МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2016.06.03
Улстөр

Хуулийн салбарын шинэтгэл 15 жилд нэг удаа явагдаж байна

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-VIP76.mn сайтаас гаргасан судалгаагаар өнгөрсөн дөрвөн жилд хамгийн олон хууль санаачилсан, боловсруулсан, батлуулсан гишүүнээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг нэрлэсэн байна. Ялангуяа хуулийн салбарт шинэчлэлийн шинжтэй том том хуулиудыг батлуулсан. Батлуулсан хуулиудаа багцлаад товчхон танилцуулж болох уу?

-Нэг бодлын аз юм. Хуулийн салбарын шинэтгэл 15 жилд нэг удаа явагдаж байна. 2002 онд Ц.Нямдорж сайдын үед Эрүүгийн болон Иргэний хуулийн суурь шинжтэй өөрчлөлт хийгдсэн. Түүнээс хойш 14 жилийн дараа энэ том шинэтгэл явж байна. Азаар гэх үү, тохиолдлоор гэхүү энэ шинэтгэлийн давалгаан дээр Хууль зүйн сайд байж, шинэчлэлийг түрж явлаа. Батлуулсан хуулийн тооноос чанар нь илүү үр өгөөжтэй бөгөөд суурь шинжтэй байгаа юм.

2012 онд Хууль зүйн сайдын ажлыг аваад хэлж байснаа санаж байна. Хуулийн салбарыг шинэчлэхийн тулд зайлшгүй баталж хэрэгжүүлэх ёстой 41 хууль бий. Жижиг сажиг нэмэлт өөрчлөлтийг тооцохгүйгээр шинэчилсэн найруулга болон үзэл баримтлалын маш том шинэчлэл хийх ёстой 41 хууль байна гэж. Үндсэндээ энэ хугацаанд 38-ыг нь шийдсэн, шийдэх гэж оролдсон байна. Багцлаад харвал таван бүлэгт хувааж болж байна.

Нэгдүгээрт яах аргагүй шударга ёсны тогтолцоо, хариуцлагын тогтолцоог сайжруулахад чиглэсэн эрүүгийн эрх зүйн шинэтгэл байна. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай гэх мэтчилэн юуг гэмт хэрэг, юуг зөрчил гэж үзэх, ямар хариуцлага оногдуулах, оногдуулж байгаа хариуцлага нь шударга ёсыг яаж хангах вэ гэдгийг шийдэж байгаа нэг том шинэтгэл байна. Энэд хүний эрхийн болон шударга ёсны асуудал байгаа. Эрүүдэн шүүхгүй, хүний эрхийг хөндөхгүйгээр зохистой, үр ашигтай ажилладаг хууль сахиулах байгууллагын асуудал байгаа. Энэ бол нэг багц шинэчлэл.

Хоёрдугарт, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой тодорхой хуулиудыг батлуулсан байна. Хуулийн этгээдийн хөрөнгийн бүртгэл, Үл хөдлөх хөрөнгийн барьцаалан зээлдэх боломжуудыг хангах, маргаан шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой Арбитрын хууль, нөгөө хэл амтай Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Өршөөлийн хууль ч үүн дотор байгаа. Эдийн засгийн эргэлтийг яаж сайжруулах вэ, хөрөнгийг хууль ёсны болгож, бүртгэлжүүлж, баталгаажуулах вэ, хувь хүний санаачилгыг яаж эдийн засгийн эрх чөлөө болгох вэ гэдэгт чиглэсэн бас нэг шинэтгэл энэ.

Гурав дахь нь төрийн байгууллагын үйл ойлгогдох байдал, авилга, хүнд суртлыг багасгах, ил тод байдлыг нэмэгдүүлэхтэй холбоотой хуулиуд байна. Энд Захиргааны ерөнхий хууль, Захиргааны процесс, Нээлттэй сонголын тухай Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хууль ч байх жишээтэй. Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааг ил тод болгохтой холбоотой нөгөө хэл амтай хууль ч энд хэсэгт орно. Дараа нь иргэний нийгмийг бэхжүүлэхэд чиглэсэн хуулиуд байна. Боловсруулалт нь дууссан ч харамсалтай нь нэг нь ч өргөн баригдаагүй. Дараагийн Засгийн газар ийшээ анхаараагүй учраас өргөн баригдаж чадалгүй үлдсэн.

