Төр засаг иргэдийг  агаар, хөрсний бохирдлоос хамгаалах үүрэгтэй
2016.04.08
Улстөр

Төр засаг иргэдийг агаар, хөрсний бохирдлоос хамгаалах үүрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас Эрүүл мэнд, спортын сайдад хандан тавьсан асуулгаар үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын иргэд үерийн асуудалд бухимдаж байна. Нийт 425 тн лаг бий гэдэг мэдээлэл авсан. Лагийн асуудлыг хэдий хэр хугацаанд шийдэх боломжтой вэ?

Төр засаг иргэдийг  агаарын бохирдол, хөрсний бохирдол зэргээс хамгаалах үүрэгтэй. Нийслэлийн эрүүл мэндийн газраас  иргэдээ урьдчилан хамгаалах талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “СХД-т орон нутгийн сангийн хөрөнгөөр баригдсан 21 худаг ашиглалтад ороогүй байна. 1,2,3,6,7,22 23-26,31 дүгээр хорооны эдгээр худгийг таван сард багтан ашиглалтад оруулахаар болсон.

Авто худалдааны төвийг СХД-т нүүлгэх гэж байгаад манай дүүргийн иргэд их таатай хүлээн авч байна. Яагаад гэвэл ажлын байр бий болох бүрэн боломжтой болно” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Бат-Үүл даргатай нийслэлийн удирдлагад иргэд талархаж байгаагаа хэлж байсан. Нийслэлийн утааны асуудал хүнд байдалд орсон. Өнөөгийн байдал хэдэн оны үеэс бий болсон бэ?

Цаашид гэр хорооллыг дэд бүтэцтэй болгоход хэр хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ? Үүнийг ямар хугацаанд санхүүжүүлэхээр төлөвлөж байна вэ? гэдгийг тодрууллаа.

Чуулганы хуралдаанаар Нийслэлийн агаарын болон Туул голын бохирдол, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож байгаатай холбоотойгоор иргэдийг орчны болон агаарын бохирдлоос хамгаалах талаар Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдад тавьсан асуулгын хариуг сонссоноор өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

 

ШИНЭ МЭДЭЭ