Б.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайдын хэлсэн үгэнд харамссан
2012.09.28
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайдын хэлсэн үгэнд харамссан

-УИХ-ын ээлжит бус чуулганы төгсгөлд та нэр бүхий гишүүдийн хамт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хөндөж байсан. Гэвч тодорхой шийдэл гаралгүйгээр чуулган завсарлаад байна. Гэрээг өөрчлөх асуудлыг хөндөж байсан гишүүний хувьд та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Оюутолгойн орд бол манай ард түмний өмч бөгөөд өнөөдөр Монголын хамгийн том баялаг орд. Тийм учраас энэ ордыг эдийн засгийн эргэлтэнд яаж зөв оруулах, ард түмэн, улс орныхоо эрх ашигт нийцсэн, ашигтай байдлаар хийж чадах уу гэдгээс дараа дараагийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, баялгийг ил тод, тэгш шударга хуваарилах асуудал эхлэх ёстой.

Бидний хэдэн гишүүд Оюутолгой төслийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахдаа эхнээсээ зөв эхлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр ирсэн. Эхлээд Ардын нам, Ардчилсан намаас гурав, гурван хүн байсан. Сүүлд хүмүүс нэмэгдсэн. Бид 2008-2012 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хөрөнгө оруулалтын гэрээг засч, залруулах, сайжруулах ёстой гэх шаардлагыг байнга тавьж байсан. Тодорхой үр дүнд ч хүрсэн.

Тухайлбал, өндөр хүүтэй авсан зээлийн хүүг бууруулах асуудлаар гэрээнд тодорхой өөрчлөлт орж, үр дүнд нь төслөөс Монгол Улсад орж ирэх ашиг нэг тэрбум ам.доллараар нэмэгдэх боломж нээгдсэн. Бид УИХ-аас баталчихсан, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоолд нийцүүлэх тухай асуудлыг л тавьдаг. УИХ-ын 57 дугаар тогтоолд эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар Монголын талын эзэмшлийн хувийг 50-с доошгүй хувьд хүргэх тухай зарчмын заалт бий. Харамсалтай нь эрх зүйн орчныг бүрдүүлэх энэ заалтыг тухайн үеийн Засгийн газар хэрэгжүүлээгүй. Мэдээж харилцан ашигтай байх ёстой. Гэхдээ Монгол Улсын эрх ашигт нийцтэй байх ёстой шүү дээ.

Гэтэл яг эсрэгээрээ эрх зүйн орчныг л бүрдүүлсэн. Гэнэтийн ашгийн албан татварыг хүчингүй болгосон, өсөн нэмэгдэх роялти авах хуулийн хүрээнд хамаарахгүй болгосон, усны болон байгаль орчны, газрын тухай хуульд өөрчлөлтийг оруулсан. Товчхондоо бол улс эх орныхоо эрх ашигт нийцтэй бус хөрөнгө оруулагчдад ашигтай байх эрх зүйн орчныг бүрдүүлэх өөрчлөлтүүдийг хийсэн.
-Гэхдээ төслийн нийт ашгийн 71 хувийг Монгол Улс, үлдсэн 29 хувийг хөрөнгө оруулагчид авна гэсэн судалгааг олон улсын байгууллагаас гаргасан байна шүү дээ. Тийм утгатай реклам ч явж байгаа. Мэдээж олон улсын байгууллага худлаа хэлэхгүй байх гэж бодож байна?
-Нийгэмд маш хүчтэй пиар явагдаж байна. Гэнэт тэд яагаад мэгдээд эхлэв. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг биз дээ.  Гудамжаар явахад Монголын талын ашиг 71 хөрөнгө оруулагчдынх 29 хувь гэсэн рекламыг хаа сайгүй, өдөр шөнөгүй явуулж байна л даа. Тэгэхээр сандрах хэрэггүй тал  талаасаа ойлголтоо нэгтгээд бид ярилцах л ёстой юм. Бид асуудалд их уян хатан хандаж ирсэн. Нөхцөл байдлаа ярилцъя гэдэг шаардлагыг л тавьж байгаа.

