МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Санхүүжилтийг шалгах нэрээр АТГ намын дотоод асуудалд оролцож байгаатай эвлэрэхгүй"
2016.03.22
Улстөр

"Санхүүжилтийг шалгах нэрээр АТГ намын дотоод асуудалд оролцож байгаатай эвлэрэхгүй"

МАХН-аас өчигдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал зарлаж, тус нам болон намын дарга Н.Энхбаяр руу чиглүүлсэн улс төрийн захиалгат, зохиомол гүтгэлэг хэрээс хэтэрч, тэдний гар хөл болсон АТГ зэрэг хууль хүчний байгууллага сүүлийн саруудад тасралтгүй үйл ажиллагаа явуулах болсны эсрэг мэдэгдэл гаргаснаа зарлалаа.

Хэвлэлийн хуралд МАХН-ын хэвлэл, мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга, нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, хяналт, Ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар оролцож мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр МАХНын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатартай ярилцлаа.

-МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдсан гэсэн ямар асуудал хэлэлцэв? 

-Өнгөрсөн долоо хоногт намын Гүйцэтгэх товчоо хуралдаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэнээс гадна улс орны цаашдын ирээдүйтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн.

Мөн Гүйцэтгэх товчооноос албан ёсоор мэдэгдэл гаргаснаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан олон нийтэд хүргэсэн. Тухайлбал, МАХН болон МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр руу чиглүүлсэн улс төрийн захиалгат, зохиомол үйл ажиллагаа сүүлийн саруудад тасралтгүй явагдаж байгаатай холбоотой намын гишүүд, дэмжигчид, ард түмэндээ хандан мэдэгдэл гаргасан байгаа.

Намын санхүүжилтийг шалгах нэрээр харилцах дансыг хааж, АТГ, хууль, хүчний бусад байгууллагаас намын дотоод асуудалд оролцож байгаатай бид эвлэрэхгүй. Цаашид ч тууштай тэмцэнэ.

- Гүйцэтгэх товчооноос хэд хэдэн ажлын хэсэг байгуулсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Гурван чиглэлд ажлын хэсэг байгуулсан. Сэтгүүлч та бүхэн мэдэж байгаа байх. Бид өмнө нь Монголын Ногоон намтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Энэ ажлын хэсгийг байгуулж, Ногоон нам болон МАХН-ын хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хэсэг байгуулж, үйл ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулсан.

Энэ ажлын хэсгийг миний бие ахалж, намын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, Д.Эрдэнэбилэгт нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Шинээр байгуулсан хоёр дахь ажлын хэсэг бол АН, МАХН-ын хоорондын хамтын ажиллагааны гэрээний биелэлтийг тооцож, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хамтран ажиллах тухай асуудлыг судлахад анхаарч ажиллаж байна.

Энэ ажлын хэсгийн ахлагчаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ажиллаж байгаа. Ажлын хэсэгт З.Баянсэлэнгэ, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг нар орсон. Дэд ажлын хэсгийг МАХН-ын Бага хурлын гишүүн Н.Удвал ахлан ажиллаж байна.

Дараагийн ажлын хэсэг бол МАХН-аас УИХ-ын сонгуульд орон нутагт оролцох бодлого чиглэлийг хариуцан ажиллаж байгаа, мөн МАН-тай сонгуульд эвсэл болж орох эсэх асуудлыг судлах ажлын хэсгийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, Гүйцэтгэх товчооны гишүүн Ч.Улаан ахалж ажиллахаар болсон.

Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Б.Тулга нар орсон. Үүнтэй холбогдуулж ажлын хэсэг өнөөдрөөс /өчигдрөөс/ эхлэн үндсэндээ ажилдаа ороод байна.

Ажлын хэсгүүдтэй холбоотой улс төрийн намуудтай харилцаа, Хамтын ажиллагаагаа дүгнэх , гарц хайх энэ ажлыг дүгнэх чиглэл бүрд ажлын хэсгийг гарган ажиллаж байгаа.
-Гүйцэтгэх товчооноос шийдвэрлэсэн бас нэг асуудал нь “Хөгжлийн хувьсгал” хөтөлбөр гэсэн. Энэ чиглэлд ямар ажлууд эхлүүлж байна?

-Манай намаас Монгол Улсаа эрчимтэй хөгжүүлэхийн тулд “Хөгжлийн хувьсгал” хөтөлбөрийг боловсруулж байгаа. Түүнийгээ УИХ, Засгийн газарт өргөн барих нь зүйтэй гэж үзсэн.

Сэтгүүлч та бүхэн мэдэж байгаа байх, МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэвлэл, мэдээллээр олон нийтэд хандаж ярихдаа хэлсэн, 10-60-30 буюу 10 жилийн дотор хөрөнгө босгож, Монгол Улсаа хөгжлөөрөө дэлхийн эхний 30 дугаар байрт оруулах саналыг тавьж, ийм хөтөлбөр боловсруулсан. Энэхүү хөтөлбөрийг ойрын үед өргөн барих асуудлыг бид ярьж байна. Гүйцэтгэх товчоогоор энэ асуудлыг өргөн барих нь зүйтэй гэдгийг эцэслэн шийдсэн байгаа.

-Гишүүдийнхээ ёс зүйн асуудлуудыг хэлэлцсэн гэсэн. Ямар нэг үнэлэлт дүгнэлт өгсөн үү?

-Намын гишүүдийн сахилга, хариуцлага, ёс зүйн асуудлуудаар Хяналт, ёс зүйн хорооны мэдээллийг сонссон. Гаргасан шийдвэрийг Гүйцэтгэх товчоонд танилцуулж хэлэлцсэн байгаа. Гүйцэтгэх товчоо намын бодлогыг хэрэгжүүлдэг. Хяналт, ёс зүйн хороо биелэлт дээр нь хяналт тавьдаг.

