Б.Бат-Эрдэнэ: 20 гишүүн яагаад ес болсныг өөрсдөөс нь асуу
2011.10.26
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: 20 гишүүн яагаад ес болсныг өөрсдөөс нь асуу

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхий сайдыг огцруулах талаар тавьсан та бүхний саналыг Үндсэн хууль зөрчсөн гээд байнгын хороод хэлэлцсэнгүй. Үүнийг та юу гэж ойлгож байгаа вэ?

-Үндсэн хууль зөрчинө гэж байхгүй. Бид УИХ-ын тухай хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу л асуудлыг тавьж байгаа. Тавьсан асуудлыг хэлэлцэх нь Их хурлын бүрэн эрхэд хамаарна. Зарим нэгэн сайд "УИХ-ын гишүүд хууль зөрчсөн" гэж байна лээ. Захиргаагүй, захиргаагүй гэхэд Засгийн газрын гишүүд арай Ч ингэж болохгүй. Үндсэн хуулийн 25.6, УИХ-ын тухай хуулийн 7.1.12 дугаар заалтаар бид асуудлаа тов тодорхой тавьсан. Өмнө нь Засгийн газрыг огцруулахтай холбоотойгоор зургаан удаа асуудал тавьж байсан юм билээ.

Харин Ерөнхий сайдыг огцруулах тухайд бол анхных нь.

Үндсэн хуульд "Засгийн газар Ерөнхий сайд болон гишүүдээс бүрдэнэ" гэж заасан байгаа. Харин Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 4-т "УИХ-ын гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах асуудал тавьбал Их хурал хэлэлцэнэ" гэсэн заалт бий гэж тэд тайлбарлаж байсан. Гэхдээ бид Засгийн газрыг биш Ерөнхий сайдыг огцруулах тухай тавьсан. Энд том ялгаа бий.

-Төрийн байгуулалтын байнгын хороон дээр маргаан гарсан. Энэ байдлаараа хэлэлцэхгүй гэвэл яах вэ?

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд байгаагүй учраас мэдэхгүй байна. Гэхдээ Үндсэн хууль зөрчсөн, зөрчөөгүй гэдгийг Үндсэн хуулийн цэц л шийднэ. Бид УИХ-ын гишүүнийхээ хувьд, хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу асуудал тавьсан. Ер нь энэ асуудал бол УИХ өөрийн баталсан 57 дугаар тогтоолыг Засгийн газраас хэрэгжүүлэхийг шаардсанаас л үүдсэн. УИХ-ын 40, 57 дугаар тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой, үүрэгтэй. Монгол Улсын Их хурлын баталсан 57 дугаар тогтоолд Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж гэрээг байгуулна гэж заасан байтал хөрөнгө оруулалтын гэрээнд нийцүүлж хууль тогтоомжийг өөрчилсөн. Усны тухай, Замын тухай, татвартай холбоотой хууль тогтоомж гээд олон хуулийг хөрөнгө оруулалтын гэрээнд нийцүүлж өөрчилсөн. Энэ дотроо хамгийн ноцтой нь гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг зогсоогоод түүнийг орлох хуулийн төслийг яаралтай оруулж ир гэж УИХ даалгаад байхад зориуд саатуулж, цаг хугацаа алдаж удаашруулсан.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өсөн нэмэгдэх Роялтийн татварыг авах асуудлыг хамааруулахгүй болгох цаг хугацааны болон хуулийн хийдлийг зориудаар бий болгосон.

Энэ бүхэн тодорхой асуудлууд. Засгийн газар хариуцлагагүй ажиллаж байгаа, ажлаа хийхгүй байгааг зөвхөн УИХ-ын хэдэн гишүүн бид л яриад байгаа юм биш. Салбартаа олон жил ажилласан, туршлагатай мэргэшсэн хүмүүс ч үүнийг хэлж байгаа. УИХ-ын дэргэдэх судалгаа шинжилгээний төв хүртэл "Хөрөнгө оруулалтын гэрээ бол зээлийн гэрээ болсон байна, Монголын талд ашиггүй байна гэсэн дүгнэлт гаргаад байгаа. Энэ бүх нөхцөл байдлуудтай уялдуулаад бид асуудал тавьсан. Гэтэл асуудал хөндөж байгаа УИХ-ын гишүүд биднийг улс төрийн тодорхой захиалгатайгаар газар доогуур ортол муулж байгаа. "Зөвхөн улс төр хийж байна", "Сонгууль ойртож байгаа учраас энэ асуудлыг тавьж байна", "Хятадын талд худалдах гээд байна" гэх зэргээр сүүлдээ бүр зориудаар нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх, будлиантуулах бодлого явуулж байна. Бидэнд ямар нэг далд санаа байхгүй. Зөвхөн үндэсний эрх ашиг л бидний урд байгаа. Бид гэдэг зөвхөн хэдэн гишүүд биш, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, энэ салбарыг авч яваа бүх хүний хамтын зүтгэлийн хүч юм. Гэхдээ энэ тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч байна. Цаашдаа ч бид байр суурь дээрээ тууштай зогсоно. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч хаврын  чуулганы хаалт, намрын чуулганы нээлтийн үеэр бид зөв асуудал тавьж байгааг зарчмын хувьд дэмжиж буйгаа мэдэгдсэн.

-Ерөнхий сайдыг огцруулах тухай саналаас болж та бүхэнд ямар нэг дарамт шахалт ирж байна уу?

-Бид нэгэнт УИХ-д иргэдийнхээ саналыг авч сонгогдсон хүмүүс. УИХ-ын гишүүн зөвхөн нийт иргэд, улсынхаа эрх ашгийн төлөө ажиллах ёстой. Энэ үүргийнхээ дагуу л бид ажиллаж байгаа.

-МАН-ын дарга С.Батболд "Тойргийг чинь авна" гэж айлгасан гэх юм. Үнэн юм уу. Бас таныг "Тойргоо авбал авна биз. Харин Дархан аварга цолыг минь авч чадахгүй шүү" гэсэн тухай яриа дуулдаад байна?

-Шударга үнэний төлөө би хэнд ч тэгж хэлнэ. Гэхдээ одоохондоо үүнээс цааш яримааргүй байна.

-Анх асуудлыг ярьж байхдаа 20 гишүүн байсан. Гэтэл огцруулах бичигт есөн гишүүн гарын үсэг зурсан. Бусад 11 гишүүн яагаад зураагүй юм бол. Намаас дарамталсан гэдэг үнэн юм биш үү?

-Би яаж мэдэх вэ. Гишүүдээс өөрсдөөс нь л асуу. Бид ес бол анхнаасаа зүтгэж байгаа хүмүүс.

ШИНЭ МЭДЭЭ