МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ циркийн манеж юм уу?
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
2016.06.03
Улстөр

УИХ циркийн манеж юм уу?

 УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-VIP76.mn сайтаас гаргасан судалгаагаар өнгөрсөн дөрвөн жилд хамгийн олон хууль санаачилсан, боловсруулсан, батлуулсан гишүүнээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг нэрлэсэн байна. Ялангуяа хуулийн салбарт шинэчлэлийн шинжтэй том том хуулиудыг батлуулсан. Батлуулсан хуулиудаа багцлаад товчхон танилцуулж болох уу?

-Нэг бодлын аз юм. Хуулийн салбарын шинэтгэл 15 жилд нэг удаа явагдаж байна. 2002 онд Ц.Нямдорж сайдын үед Эрүүгийн болон Иргэний хуулийн суурь шинжтэй өөрчлөлт хийгдсэн. Түүнээс хойш 14 жилийн дараа энэ том шинэтгэл явж байна. Азаар гэх үү, тохиолдлоор гэхүү энэ шинэтгэлийн давалгаан дээр Хууль зүйн сайд байж, шинэчлэлийг түрж явлаа. Батлуулсан хуулийн тооноос чанар нь илүү үр өгөөжтэй бөгөөд суурь шинжтэй байгаа юм.

2012 онд Хууль зүйн сайдын ажлыг аваад хэлж байснаа санаж байна. Хуулийн салбарыг шинэчлэхийн тулд зайлшгүй баталж хэрэгжүүлэх ёстой 41 хууль бий. Жижиг сажиг нэмэлт өөрчлөлтийг тооцохгүйгээр шинэчилсэн найруулга болон үзэл баримтлалын маш том шинэчлэл хийх ёстой 41 хууль байна гэж. Үндсэндээ энэ хугацаанд 38-ыг нь шийдсэн, шийдэх гэж оролдсон байна. Багцлаад харвал таван бүлэгт хувааж болж байна. Нэгдүгээрт яах аргагүй шударга ёсны тогтолцоо, хариуцлагын тогтолцоог сайжруулахад чиглэсэн эрүүгийн эрх зүйн шинэтгэл байна.

Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай гэх мэтчилэн юуг гэмт хэрэг, юуг зөрчил гэж үзэх, ямар хариуцлага оногдуулах, оногдуулж байгаа хариуцлага нь шударга ёсыг яаж хангах вэ гэдгийг шийдэж байгаа нэг том шинэтгэл байна. Энэд хүний эрхийн болон шударга ёсны асуудал байгаа. Эрүүдэн шүүхгүй, хүний эрхийг хөндөхгүйгээр зохистой, үр ашигтай ажилладаг хууль сахиулах байгууллагын асуудал байгаа. Энэ бол нэг багц шинэчлэл.

Хоёрдугарт, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой тодорхой хуулиудыг батлуулсан байна. Хуулийн этгээдийн хөрөнгийн бүртгэл, Үл хөдлөх хөрөнгийн барьцаалан зээлдэх боломжуудыг хангах, маргаан шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой Арбитрын хууль, нөгөө хэл амтай Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Өршөөлийн хууль ч үүн дотор байгаа. Эдийн засгийн эргэлтийг яаж сайжруулах вэ, хөрөнгийг хууль ёсны болгож, бүртгэлжүүлж, баталгаажуулах вэ, хувь хүний санаачилгыг яаж эдийн засгийн эрх чөлөө болгох вэ гэдэгт чиглэсэн бас нэг шинэтгэл энэ.

Гурав дахь нь төрийн байгууллагын үйл ойлгогдох байдал, авилга, хүнд суртлыг багасгах, ил тод байдлыг нэмэгдүүлэхтэй холбоотой хуулиуд байна. Энд Захиргааны ерөнхий хууль, Захиргааны процесс, Нээлттэй сонголын тухай Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хууль ч байх жишээтэй. Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааг ил тод болгохтой холбоотой нөгөө хэл амтай хууль ч энд хэсэгт орно. Дараа нь иргэний нийгмийг бэхжүүлэхэд чиглэсэн хуулиуд байна. Боловсруулалт нь дууссан ч харамсалтай нь нэг нь ч өргөн баригдаагүй. Дараагийн Засгийн газар ийшээ анхаараагүй учраас өргөн баригдаж чадалгүй үлдсэн.

Гэх мэтчилэн 38 хуулийг боловсруулаад, өргөн бариад, зарим нь буцааж татагдаад, эргээд УИХ дээр орж ирэхэд нь өөрөө зүтгэсээр байж концепцийн алдаагүй батлуулсан хорь гаруй хууль байна. Саяхан тооцоод үзсэн чинь энэ бүх хуулиуд дээр ажилласан 600 гаруй хүн байна. Их сургуулийн багш, хуулийн байгууллагын ажилтан, яам, УИХ-ын тамгын газрын мэргэжилтнүүд, судлаачид гээд. Ер нь бол 2002 оноос эхэлсэн ажил байхгүй юу. Арав гаруй жилийн судалгаа, хоёр жилийн боловсруулалт, гурван жилийн нүсэр хэлэлцүүлэг нийлээд 15 жил үргэлжилсэн амьд процессийн үр дүнд энэ шинэтгэл хийгдэж байна.

-Олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан, батлуулах явцад ч нэлээд маргаан дагуулсан нь том хууль нь Эрүүгийн хууль. Энэ шинэчлэл Монгол Улсын хөгжилд ямар өөрчлөлт авчирна гэж та харж байна? Учир нь нэвтрүүлгийн маань нэр хөгжлийн төлөө...

