МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2016.05.04
Улстөр

Сонгуулийн хуульд өөрчлөлт орно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд олонхийн саналаар “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзлээ.

Ингэснээр 76 гишүүний 28 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байна гэж УИХ үзлээ.

Энэ асуудлаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэдэг байр суурьтай байна. 2012 оны Сонгуулийн өмнө хуульд өөрчлөлт оруулаад намын жагсаалтаар сонгогдох байдлыг хүмүүс нилээн шүүмжилж байсан.

 Иргэд сонгогч олон түмэн намын жагсаалтыг хүлээн авахгүй байна. Тиймээс бид Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй”

 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрээ Дунд суудлын хуралдаанаар үгүйсгэж байгаа. Захиалгын шийдвэр гаргасан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцооны эсрэг зогсож байгаад гайхаж байна. Хоёр алхмаар урагшилж байснаас хойш ухарлаа. МАН төлөвшөөгүй нам байна. Бид буруу юм хийсэн учраас одоо болъё гэж байгаа нь 2016 онд яаж олонхи болох вэ гэдэг бодол зүүдээрээ захиалгаа гаргачихаад сууж байна. Энэнд харамсаж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд эргэлзэж байна. Холимог систем маш дэвшилттэй гэж МАН өмнө нь батлуулсан байтлаа яагаад өнөөдөр ухраад унав. Сайн хууль байгаа ч хэрэгжилт дээр завхрал гардаг. Сум,дүүрэгт нэр дэвшээд ард түмний санал авагүй, ёс суртахуунгүй хүмүүс намын жагсаалтаар орж ирснээр ард түмэн жагсаалт дэмий юм гэж үзэж байгаа нь үндэстэй.

Жагсаалт байхгүй болбол нийгмийн зорилтот хэсгээс хүмүүс хууль тогтоох төвшинд орж ирэхгүй болно. Нэр дэвших боломжгүй болно. Ирээдүйд маш том ухралт хийж байна гэдгээ ойлгох хэрэгтэй. 60 гаруй орон пропорциональ системээр явж байна. 11 гишүүний 40 хувь нь жагсалтаар орж ирсэн. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Хүүхдийн хуульд манаач хийсэн. Ийм том дэвшил гарсан зүйлээсээ ухрах нь. УИХ-ын эрэгтэй гишүүд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж аваад Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа эмэгтэйчүүдийн квотыг устгах талаар ярьсан байгаа. Ийм зүйлээр далимдуулж квотыг устгавал эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалж тэмцэнэ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Үндсэн хуулийн гадуур амьдарч болохгүй, Үндсэн хуулиндаа л нийцүүлэх ёстой. Сонгууль тулгаж ийм шийдвэр гаргаж байгаа учраас би үүнийг захиалга байж болзошгүй гэж үзэж байна.

Бие даагчид томсгосон тойргоор мөрийн хөтөлбөрөө өгөөд хянуулчихсан. Гэтэл одоо тойргоо томсгох, жижигсгэх тухай ярилцаж байна. Ийм байдлаар сонгуулиа явуулбал үр дүнд нь олон нийт итгэхгүй, цаашлаад үймээн самуун үүсч болзошгүй.  

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Цэцийн дүгнэлт нь өнөөдөр нийгэмд ойлгомжгүй, ирээдүйд сөрөг үр дагавар дагуулж болзошгүй ноцтой дүгнэлт гэж харж байна. Сонгуулиа хийгээд явлаа гэхэд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй юм болох вий. Долдугаар сарын 1-ний гашуун түүх бий.

Цэц нь 2012 онд хуралдаад гаргаж байсан шийдвэрийнхээ эсрэг дүгнэлт гаргасан.  Өдөр шөнө шиг зөрчил байгаа. Ийм хоёр нүүр гаргаж байгаад гайхаж байна. Эцсийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэдгийг анхааруулахыг хүсэж байна. Цэц нийгмийг тогтворгүй байдал руу түлхэх юм руу явуулж байгаа. Ийм дүгнэлт гаргасан Цэцийн бүрэлдэхүүн нийгэмд гарах хариуцлагыг хүлээх ёстой.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Цэцийн дүгнэлтийг судалж үзмээр байна. Үндсэн хуулийн Цэц хоёр янзын шийдвэр гаргаж байна. Үүнийг Цэц онцгойлон анхаарах ёстой.

Хэрэв холимог системээр явуулна гэвэл Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Харамсалтай нь энэ асуудлыг Шударга ёс эвсэл бүтэн 10 хоног хойшлуулсан. Сонгууль дөхөх тусам уг асуудлыг хойшлуулах шаардлагагүй.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Цаг хугацаа алдалгүйгээр уг асуудлыг яаралтай шийдэн, Цэцийн шийдвэрийн үр дүнд гарах хуулийн зохицуулалтуудыг хурдан хийх хэрэгтэй.

Цэцийн дүгнэлтийг ашиглан нийгэмд буруу, зөрүү ойлголт төрүүлэх гэсэн, үүнийг ашиглаж улс төр хийх гэсэн зарим нэг болчимгүй улстөрчдөөс санаа зовж байна” гэлээ. 

ШИНЭ МЭДЭЭ