МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөөх бүлгэм байгуулна
УИХ-ын гишүүн Г.Занданшатар
2016.08.12
Хүний эрх

Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөөх бүлгэм байгуулна

УИХ-ын гишүүн Г.Занданшатартай ярилцлаа.

-Анхдугаар чуулганы үеэр та мэргэжлийн Засгийн газрын тухайд нэлээд судалгаатай зүйл хэлж байсан. Тухайлбал, та Японы талаар сонирхолтой баримт дурдсан. Тэр талаар тодруулж, сонирхох гэсэн юм.

-Технократ (Technocrat) мэргэжлийн Засгийн газар гэсэн ойлголтын талаар Азийн болон барууны загвар гэж байдаг л даа.

Тухайлбал, амжилттай хөгжсөн Сингапур, Тайвань маягийн Азийн хөгжлийн загвараар мэргэжлийн Засгийн газар гэдэг нь зөвхөн сонгон шалгаруулалтаар бүрдсэн төрийн албыг мэргэжлийн, урт хугацаанд тогтвортой ажиллуулах Үндсэн хуулийн бүтэцтэй байхыг хэлдэг. Ийм нөхцөлд зөвхөн мэргэжлийн сонгон шалгаруулалтаар тогтвортой, мэргэшсэн, чадварлаг, хүчирхэг төрийн алба бүрддэг.

Японы Засгийн газар бол өөр нэг сонгодог жишээ юм.

Тус улсын Эдийн засаг, үйлдвэр, худалдааны яам (MITI) бол судалгаа, ТЭЗҮ-д үндэслэн Японы эдийн засгийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хөгжлийн бодлогыг тодорхойлдог. Хуучнаар бол төвлөрсөн төлөвлөгөө боловсруулдаг Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хороотой төстэй үүрэгтэй.

Олон улсын үйлдвэр, худалдааны яам үүнийг зах зээлийн тухай ойлголт гэдэг талаас нь бодлого боловсруулдаг.

Өөрөөр хэлбэл, дотоодын болон дэлхийн зах зээлийн хүрээнд сэтгэж, том бодлого хэрэгжүүлдэг. Энэ ч утгаараа Хөгжлийн яам гэж ойлгогддог.

Төр дээдлэх соёл, уламжлал, зарчим дээр тогтдог Азийн энэ загвар Монгол Улсад илүү тохиромжтой гэж би үздэг.

Энэ судалгааныхаа тухай “Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн, Нэг Монгол Нэг Зүгт” номондоо тодорхой бичсэн.

-Манай улсад Хөгжлийн яам байгуулах шаардлагатай юу. Эдгээр улсад төрийн алба тогтвортой, мэргэжлийн байж, хөгжлийн гол хүчин зүйл болдог гэсэн үг үү?

-Үйлдвэр, худалдааны яам гэх үү, Хөгжлийн яам гэх үү, тэр нэг хэрэг. Төлөвлөгөө эдийн засгийн улсын хороо шиг яам байх зайлшгүй шаардлагатай.

Японы Эдийн засаг, үйлдвэр, худалдааны яам 1949 онд байгуулагдсанаасаа хойш нэр, бүтэц, зохион байгуулалт нь 52 жилийн хугацаанд огт өөрчлөгдөөгүй, тогтвортой ажилласнаар тус улс хөгжиж чадсан гэж үздэг. MITI 52 жилийн дараа Эдийн засаг, үйлдвэр, худалдааны яам болж өөрчлөгдсөн ч мэргэжилтнүүдээ солиогүй байдаг.

Ингэж тогтвортой ажиллаж байгаа институт мэргэжлийнх бололгүй яах вэ дээ. Ийм маягаар төрийн албыг мэргэжлийн болгож, Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгодог таван засаглалын онолд суурилсан бодлого хэрэгжүүлсэн орнууд бол Тайвань, Сингапур, Солонгос юм.

Эдгээр нь Азийн бар гэгдэж, орчин үеийн хөгжлийн шинэ загвар болон дэлхийд гайхагдаж байгаа шүү дээ. Мөн энэ загварын элементүүдийг Хятад авч хэрэгжүүлж байгаа.

Азийн төдийгүй дэлхийн хамгийн хурдтай, амжилттай эдийн засаг бүхий энэ улс таван засаглалын зарчмаар хөгжиж байна.

Тэгэхээр энэ бүхнийг харгалзан судалж, манайх шиг парламентын ардчилалтай орнууд Засгийн газраа яаж байгуулбал үр дүнтэй вэ гэсэн зүйлийг чиг баримжаа болгох ёстой.