Гэх мэтчилэн 38 хуулийг боловсруулаад, өргөн бариад, зарим нь буцааж татагдаад, эргээд УИХ дээр орж ирэхэд нь өөрөө зүтгэсээр байж концепцийн алдаагүй батлуулсан хорь гаруй хууль байна. Саяхан тооцоод үзсэн чинь энэ бүх хуулиуд дээр ажилласан 600 гаруй хүн байна. Их сургуулийн багш, хуулийн байгууллагын ажилтан, яам, УИХ-ын тамгын газрын мэргэжилтнүүд, судлаачид гээд. Ер нь бол 2002 оноос эхэлсэн ажил байхгүй юу. Арав гаруй жилийн судалгаа, хоёр жилийн боловсруулалт, гурван жилийн нүсэр хэлэлцүүлэг нийлээд 15 жил үргэлжилсэн амьд процессийн үр дүнд энэ шинэтгэл хийгдэж байна.

-Олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан, батлуулах явцад ч нэлээд маргаан дагуулсан нь том хууль нь Эрүүгийн хууль. Энэ шинэчлэл Монгол Улсын хөгжилд ямар өөрчлөлт авчирна гэж та харж байна? Учир нь нэвтрүүлгийн маань нэр хөгжлийн төлөө...

-2002 оноос эхлээд эрүүгийн эрх зүйн судлаачдын гаргаж тавьсан суурь шинжтэй 4-5 зүйл бий. Хамгийн эхнийх нь Эрүүгийн хууль тухайн нийгмийнхээ үнэт зүйлийг гэмт хэрэг гэдэг үзэгдлээс хамгаалахад чиглэдэг. Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулийн шинэчилэлт нь 1992 оны Үндсэн хуулиар заасан харилцаануудаа хамгаалж чадаагүй. Яг л хуучин социалист маягийн гэмт хэргүүдээ бичсэн, социализмын үед үнэт зүйлд тооцож байсан тэр зүйлүүдээ л хамгаалсан.

Гэтэл 1992 оны Үндсэн хуульд “хамгаалах ёстой зүйл мань хүн юмаа” гээд биччихсэн байгаа. Түүний дараа гарсан Эрүүгийн хуулиар үүнийг зохицуулалгүй 14 жил явлаа. Одоо харин Эрүүгийн шинэ хууль маань хүн хамгаалдаг тогтолцоо руугаа ороод ирэхээр “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг” гэж тусгай бүлэг хүртэл бичиж байна, гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцож, бэлгийн янз бүрийн халдлагыг хуулиар нарийвчилж, өмчийн халдашгүй байдлыг тодорхой зохицуулах шаардлага бий болж байна. 1992 оны Үндсэн хуулиар юуг нийгмийн үнэт зүйл гэж тооцсон, тэр зүйлүүдээ Эрүүгийн хуулиараа хамгаалаад ирэхээр маш олон зүйлийг шинээр “энэ чинь гэмт хэрэг, энэ нь биш юм байна” гэдэг ялгамж зааг бий болж байна. Үндсэн хуулиар тогтоосон нөгөө ардчилал, зах зээл, иргэний нийгэм, хэвлэлийн эрх чөлөө гэдэг зүйл чинь хоосон ярьдаг зүйл биш, гэмт хэрэг гэдэг үзэгдлээс хамгаалагдах ёстой зүйл болсон байхгүй юу.

Хоёр дахь нь хуучин эрүүгийн хуулийг “шоронжсон” гэдэг маш том шүүмжлэл байсан.

         Үргэлжлэлийг нэвтрүүлгээс үзнэ үү

 

 

ШИНЭ МЭДЭЭ