Б.Бат-Эрдэнэ: Манай тамирчид төр, түмнийхээ хайр ивээлд өвөг дээдсийн уламжлалаар хандах ёстой
2012.09.07
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Бат-Эрдэнэ: Манай тамирчид төр, түмнийхээ хайр ивээлд өвөг дээдсийн уламжлалаар хандах ёстой

  “Ярилцах цаг”-ийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ уригдлаа.

-Энэ зун улсын баяр наадам, Лондон-2012 олимпийн наадам гээд спортын түүхэнд үйл явдал дүүрэн өнгөрлөө. Та хаагуур наадав, Олимпийн наадмын үеэр хаана байж тамирчдаа дэмжив?

-Баяр наадам ч, олимп ч сайхан болж өнгөрлөө. Наадмын өмнөхөн нутагтаа очиж,мөн бөхийн галаараа орж, шавь нартайгаа уулзах гээд завгүй байсан. Улсын наадмаар Төв цэнгэлдэхэд бөхийн барилдаан үзэж сайхан наадлаа. Олимпийн үеэр Монголдоо байсан ч тамирчдынхаа тоглолтыг телевизээр алгасалгүй үзэж, утсаар байнга холбоотой байж дэмжиж байсан.

-Энэ жил Лондон-2012 наадмын дараа төр их спортыг ивээлдээ авч, Олимп, дэлхийн аваргын медальтай тамирчдад насан туршид нь тэтгэлэг олгохоор шийдвэрлэлээ. Энд хүртэл Монголын биеийн тамир, спорт ямархуу байдалтай явж ирснийг энэ салбарт хөлс хүчээ зориулж ирсэн хүний хувьд хэрхэн дүгнэж байна?

-Биеийн тамир, спорт гэдэг маш том өргөн хүрээтэй ойлголт юм. Хүний хөгжлийг дээдэлсэн, хүнд тулгуурласан хүн төвтэй төрийн бодлого байх ёстой. Энэ бол өөрөө Монголын ард түмний, эцэг өвгөдийн маань бий болгосон уламжлал. Хэчнээн мянган жил биеийн тамир спортын маш олон төрлийг хөгжүүлж, бүхэл бүтэн соёлыг бий болгосон гайхамшигтай ард түмэн. Биеийн тамираар дамжуулан хүний бие бялдарыг хөгжүүлэхээс гадна дотоод сэтгэл, оюун санаанд нь барилдуулж хамтад нь авч үздэгээрээ Монголын биеийн тамир, спортын өв соёл онцлогтой.Харамсалтай нь энэ өв соёл суларч, алдагдсаар зөвхөн амжилтын тал руу анхаардаг байдал тогтож сүүлдээ биеийн тамир, спорт дахь төрийн бодлого бүр хаягдсан. Энэ бүхний хортой үр дагавар ч гарсан. Хүүхэд, залуус маань биеийн тамир спортод дургүй, түүгээр хичээллэхээ больсон. Бие бялдарын болоод дотоод сэтгэл, оюуны хувьд сул дорой, тэр чинээгээр нийгэмд эзлэх байр суурь нь доошилж, нийгэм өөрөө зөрчилтэй болсон.Манай улс аль 1996 онд биеийн тамир, спортыг гудамжинд гаргачихсан юм шүү дээ.

Төрөөс ямар ч анхаарал, дэмжлэг байхгүй, орхичихсон. Сүүлийн үед төр энэ байдалдаа дүгнэлт хийж, тамирчид маань ч улам урагшилж, ахиж дэвшиж ажилласны дүнд хүсэн хүлээсэн Олимпийн аваргууд болон тив, дэлхийн аварга олноор төрлөө. Биеийн тамир, спортод хандах хандлага, сэтгэл зүй, түүгээр хичээллэгсдийн тоо ч нэмэгдэж, эерэг сайхан үзүүлэлтүүд гарлаа. 2003 онд манай улс Биеийн тамир, спортын хуулийг анх гаргаж, биеийн тамир, спортын байгууллагуудын статусыг нэмж гаргасан. Хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлсэн. 2004 оноос энэ салбарын төлөөллийг их хуралд орох бололцоог нээж өгсөн. УИХ-д биеийн тамир, спортыг дэмжих лобби бүлгийг байгуулж ажилласан. Боломжоороо өөрчлөлтүүдийг хийсэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн. Үүний дүнд манай тамирчид амжилтанд хүрч байна. Олимп, дэлхийн аваргын медальтнуудад төрөөс мөнгөн урамшуулал олгодог боллоо. Ингэж нийгмийн болон амьдралын талаас нь асуудлыг шийдэж өгч байгаа нь зүйтэй.