-2002 оноос эхлээд эрүүгийн эрх зүйн судлаачдын гаргаж тавьсан суурь шинжтэй 4-5 зүйл бий. Хамгийн эхнийх нь Эрүүгийн хууль тухайн нийгмийнхээ үнэт зүйлийг гэмт хэрэг гэдэг үзэгдлээс хамгаалахад чиглэдэг. Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулийн шинэчилэлт нь 1992 оны Үндсэн хуулиар заасан харилцаануудаа хамгаалж чадаагүй. Яг л хуучин социалист маягийн гэмт хэргүүдээ бичсэн, социализмын үед үнэт зүйлд тооцож байсан тэр зүйлүүдээ л хамгаалсан. Гэтэл 1992 оны Үндсэн хуульд “хамгаалах ёстой зүйл мань хүн юмаа” гээд биччихсэн байгаа.

Түүний дараа гарсан Эрүүгийн хуулиар үүнийг зохицуулалгүй 14 жил явлаа. Одоо харин Эрүүгийн шинэ хууль маань хүн хамгаалдаг тогтолцоо руугаа ороод ирэхээр “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг” гэж тусгай бүлэг хүртэл бичиж байна, гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцож, бэлгийн янз бүрийн халдлагыг хуулиар нарийвчилж, өмчийн халдашгүй байдлыг тодорхой зохицуулах шаардлага бий болж байна. 1992 оны Үндсэн хуулиар юуг нийгмийн үнэт зүйл гэж тооцсон, тэр зүйлүүдээ Эрүүгийн хуулиараа хамгаалаад ирэхээр маш олон зүйлийг шинээр “энэ чинь гэмт хэрэг, энэ нь биш юм байна” гэдэг ялгамж зааг бий болж байна. Үндсэн хуулиар тогтоосон нөгөө ардчилал, зах зээл, иргэний нийгэм, хэвлэлийн эрх чөлөө гэдэг зүйл чинь хоосон ярьдаг зүйл биш, гэмт хэрэг гэдэг үзэгдлээс хамгаалагдах ёстой зүйл болсон байхгүй юу.

Хоёр дахь нь хуучин эрүүгийн хуулийг “шоронжсон” гэдэг маш том шүүмжлэл байсан.

-Одоо ч хэвээрээ байгаа шүү дээ. Бариад хорьчихдог, хүний эрх зөрчдөг гээд...

-Социализмын үед хөдөлмөрийн зах зээлийг аль болох үнэ төлбөргүй хөдөлмөрлөх хүчнээр хангах ёстой байсан. Үүнийгээ коммунист субботник, албан бус үйлдвэрлэл, эсвэл шорон, цэрэг хоёроор хангадаг байсан. Шоронд олон хүн орж байвал үнэ төлбөргүй ажиллах хүч бий болж байна гэсэн үг гэдэг номлолтой, тийм философитой хариуцлагын тогтолцоо байсан учраас шорон луу ачих нь шударга ёс гэж ойлгодог байсан.

Одоо бол тийм биш болсон. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг болгочихоор нөхрийг нь шорон луу ачаад байх юм уу гэж шүүмжилж байна шүү дээ. Үгүй. Нөхрийг нь бариад хорьчихоор гэр бүлийг нь давхар торгочихож байгаа юм. Ганц ажил хийдэг байсан хүнийг нь шоронд явуулчихаар гэр бүл орлогогүй, хүүхдүүд нь сургалтын төлбөргүй болоод л дуусна. Тийм учраас хохихоос өөр ямар төрлийн ял байж болох вэ? Ажлаа хийнгээ, орлоготой байнгаа нийгмээс тусгаарлах ямар ял байна гэхээр нөгөө эрх чөлөөг хязгаарлах, цахим гав, нийтэд тусдаа ажил хийлгэх гэсэн өөр төрлийн ялууд ороод ирж байна. Хуучин хуулиар “албадан хөдөлмөрлүүлнэ” гээд хоригдлуудаар шоронгийн дарга юм уу хэн нэгэн албан тушаалтны хувийн байшинг бариад явж байсан. Энэ биш. Хөдөлмөрлөж болно, тэгснээрээ хэн нэг хувь этгээдийн хөрөнгийг арвижуулах биш нийтэд тустай үйл ажиллагаанд орж байх ёстой гэдгээр хуулийн философи өөрчлөгдөж байгаа.

-Хүүхдийн ялын бодлогод ямар өөрчлөлт орсон бэ? Хүүхдийг багад нь ял эдлүүлчихээр насан туршдаа нийгмийн эсрэг гэмт хэрэгтэн болж үлддэг гэж ахмадууд ярьдаг байлаа шүү дээ...

-Хүүхдийн эсрэг гэмт хэргийг тусад нь бүлэг болгож ялын бодлогыг хийсэн. Гэмт хэрэг үйлдсэн хүүхдэд ял оногдуулах тусдаа бодлого бий болсон. Өмнө нь хүүхдэд насанд хүрсэн хүнээс огт ялгамжгүйгээр ял оноодог байсан бол одоо насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдсэн бол насанд хүрсэн хүнд өгдөг ялаас хоёр дахин бага ял шийтгэнэ, хорихоос өөр төрлийн ялыг аль болох өгнө, хорих ял оноолоо гэхэд ял эдлүүлэх газар нь шорон биш, хаалттай сургуулийн орчин байна шүү гэдэг шинэ концепци орж ирсэн. Яг л дунд сургууль шиг. Гэхдээ хаалттай сургууль байна, мэргэжил эзэмшүүлэх сургалтыг хавсарч болно. Энд хүүхдийг нийгэмшүүлнэ. Тийм учраас үүнтэй зохицуулаад хүүхдийн хорихыг өөрчлөн зохион байгуулах ёстой, одоо Хонхорт тэр ажил явагдаж байна.

