МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хямралыг даван туулах бодлогод дэмжлэг үзүүлж ажиллая
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
2016.08.09
Эдийн засаг, Худалдаа

Хямралыг даван туулах бодлогод дэмжлэг үзүүлж ажиллая

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа. 

-Эдийн засгийн хямрал газар авснаар  хүүхдийн 20 мянгаас эхлээд цалин, тэтгэвэр, тэтгэмж тавьж чадахгүй болох нь гэсэн мэдээлэл сүүлийн хэд хоногт хүчтэй яригдаж байна. Нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг та хэрхэн харж байна вэ? 

Улсын нэгдсэн төсвийн орлогын бүрдүүлэлт төлөвлөсөн хэмжээнээс ихээхэн хэмжээгээр тасалдсанаас үүдэн төрөөс иргэдэд үзүүлдэг тэтгэвэр, тэтгэмж, халамжийг цаг хугацаанд нь өгч чадахгүй байна уу гэж харж байна. Улсын нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдал 1123,9 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 589,0 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт гарсан байна билээ.

Цаашид Засгийн газар бүхий л боломж бололцоогоо шавхаж тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгийг цаг тухайд нь иргэдэд хүргэх талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ярьсан. Долдугаар сард хүүхдийн мөнгө тасарсныг нөхөн олгоно гэсэн.  Одоо манай эдийн засагт бизнес эрхлэгчид мөнгөний эргэлтгүй болсон нь хамгийн их сөрөг нөлөөтэй байна.  Тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдаж авах хүн, компани маш цөөрчээ.  

Нэгэнт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь хэрэглэгчид худалдаж авахгүй, худалдаанд гаргахгүй болохоор арилжааны банкууд компаниудад зээл өгөхгүй. Банк зээл өглөө гэхэд зээл авсан компаниуд зах зээлгүй болчихсон учир мөнгө нь түгжигдэж байна. Энэ бүх сөрөг нөхцөл байдал хоорондоо уялдаад эдийн засаг зогсонги болсон. Өнгөрсөн жилүүдийн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг эргэн дүгнэхэд 2014 оны жилийн эцсээс эхлэн төсөв, мөнгө, гадаад худалдааны болон эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтүүд эрс муудсан байна.

Иймэрхүү байдалтайгаар манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл тун хүндэрснийг бид бүгдээрээ мэднэ. Иргэдийн аж амьдрал өдрөөс өдөрт доройтож, сар тутамд олон зуун бизнес эрхлэгч  үйл ажиллагаагаа зогсоож байна. Манай улсын эдийн засагт хямралын шинж тэмдэг тодорхой илэрснээс хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрч, энэ хугацаанд эдийн засгийн өсөлт тогтмол буурсан.

Экспорт хоёр дахин, импорт 50 гаруй хувиар буурч эдийн засгийн үйл ажиллагаа ихээхэн хумигдаж, хямрал улам бүр гүнзгийрч болзошгүй байна. Цаашид бодит байдалд дүгнэлт хийж, хямралаас гарах арга замаа зөв тодорхойлохын тулд Монголбанк, Сангийн яамны мэргэжлийн хүмүүсийн гаргаж буй судалгаа, дүгнэлт, зөвлөгөөнд анхааралтай хандах нь чухал болохыг манай намын удирдлагууд,  УИХ, Засгийн газрын гишүүд онцгой анхаарах биз ээ.   

 -Хямралыг даван туулахад чиглэсэн арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх нь ойлгомжтой. Таны бодлоор нэн түрүүнд ямар ажил хийх вэ? 

Маш тодорхой, оновчтой арга хэмжээг цогцоор авч хэрэгжүүлмээр байна. Миний бодлоор дотоодын аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл хомс, хүү багатай зээл авахад хүндрэлтэй, өмнө авсан зээл болон татварын өрөө барагдуулах боломжгүй зэрэг  хүнд асуудлыг нь яаралтай шийдэж өгмөөр байна. 

-Шийдэж болох ямар  гарцууд  байна вэ? 