-Төр, засаг болоод түмэн олон улс орныхоо нэр алдрыг олимп, дэлхийн тавцанд дуурсгаж буй тамирчиддаа хайр хишгээ харамгүй хүртээхээр боллоо. Энэ хүндлэлийг тамирчид маань хэрхэн дааж явах учиртай гэж үзэж байна?

-Би биеийн тамир, спортын салбарынхантай байнга уулздаг, бүх л тулгамдсан асуудлуудаа ярьдаг. Энэ салбарынхан төр түмнийхээ хайр, ивээлд Монголын өвөг дээдсийн бүтээсэн тэр их өв уламжлалаар хандах ёстой. Хамгийн гол нь бие бялдарын болоод оюун санааны гэсэн хоёр зүйлийг салгаж болохгүй. Ямар ч үед тэрхүү нэгдлийг хамтад нь авч үзэх учиртай. Тиймээс манай тамирчид цэвэр ариун ёс суртахуунтай, зөв хүмүүжил төлөвшилтэй байж энэ нийгмийг, олон түмнийг оройлогч, хошуулагчийн үүргийг гүйцэтгэх ёстой. Тэгж авч явж чадахгүйгээр биеийн тамир, спортын салбар уналтанд орсон, төр, олон түмний дэмжлэггүй болсон. Тийм харамсалтай туршлага бидэнд бий. Бид тэр хүнд хэцүү үеийг дамжин өнгөрүүлсэн. Тиймээс энэ талаас ихээхэн анхаарч ажилладаг. Цаашид ч төрийн бодлогод илүү гүн суулгах хэрэгтэй. Хүний хөгжлийн бодлогод онцгой анхаарах нь чухал.

-Бусад улс орнуудын жишгээс харахад ирээдүйн Олимп, дэлхийн аваргуудыг багаас нь бэлтгэж, биеийн тамир, спортын сургуулиудыг дотуур байрны хамт цогцоор нь байгуулж байна. Манай улс ч гэсэн энэ алхмаас ухарч болохгүй байх. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ер нь биеийн тамир, спортын гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулиудыг олноор байгуулж, дэмжиж ажиллах ёстой. Ялангуяа Дорно дахины улс орнууд биеийн тамирын сургуулийг олноор байгуулдаг. Гэхдээ зөвхөн биеийн тамираар дагнах бус түүнд тулгуурлан бусад чиглэлд давхар хичээллүүлж, хүүхдэд ёс суртахууны зөв төлөвшил, хамтач, нийтэч байх ухамсрыг төлөвшүүлэх хэрэгтэй. Тэр дотроо тухайн хүүхдийн авьяас сонирхлын дагуу түлхүү хөгжүүлэх маягаар хөгжүүлэх нь үр дүнтэй.

-Одоо асуултаа жаахан өөрчилье. Улс төрд орсноор эх орон газар шорооныхоо төлөө Оюутолгойн гэрээ, “Урт нэртэй хууль”, “Хэрлэн говь” төсөл зэрэг томоохон асуудлаар илэрхийлсэн таны байр суурь нийгэмд шударга ёсны дуу хоолой болж ард түмний сэтгэлд хүрсэн. Гэхдээ наадам болгоноор таныг зүлэг ногоон дэвжээндээ зодоглосон бол гэх хүлээлт монголчуудын дунд байсаар байна?

-Би 2008 оноос зодоглоогүй. 2004 онд УИХ-д сонгогдсон ч гэсэн 2007 он хүртэл бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж, барилдаж ирсэн. Гэхдээ түүнээс хойш огт бэлтгэл хийлгүй орхисон юм биш. Амьдралын зөв дадал гэдэг утгаар нь бэлтгэлээ хийдэг. Хамгийн сүүлд Монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэх 6002 бөхийн барилдаанд зодоглосон. УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан гээд цаг, зав тэр бүр гардаггүй.

