Б.Бат-Эрдэнэ: Үүнээс цааш ярих боломж алга
2011.11.01
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: Үүнээс цааш ярих боломж алга

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Ерөнхий сайдыг огцруулахаар есөн гишүүн УИХ-ын даргад бичиг өргөн барьсан байгаа. Гэвч та бүхнийг хууль зөрчсөн гэж үзэж байх шиг байна?

-УИХ-ын гишүүд нь бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын тухай хуулийн 7.11 дэх заалтыг үндэслэл болгон Ерөнхий сайдыг огцруулах тухай өргөх бичгээ барьсан. Хэлэлцэх эсэхийг УИХ шийднэ биз ээ. Засгийн газрын зарим сайдууд УИХ-ын гишүүд хууль зөрчсөн маягийн зүйл ярьж байна лээ. Тэгж болохгүй л дээ. Захиргаагүй, захиргаагүй гэхэд арай дэндэж байна аа.

-Төрийн байгуулалтын байнгын хороогоор огцруулах бичгийг хэлэлцэх боломжгүй гэж үзлээ?

-Би Төрийн байгуулалтын байнгын хороо-ны хуралд суугаагүй болохоор ямар асуудал үүссэнийг мэдэхгүй байна. УИХ-ын гишүүд Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юу гэдгийг Цэц л шийдвэрлэхээс байнгын хорооны даргын тааллаар болдог юм биш. Дахин хэлэхэд, Монгол Улсын Үндсэн хуулийн 25.6, УИХ-ын тухай хуулийн 7.1.12 дугаар заалтыг үндэслэн бид асуудлаа тавьсан. УИХ-ын тухай хуулийн 7.1.12-т "Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эргүүлэн татах, огцруулах санал гаргана" гэж заасан байдаг.
Өмнө нь Засгийн газрыг огцруулахтай холбоотой асуудлыг зургаан удаа тавьж байсан юм билээ. Ерөнхий сайдыг нь огцруулах асуудлыг анх удаа оруулж байгаа болохоор гайхаад, болохгүй гэж зүтгээд байгаа юм. Түүнээс хууль зүйн хувьд бүрэн боломжтой.

-МАН-ын дөрвөн гишүүн огцруулах бичигт гарын үсэг зурсан, Намынхаа даргын эсрэг тэмцлээ, бүлгээрээ хэлэлцэж шийдвэр гаргаагүй байхад том толгойллоо гээд та хэдэд сануулга өгсөн гэл үү?

-Оюу толгойн гэрээг засаж сайжруулах нь Монголын нийт ард түмний нийтлэг эрх ашигтай холбоотой. Оюутолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын 40, 57 дугаар тогтоолд нийцүүлэх шаардлагыг Засгийн газарт удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна. Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн гурав, мөн зүйлийн дөрөвт заасныг зөрчин, Засгийн газар хамтын шийдвэр гаргаагүй байхад 2011 оны аравдугаар сарын 6-ны өдөр "Айвенхоу Майнз", "Рио Тинто" компанитай хамтарсан мэдэгдэл хийсэн тул Засгийн газарт Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах хүсэл сонирхол байхгүй, сайжруулах чадамжгүй гэдгийг нотолж байгаа. Ингээд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 41 Дүгээр зүйлийн 1-д "Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна" гэснийг хэрэгжүүлээгүй, улмаар зөрчсөн гэж бид үзэж огцруулахыг шаардсан юм.

УИХ-ын баталсан 57 дугаар тогтоолд "Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмшлийг 50 хувьд хүргэхийг Засгийн газарт даалгасугай" гэсэн чиглэл өгөөд байхад 30 жилийн дараа энэ талаар ярилцаж болох юм гээд гэрээ байгуулсныг шударга, зөв зүйл гэх үү.