Бизнес эрхлэгчдийн хүү торгуулийг болж өгвөл чөлөөлөх, бага хүүтэй зээл олголтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх шинэ боломжуудыг бий болгох, гадаад валютын орж ирэх урсгалыг нэмэгдүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр бололцоот бүхий л арга хэмжээг авах, гадаад худалдааны хориг саадыг багасгах, дэд бүтцийг хөгжүүлж, тээвэрлэлтийг шуурхай болгох  зэрэг олон талын цогц арга хэмжээг авах шаардлагатай. УИХ, Засгийн газраас хямралыг даван туулахад чиглэсэн арга хэмжээг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын зохистой дэмжлэгт тулгуурлан нягт нямбай хийж. УИХ, Засгийн газар, Монголбанкнаас тодорхойлсон бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхэд улс төрийн намуудын зүгээс чөдөр тушаа болох бус дэмжлэг үзүүлж ажиллая гэж  хэлмээр байна. 

-Энэ сарын сүүлээр ээлжит бус чуулган хуралдаж төсөвт тодотгол хийхээр төлөвлөсөн. Төсвийн тодотголоор эхний ээлжинд ямар асуудлыг шийдвэл зохистой вэ? 

Улсын төсөвт яаралтай тодотгол хийхтэй санал нийлж байгаа. Харин энэ ажлыг хийхдээ хариуцлагатай, зарчимч байр сууриас хандаж, хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа улсын төсөвт дарамт учруулах зарим арга хэмжээг хойшлуулах, мөн 2017 оны тухайд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг эрүүл мэнд, боловсролоос бусад салбарт эрс багасгаж, хумих зэргээр боловсруулбал зүгээр болов уу гэж харж байна. 

-Долдугаар сарын 26-нд та Ерөнхий сайдад сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн талаар асуулга тавьсан. Хариу нь ирсэн үү? 

Бүх шатны боловсролын байгууллагын хүртээмж, хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгт хамрагдах байдал, сургалтын болон сургуулийн дотуур байрны орчин нөхцөл, цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжийн хүрэлцээ ямар байгаа, цаашид Засгийн газраас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ гэсэн асуулгыг Ерөнхий сайдад тавьсан.  

Хариуг нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хүссэн байгаа. Энэ  асуулгад  хариулт авснаар удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж буй  үед иргэд, эцэг эхчүүд маань  бодит мэдээлэлтэй болох болов уу гэж бодож байна. Ер нь ч УИХ-ын гишүүний эрх хэмжээнийхээ хүрээнд асуулга тавьж,  хуралдаан дээр хариугаа авах нь хамгийн зөв механизм гэж би хувьдаа хардаг. 

Тухайлбал, манай тойргоор жишээ  татаад харья л даа. Чингэлтэй дүүргийн гэр хорооллын иргэдэд тулгамдсан асуудлын нэг нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал байдаг.  8, 11 дүгээр хороонд огт цэцэрлэг байхгүй. Тэр байтугай  8 дугаар хороонд сургууль ч байдаггүй. Гэтэл энэ хороо гурван сумын дайтай буюу 5000 хүн амтай. 13 мянган хүн амтай 7 дугаар хороонд сургууль байхгүй гэх жишээтэй.

7-11 дүгээр хорооны нийт хүн амын хэд нь сургуулийн насны, хэд нь цэцэрлэгийн насны хүүхэд байж болох вэ. Эцэг эхчүүд нь маш холоос өглөө оройдоо хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр дүүргээс дүүрэг рүү, хорооноос хороо руу явж байна. Сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй нь гэртээ цоожтой хаалганы цаана үлддэг. Бяцхан үрсийн маань сурч, боловсрох, хөгжих эрхэнд юу ч саад болох ёсгүй  юм шүү дээ. 

-Эдийн засаг хүндэрсэн хямралын энэ үед УИХ-ын гишүүний, эрх баригч намаас сонгогдсон төлөөллийн  хувьд  та иргэддээ хандаж юу хэлэх вэ? 

Иргэдийнхээ итгэлийг дааж улс орон , өрх айл бүрийн сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ ажиллана. Намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан болон иргэдийн амьдрал дунд харж байхад хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлыг иргэдтэйгээ холбоотой ажиллаж судалж мэдэн, хийж хэрэгжүүлэх ажил их байна.

ШИНЭ МЭДЭЭ