Дээр нь бид хүүхдийг гэмт хэрэг хийснийх нь дараа буруутгадаг байсан бол одо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр төрийн байгуллагуудын оролцоог хуульчилж өгч байгаа. Гэмт хэрэгт өртөж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь гэр бүлийн өөрийнх нь эрсдэлтэй нөхцөл байдлаас болдог. Үүнээс болж хүүхдийн эсрэг гэмт хэрэг гардаг, хүүхэд өөрөө гэмт хэрэгт холбогддог. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэл гэж юу юм, хүүхдийг гэмт хэргээс сэргийлэхийн тулд ямар ажиллагаанууд явагдах юм гэх мэтчилэн цогц байдлаар шинэтгэл явж байгаа.

-Та анх парламентад орж ирсэн цагаасаа л авлигатай тэмцэх, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тал дээр хуулиуд санаачлаад явж байсан. Гэхдээ тэр бол өмнөх парламентад байхдаа хийсэн ажил. Энэ дөрвөн жилд тэр ажлыг үргэлжлүүлэв үү? Нэг харахаар манайхан чинь нийгмээрээ гэмт хэрэгтэн болчихсон ч юм шиг, компанийн захирлууд нь бүгдээрээ авлигач юм шиг, эсвэл ХОМ гэдэг нь хөрөнгөө нуух арга ч юм шиг болчихлоо шүү дээ?

-2008-2012 онд Авлигын эсрэг хууль болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулиудын гол санаачилгыг би авч явсан. Үнэн. Энэ ажил дуусаагүй. Сая Эрүүгийн хуулиар үргэлжллээд явж байна. Авлига гэдэг бол ерөнхий ойлголт. Түүн дотор албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль зуучилсан, өгсөн, авсан гээд олон гэмт хэрэг явж байгаа. Бидний хамгийн зүтгэж хийх гэж зүтгэсэн зүйл бол хээл хахууль авсан талд хариуцлага тооцож, өгсөн талыг нь хариуцлагаас чөлөөлдөг мехнизмтай болъё. Ингэхгүйгээр авлига гэдэг үзэгдэл шийдэгдэхгүй нь ээ гэж ярьж байсан.

Сая Эрүүгийн хуулиар үүнийг хийсэн. Хэн ч анзаараагүй, ярихгүй л байгаа болохоос биш. Есдүгээр сарын 1-нээс хэрэгжих Эрүүгийн шинэ хуульд энэ асуудал хоёр янзаар орж ирсэн. Нэгдүгээрт төрийн байгууллагаас авах ёстой үйлчилгээгээ авахын тулд иргэн хээл хахууль өгсөн бол, авлига авсан нөхөртэй холбоотой мэдээллээ ил болгоод гаргаж ирэх юм бол өгсөн иргэний хохирогчтой адилхан авч үзээд хариуцлагаас чөлөөлж авсан үйлчилгээг нь хууль ёсны гэж үлдээгээд харин хээл хахууль авсан нөхөрт хариуцлага тооцохоор хуульчилсан. Төрийн албан хаагчийг хийх ёсгүй үйлдлийг нь хийлгэхийн төлөө хээл хахууль өгсөн бол, өөрөө түүнийгээ мэдүүлээд ирвэл хариуцлагыг нь бууруулна. Авсан нөхөрт бол хариуцлага тооцно. Хээл хахууль, авлига гэдэг чинь авсан, өгсөн хоёрын дунд үлддэг, далд үйлдэгддэг учраас тэр болгон илэрдэггүй гэмт хэрэг. Үүнийг илрүүлэх маш сайн механизм хуульчлагдчихлаа гэсэн үг. Өмнөх байсан сонирхлын зөрчлийн болон авлигын үйл явцыг шинэ Эрүүгийн хуулиар маш сайн баталгаажуулсан.

Дээр нь сая Хууль сахиулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг баталсан. Авлигын гэмт хэрэг энгийн арга хэрэгслээр илэрдэг хэрэг биш. Энэ хэргийг илрүүлэхийн тулд хуучин “гүйцэтгэх ажил” гэж нэрлэдэг байсан, шинэ хуулиар “мөрдөн шалгах нууц ажиллагаа” гэж нэрлэсэн эрэн сурвалжлах ажлын явцад илэрдэг гэмт хэрэг. Одоо үйлчилж байгаа ЭБШХ-иар гүйцэтгэх ажлын материал эрүүгийн хэргийн нотлох баримт болж чаддаггүй байсан. Сая батлагдсан шинэ хуулиар цаасан нотлох баримтад шилжээд үйл ажиллагааны нотлох баримтад авагдчихаар энэ нууц ажиллагааны явцад авагдсан дүрс, дуу бичлэг шууд нотлох баримт болох боломжтой болж байгаа. Үүгээрээ ийм далд, нууц аргаар үйлдэгддэг гэмт хэрэгтэй тэмцэх манай хуулийн байгууллагын хүч нөөц ч гэсэн хууль ёсны бөгөөд чадавхтай болж байна. Нэг талдаа хүний эрхийн баталгааг хангаж байгаа, нөгөө талдаа гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагуудынхаа ур чадвар, нөөц боломжийг сайжруулж байгаа.