Шинэ Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд энэ шаардлагыг хүлээж авахгүй байгаа. УИХ-ын 23 гишүүн эхлээд гарын үсэг зурсан, дараа нь 25 болж нэмэгдсэн. Бид энэ асуудлаар Ерөнхий сайдтай уулзах хүсэлтээ албан тоотоор гурван удаа тавьсан. Хариу өгөөгүй. УИХ-ын нэгдсэн чуулган дээр энэ асуудлыг тодруулж асуухад “Та нарын бүрдүүлсэн гарын үсэг хуурамч байгаа. Энд орсон хүмүүс би ороогүй гэдгээ хэлсэн” гэж илт нэр төр гутаасан, гүжирдлэгийн чанартай зүйл хэлсэн. Ерөнхий сайд хүн, УИХ-ын нэгдсэн чуулган дээр ийм зүйл ярьсанд их харамссан. Үнэхээр хуурамчаар хүний гарын үсэг зурсан байвал шалгаад үзэх хэрэгтэй. Өөрт нь бүх эрх мэдэл байгаа шүү дээ. Өнөөдөр хүний гарын үсгийг хуурамчаар зурсан уу, үгүй юу гэдгийг маш богино хугацаанд тодруулах боломжтой.
-Оюутолгой төсөл дөнгөж эхэлж байна. Анхны хүдрээ ч олборлоогүй байгаа. Ийм үед гэрээнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг ярих нь хэр оновчтой вэ. Магадгүй Монгол Улсын ирээдүйд тийм ч ашигтай шийдэл биш байх. Хөрөнгө оруулагчид үргэх, хэрэгжиж байсан төсөл зогсох вий гэх мэт болгоомжлолууд байна?
-Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоотой асуудал дээр ярьдаг хэд хэдэн зүйл бий. Дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямрал бий боллоо, хямрал нүүрлэлээ. Бас гадаадад нэр хүнд уналаа эсвэл Хятадад энэ компанийг худалдчихаад яваад өгвөл яах вэ гэх асуудлуудыг ярьдаг. Үүнээс гадна үргэлж яригддаг хэд хэдэн иймэрхүү асуудлууд бий л дээ. Ерөнхийдөө нийгэмд мэдээлэл хүргэх, өөрсдийн хүчирхэг, пи-арын баг байдаг учраас системтэйгээр ийм ойлголтыг тараадаг гэж ойлгож байгаа.

Жишээ нь Урт нэртэй хуулийг батлуулаад, хэрэгжүүлье гэж байхад ямар их асуудал тулгардаг байлаа. Тэр үед мөн хэдэн асуудлыг л тавьдаг байсан. Тухайлбал, компаниуд татан буугдлаа, тэнд ажиллаж байсан олон мянган хүний ажил амьдрал хүнд боллоо, компаниудад нөхөн төлбөр олгох ёстой, нөхөн төлбөрийг төлж барахгүй гэдэг асуудлыг ярьдаг.

Хувиараа ашигт малтмал олборлогчдыг бид дийлэхгүй, яаж зохицуулах юм бэ гэдэг асуудал  бас яригддаг. Энэ мэт асуудлаар шантаажилж, хуулийг хэрэгжүүлэхгүй байхыг зорьж байсан. Хуулийн үзэл баримтлал нь Монголын ард түмэн, улс үндэстний эрх ашигт нийцсэн, бүр цаашилбал улс үндэстэн орших уу, үгүй юу гэдэгтэй шууд холбоотой. Байдлыг тодруулаад үзвэл жишээ нь нинжа нарын асуудал бол гадны нөлөө, тэдэнтэй үгсэн хуйвалдсан эрх мэдэл эд хөрөнгөнд шунагсдын монгол орны баялгийг цөлмөх бодлогын сөрөг үр дагавар болж л, гарч ирсэн байгаа юм. Урт нэртэй буюу экологийн хуультай огт хамаагүй асуудал. Нөгөө талаар нөхөн төлбөр олгох тухай асуудал байна.

