Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томиллоо
2016.08.01
Эдийн засаг, Худалдаа

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томиллоо

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцлээ.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг үндэслэн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Очирхүүгийн Эрдэмбилэгийг томилуулах саналыг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тухайгаа танилцуулав.

Нэр дэвшигч О.Эрдэмбилэг нь 1994-1998 онд МУИС-ийг эдийн засаг, санхүүч мэргэжлээр төгсөж, 2000-2002 онд Австралийн Улсын их сургуульд хөгжлийн эдийн засгийн мастер хамгаалжээ. Тэрээр 1998-2007 онд Сангийн яаманд газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, 2004-2005 онд МУИС-д багш, 2007-2013 онд Олон улсын валютын санд улс хариуцсан эдийн засагч, ахлах эдийн засагч, 2013-2014 онд “Ньюком” группэд зөвлөх, 2014 оноос “Голомт” банкны Тэргүүн дэд захирал, ТУЗ-ийн даргын зөвлөхөөр ажиллаж иржээ.

Монголбанкны ерөнхийлөгчийн саналыг Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн тухай тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, А.Баделхан, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, Б.Пүрэвдорж, Б.Ундармаа нар Монголбанкны ерөнхийлөгч болон нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувь нь О.Эрдэмбилэгийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжив.

ШИНЭ МЭДЭЭ