мөрөн нь ширгэдэг.

-Хүүхдийн мөнгө хасагдсан тухай сонгогчид гомдол тавьсан уу?

-Хэдийгээр санал гомдол дагуулж байгаа боловч, миний бодлоор ихэнх нь хавтгайрсан халамжийг таашаахгүй байна. Эзнээ олоогүй хавтгайрсан халамжийг хумих болсон гэж ярьж байсан.

-2.5 сая төгрөгөө хэрхэн зарцуулах хүсэлтэй байна?

-Тэр мөнгийг нэхэж байгаа боловч бэлэн мөнгөөр бус. Гэхдээ өөр олон хэлбэрээр авч болох тухай санаа гарч байгаа. Тэр мөнгөөрөө ажлын байр бий болгох. Түүнийгээ хувьцаат компани болгоод хувьцаа эзэмших замаар ашиг хүртэх тухай ч санал гарсан.

-Таны даргалдаг Хууль зүйн байнгын хороо одоо юу хийж байна?

-Манай байнгын хороо өнгөрсөн чуулганаар 40-өөд хууль хэлэлцсэн. Одоо намрын чуулганаар хойшлогдсон Харилцаа холбооны тухай хууль орно. Бас Захиргааны хэргийг шийдвэрлэх тухай хууль хэлэлцэгдэнэ. Энэ сарын 22-ноос байнгын хороод намын бүлгүүд хуралдаанаа эхпэнэ. Манай байнгын хороонд олон ажлын хэсгүүд байдаг. Тэд хуралцаж байгаа. Бас хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтыг өөрчлөх ажлын хэсэг ажиллаж байгаа. Ер нь төлөвлөснөөрөө л явж байна. Хаврын чуулганаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ. Өчигдөр өргөн баригдсан Казиногийн тухай хууль ороод ирэх байх. Дээр нь өөр ч хуупиуд орж ирнэ. Тэр бүрт нь хэлэлцээд явах байх.

-Бямба гаригт дахиад тойрог руугаа явах юм уу?

-Тэгнэ. Дөрөв дэх өдөр бид нар Улсын онцгой комисс, Засгийн газар болон ОХУ, БНХАУ, Турк улсын Засгийн газрын нийтдээ хоёр тэрбум гаруй төгрөгийн тусламжийг хүлээж авсан. Энэ тусламжийг хүргэх эхний цуваа пүрэв гаригт гарсан. Хэнтий аймаг руу явах цуваа баасан гаригт бэлтгэлээ хангаад гарсан.

-Тусламжинд юу, юу багтсан бэ?

-Өвс, гурил будаа, зузаан хувцас, хөнжил, цахилгаан үүсгүүр зэрэг хэрэгтэй зүйлүүд багтсан байгаа.


ШИНЭ МЭДЭЭ