Эсрэгээрээ монгол орны баялаг, байгаль экологид учруулсан хохирлыг тооцох асуудлыг нэг ч удаа хөндөж байгаагүй. Яг тооцоод үзвэл харин ч Монголын төр ард түмэн тэдгээр компаниудад нөхөн төлбөр олгох бус нөхөн төлбөр авахаар тооцоо гардаг. Нөхөн сэргээлтийг нь хийлгээд, нөхөн төлбөр авах ёстой байгаа юм. Нөгөө талаар өчнөөн олон компаниудын үйл ажиллагаа зогслоо гэж байна. Бодит байдал дээр алтанд шунасан тэдгээр компаниуд Монголын эдийн засаг, төсөв, Монголын ард түмний амьдралд дорвитой үр нөлөө үзүүлж байгаагүй. Компанидаа ажиллаж байгаа ажилчдынхаа нийгмийн асуудал, цалин хангамжийн тухайд ч олигтой арга хэмжээ аваагүй.

Газрын баялаг тэдгээр компаниудын дарга, захирлуудын амьдрал ахуйг сайжруулахад, тансаглахад, гадаадын казинод үрэгдээд дууссан бөгөөд тэнд ажиллаж байгаа олон мянган хүн, ард түмний амьдралд огт дэм болоогүй байдаг. Урт нэртэй хуулийн хувьд үнэнээр явбал, үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг шиг өнөөдөр бүх зүйл үнэнд гүйцэгдэж байна л даа. Засгийн газар 1782 лицензийг цуцлаад, байгаль орчинд учруулсан хохирлыг тооцох аргачлалын журмыг нь батлаад явж байна. Монголын  ард  түмний  баялгийг  үрэн  таран хийсэн хүмүүст  нөхөн төлбөр төлөх  бус тэдгээр компаниудаас  Монголын  төр  ард түмэн авлагатай баланс гарсан.
-Тэгэхээр Оюутолгойн гэрээний хувьд яг яах ёстой юм бэ, таныхаар бол. Бүх зүйлийг няцааж бас болохгүй байлгүй дээ?
-Үнэн бодит байдлыг ярих ёстой. Яагаад ширээний ард суугаад ярьж болдоггүй юм бэ. Ярилцъя гэхэд цааргалаад байх шалтгаан байхгүй. Нэг ойлголтод хүрэх ёстой. Үнэхээр 70:30-ийн харьцаатай ашгаа хуваарилах гээд байгаа юм уу, эсвэл бидний үзээд байгаа шиг 5:95-ийн харьцаатай байгаа юм уу. Хөрөнгө оруулагч тал 100 тэрбум ам.долларын ашиг олно гэж бид үзэж байгаа. Хөрөнгө оруулагчийг буруутгаж байгаа зүйл биш. Тухайн үед ажил алба хариуцаж байсан хүмүүст хариуцлага байна уу, үгүй юу. Хариуцлага нь хаана байна вэ гэдгийг нэг мөсөн тодруулж, ил тод ярилцаж байгаад цаашаа явах нь зүйтэй байх. Энд Монголын нийгмийг хоёр хуваагаад байх шаардлага байхгүй.

Бид бүгдээрээ ярилцах ёстой. Тухайлбал, цахилгаан, эрчим хүчний хангамжийн тухай асуудал байна. Оюутолгой төсөлд эрчим хүчний асуудлыг шийдээгүй, тэнд том оврын дизель цахилгаан станц ажиллаж байгаа. Хэчнээн тэрбум төгрөгийн үргүй зардал гаргаж байгаа билээ. Цахилгаан эрчим хүчнийх нь асуудлыг шийдэх бололцоо өнөөдрийг хүртэл байсан. Гэтэл энэ бололцоог нь хэн гаргаж өгсөнгүй вэ. Тухайн үед ажил хариуцаж байсан хүмүүстэй холбоотой юм уу, үгүй юм уу. Энэ бүх асуудлыг бид тодруулах ёстой. Аливаа зүйл тодорхой л байх ёстой.  
-Монголын талын эзэмших хувийг 51 хувь болгох ёстой гэдэг асуудлыг яриад байгаа. Жишээ нь маргааш монголчууд 51 хувиа эзэмшлээ гэхэд төслийг аваад явж чадах юм уу. Та энэ асуудлыг бодож үзсэн үү?
-Уг нь УИХ-ын тогтоол, Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан шийдвэрт маш тодорхой заасан. Бусад улсууд, дэлхийн жишигт хийдэг хэлэлцээрийн дагуу эхний ээлжинд үнэ төлбөргүй, байгалийн баялгийнхаа эзний хувьд тодорхой хувийг авах ёстой. Тэгээд 34 хувийг ямар нэгэн үнэ төлбөр төлөхгүйгээр шууд авах үүрэг чиглэлийг өгсөн. Гэтэл 34 хувийг асар өндөр хүүтэй мөнгөөр худалдаж авах хэлэлцээрийг хийсэн.