-Ер нь таныг бөх болоход нөлөөлсөн хүн хэн бэ?

-Дээхнэ үед эр хүн болгон гэртээ зодог шуудагтай байсан. Сумын болон овооны наадмын аманд гарч үзээгүй монгол эр хүн гэж бараг байгаагүй болов уу. Энэ хүмүүсийн нэг бол манай аав. Тийм учраас хүүгээ дагуулаад бөх үзэх дуртай байсан. Бөх болох хүсэл зоригийг аав минь өгсөн дөө. Тэр үед телевиз гэж байгаагүй, цагаан сарын бөхийн барилдааныг радиогоор сонсоно. Энэ бүхэн намайг бөх болоход ихээхэн нөлөөлсөн.

-Та хэдэн настайгаасаа барилдсан бэ?

-15, 16-гаасаа барилдаж, аймаг, сумын наадамд очдог байлаа.

-Монголчууд хүү төрөхөд “Миний хүү бөх болно” хэмээн бэлэгшээдэг. Гэхдээ ээж, аав тань “Миний хүү бөх болох нь” гэж магнай тэнийсэн мөч хэзээ вэ?

-Тэр үеийн хүмүүсийн зан төрх тийм байсан болов уу. Хүүхдийг нүүрэн дээр нь магтдаггүй. Миний хүү тэнд тэгж сайн барилдсан байна гэж хэлж байсан удаагүй. Тухайн үед хүүхдийн барилдаанд гайгүй барилдаж, Улаанбаатар хотод ирж тэмцээнд оролцож, ангийн багш, хамт олон жигтэйхэн баяртай угтаж байсныг санаж байна. Түүнээс бус аав, ээж хоёр “Миний хүү мундаг байна” гэж огт хэлээгүй юм даг. Сэтгэлийг нь зовоолгүй аливаад бусдын жишгээр явж байсан нь л баяр байсан болов уу.

-Ингэхэд танайхан эцэг, эхээс хэдүүл вэ?

-Бид эцэг, эхээс тавуул. Би дээрээ гурван эгч, нэг ахтай айлын отгон хүүхэд.

-Өөрийгөө айлын хэнз хүүхэд гэж ярьж байхыг тань сонссон юм байна. Ээж тань хэдэн настайдаа таныг төрүүлсэн бол?

- Аав 48-тай, ээж 43 хүрч байхад би гарсан юм.

-Тэгэхээр таныг барилдаад дээлийнхээ сугыг ханзалчихаад ирэхэд ээж тань олон удаа оёсон байх?

-Барилдаж, ноцолдоод дээл хувцсаа дэлгэчихээд ирэхэд огт зэмлэхгүй. Тухайн үеийнхэн хүүгээ бөх болно гэдэг байлаа шүү дээ. Одоо л дарга сайд, захирал болно гээд байдаг болсноос биш. Бөх болно гэхээр заавал барилддаг, улсын цолтой хүн болно гэсэн ойлголт биш юм. Бөхөөр хичээллэх юм бол миний хүү жинхэнэ монгол хүн, сайн эр хүн, сайн эцэг болж төлөвших юм гэж боддог. Тэрийг бэлгэддэг байж дээ. Тиймээс ээжийнхээ оёж өгсөн дээлийнх нь сугыг дэлгэчихээд ирэхэд зэмлэж байгаагүй. Дотроо дургүй биш байсных байх. Наадмаар даалимбан дээл шинээр хийлгэнэ. Есдүгээр ангид байхдаа сумын наадамд очоогүй. Дээлээ амжиж хийлгэж чадалгүй ичээд наадам үзэж чадаагүй юм. Наадмын маргааш шигшээ барилдаан гэж болдог. Түүгээр дээл маань бэлэн болж, шигшээ барилдаанд очиж барилдаад үзүүрлэж байлаа. Цай, ёотонгоор шагнуулаад гэртээ ирэхэд ээж минь адис аваад бурхандаа тавьж байсан юм. Баярласан сэтгэл нь тэр байх. Тэр үеийнхэн магтаж, бас өмөөрч сүйд болдоггүй айхтар байж.

-Танайхны удамд танаас өөр бөх бий юү?

