МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эмэгтэй гишүүд “ХАМТЛАГААРАА” нэр дэвшинэ
2016.06.03
Улстөр

Эмэгтэй гишүүд “ХАМТЛАГААРАА” нэр дэвшинэ

 2012 оны УИХ-ын сонгуулиар хамгийн олон эмэгтэй Парламентад суудал авсан.

Өөрөөр хэлбэл өнгөрсөн зургаан удаагийн сонгуулиар анх удаа 11 эмэгтэй УИХ-ын гишүүн болсон. Энэ утгаараа ч тэр үү тэд улсын болон хувийн ажилд хамтдаа зүтгэж, дуулж хуурдсан ч хамтдаа нэгнийгээ дэмжин ажилласан билээ. 

С.Оюун, С.Одонтуяа, М.Батчимэг, Р.Бурмаа, Д.Сарангэрэл, Д.Оюунхорол, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ, Д.Арвин, Ц.Оюунгэрэл нар өнгөрсөн хугацаанд сайн муугаараа дуудуулсан ч эмэгтэйчүүдийн дуу хоолой болсон гэж болно.

 

Тодруулбал, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Тамхины тухай хууль зэрэг хуулиудыг батлахад хүчин чармайлт гарган ажилласан.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр. 2016.06.01

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамгийн эвтэй байж албан бус бүлэг хүртэл байгуулаад амжсан эмэгтэй гишүүдээс нэг нь 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй.

Иргэний Зориг Ногоон Намын дарга С.Оюун энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй болсон юм. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа АН-аас Баянгол дүүргийн 67-р тойрогт нэр дэвшиж байна. Түүнтэй МАН-аас Америкт Төгсөгчдийн Холбооны Ерөнхийлөгч, доктор А.Ундраа, МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын Н.Буянжаргал, Монголын уламжлалын нэгдсэн намын Г.Цогтгэрэл, Бүгд найрамдах намын Н.Нарангэрэл, Иргэний хөдөлгөөний намын Б.Батхуяг нар өрсөлдөнө.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эмэгтэй гишүүдээс хамгийн идэвхтэй байсан гишүүн бол яах аргагүй Л.Эрдэнэчимэг. МОНОС-ын Л.Эрдэнэчимэг хэмээх нэрээ улс төрд орсноосоо хойш олон тодотголоор сольсон. “Бенз”, “Туулайн анчин”, “Бүжигчин”, “Шанагатай гал сөнөөгч” гэх мэт олон тодотгол дагуулсан ч тэрээр саарын хажуугаар сайнаар дуудуулах ажлуудыг ч хийж амжсан. Ямартай ч түүний буянаар тамхичидтай бага боловч тэмцэж чадсан билээ. Энэ удаагийн сонгуульд тэрээр Сонгинохайрхан дүүргийн 72-р тойрогт Н.Учрал, “хамтлагийн найз” З.Баянсэлэнгэ, Ц.Эрдэмт, Б.Дашмөнгөн гэх эрхмүүдтэй өрсөлдөхөөр болжээ.

 

Харин М.Батчимэг гишүүн Сүхбаатар дүүргийн 61-р тойрогт нэр дэвшиж байгаа юм. Энэ тойрогт МАН-аас Сү.Батболд, МАХН-аас И.Энхтүшиг, Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас Б.Энхмаа, Бүгд найрамдах намаас П.Отгонбаяр, Иргэний хөдөлгөөний намаас Ж.Туул нар тус тус нэр дэвшиж байгаа юм.

 

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Дархан-Уул аймагт нэр дэвшиж байна. Салбарынхан тэр дундаа тариаланчидтай нэлээн хэл амтай байгаа сайд Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Хаянхярваа, МАХН-ын Д.Араажав, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын Н.Мөнхтөр нартай өрсөлдөнө.

 

"TV 5" телевизийн захирлаас УИХ-ын гишүүн болсон Д.Сарангэрэл Хан-Уул дүүргийн 55-р тойрогт Засаг дарга Ж.Ганхуяг, Эх орончдын нэгдсэн эвслийн Т.Баярхүү, Шадар сайд Ц.Оюунбаатар, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын Д.Энхболд, Монголын Социал Демократ намын Ш.Болд, Бүгд найрамдах намын П.Сүрэнжав нартай өрсөлдөнө.

 

“Отгонтэнгэр” их сургуулийг нэрийн хуудсаа болгосон Д.Оюунхорол Д.Зоригт, С.Жаргал, О.Бум-Ялагч, О.Алтанзул, Р.Нарангэрэл, Л.Батбаяр нарын нэр дэвшигчидтэй өрсөлдөх юм.

 2012 онд Монголын Үндэсний ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон Г.Уянга гишүүн энэ удаад Чингэлтэй дүүргийн 66-р тойрогт хүч үзнэ. Түүнтэй АН-ын О.Эрдэнэбулган, МАН-ын Д.Ганболд, МАХН-ын Ж.Батбаяр, МСДН-ын Ч.Баттулга нар энэ тойрогт өрсөлдөж байна. 

Баянзүрх дүүргийн 54-р тойрогт өрсөлдөхөөр горилж буй Д.Арвин гишүүний хувьд МАН-аас АН-д орсон гэдгээрээ нэлээн баалуулдаг. 2000 оноос хойш УИХ-д тасралтгүй сонгогдсон туршлагатай эмэгтэй улстөрч энэ удаагийн сонгуульд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Б.Чулуунбат, Л.Жаргалсайхан, Д.Төмөрбаатар, Б.Одсүрэн, Г.Ичинхорлоо нартай өрсөлдөхөөр болоод байна. 

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өөрийн твиттер хуудсаар дамжуулан дахин улс төрд орохгүй гэдгээ илэрхийлж байсан ч энэ удаагийн сонгуульд Ардчилсан Намаас Хөвсгөл аймгийн 38-р тойрогт нэр дэвшиж байна. Түүнтэй 2012 оны сонгуулиар бие даан нэр дэвшиж, гишүүн болсон Ц.Даваасүрэн, МАХН-ын Б.Санчир, Тусгаар тогтнол эв нэгдэл эвслийн Л.Доржпалам нар өрсөлдөнө.

 

ШИНЭ МЭДЭЭ

Зөв жишиг 2016.10.10