Нөгөө талаас дотоод улс төр, эдийн засгийн байдлаа нөхцөлдүүлэх шаардлагатай.

Миний номноос Азийн 14 улсын хөгжлийн загварын судалгааг сонирхож болно. Дээр дурдсан таван улс хамгийн амжилттай хөгжиж байгаа нь юм.

Тэр л загвараар Монгол Улс мэргэжлийн Засгийн газар байгуулж ажиллах ёстой гэж хэлэх гэсэн юм.

-Төрийн албаныхан нь сонгуулиас сонгууль, сайдаас сайдын хооронд хөдөлж, бужигнадаг болчихсон манай улс чухам хаана нь яваа бол?

-Ерөнхийдөө дээр дурдсан улсуудын араас Тайланд, Малайз, Индонез зэрэг орныг нэрлэж болно. Тэд бол сайн хөгжиж байгаа, бодлоготой улс. Хөгжлийн бодлогоо таван жилээр төлөвлөдөг.

Гэхдээ миний хэлээд буй Үндсэн хуулийн таван засаглалын загварыг хэрэгжүүлдэггүй. Тийм ч учраас Тайвань, Сингапур, Солонгос шиг амжилтад хүрээгүй байна.

Харин хамгийн муу ангилалд орох улс бол Филиппин. Энэ улс байгалийн асар их баялагтай. М

анайх Филиппиний араас л яваад байгаа юм. Засаглал байгуулж байгаа загварыг харахад тэгж хэлэхээр байна. Одоогийн энэ байдлаар явбал Аргентин Улсын араас дефолт руу явж болзошгүй.

-Тэгээд таны саналыг тусгаж уу?

-Хөгжлийн бодлого, төлөвлөлт хийдэг яам Засгийн газарт байхгүй л болчихлоо.

Үүнд суурилж Үндсэн хуулийн суурь өөрчлөлтийн асуудлыг зангидаж, реформ хийх ёстой.

-Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг С.Баярын Засгийн газрын үед Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж байлаа.

-Эдийн засгийн хөгжлийн яам ажил хийж л байсан байж таарна. Гэтэл үгүй болгосон. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо ч адил.

Ингэж төрийн бодлогын залгамж чанар, бодлого боловсруулдаг институт, түүний бүтэц нь өөрчлөгдөөд байхаар төрийн бодлогын тогтвортой байдал алдагдаж байгаа юм.

Үүнээс болж хөрөнгө оруулагчид үргэж, бизнес тогтворгүйтэж, эдийн засаг унаж байна.

-Шалтгаан нь юу юм бэ. Бид юун дээр алдаад байна вэ?

-Үндсэн хуулийн реформын хүрээнд төрийн албаны сонгон шалгаруулалтын засаглал бий болгож чадахгүй байна.

Төрийн албаны зөвлөлийг мэргэжлийн болгож, мэргэжлийн Засгийн газар тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлж байж л улс орон хөгжинө. Энэ бол Сингапур, Тайвань, Солонгос, Японы загвар.

-Та “Үндсэн хуулийн реформ” гэж хэд хэдэн удаа дурдлаа. Өнгөрөгч парламент үүнийг хийх гээд хүчрээгүй. Харин одоо МАН-ын 65 гишүүн Үндсэн хуулийг өөрчлөх эрх нь байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөөх бүлгэм байгуулж буйгаа албан ёсоор зарлаж байна.

Тавдугаар Үндсэн хууль баталж, Үндсэн хуулийн таван эрх мэдэл, таван засаглалын загвар батлахын төлөө бид ажиллах болно. Ингэхгүй л бол улс орны хөгжил жигдрэхгүй.

-Үндсэн хуулийн таван эрх мэдэл гэж та юуг хэлээд байна вэ. Гурван засаглалын тэнцвэрийг хангах тухай л ярьдгийг л сонссон юм байна.

-Үүнийг Ази маягийн хөгжлийн загвар гэж хэлж ч болно л доо.

Нөгөө л Сингапур, Тайвань, Хятадын Үндсэн хуульд таван эрх мэдлийн зарчим үйлчилдэг гэсэн үг.

Япон Үндсэн хуульдаа тусгаагүй боловч төрт ёс, соёлынхоо ойлголтоор таван засаглалын зарчмыг авч явдаг. Бусад хөгжингүй орон тэдэн шиг хурдацтай хөгжиж чадахгүй байна. Малайз, Индонез тэдний түвшинд хүрч хөгжихөд дахиад 22 жил хэрэгтэй.

Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл бие даасан байж гэмээнэ эрх чөлөө, шударга ёс бэхжинэ гэсэн Монтескьюгийн загвар, онол бий. Энэ зарчмын дагуу барууны бүх орны Үндсэн хууль бүтсэн байдаг.

Үндсэндээ энэ бол төрийн болон ардчиллын загвар.

Үүн дээр нэмэгдэх дөрөв, тав дахь эрх мэдлийн тухай би хэлэх гээд байгаа юм. Тэр бол төрийн албаны сонгон шалгаруулалтын засаглал.

Манай Төрийн албаны зөвлөл бол төрийн албыг мэргэшсэн, чадварлаг, сонгон шалгаруулалтын зарчмаар бүрдүүлдэг, улс төрийн нам, танил талын нөлөөнөөс ангид байлгах засаглалын хэлбэр юм.

Сингапурын Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчдыг сургаж, дадлагажуулахаас авахуулаад албан тушаал дэвшүүлэх бүхий л үйл ажиллагааг хариуцдаг.

Төрийн албаны зөвлөлийн ерөнхийлөгчийг зургаан жилээр томилдог, шүүх шиг бие даасан эрх мэдэл хэрэгжүүлдэг. Хятадад гэхэд л төрийн албаны шалгалт өгөхдөө хуулах зэрэг хууль бус үйлдэл хийвэл эрүүгийн хариуцлага хүлээдэг.

Өөрөөр хэлбэл, төрд хүчтэй, ёс суртахуунтай хүмүүс ажиллах ёстой гэсэн Ази маягийн загвар учраас Үндсэн хуулийн дөрөв дэх засаглал болж байгаа юм.

-Тав дахь нь?

-Хяналт шалгалтын засаглал байх ёстой. Төрийн шударга бус байдал, авлигатай тэмцэх ажлыг Үндсэн хуулийн эрх мэдлийнх болгочихож байгаа юм.

Хятадын Үндсэн хуулиар Ардын хянан шалгах хороог бие даасан, хараат бус болгосон байдаг. Тус байгууллагын даргыг Си Зиньпин ч халахгүй. Сингапурт ч адил.

-Ардын нам сонгуульд ялснаар өмнөх Засгийн газрын үед ажиллаж байсан төрийн албан хаагчдыг өс авах байдлаар хоморголон халах вий гэсэн болгоомжлол байна. Үндсэн хуулийн реформ хийх хүртэл төрийн албыг яаж бужигнуулахгүй байх вэ?

-Одоогийн Төрийн албаны тухай хууль муу биш. Төрийн албаны зөвлөлд одоо ч хангалттай сайн ажиллах бололцоо бий.

Гэхдээ хууль хэрэгжүүлдэггүй, “шүдгүй арслан” шиг байгууллага болсон.

-Сонгон шалгаруулалт хийдэг ч хүмүүсийн сэтгэлд хүрдэггүй байх.

-Сонгон шалгаруулалтыг засаглал гэдэг талаас нь Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгон бие даалгачихвал тусдаа соёл, дэг журам үйлчилдэг болно.

Харин одоо сонгон шалгаруулалтыг хүнд нь тааруулдаг, өөрчилдөг гэхчилэн шүүмжилдэг. Сингапур зэрэг улсын зарчмаар явж чадахгүй байгаа нь үнэн.

-Бүлгэм байгуулна гэдэг тань УИХ-ын даргын захирамжаар ч юм уу томоохон ажлын хэсэг байгуулах гэсэн лообий юу. Та намынхаа болон УИХ-ын удирдлагын түвшинд энэ талаар ярилцсан уу?

-Энэ бол их олон жил ярьсан асуудал. МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан гол амлалт, заалтуудын нэг.

Өнгөрсөн жил “Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан.

Зөвлөлдөх ардчиллын аргачлалаар ард түмэнтэйгээ зөвлөлдөж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлье гэсэн агуулгатай хурал байсан.

Энэ хуралд олон улсын эрдэмтэд төдийгүй парламентад суудалтай бүх намын дарга нар оролцсон.

Үндсэн хуулийн өөрчлөлт хийх нь зүйтэй гэдэгт бүх нам санал нэгдсэн. Уг саналаа УИХ-ын Тамгын газарт хүргүүлээд байгаа.

ШИНЭ МЭДЭЭ