Сангийн сайд С.Баярцогтын ярьж байгаа шиг нийт ашгийн 60 хувь нь Монголын талд ногдоно нь гэдэг худлаа юм билээ. Бид тооцоо судалгаа хийж үзсэн. Менежментийн зардалд зургаан хувь гэж хасагдсаар Монголын талд ердөө 40 хүрэх үү, үгүй юу л ашиг ногдоно. Хөрөнгө оруулалтын гэрээг батлахдаа хууль тогтоох дээд байгууллагынхаа шийдвэрийг биелүүлэхийн оронд гадаадынханд ашигтайгаар тусгахаар хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулсан нь бодит үнэн. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Гэнэтийн ашгийн татварыг байхгүй болгох гэж байгаа бол орлуулах татварыг авна шүү. төслийг Засгийн газар хурдан оруулж ирээч" гэж алх цохиж гэрээг батлахаас өмнө үүрэг болгоод байхад зориуд саатуулж, цаг хугацаа хожсоор ямар ч алхам хийгээгүй. УИХ-ын хэдэн гишүүн л Оюу толгойн гэрээг сайжруулахыг шаардаад байгаа  юм биш. Салбарын эрдэмтэд, судлаачид, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн хүмүүс санал дүгнэлтээ гаргаад үгээ хэлээд байгаа. биз дээ. УИХ-ын дэргэдэх Судалгаа, шинжилгээний төв нь хүртэл хөрөнгө оруулалтын гэрээ нь зээлийн гэрээ болж, Монголын талд өгөөж муутай байна гэсэн дүгнэлт гаргасан. Өнөөдөр энэ асуудлыг хөндөж байгаа УИХ-ын гишүүдийг захиалгаар газар доогуур ортол муулж байна.

-Хэн захиалаад байгаа гэж?

-Засгийн газартай гэрээтэй, түүний мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яаж дайрч байгааг харж байгаа биз дээ. Дээрээс нь "Оюу толгой" ХХК-иар дамжуулан "Рио Тинто", "Айвенхоу Майнз" компани хэвлэл мэдээллийн бараг л бүх байгууллагатай арилжааны гэрээ хийсэн байдаг юм гэсэн. Энэ хэдэн гишүүд улс төр хийж байна, сонгууль дөхсөн учир шоудаж байна, хэн нэгэнтэй холбож хардан хэвлэл мэдээллийн хүчтэй сурталчилгаа зай завсаргүй хийж байгаа. Бидэнд ямар нэгэн далд санаа байхгүй. Улс орны эрх ашгийнхаа төлөө л үгээ хэлж тэмцэж байна.

-Танд намаас тань тойрог өгөхгүй гэх мэт дарамт шахалт ирж байна уу?

-Нөлөөлсөн, дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй л байна.

-Ерөнхий сайд С.Батболд таныг хүлээж авч уулзсан гэл үү. Намын шийдвэрийг дагахгүй байна гэж шүүмжилсэн юм уу?

-Энэ асуудлыг сүүлд яръя. Үүнээс цааш ярих боломж алга даа.

-Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнийхөн Засгийн газрыг урт нэртэй хуулийг хэрэгжүүлсэнгүй гэж нэхэмжлэл гаргасан шүүх хэлэлцээд шийдвэрээ гаргалаа. Гүйцэтгэх засаглал энэ асуудалд бүдэрлээ. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газар хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа нь шүүхээр нотлогдлоо. УИХ-аас баталсан Гол мөрний урсац, бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, олборлохыг хориглох тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэхгүй байгаа. Уул уурхайтай холбоотой гаргасан УИХ-ын баталсан хууль, тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлдэггүй, янз бүрийн башир арга саам хэрэглэж гацаанд оруулдаг болоод байна. Гадныхны сонирхол ил, далд хэлбэрээр үйлчилж байгаагийн илрэл. Үндсэн хуульд иргэн болгон хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан байдаг. Гэтэл жирийн иргэн ойгоос нэг ширхэг мод огтолбол аймгийн сэргийлэхэд дуудагдана. Гэтэл гол горхи, нэг хэсэг газрын хөрсийг нь орвонгоор нь эргүүлж нөхөн сэргээлт хийхгүй байгаа компани эсвэл гар аргаар алт ухаж байгаа нөхдүүдэд ямар ч хариуцлага тооцохгүй байна шүү дээ.

-Та тойргийнхоо сонгогчидтой уулзахдаа намаас тойрог өгөхгүй гэж дарамталж л байна биз, дархан аварга цолыг маань авч чадах биш гэж ярьсан юм уу.

-Бид зүй ёсны шаард лага тавьж байхад тэгж дарамтлах эрх байхгүй. Нийтлэлч


ШИНЭ МЭДЭЭ