Сонгуулийн хууль үндсэн хуулийн зөрчилтэй
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2016.03.04
Улстөр

Сонгуулийн хууль үндсэн хуулийн зөрчилтэй

УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг энэ удаагийн “Ярилцах танхим ’’-ын зочноор урьж ярилцлаа.

-Ээлжит бус чуулган ганц өдрийн дотор хуралдаж хаалгаа барьсан. Энэхүү хуралдааныг хэрхэн дүгнэж байна вэ. Эрх баригчид өөрт ашигтай ганц асуудлыг хэлэлцэхийн тулд тэрхүү ээлжит бус чуулганыг хуралдуулсан гэдэгтэй та санал нийлэх
үү?

-Үндсэн хуулийн 40.4-д Цэцийн гишүүнийг эгүүлэн татах бол энэ талаар гарсан Цэцийн дүгнэлт, анх нэр дэвшүүлсэн байгууллагын саналыг үндэслэн шийдвэрлэнэ гэсэн байдаг. Гэтэл Үндсэн хуулийн заалт бүрэн хангагдаагүй. Алдаа оноо аль аль нь байсан ч УИХ өөрөө Үндсэн хуулийн зөрчилтэй шийдвэр гаргаж болохгүй шүү дээ. Ээлжит бус чуулган ганц өдөр хуралдах байсан бол хуралдах шаардлага байхгүй. Тийм ч учраас хугацаанаас нь өмнө Үндсэн хуулийн Цэцийн даргыг огцруулах зорилготой ганц өдрийн хурал боллоо гэсэн ойлголт нийгэмд бий болж.

-Бие даагчид ээлжит бус чуулганд оролцолгүй ирцийг нэлээд сунжруулсан. АН, МАН-ыг хоорондоо учраа олог гэсэн шиг нөхцөл байдлыг хөндлөнгөөс ажиглаад байх шиг байсан. Чухам ямар шалтгаанаар хойш суух болов?

-Гол нь эргүүлэн татах хүн нь хэн байхдаа биш, Үндсэн хуулийн зөрчилтэй байсан учраас бие даагч гишүүд чуулганд орохгүй цааргалж үлдсэн юм.

-Уг нь та бүхэн Үндсэн хуулийн Цэцийг муу ажилласан гэсэн үнэлгээ өгч байсан. Тиймээс Ж.Амарсанааг эргүүлэн татах нь асуудалгүй юм биш үү, уг нь?

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Баярцогт сайдыг огцруулах асуудлыг өргөн барихад Үндсэн хуулийн Цэц хамгаалж үлдсэнийг бүгд мэдэж байгаа. Хариуд нь ялангуяа Цэцийн дарга “Лексус-570” унах болсон гээд зарчимч бус асуудал байна аа байна. Үнэхээр Цэцийн даргыг огцруулахдаа АН-ын гишүүд бүгд байхад С.Баярцогт гишүүн оролцохгүй, чуулганы танхимаас гараад зугтаж байгаа нь тэр асуудлыг баталж байх шиг.

-Таны дээр хэлсэнчлэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг хууль зөрчсөн гэж үзвэл Цэцийн шийдвэр Дээд шүүхийн санал-УИХ гэсэн дарааллаар асуүдлыг авч хэлэлцэх учиртай. Гэтэл энэ дараалал алдагдлаа. Магадгүй УИХ-ын шийдвэр хүчин төгөлдөр бус байж мэдэх бололтой. Энэ асуудал Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр иргэн гомдол гаргасан гэж байсан?

-УИХ болон гишүүд Үндсэн хуулийг чанд мөрдөж сахин хамгаалсан шийдвэрийг ямагт гаргаж байх ёстой. Тийм учраас УИХ шийдвэр тогтоолыг эсэргүүцэж шударга иргэд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан биз.

-Дахин энэ сард ээлжит бус чуулган зарлана гэх мэдээлэл бий. Танд ийм зар ирсэн үү?

-Дахин ээлжит бус чуулган хуралдах чимээ сонсогдож байна. Одоогоор албан ёсоор зар ирээгүй.

-Таныг МАН-д элсэнэ гэсэн яриа бий. Энэ хэр бодитой вэ. Та шийдвэрээ гаргасан уу?

-Намд элсэх эсэх нь хувь хүний асуудал хэдий ч нутгийн зон олон намаар бус хүнээр минь надад итгэл хүлээлгэж сонгосон. Тиймээс энэ гуравдугаар сард тойрогтоо ажиллах үеэр сонгогчдоосоо санал сонсож байж ямар нэг шийдвэр гаргана. Өмнө нь МАН-ын гишүүнээр  богино хугацаанд ч гэсэн байсан болохоор хардлага сенсаци төрсөн болов уу. За тэгээд ч манай улс төрийн намууд өөрсдийгөө л бусдаас илүү гэж дөвийлгөөд байхаас бус нэр нь өөр ч, үзэл баримтлалын илэрхий ялгаагүй болчихсон шүү дээ. Нам бол “Манай эрин үеийн нэр төр нандин чанар” гэдэг алдарт үг сэмэрсэн байна.

