“Халх гол” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
2016.05.13
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

“Халх гол” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 81 хувийн саналаар “Тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Дээрх тогтоолын төсөлд тусгаснаар Дорнод аймгийн Халх гол гэх үржил шимт газрыг төрийн мэдэлд авч, бүтээн байгуулалт хийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гаргах зорилгоор ашиглах аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Х.Болорчулуун нар органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч, энэ чиглэл рүү хөгжлийг тодорхойлохыг хүсэв. Тухайлбал, Х.Болорчулуун гишүүн “Монгол цэвэр эрүүл органик хүнс бүтээгдэхүүн үйлдвэрлэж өрсөлдөнө. Химийн бодистой бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр өрсөлдөж чадахгүй. Цэвэр органик бүтээгдэхүүнийг Халх голд бий болгох ёстой” гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Х.Болорчулуун нарын өргөн мэдүүлсэн Органик хүнс үйлдвэрлэлийн тухай хуулийн төсөлтэй энэхүү тогтоолыг мөн уялдуулах ёстой” гэсэн байр суурийг тус бүр илэрхийлсэн юм.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна. Энэхүү тогтоолын хүрээнд үндэсний үйлдвэртээ ноос, ноолуураа тушаасан малчинд урамшуулал олгож байх тухай зохицуулалт хийжээ. Хоршоонд харьяалагдах малчин нь үндэсний үйлдвэртээ ноос, ноолуураа тушаасан бол урамшуулал хүртэнэ гэж заах нь хүндрэлтэй байна гэсэн санал ирүүлжээ.

ШИНЭ МЭДЭЭ