Орон нутгаас тодорхой санал, мэдээллүүд ирсэн. Намын дотоод амьдралтай холбоотой, нэр бүхий хүмүүс намынхаа эсрэг үйл ажиллагаанд бодлого, төлөвлөлттэйгээр оролцож, намын эв нэгдлийн эсрэг, намын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа асуудлыг цэгцлэх талаар нэлээдгүй ярьсан. Ингээд Гүйцэтгэх товчооноос шийдвэрээ гаргасан. хяналт, ёс зүйн хороон дээр намын дүрмийг биелүүлэх талд хаа хаанаа хариуцлагатай байх ёстой гэдгийг байнга сануулдаг.

Намын удирдлагын зүгээс асуудалд маш хүлээцтэй, тэвчээртэй хандаж ирсэн. ЭМС-ын сайд Г.Шийдэгдамбатай холбоотой асуудалд Хяналт, зүйн хорооны дарга Г.Давааням тайлбарласан байгаа. Юу гэвэл, тэр хүн өөрөө өргөдлөө өгсөн байсан. Нөгөөтэйгүүр, намын дүрмийн хүрээнд ёс зүйн алдаа гаргасан гэж үзсэн. Тиймээс хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж намын Ерөнхий нарийн бичгийн даргаас огцруулах арга хэмжээ авна.

Мөн дараа дараагийн шатанд холбогдох хүмүүст хатуу хариуцлага тооцох болно. Түүнчлэн ХААГ-ын дэд дарга асан С.Дашдондог, УИХ-ын дэд дарга Л.Цог нартай холбоотой асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Бага чуулганы гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ гэж үзсэн.

Ялангуяа Орхон аймгийн намын хороо, гишүүд, дэмжигчид гомдол гаргаж, хэвлэл мэдээллээр болон бидэнд хандсан зүйлүүд бий. Иймд намын Хяналт, ёс зүйн хорооноос энэ асуудлуудыг цаашид улам тодорхой болгоно.

-МАХН-ын Гүйцэтгэх товчооны мэдэгдэлд тус нам болон намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр руу чиглүүлсэн улс төрийн захиалгат, зохиомол гүтгэлэг хэрээс хэтэрч, тэдний гар хөл болсон АТГ зэрэг хууль хүчний байгууллага сүүлийн саруудад тасралтгүй үйл ажиллагаа явуулах болсныг онцолсон байна. Өнөөдөр бодит байдал ямар байна вэ?

-Дарамт, шахалт үнэхээр байна уу гэвэл байна. Тухайлбал, өнөөдөр МАХН-ын санхүүгийн өрөөг лацдаж битүүмжилсэн. Өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нөөс хойш энэ өрөөг нээж өгөхгүй байна. Ингэснээр намд ямар хохирол учруулж байна гэвэл, санхүүгийнхээ тайланд аудит хийлгэх боломжийг зориуд тасалдуулсан.

Бид энэ талаар холбогдох байгууллагуудад албан бичиг явуулсан. Өнөөг хүртэл хариу өгөхгүй байгаа. Иймд дахиад ч энэ асуудлаар хандая гэж бодож байна. Ийм бүдүүлэг аргаар улс төрийн намын санхүүжилтийг шалгаж байгаа нэрээр дотоод үйл ажиллагаа руу нь орж байна. Намыг задлах, хагалан бутаргах үйл ажиллагааг шат дараатайгаар нам дамнасан улс төр, бизнесийн бүлэглэлүүд, хууль хяналтын байгууллагынхан зохион байгуулалттайгаар, тодорхой төлөвлөгөө, сценарын дагуу хийж байгаа нь илэрхий байгаа юм.

Бид үүнтэй эвлэрэхгүй гэдгээ мэдэгдэж байгаа. Манай гишүүд, дэмжигчид ч гэсэн энэ талаар эсэргүүцлээ холбогдох байгууллагууд руу байнга гаргаж байна. Гэтэл харин ч эсрэгээрээ биднийг дарамтлах, айлгах, заналхийлэх маягтай, эрүүгийн хэрэг үүсгэнэ шүү, ингэнэ шүү, тэгнэ шүү гэдэг. Энэ зүйлтэй бид цаашид эвлэрээд суух боломжгүй. Намын үйл ажиллагааг бүрэн хэмжээгээр зогсоох бодлого явагдаж байгаа нь илэрхий болсон учраас ч бид мэдэгдэл гаргасан.

-МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн гишүүн Г.Уянга, Л.Цог нар эвслээс гарсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Хэвлэлийн хурал болохын өмнөхөн энэ мэдээллийг авсан. Ер нь бол энэ сонин биш. Яагаад гэвэл, сүүлийн саруудад та бүхэн харж, сонсч байгаа байх. Хийж байгаа мэдэгдэл, хэлж буй үг, үйлдлүүд юу харуулж байна гэхээр эртнээс төлөвлөсөн, зохион байгуулалттай зүйлүүд гэдэг нь харагдаж байгаа.

Илэрхийлж буй байр суурь, түүнийгээ явуулж байгаа арга ажиллагаанаас нь харахад эвслээс гарна гэдэг нь ч ойлгомжтой болчихсон байсан. Мөн түүнийгээ тодорхой бүлэглэлүүдийн үйл ажиллагаатай уялдуулсан, сонгууль дөхсөн үед гаргаж тавьж байгаа. Бидний хувьд хачирхаад байх зүйл биш. Одоогоор албан ёсоор гарсан, эсэхээ мэдэгдээгүй учраас дараагийн хэвлэлийн хурлаар тодорхой мэдээлэл өгнө.

ШИНЭ МЭДЭЭ