Б.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд хуурамч гарын үсэг зурсан гээд хээв нэг гөрдөөд сууж байна
2012.09.21
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд хуурамч гарын үсэг зурсан гээд хээв нэг гөрдөөд сууж байна

УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрт УИХ-ын нэр бүхий гишүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэсэн заалт тусгуулах гэж оролдсон ч бүтээгүй юм. Үүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ харамсан босч үг хэлж байв. Үүнийг тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Та болон УИХ-ын хэд, хэдэн гишүүн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах талаар санал гаргасан. Гэвч та бүхний санал УИХ-ын танхимд төдийлөн дэмжигдсэнгүй?

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрөөр хэлбэл УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолыг сайжруулах шаардлагыг УИХ-ын 23 гишүүн гарын үсэг зурж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүлсэн. Энэ талаар нэлээд эрчимтэй сайн хөөцөлдсөний үр дүнд шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлэн сайжруулах асуудлыг оруулсан.

 

Харамсалтай нь эцсийн хэлэлцүүлэг буюу дөрөв дэх хэлэлцүүлгийн үеэр хуйвалдаан зохион байгуулаад Төрийн байгуулалтын байнгын хороон дээр Оюутолгойн гэрээг сайжруулах тухай үг үсэггүй орсон заалтыг унагаж оруулж ирсэн. УИХ-ын чуулган дээр бидний хэдэн гишүүн эсэргүүцсэн боловч нэг хүний саналаар харамсалтай нь ялагдлаа. Үнэхээр ингэж ялагдана гэж бодоогүй байсан.

 

Гэвч мөнгө, эрх мэдэл хүчтэй байна. Энэ нөхдүүд ямар зүйл заалт гаргаж бидний саналыг унагаж байна вэ гэхээр “Гадаадын шууд хөрөнгө оруулагчтай харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллана. Оюутолгойн бүтээн байгуулалтын анхны хоронго оруулалтыг нягталсны дараа хоёр тал харилцан ашигтай байх зарчмыг үндэслэн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрийг үргэлжлүүлнэ” гэсэн шинэ заалтыг бид оруулсан.

 

Гэтэл үүнийг эвтэйхэн өөрчилдөг башир аргаараа “Гадаадын шууд хөрөнгө оруулагчтай харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллана" гэсэн өгүүлбэрийг дараах байдлаар өөрчлөн найруулах зарчмын санал оруулж ирсэн. Энэ санал нь “Уул уурхай, эрчим хүч, газрын тосны салбарт өмнө нь байгуулсан тогтвортой байдлын хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдэд өөрчлөлт оруулах асуудлыг судалж холбогдох өөрчлөлтүүдийг хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож хийнэ” гээд нөгөө Оюутолгой гэдэг нэрийг нь хасаад оруулж ирж байгаа юм.

 

Тэгээд түүнийгээ тайлбарлахдаа “Энэ газрын тос болон бусад тогтвортой байдлын гэрээг авч үзэхээр оруулж ирж байгаа юм” гэж байгаа байхгүй юу. Гэтэл бодит байдал дээр УИХ-ын гишүүд санал гаргаад яг үүнтэй адилхан заалтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулъя гэсэн санал гаргахад түүнийг нь дэмжээгүй атлаа энэ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хасахын тулд энэ заалтыг батлуулж байна.

-Санал хураахад ганцхан хүний саналаар ялагдсан гэлээ. Та чуулганы голд суугаад ирц болон гишүүдийн кноп дарахыг хянаж байсан. Ер нь ирцэн дээр асуудал гарав уу?

-УИХ-ын ээлжит бус чуулганаар гишүүд өглөө ирж картаа уншуулсан ирцийн дагуу санал хураалтанд орох зарчимд УИХ дарга З.Энхболд өөрөө шилжүүлсэн. Гэтэл энэ зарчим яг Оюутолгойн гэрээтэй холбоотой заалтанд үйлчлэхгүй байгаа байхгүй юу. Би УИХ-ын даргаас “Энэ зарчим чинь үйлчилнэ биз дээ” гэж асуухад “Зарчим хэвээрээ байгаа” гэсэн. Гэтэл энэ санал үйлчлээгүй.

 

Өглөө 61 гишүүн ирцэнд орсон байсан. Гэтэл Оюутолгойн гэрээтэй холбоотой заалтаар санал хураахад 53 гишүүн болсон. Нэгэнт ирцэнд орсон найман гишүүний санал хэвээрээ байх ёстой. Гэтэл тийм зүйл болоогүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх дээр 23 гишүүн нэгдсэн. Сүүлд Болор, Дашдорж гишүүд нэмэгдээд 25 болсон.

 

Намын айхтар дарангуйлдаг үзлээс болоод Оюутолгойн гэрээг сайжруулах байр сууринаасаа УИХ-ын дарга З.Энхболд, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар ухраагүй байгаа байх гэдэгт итгэлтэй байгаа. Эд нар намынхаа хайрцганд баригдаад эсрэг санал өгсөн. Харин үүнд баригдаагүй нэг хүн бол Ж.Батзандан гишүүн байсан. Мөн Баянхонгороос сонгогдсон Д.Ганбат гишүүн дэмжиж саналаа өгсөн байна билээ.

-Оюутолгойн гэрээг өөрчлөх шаардлага дээр зарим гишүүний хуурамч гарын үсгийг зурсан байна билээ гэж Ерөнхий сайд хэлсэн. Үүнд тайлбар өгөхгүй юү?

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг үнэхээр УИХ-ын гишүүдийг үл ойшоож байна билээ. Бид гурван удаа албан тоот хүргүүлсэн. Энэ мэтчилэнгээр шаардлага хүргүүлээд байхад яагаад хүлээж авдаггүй юм бэ гэж асуухад өөдөөс “23 гишүүн дотор чинь гарын үсэг нь хуурамчаар зурагдсан хүн байсан шүү” гэж хээв нэг гөрдөөд сууж байна. Ийм Ерөнхий сайдтай Засгийн газар гэдэг үнэхээр харамсмаар. Ямар ч ойлголт байхгүй. Төсөөлөл хол хүн шүү дээ, шинээр сонгогдсон Ерөнхий сайд. Энэ үзэл хандлагаараа л бүх зүйлд хандаж байна.

-Оюутолгойн гэрээг өөрчлөх саналд АН-аас хэдэн гишүүн оролцсон бэ?

-АН-аас зургаан гишүүн байгаа. УИХ- ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Г.Баярсайхан, Б.Болор, С.Одонтуяа, Б.Наранхүү нар бидэнтэй нэгдсэн. Харин МАН-аас С.Бямбацогт, А.Телейхан, Ж.Батсуурь, Ц.Дашдорж нар байгаа.

-Энэ гэрээнд өөрчлөлт оруулах нь манай улсын нэр хүндэд муугаар нөлөөлнө гэсэн болгоомжлол бас байгаа. Үүн дээр таны байр суурь ямар байна вэ?

-Ер нь энэ асуудлыг дөрвөн жилээс эхлээд тасралтгүй хөндөж ирсэн. Гадаад байдал хүнд байна гэсэн асуудал байсан. Өнөөдөр ч гэсэн ялгаагүй. Гэхдээ энэ хуулийг Монголын эрх ашигт нийцүүлж хийгээгүйд гол учир байгаа юм. Бид Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг харилцан үр ашигтай байлгах, монголчууд баялгийнхаа эзэн нь байх хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Түүнээс биш өнөөдөр энэ гэрээг бүр больё гэсэн зүйл огтхон ч биш.

 

ШИНЭ МЭДЭЭ