-Эрүүгийн хуулийн шинэчлэлийг дагаад хууль хүчний байгууллагуудын чадавхи хөндөгдөж таарна. Үүнээс болоод та ч бас олон дайралтад орж байсан. “Яадаг ч байсан ажлаа дуусгана” гээд явж л байсан. Энэ байгууллагуудад шинэ хуулийг хэрэгжүүлэх хэмжээний чадавхи суусан уу? Хүмүүс үүнд их санаа зовж байна?

-Хуучин арга барилтай хүмүүс шинэ арга барилыг ойлгохгүй. Ойлгохгүйгээсээ болоод эсэргүүцэх, эсэргүүцэл нь сүүлдээ бүр дайсагналсан байдал руу ордог л доо. Шинэчлэлийн үйл явцад гардаг л бэрхшээл. Бидний гар хөлийг хязгаарлачихаж байгаа юм биш биз дээ гэж болгоомжлоод байдаг. Нэг талдаа хүний эрхийг баталгаажуулна гэдэг чинь нөгөө талдаа хууль сахиулах байгууллагуудыг илүү нарийвчилсан хууль, дүрэмтэй болгоно л гэсэн үг. Сая хийсэн шинэтгэлийг нэг үгээр хэлэхэд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагуудын бүхий л үйл ажиллагааг нарийвчилан хуульчилж, дүрэмжүүлсэн. Өмнө ингэж нарийвчилж зохицуулаагүй учраас эрх мэдлээрээ иргэд рүү дураараа халддаг байсан. Тэрийг дур зоргыг нь хязгаарласан дүрэм журамтай л болгож байгаа юм.

Нөгөө талаасаа энэ нь иргэдийн зүгээс “Энэ миний эрхэнд халдаад байна” гэдэг шүүмжлэлийг байхгүй болгоно. Дүрэм журмынхаа хүрээнд ажиллаад ирэхээр иргэдийн энэ хоосон хардлага, сэрдэлт, шүүмжлэл утгагүй болж байгаа юм. Үүгээрээ эргээд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагуудаа хамгаалж байгаа юм. “Бид хуулиар ийм эрхтэй, ийм дүрэмтэй, энэ хүрээндээ ажилласан” гэхээр хэн яах юм. Хүний эрхийг хамгаална, гэмт хэрэгтэй тэмцэнэ гэдэг чинь нэг нэгэнтэйгээ зөрчилддөг зам биш. Хоёулаа нэг голдрилоор явдаг зам. Энэ хоёрыг зөрчил болгож харах шаардлага байхгүй.

Жишээ нь хотын гудамжаар дүүрэн хяналтын камер байна. Энэ камерт бичигдсэн дүрс одоо үйлчилж байгаа ЭБШХ-иар шууд нотлох баримт болдоггүй.

-Яагаад?

-Цаасан нотлох баримтаар бэхжүүлдэг, байцаалтын аргаар нотлох баримт бүрддэг гэдэг онолтой байгаа учраас тэр дүрс бичлэгийг аваад үзлэг хийгээд, үзлэг хийсэн тухай протокол бичсэний дараа тэр протокол нь сая нотлох баримт болдог. Хүмүүс үүнийг ойлгохгүй “Бичлэг байгаад байхад чинь яагаад хэрэгтнийг барихгүй байгаа юм бэ” гээд бухимдаад байдаг. Гэтэл байгаа хууль нь өөрөө ийм болхи. Хэзээ ч гудамжаараа дүүрэн камертай болно гэж төсөөлөөгүй үед л хууль гарсан байхгүй юу даа. Одоо манайд байгаа ССTV гэдэг ярьдаг камерууд чинь уг нь хяналт тавих, гэмт хэргээс урьдчилан сэрийлэх ёстой камер. Олон улсын нэршлээрээ CCTV гэдэг, манайхан Хятадын CCTV-тэй андуураад байдаг. Бусад оронд бол энэ камерт бичигдсэн бичлэг шууд нотлох баримт болно гэдэг эрх зүйн үр дагавартай байдаг. Хувийн камераар бичсэн бичлэгийг шууд нотлох баримт болгох зовлонтой, дахиж шалгах шаардлага гардаг. Гэтэл энэ камерын арынх нь стандарт шүүх рүү шууд очиход маргаангүйгээр нотлох баримт болдог. Үүнийг жишээ нь бид сая л хуулиндаа хийлээ шүү дээ. Өчнөөн мөнгө хөрөнгө гаргаж камержуулчихаад хууль зүйн үр дагаврыг нь огт бичээгүй байсан. Ний нуугүй хэлэхэд камерт бичсэн бичлэгээр торгох нь ч бас хууль бус л байхгүй юу. Одоо л боломжтой болж байна.

-Эрүүгийн процессийн хууль нь өөрөө “байцаан шийтгэх” гэдэг нэртэй байлаа шүү дээ. Шинэ хуулиа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх” гэж өөрчилсөн юм байна. Баригдах, хоригдох болохоороо дарга, цэрэггүй л өлсгөлөн зарладаг, байцаалт авахгүй байна, өмгөөлөгч ирэхгүй байна гэдэг байсан. Одоо энэ нөхцөл байдал өөрчлөгдөх үү?