-Манай Өмнөдэлгэр сум Хэнтий аймагтаа бөхийн өлгий. Улсын начин Надмид, Цогоо гэж нэг сумын хоёр сайхан бөх байлаа. 1940-өөд оны үед улсын наадамд мориор ирж барилдаад, хоёулаа начин болсон түүхтэй. Манай өвөө Агийн Даржаа барилддаггүй хэрнээ маш том биетэй, хүч тэнхээтэй хүн байсан гэлцдэг. Морь их уядаг. “Их насны морины хөхөл боогоод зогсч байгаа нь дааганы дэргэд зогсч байгаа юм шиг харагддаг” гэж бидний холын буурай хэмээн авгайлдаг манай хамаатны, одоо 90 гарч байгаа буурал ярьдаг юм.

-Монголчууд бөхөөр дамжуулан үр хүүхдээ сурган хүмүүжүүлж, Монгол ухаанаа өвлүүлж ирсэн гэж таны ярьж байхыг олон удаа сонссон юм байна?

-Бидний өвөг дээдэс Монгол бөхийг бий болгож, зохиож бидэнд өвлүүлэн үлдээсэн. Монгол бөх ахас дээдсээ хүндлэх, анд нөхдийн холбоогоо бат бэх байлгах, түүнчлэн захирах, захирагдах ёсыг баримтлахаас эхлээд олон сайхан шинж чанарыг агуулж ирсэн. Бидний үеийнхэн дээд үеийнхнийхээ хүндэлж, шүтэж ирсэн. Бөхийн ертөнцөд өсч хүмүүжиж, тэр сайхан соёлын дунд байж, мэдэрч, холбогдож явдгаараа баярладаг. Тийм болохоор дараагийн үедээ үлгэр дуурайл болохсон гэж боддог. Энэ бодлын үүднээс монгол бөхийн соёл,уламжлалд үндэслэн бөхийн сургууль байгуулсан. Сургуулийн маань эрхэм зорилго бол хувь хүний амжилт бус, хүүхэд, залуусыг сайн хүн болгож хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд чиглэдэг. Манай сургуулиас Олимпийн анхны аварга, улсын наадмын түрүү бөх гээд олон сайн шавь төрж гарсанд баяртай байдаг.

-Улсын наадмын өмнө хүмүүс тэр түрүүлэх болов уу, энэ үзүүрт үлдэнэ гэхчлэн тааварладаг. Та тэгж таамагладаг уу?

-Хэн түрүүлэхийг тааж мэдэх аргагүй. Тэр түрүүлээсэй гэхээс илүү ёс жудагтай сайхан барилдаасай гэж хүсдэг.

-Нэгэнт бөхийн тухай ам нээснийх сүүлийн жилүүдэд Улсын баяр наадамд барилдаж, цол хүртсэн зарим бөх сэргээш хэрэглэсэн гэсэн хэл ам тасрахгүй, одоо ч ярьж л байна. Энэ талаар ямар бодолтой байна?

-Сэргээшийн асуудал анх гарахад л манайхан тухайн хүмүүст хариуцлага тооцож чадалгүй, орхигдуулсан. Энэ асуудал дэлхийн улс орнуудад маш ойлгомжтой байдаг. Олон, улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудад сорьцоо өгдөг. А сорьцын, шинжилгээ В сорьцынхоор батлагдахгүй бол тус бүс нутгийг хариуцсан лабораториуд нэр хүндгүй болж дампуурдаг. Тийм учраас хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудад хариуцлагаа хүлээх чадвар байх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Сорьц нэгэнт батлагдсан бол дараагийн арга хэмжээ, хариуцлага тооцох асуудал шийдэгдээд явах ёстой. Хариуцлагын асуудлыг, манайхаас өөр ямар ч улс орон, хэн ч шүүхийн шийдвэр эсвэл эмнэлгийн дүгнэлт гаргуулж авчирдаггүй. Тийм ёс байхгүй. Дэлхийн аль ч улсад тийм жишиг, соёл гэж байхгүй. Лабораторийн шинжилгээгээр сэргээш илэрсэн байна гээд дүгнэлт гаргачихсан байхад захын эмч “Өө энэ нь тийм учиртай юм” гээд магадлагаа бичих дүрэм журам, эрх дарх байхгүй.-Цаг, зав гарган ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