Гэр бүлээ хоёр, гуравдугаарт тавилаа гэж ойлгох нь буруу л даа
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
2016.01.07
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Гэр бүлээ хоёр, гуравдугаарт тавилаа гэж ойлгох нь буруу л даа

Түүнтэй энгийн яриа өрнүүлсэн юм. Тэр асуултуудад маш товч атлаа тодорхой хариулж байлаа. 

Улс төрд орно гэдэг хувь хүний хувьд маш том шийдвэр, амьдралд гарах томоохон өөрчлөлт. Тэгвэл та яагаад улс төрд орох болов?

Анх 2008 онд НИТХ-ын төлөөлөгч болохоор сонгуульд өрсөлдөж байлаа. УИХ-ын тамгын газарт 7 жил ажиллаж байгаад АНУ-д сурахаар явсан.

Хэдэн жил хүний газар байхаар эх орноо улам хөгжүүлэх юмсан гэсэн оргилуун хүсэл бадардаг байлаа. Энэ л хүсэлдээ хөтлөгдөн, эх орондоо дөнгөж ирээд улс төрд хөл тавьсан.

МАН-ыг яагаад сонгов? 1999 онд тус намд элссэнээс хойш одоог хүртэл улс төрийн хангалттай мэдлэг, туршлагатай болсон гэж үзэж болох уу?

Улс төрд орно гэдэг эх орноо хөгжүүлэхэд бодлогын түвшинд оролцох боломж гэж хардаг.

10 жилд ангийн дарга, бүлгэмийн зөвлөлийн дарга гээд бүхий л олон нийтийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байсан. Гурван дүүтэй, айлын ууган хүүхэд.

...Нэг олдсон ганц алимаа ч хувааж идэх юмсан гэдэг үзлээр төлөвшсөн...

Магадгүй энэ төлөвшил хүмүүжил нь МАН-ын “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө” гэсэн үзэл баримтлалтай илүү ойр байсан болов уу гэж боддог.

Улс төрийн туршлага гэвэл харьцангуй залуу, суралцаж байгаа хүн гэж боддог. Ажил хийхэд заримдаа туршлагаас илүүтэй сэтгэл гэдэг зүйл илүү чухал санагдах үе байдаг юм.

Өөрийгөө магтах нь утгагүй гэж үздэг.

Улс төрийн тодорхой албан тушаал хашихад аль нэг нам, гэр бүл, аливаа бизнесийн нөлөөлөл бий юу?

Хүн ер нь зөвхөн өөрийнхөө хүчээр аливаа амжилтад хүрнэ гэдэг өөрөө өрөөсгөл ойлголт. Мэдээж ойлгож, дэмждэг сайн гэр бүл, найз нөхөд, хамт олны минь дэмжлэг бий.

Таныг сайн мэдэх, таны гэр бүлийнхэн, намын болоод ТББ-ын хамт олон таныг ямар хүн гэж дүгнэдэг вэ? (Зан чанар, аливаад хандах хандлага, ажлын туршлага, чадварын тухайд)

Дэндүү гэмээр тэвчээртэй гэдэг.

Өөрийгөө магтаад байгаа юм шиг эвгүй байна. Гэхдээ нийтлэг хэлдэг хэдэн зүйл нь эхэлсэн ажлынхаа ард заавал гардаг, тууштай, жаахан гэнэндүү гэмээр сайхан сэтгэлтэй, өөрийнхөөрөө муйхарладаггүй, мэргэжлийн хүмүүсийн үгийг сайн авдаг, заримдаа хэт гэмээр тэвчээртэй гэж дүгнэх нь бий.  

Төрийн түшээ гэж ямар хүн байх ёстой гэж та боддог вэ? Та өөрөө эдгээр шалгуур, шинжид тохирсон хүн мөн үү? Ажил, амьдралдаа баримтлах зарчим, үнэт зүйл?

Төрийн хүний шалгуурууд гээд их олон зүйл хэлэх учиртай байх. Гэхдээ сүүлийн жилүүдэд их бодох болсон зүйл нь олонхийн эрх ашгийн төлөө хувийн эрх ашгийг хойш тавьж чадах тийм зориг тэвчээр, үнэхээр улс орноо хөгжүүлчих юмсан гэж боддог үнэн сэтгэл л маш чухал юм байна гэж бодох болсон.

Та өөрийгөө хэр ёс зүйтэй, хуулиа мэдэж биелүүлдэг, ард түмнээ төлөөлж, аливаа ашиг сонирхлоос ангид байж чадах уу?

Олон зүйл хэлэхгүй ээ. Гэхдээ надад хүүхдүүдийнхээ төлөө бидний өвөг дээдсийн үлдээсэн энэ тусгаар улсаа хайрлан хамгаалж, хөгжүүлэх, түүнийхээ төлөө тууштай ажиллах чин хүсэл, зүрх зориг бий.