-Магадгүй тус нам таныг элсүүлэхийн тулд ямар нэг амлалт өгөх болов уу. Энэ талаараа хэлж болох уу?

-Энэ 76 гишүүн дотор хоёрхон нам бус хүн байгаа нь Ц.Даваасүрэн гишүүн бид хоёр. Өөрөөр хэлбэл, гэрлээгүй ганц бие залуус шиг. Тийм учраас манай гэрт ороод ирээч гэж гол намынхан сэтгэлийн үг захиа, мессеж ирүүлсэн. Бид алинд нь ч “За” гэсэн хариу өгөөгүй.

-Бие даагчдын зөвлөлөөс С.Ганбаатар гишүүи гарч, ХҮН-ын дарга болчихлоо. Таны хэлдгээр гэрлээгүй залуус уг нь нийлж, сонгуулиас өмнө нам байгуулах тухай ярьж байсан. Тийм байтал яагаад өөр шийдвэр гаргасан юм бол. Мэдээж та хоёртой хэлэлцэж ярилцсан байх?

-С.Ганбаатар маань ХҮН-ын гишүүн болсон нь тэр хүний сонголт. Бидэнд ХҮН-д орохынхоо өмнө хамт элсэх санал тавьж байсан ч бид хоёр татгалзсан юм. Тус намынхан барууны хөрөнгө оруулалт нэртэй мөлжигчид байгалийн баялаг, ашигт малтмалын шударга бус гэрээ хэлцэл, хуваарилалтын талаар ганц ч үг ган хийдэггүй. Тиймээс бидний үндсэн зарчим, зорилго, үзэл бодлоос өөр чиглэлтэйгээ үгээр бус үйлдлээрээ харуулсан.

-Энэ удаагийн парламент ямар ч дархлаагүй Сонгуулийн хууль баталчихсан. Сонгууль болохоос зургаан сарын өмнө тус хуульд гар дүрэх хориотой заалт санаагай юу, санамсаргүй байдлаар алга болчихлоо. Ингэснээр Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болох цоорхой бий болж, хуульд өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж байна. Энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ эрх баригчид, намууд өөртөө ашигтай л бол жирийн нэг хууль битгий хэл Үндсэн хуулийг хүчирхийлж байна. Тэр дундаа Сонгуулийн хуулийг шинэчлэхдээ намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болчихдог Үндсэн хууль зөрчсөн зүйл заалтыг засаагүй нь үүнийг гэрчилнэ. Сонгуулийн хуулийг ухаантай орны парламентууд нэг сонгууль алгасч хэрэглэхээр гаргадаг гэсэн. Манайх бол шууд л хэрэглэх, тэр тусмаа сонгууль болох товоос зургаан сараас дотогш Сонгуулийн хуульд хүрч болохгүй гэсэн бяцхан хаалтыг ч сая үгүй болгочихсон. Сонгуулийн хуулийн ажлын хэсгээс бие даагчдыг хасаж, Сонгуулийн хуулиа боловсруулсан намчингууд даа. Гэхдээ бид чуулганаар хэлэлцэх үед зарчмын зөрүүтэй санал гаргаж бие даагчдыг хамгаалсан зарим хэрэгтэй зүйл заалт оруулж чадсан.

-Ер нь нийслэлийн мандатыг нэмэгдүүлэхийг та дэмжих үү?

-Нийслэлийн мандатыг нэмэхийг дэмжихгүй байгаа. Учир нь мандатын тоо зөвхөн хүн амын тооноос хамаарах бус газар нутаг тойрогт ажиллах байдлаас шалгаалж тогтоогддог. Нийслэлийн гишүүд нэмэгдлээ гээд чанарын өөрчлөлт гарахгүй. Харин орон нутгийн онцлог ажил амьдрал ойлгохгүй, тэнд байгаа ашигт малтмал, байгалийн баялагт хайхрамжгүй хандах гишүүдийн тоог олон болгомооргүй байна.

-УИХ-д суудалгүй улс төрийн намууд бас Сонгуулийн хуулийн хэд хэдэн заалт Үндсэн хуультай зөрчилдөж буй талаар Цэцэд хандсан байгаа?

-Угаасаа сонгуулийн хууль Үндсэн хуулийн зөрчилтэй учраас тэр намууд Цэцэд хандах нь зөв шүү дээ.

-Сонгуультай холбоотой асуух асуулт байна. М.Зоригт сайд Дорнод аймагт нэр дэвшихээ мэдэгдлээ. Үүний шалтгаан нь таньтай холбоотой. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

-М.Зоригт сайд Дорнодод дэвшинэ гэдгээ надтай холбон тайлбарлаж байгаа нь алиалан тоглож байгаа болов уу. Эсвэл шалтгаан бус шалтаг байж магад. Би үүнд тайлбар хийхгүй, түүнээс асуу.

ШИНЭ МЭДЭЭ