-Байцаан шийтгэх гэдэг философийн цаана Вышенскийн гэдэг арга барил, онол байгаа юм. Тэр нь юуг илэрхийлдэг вэ гэхээр шүүхэд нотлох баримт зөвхөн цаасаар байна гэдэг, цаасаар нотлох баримт бүрдүүлэхийн тулд байцаалтын аргыг хэрэглэнэ гэдэг. Америкаас жишээ авбал Америкийг баримталсан гэж шүүмжлэх байх. Тиймээс Германы жишээг авья. “Деррик” гэдэг киног бид бүгдээрээ л үзсэн. Мөрдөн байцаагч Деррик өрөөндөө суугаад хүн дуудаад байцаахасаа илүү гадуур яваад хүмүүстэй уулзаад, мэдээлэл, нотлох баримт цуглуулаад яваад байгаа биз дээ. Манай байцаагчид болохоор өрөөндөө суугаад гэрчийг ч бай, хэнийг ч бай дуудах хуудсаар дууддаг.

Ирэхгүй бол “танд Эрүүгийн хуульд заасан тийм хаиуцлага оногдуулна” гэж айлгаж байгаад байцаалтын аргаар гэмт хэргийг нотлох гэж оролддог. Нэгэнт хууль сануулчихсан учраас хичнээн айдастай байсан ч хүмүүс прокурор, цагдаагийн үүдэнд нөгөө мөрдөгчийг, прокурорыг хүлээгээд хэдэн сараар суудаг. “Чулуу няслах” гэж ярьдаг даа. Тэр хооронд нь бизнес нь, амьдрал нь сүйддэг. Гадаа сууж байгаа бол бас дүүрч гэтэл шууд барьж аваачаад хорьчихдог.

Ингээд нөгөө “Шүүхээр гэм буруугүй нь нотлогдоогүй бол хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэхгүй” гэсэн Үндсэн хуулийн заалт маань юу ч биш болоод гэмт хэрэгтнээсээ дор нөхцөлд ордог. Нэг гэмт хэрэгт сэжиглэгдсэн л бол хэнийг ч хэн ч биш болгодог. Энэ байдлыг бид сая өөрчилж байна. Гэхдээ 100 хувь өөрчлөгдөөгүй, 50, 50 хувьтай л байгаа. Яагаад гэвэл шууд өргөс авсан юм шиг шийдчихэж болохгүй байна. Байцаалтын арга шинэ хуулинд байгаа, гэхдээ өөр бусад нотлох аргуудыг нь хамт хуульчлаад өгчихсөн. Тэгэхээр хүмүүс аль үр ашигтай аргыг нь сонгоно шүү дээ. Байцаалтын аргаар нотолсон хэрэг шүүх дээр очоод хэл ам дагуулдаг, эргэлзээ төрүүлдэг, бараг л “чи өөрөө зохиогоод биччихсэн юм бишүү” гэдэг шүү дээ.

Намайг гүтгэсэн, хүний эрх зөрчсөн гэдэг гомдлыг араасаа байнга дагуулдаг. Харин нөгөө хуулинд суусан хэрэг мөрдөх шинэ аргууд нь мөрдөн байцаагч, хуулийн ажилтныг шүүмжлэл, зөрчлүүдээс тойрох боломж олгодог юм байна гэдгийн ойлгонгуутаа аяндаа байцаалытын аргаас татгалзаад ирнэ. Илүү бодитой, хүний эрх зөрчихгүй, гэхдээ үр дүнтэй ажиллах боломжтой юм байна гээд энэ арга руу шилжинэ. Тодорхой шилжилтийг хийгээд сургалтаар, үйл ажиллагаагаар сайжраад ирэхийн алдад “Одоо энэ Вышенскийн гэдэг социалист арга маань хэрэг мөрдөлтөнд ашиглагдах уу, үгүй юу гэдэг яригдана.

-Нийгэм маань 20 жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн. Цахим гэмт хэрэг гээд гараад ирж, гэр бүлийн хүчирхийлэл, хар тамхины хэрэг, зохион байгуулалттай улс дамнасан гэмт хэрэг, хүн худалдаалах гэмт хэрэг гэж ярьдаг болсон байна. Тийм учраас Эрүүгийн хуулийг шинэчилсэн байх. Гэвч УИХ-ын, хууль тогтоож байгаа хүмүүсийн өөрийнх нь үйл ажиллагааг хуульчлах, нарийвчлах, зохицуулах талаар та юу боддог вэ? Нийгмийн харилцаагаа бол хууль тогтоогч нар маань өөрчлөөд шинэчлээд байна л даа. Гэтэл УИХ маань өөрөө нийгмийнхээ зүгээс хамгийн их шүүмжлүүлдэг болчихоод байна шүү дээ?

-Би 2008-2012 онд УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай, УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай гурван хуулийг санаачилж өргөн барьсан. Яг тэр үед Су.Батболд болон бусад гишүүний санаачилсан бас нэг хууль цуг орж ирсэн. Миний санаачилсан хууль ву байсан бэ гэхээр өнөөдөр дэлхийд хоёр төрлийн парламент байна. Нэг нь маш их ярьдаг, нөгөө нь илүү ажил хэрэгч парламент. Ярьдаг парламентын сонгодог жишээ нь АНгли, Австрийн парламент. Маш их мэтгэлцдэг, маргадаг. Ажил бол нэг их сайн хийхгүй, ажлыг нь гүйцэтгэх эрх мэдэл нь чирээд аваад явчихдаг.