Улс төрд орно гэдэг том агуулгаараа ч тэр гэр бүлийнхээ төлөө л зүтгэж байна гэж ойлгодог.

Гэр бүлээ танилцуулаач? Гэр бүлийнхэн нь улс төрд орохыг хүлээн зөвшөөрсөн үү? Гэр бүлээ хоёрдугаарт тавьж, улс төрд тууштай, үнэнч зүтгэхээр шийдсэн гэж ойлгож болох уу?

Ханийг минь Мөнхбаатар гэдэг. Холбооны инженер хүн бий. Улс төрд орохын тулд хамгийн түрүүнд гэр бүлдээ хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэдэг. Энэ ч утгаараа бүх зүйлийг минь дэмжиж ойлгодог ханьдаа маш их баярладаг бас бахархдаг.

...Аливаа хэцүү, бухимдахаар зүйл гарвал гэр бүлийнхэнтэйгээ уулзаж хамт байхад тайвширч, бүх зүйл гэрэлтээд л, эрч хүчтэй болсон шиг санагддаг юм...

Гэр бүл бол хоёр, гуравдугаарт гэж ойлгох нь буруу л даа. Эх орон минь бидний нэгэн гэр, цаашилбал бүр том гэр нь манай дэлхий. Энэ агуулгаар бид бүгд гэр бүлийнхээ төлөө л ажиллаж байна гэсэн үг.


Эрэгтэй, эмэгтэй улс төрч гэж ялгах нь хэр зөв санагддаг вэ? Эмэгтэй улс төрч гэдэг утгаараа давуу тал мэдрэгддэг үү?

Эмэгтэй улс төрчид давуу талтай.

Зарим зүйлд бүгд гэж бас хэлж болохгүй ч байгалиасаа бид ялгаатай томьёологдсон хүмүүс. Улс орнуудад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх тусам нийгмийн бодлого сайжирч, авлига, хээл хахууль багасч байна гэсэн Дэлхийн банкны судалгаа байдаг. Энэ бол эмэгтэй улс төрчдийн давуу тал болов уу гэж боддог.

Өнгөрсөн жилүүдэд таныг Монгол Улсын эмзэг эко систем, экологийн асуудалд анхаарч, тодорхой ажлуудыг хийж ирснийг мэдэх юм. Хүчтэй дуу хоолой ч болж чаддаг. Яагаад энэ асуудлыг барьж авах болов?  

Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн экологийн асуудлуудад түлхүү анхаарч ажиллалаа. Мэдээж бидний эрх үүрэг хэмжээтэй тул сэтгэл эмзэглүүлсэн, шийдлээ хүлээж буй асуудал дэндүү олон байна.

МАНАЙД ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ ГЭДЭГ ОЙЛГОЛТ НЬ ХҮН БҮХЭНД ЯЛГААТАЙ ОЙЛГОГДОЖ БАЙНА.

Гэхдээ ололт гэвэл бид улсын хэмжээнд урьд нь батлагдаж байгаагүй “Ундны усны аюулгүй байдлын хөтөлбөр”-ийг баталж, ногоон байгууламжийн төсвийг урьдынхаас хэд дахин нэмэгдүүлж, сая гаруй мод хотод нэмж тарьсан зэргийг нэрлэж болох байх.

Улс орон урт хугацаанд тогтвортой хөгжих гол үндэс нь экологид ээлтэй, хүнээ бодсон, эдийн засгийн хөгжлийн загварыг тодорхойлж, тогтвортой хөгжлийн замаар явах нь чухал гэдгийг дэлхийн олон орны түүх батлан харуулсаар байна.

...Сүүлийн үед төр засаг эдийн засаг, уул уурхайн салбарыг ярьсаар хүн, нийгэм хийгээд экологийн асуудлуудыг хойш тавьж, бүр мартах нь холгүй байна...

Тиймээс тогтвортой хөгжил тэр дундаа экологийн асуудалд түлхүү анхаарч, дуу хоолойгоо хүргэж, шийдвэрлэх түвшинд өөрийн хүчээ өгч, цаашид тууштай ажиллана гэж бодож байна.  

Хүн, нийгэм, экологи гэсэн гурван цогц асуудлыг нэгэн жигд анхаарч байж тогтвортой хөгжлийг хангаж чадна гэж тэр үздэг. Бодлого, шийдвэр гаргах түвшнийхэнд тодорхой дуу хоолойгоо хүргэдэг түүний хувьд одоо энэ хүрээнд орж ажиллах цаг болсон.

Тэр бодит байдлыг сайн мэднэ. Тиймээс ч зөв зүйтэй бодлогыг Монголын төрийн бодлогод суулгах боломжтой.

ШИНЭ МЭДЭЭ