Энэ зарчмаараа үргэлжилбэл, Монголын ард түмний нуруун дээр ирэх ачаалал улам нэмэгдэнэ. Их хурлаас өгсөн үүрэг, чиглэл бол тодорхой байгаа. Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар энэ гэрээг хий гэсэн шүү дээ. 34 хувийг үнэ төлбөргүй авахаас гадна ирээдүйд Монголын талын авах татвар хувь, ногдол ашгийг урьдчилж ав гэдэг чиглэлийг өгсөн. Гэтэл тухайн үеийн сайд нар эсрэгээрээ 250 сая ам.долларыг өндөр хүүтэй зээл хэлбэрээр авсан. Өнөөдөр тэр авсан зээлийг нь хөрөнгө оруулагч компани суутгал тооцоод явж байна. Улсын төсвийн орлого дутаж байгаа. Тэгвэл Оюутолгой улсын төсөвт зургаан тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой байсан. Гэтэл энэ мөнгөө төвлөрүүлэхгүйгээр нөхөн суутгал тооцож байгаа. Ирэх жил бас 130 тэрбум төгрөгийг нөхөн суутгалд тооцож авна.
-Өнгөрсөн хугацаанд “Оюу Толгой” ХХК улсын төсөвт 600 гаруй сая ам.долларыг татвар хэлбэрээр төвлөрүүлсэн гэж байгаа шүү дээ?
-Тэгэхээр энэ бүхнийг ил тод, тодорхой болгож ярих ёстой. Би өнөөдөр энэ зургаан тэрбум төгрөгийн асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын албан ёсоор УИХ-ын чуулганы танхимд хийсэн мэдэгдэлд үндэслэн хэлж байна.
-Монголын тал 51 хувиа эзэмшлээ гэхэд төслийг үргэлжлүүлэн авч явах чадвар байгаа юу гэдэг асуултад та хариулсангүй. 51 хувийг эзэмшинэ гэдэг бүх үүрэг хариуцлага шууд төрийн нуруун дээр ирнэ гэсэн үг шүү дээ?
-Ихэнх  улс  орнууд  томоохон төслийг хэрэгжүүлэхдээ гадаадын мэргэжлийн компаниудыг сонгон шалгаруулдаг. Тийм учраас монгол хүн өөрөө гардаж хийх ч ажил бий, эсвэл бусад мэргэжлийн Олон  улсын төвшний  компаниудаар  чиглэл, чиглэлээр нь хийлгэх ч боломж байгаа. Монгол хүн чадахгүй гэдэг өөрсдөдөө итгэдэггүй энэ бодлоосоо бид салах хэрэгтэй. Энэ ажлыг бүрэн дүүрэн зохион байгуулаад, аваад явах боломж монголчуудад бий.
-Та бүхэнтэй нэг санаа бодолтой байсан гишүүд энэ удаад шаардах бичигт гарын үсэг зураагүй. Цаашид энэ хүмүүс ямар байр суурь илэрхийлэх бол гэдэг нь одоо ч анхаарлын төвд байна. Та юу гэж бодож байна даа?
-Оюутолгойн гэрээг сайжруулах талаар нэг ойлголттой, нэг байр суурьтай, тууштай байсан хүмүүс одоо ч хэвээрээ байгаа байх. Жишээлбэл, УИХ-ын дарга З.Энхболд, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Шадар сайд Д.Тэрбишдагва нар байна. Тэд Оюутолгойн гэрээний тал дээр шүүмжлэлтэй хандаж байсан. Ийм хүмүүс Засгийн газарт орж ажиллаж байна. Та  бидний хамтын  тэмцлийн үр дүнд Монголын ард түмэнд ашигтай хэлбэрээр энэ гэрээнд өөрчлөлт орж, эерэг зүйлс гарч ирнэ гэдэгт би итгэлтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.

 

ШИНЭ МЭДЭЭ