Харин Германы парламент бол маш ажил хэрэгч, мэргэшсэн парламент. Мэргэжлийн байнгын хороод маш хүчтэй, нэгдсэн чуулган дээр нь хувь гишүүд ямар нэг улс төрийн шоу, популизм хийх ямар ч бололцоогүй, бодитой санал хураалтууд явагддаг. Тэр парламентын дүрмийг “парламентын гишүүний эрх зүйн байдал” гэдэг тусгайлсан хуулиар зохицуулдаг юм билээ. Гишүүдийн хариуцлагын заалт нь тэнд явж байдаг. Ямар тохиолдолд таны таны бүрэн эрх хөндөгдөж, ямар тохиолдолд таны төлөөлөл байх юм, ёс зүйн алдаа гаргавал түүнийг чинь яаж хэмжих вэ гээд. Германы парламентад ганц Ёс зүйн дэд хороо л байдаг. Энэ дэд хороо нь гишүүнийхээ ёс зүйг үнэлээд алдаа гаргавал авч хаядаг. Гэтэл манайд эсрэгээрээ Халдашгүй байдлын дэд хороо гээд халдуулахгүйн тулд ажилладаг бас нэг дэд хороо байна. Энэ бүгдийг хараад гишүүний эрх зүйн байдал нь энэ юм байна, парламенынх нь зохион байгуулалт ийм байдаг юм байна, дэг нь энэ юм байна гээд гурван тусад нь нэлээн нарийвчилсан хуулийн төсөл оруулж ирсэн. Харамсалтай нь тэр хууль хэлэлцэгдээгүй.

-Яагаад?

-Нэг ийм үг байдаг шүү дээ. Өөрчлөлтийг хүсч байна уу гэхээр бүгд гараа өргөдөг. Та өөрөө өөрчлөгдөхийг хүсч байна уу гэхээр бүгд гараа буулгадаг гэж. Гадагшаагаа чиглэсэн өөрчлөлтөд бүгд ууртай байдаг мөртлөө өөр лүү нь чиглээд ирэхээр бүгд зүгтаад алга болчихдог. Энэ ганцхан парламентад байгаа юм биш, бүх байгууллагад бий. Бидний нэг том зовлон юм даа. Өөрчлөлтийг хүсдэг, гэхдээ тэр өөрчлөлтөнд өөрсдөө өртөж байсан ч гэсэн айж болгоомжлохгүйгээр урагшаа алхаж чаддаг хүмүүс олонхи болохгүй, тийм үзэл бодол хүмүүсийн толгойд жаахан ч гэсэн давамгайлахгүйгээр үүнийг хийхэд хэцүү л юм билээ.

-Үндсэн хуулийн шинэчлэл, засаглалын хямралын асуудлаар УИХ дээр сүүлийн дөрвөн жил, жаахан урагшлуулаад харвал арав гаруй жил ярилаа. Нэг болохоор Засгийн газар нь УИХ-аа атгачихлаа гэнэ, дараа нь УИХ нь Засгийн газрынхаа ажлыг хийлгэхээ байчихна, сүүлдээ бүр Ерөнхийлөгч нь бүгдийг нь мэддэг ч юм шиг болчихлоо. Ерөнхийлөгчийн засаглалтай болсон нь дээр гэж ил тод хэлдэг улстөрч ч бий. УИХ нь үүнийг, Засгийн газар нь түүнийг хийдэг юмаа гэдэг засаглалын тэр хил хязгаарыг яаж тогтоох вэ?

-1992 оны Үндсэн хууль өөрийнхөө үүргийг маш сайн гүйцэтгэсэн. Гэхдээ одоогийн үүсээд байгаа нөхцлийг шийдэж чадахгүй байна. Тиймээс Үндсэн хуулиа өөрчлөх ёстой гэдэг байр суурийг би өмнөх дөрвөн жилд ч хэлж байсан, сүүлийн дөрвөн жил ч ярьсан. Энэ өөрчлөлт яаж хийгдэх ёстой вэ гэхээр парламентыг засаглалыг илүү боловсронгуй болгох чиглэл рүү л явах ёстой. Ний нуугүй хэлэхэд Засгийн газар чинь Засгийн газар биш болчихоод байна. Нам доторх фракц бүлэглэлүүд нь Засгийн газрынхаа чиг үүргүүдийг хувьчилж хувааж авчихаад элэг бөөрөөрөө очоод нийлчихлээ.

Тиймээс Засгийн газар кабинетийн журмаар ажиллаж чадахгүй байна. Дээр нь гүйцэтгэх эр мэдлээ хэрэгжүүлж чадахгүй, парламент нь түүнийг нь булааж аваад хууль тогтоогч биш, гүйцэтгэх эр мэдлийг хэрэгжүүлэгч болж хувирчихад байна. Тавантолгойгоос эхлээд том том төслүүдийг хар л даа. Юунаас болж гацав. Гүйцэтгэх эрх мэдлийн хийх ёстой ажлыг хууль тогтоогч нар булааж аваад л дампууруулаад, жонхууруулаад дуусч байна шүү дээ. Үүнд хэн буруутай юм. Нэгд Үндсэн хуулийн эрх мэдлийн хуаарилалт чинь жонхуу болчихжээ.

Хоёрт Үндсэн хуульд тодорхой заачихсан эрх мэдлийг хүртэл парламентад алдаад шийдвэр гаргачихжээ. Яг үнэндээ ингээд харахаар Ерөнхийлөгч ч тэр, УИХ-ын дарга ч, УИХ-ын 76 гишүүн, Ерөнхий сайд нь ч тэр аль эрх мэдэл нь хэн дээр байгааг мэдэхийн аргагүй зиг заг үүсчихлээ. Хил зааг гэж юм байхгүй, бүгд холилдчихсон. Заримдаа бүр хувь хүмүүсийн ааш аягаар асуудал шийдэгддэг болж. Хамгийн сүүлд гарсан жишээг хар л даа. Захын нэг УИХ-ын гишүүн гарч ирж ширээ шаагаад “Цагдаагийн даргаа өөрчлөхгүй бол манай фракц Засгийн газарт байгаа гишүүдээ татаж авна” гэнэ. Энэ одоо юу гэсэн үг вэ.

Аль нэг улс өөр нэг улсад суулгасан дипломат төлөөлөгчөө татаж авах гэж байгаа юм шиг ярьж байгаа байхгүй юу. Ийм дор ортлоо эрх мэдлийн хуваарилалтыг гажуудуулсан байна. Үүнийг шийдэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт орох ёстой, нэгдүгээрт. Хоёрдугаарт УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн гэж хэн юм. Энэ дүр зургаа зөв гаргая. УИХ-ын дарга гэдэг хурал зохион байгуулагч болохоос биш УИХ-ыг дангаараа төлөөлж шийдвэр гаргадаг хүн биш.

Ерөнхийлөгч бол УИХ, Засгийн газар хоёр хоорондоо үл ойлголцож зөрчилдөөн үүсэхэд дундуур нь орж зохицуулагч, эвлүүлэгч байх ёстой болохоос биш аль нэгийнх нь эрх мэдлийг булааж аваад өмнөөс нь хэрэгжүүлэгч биш. УИХ-ын 76 гишүүн бол нэгдүгээрт сонгогчдын төлөөлөгч, хоёрдугаарт хууль тогтоогч. Түүнээс биш тогтоосон хуулиа хэрэгжүүлэх гэж гүйдэг хүн биш. Тэр тусмаа мөнгө зарж гүйдэг хүн бүр биш. Мөнгө зардаг болоод ирэхээрээ төсөв захиран зарцуулагчийн хэмжээнд луйварчин болж хувирна. Төсвийг зөв зарцуулсан уу гэж хянах ёстой хүн нь өөрөө зарцуулагч болоод, өөрийнх нь зарцуулсан мөнгө Засгийн газрын зарцуулснаас илүү “но”-той болоод ирэхээр яаж Засгийн газраа хянах юм. Нөгөө сонирхлын зөрчил чинь үүснэ шүү дээ.

-Энэ олон үйл ойлгогдох байдлаас гарах гарц нь юу вэ?

-Одоогоос зургаан сарын өмнө хэлж байснаа би санаж байна. Сонгууль болтол зургаахан сар үлдлээ. Энэ УИХ бүрэн эрхийн хугацаагаа нэр төртэйхэн дуусгая гэж байгаа бол гуравхан зүйлийг хийе гэж. Хуулийн чиглэлийн шинэтгэлүүд тэртэй тэргүй явчихсан учраас би тэр тухай ярихгүй. Нэгдүгээрт, Үндсэн хуулийг өөрчлөх юм уу үгүй юу, эрх мэдлийн хуваарилалтаа шийдэх юм уу үгүй юу? Хоёрдугаарт, Улс төрийн намын хуулиа шийдээд мөнгөний сонгуульд өрсөлдөж ордог, мэргэшсэн төрийн байгууллагыг үгүй хийдэг, намаар дамжаад хэн ч хаана ч очиж болдог гэдэг энэ увайгүй, дүрмийн бус тоглолтоо зогсоох юм уу үгүй юу?

Гуравдугаарт, сонгуулийн тогтолцооны хувьд үнэхээр дэвшилттэй зүйл хийсэн бол одоо хөдлөх хөдлөхгүйгээ шийдээрэй гэсэн. Харамсалтай нь алийг нь ч шийдсэнгүй. Харин ч эсрэгээрээ Үндсэн хуулийн цэцийг ашиглаж байгаад сонгуулийн тогтолцоогоо бүр дампууруулчихлаа. Одоо 76 жижиг гэдэг хамгийн их мөнгө, хамгийн их жалга дов ярьдаг сонгуулийн тогтолцоо руу үсрээд орчихсон. Нөгөө Үндсэн хуульд заасан “УИХ-ын гишүүн нийт Монгол Улсын эрх ашгийн төлөө ажиллана” гэдэг зарчим алга болсон. Аль нам байх нь хамаагүй. Нийтийн ашиг сонирхлын төлөө биш, өөрийнхөө авсан эрх мэдлийг “Манай фракц, миний хүмүүс сонгуульд ялаад дараагийн Засгийн газарт хамтарч л байвал ямар дүрмээр тоглох нь хамаагүй” гэдэг ийм нүдээр харж, ийм толгойгоор бодохоор л улс дампуурдаг юм байна.

-Тийм байхгүйн тулд л бид “хувь хүний биш, хуулийн засаглал хэрэгтэй” гэж сүүлийн хорин жил ярилаа шүү дээ. Гэтэл тэр маань хаана байна?

-Ардчиллыг хуульчилж болно, хуулийг ардчилж болохгүй ээ гэж нэг үг бий. Хэн нэгэн хүний ааш аягаар хүмүүс, нийгэм хөтлөгдөж болдоггүй юм байна аа. Хэсэг бүлэгт ч бас хөтлөгдөж болохгүй нь. Тэр нь нам байна уу, төр байна уу, ямар гоё нэртэй байхаас үл шалтгаалаад хэсэг бүлгийн ноёрхол л тогтчих гээд байна. Тиймээс ухаалгаар бодож олсон дэг журам, эсвэл амьдралын үнэнээс шалгаран гарсан хэм хэмжээ чухал юм байна. Хуулийн зааглалыг тогтоож чадсан нийгэмд хувь хүн аюулгүй, төр засаг эерэг сайн, үр бүтээлтэй, нэр хүндтэй байдаг юм байна. Хуулийн засаглалыг яаж тогтоох вэ гэж байна. Хамгийн түрүүнд сайн хууль байх ёстой. Сайн хуулийг судалгаан дээр үндэслэж, алсын үр дагаврыг нь тооцож байж мэргэжлийн хүмүүс бичнэ. Сайн хуулийн үзэл санаа түрүүн хэлсэнчлэн хүнд ойрхон, хүний төлөө байх ёстой. Ингээд харахаар парламент буюу УИХ маань ямар байх ёстой вэ гэдэг асуулт гарч ирнэ. Циркийн манеж шиг байх юм уу?

Хоёрдугаарт цаасан дээр хууль бичих нэг хэрэг. Тэр бол харьцангуй амархан. Түүнийг амьдрал дээр хэрэгжүүлэх ньтэрнээс хэд дахин хүнд ажил. Тэгэхийн тулд даргын үгээр ажилладаг бүтэц биш, хуулийг өөрийг нь дээдэлж ажилладаг зохион байгуулалт хэрэгтэй. Социализмын үед хүмүүсийг захиргааны аргаар удирддаг учраас даргын үг хууль байлаа. Одоо ч энэ уламжлал бүх төрийн байгууллага дотор байна.

Ямар ч байгууллагад орсон дарга нь хэн байна, тийм соёл л тэр байгууллагад ноёлж байна шүү дээ. Даргад л таалагдаж байвал би энэ ажил дээр байна гэсэн арьсаа хамгаалсан үзэл санаа бүх байгууллагад нэвт шингэчихсэн. Сая бид хоёрын ярьсан процессийн хууль дотор ч гэсэн хүний ийм хүчин зүйлийг багасгахын тулд бүх үйлдлийг нь журамлаж өгч байгаа юм. Дорж байна уу, Дондог байна уу хамаагүй, та энэ хуулийг барьж ажиллаж байвал сайн ажилчин. Түүнээс биш даргад таалагдвал сайн, дарга таалахгүй бол муу ажилтан биш. Үүнийг л хуулийн засаглал гэж байгаа юм.

-Өнгөрсөн дөрвөн жилд ажилласан УИХ-ын үйл ажиллагаанд иргэд удахгүй дүнгээ тавина аа. Гэхдээ би танаас өөрөөс тань асуумаар байна. Энэ удаагийн УИХ-ын ажилд ямар дүн тавих вэ?

-Бүх зүйлийг багцалж нэг шуудайд хийгээд үнэлэх боломж бол хомс. Зүгээр гурван чиглэлд би хувьдаа үнэлж үзэж байсан юм. Энэ удаагийн УИХ-ыг хүний эрх, хуулийн системийн шинэчлэл талаас нь үнэлбэл тав хүртэл үнэлгээ өг гэхэд бараг тав авна. Үнэхээр энэ парламентын баталсан хуулиудыг хар л даа. Нээлттэй сонсголын хууль, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, Шилэн дансны хууль гээд хэн санаачилснаас үл хамаараад ажилласан үр дүнг нь харахаар хүний эрхийг хамгаалах, төрийг ил тод, хариуцлагатай болгох чиглэлээр үнэхээр сайн ажилласан. Эдийн засгийн дүр зургаас нь харахад том төслүүдээ гацаалаа, Монголд орж ирж болох байсан хөрөнгө оруулалтууд буцлаа, гэхдээ нөгөө талдаа тодорхой хэмжээний үйлдвэрлэлүүдийг барих гэж оролдсон учраас дунд дүн тавина.

Гуравдугаарт, парламент өөрөө ямар шийдвэр гаргаж байгаагаас үл шалтгаалаад ард иргэдийг итгэлийг хэр зэрэг авч, төлөөллийг хэрэгжүүлж чадав аа гээд үзвэл бас тааруухан болов уу. Яагаад гэвэл маш их хий хоосон шүүмжлэл өрнүүлсэн, хэтэрхий их популизм хийсэн. Шүүмжилж болно, гэхдээ шүүмжлэлийнхээ нөгөө талд альтернатив шийдлийг нь гаргаж ярих хэрэгтэй шүү дээ. Гэтэл тэр шийдэлгүйгээр юуг ч хамаагүй шүүмжилдэг, харлуулдаг зүйл хэтэрхий их явлаа. Нэг завин дээр суучихаад нэг нэг рүүгээ нулимаад байвал олон нийтийн дунд тэр завины л нэр хүнд унана. Энэ завиныхан хэрэг алга аа, өөр завь ирэх нь үү гэж харна биз дээ. Тэр байдлаараа бол жаахан тааруу ажиллалаа. Ийм л гурван дүн тавих юм байна.

 

ШИНЭ МЭДЭЭ