МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Энх-Амгалан: Ази-Европыг холбосон дата төвтэй болчихвол энэ улсад хэдэн ам.доллар нь хэрэгтэй
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
2016.08.18
Улстөр

Б.Энх-Амгалан: Ази-Европыг холбосон дата төвтэй болчихвол энэ улсад хэдэн ам.доллар нь хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай ярилцлаа.

-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна гэдгийг улам баталгаажуулж Ерөнхий сайд, Сангийн сайд нар нь мэдэгдэл хийлээ. МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй гэдгийг мэдэгдлийнхээ хүрээнд үг дайгаад байна гэж харлаа. МАН үе шаттайгаар цалин, тэтгэврийг нэмнэ гэсэн. Гэсэн ч нэмэх боломжгүй юм биш үү?

-Бид ажил хийх ёстой. Гэхдээ эхний ээлжинд макро эдийн засгийн түвшнээ яах вэ.

Нэг зүйлийг онцолж хэлье.

Монгол Улс нэг төсөвтэй болох ёстой.

Хоёрдугаарт, төсвийн хяналтыг маш сайн болгох хэрэгтэй.

Гуравдугаарт, төсвийг хэмнэлттэй заръя, дөрөвдүгээрт, тасраад буй төсвийн алдагдлыг бууруулах, төлөгдөх ёстой өр ширийг зайлшгүй төлөх эдийн засгийн боломж, бололцоог хайх шаардлагатай.

МАН ажлын байртай болгоно, цалин хөлсийг нэмнэ.

Тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хэмжээнд нэмнэ, эрүүл мэндийн асуудал дээр онцгой анхаарна хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үүнийгээ хийнэ. Хийх ч ёстой.

Ялангуяа Эрүүл монгол хүн хөтөлбөрийн хүрээнд элэгний өвчлөлийг онцгой анхаарах шаардлагатай болжээ. Элэгний өвчнөөр өдөрт долоо, жилдээ 2600 хүн амь насаа алдаж байна.

Элэгний өвчлөлийн халдвар авсан хүний тоо 450 мянгад хүрчихлээ. Үүнийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгон хэрэгжүүлэх ёстой.

Элэгний өвчлөлийн вирусыг устгах эмийг анх 700 ам.доллараар  оруулж ирж байсан бол одоо 400 ам.доллар болгон буулгаж цаашдаа 100 ам.доллар болгох арга замыг эрэлхийлж байна.

Хэрэв тэгж чадвал 150 мянган монгол хүн эмчлэгдэх боломжтой болох юм.

-Зөндөө л бичиг цаастай зууралдсан сууж байх юм. Нууц биш бол ямар гэрээ хэлцлийн бичиг баримтууд байгаа юм бэ?

-Монгол Улс дата төвтэй болох ёстой гэж үзээд гадны хөрөнгө оруулалтыг татах ажлыг эхлүүлэх хэрэгтэй болж.

Ази-Европийг холбосон дата төвтэй болчихвол энэ улсад хэдэн ам.доллар нь хэрэгтэй юм болов уу гээд л ажлыг нь эхлүүлчих санаатай байна.

Мөн манай улсад аж үйлдвэрийн технологийн парк зайлшгүй шаардлагатай. Бид 2008 оноос хойш энэ талаар ярьж байгаа.

Энэ хүрээнд Технологийн паркийн тухай хууль, Концессийн тухай хууль гарсан.

Аж үйлдвэрийн парктай холбоотой ТЭЗҮ нь гарч, зураг төсөл нь бэлэн болсон. Одоо харин үүнийг ажил хэрэг болгох ёстой.

-Хаанаас гарч ирсэн ТЭЗҮ вэ. Ерөнхий сайд Монгол Улсад хийж, хэрэгжүүлээд явчих боломжтой ганц ч бэлэн ТЭЗҮ алга гэж мэдэгдсэн дээ?

-Өмнө нь хотын даргаар Г.Мөнхбаяр сайдыг ажиллаж байхад хотын төсвөөр хийсэн юм.

Одоо нарийвчлан боловсруулж байгаа. Байгальд ээлтэй хром, сульфитыг шүүчихдэг, малын гаралтай түүхий эдийг иж бүрнээр нь боловсруулчихдаг, ажлын байрыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байна.

-Байршил нь хаана гэж. Одоогийн арьс, ширний үйлдвэрүүд бүгд л Туул гол руу бохироо цутгаад загас, жараахай нь үхэж байна шүү дээ?

-Эмээлтийн арьс ширний Хөшигийн хөндийн хойд талд байгуулах юм. Химийн бодисоор угаасан арьс, ширний бохироо шууд Туул гол руу цутгадаг гэсэн ойлголт бий.

Анхан шатны цэвэрлэх байгууламжаар яваад төв цэвэрлэх байгууламж руугаа явчихдаг юм.

Тэндээс гарсан ус Туул гол руу нийлж байгаа.

Хэрэв энэ үйлдвэрийг бий болгочихвол зах зээлд нийлүүлэгдэж буй 10 сая ширхэг арьсыг иж бүрэн боловсруулах боломжтой болно.

-Одоо бол арьс, шир шиг хэрэггүй зүйл хөдөөнийхөнд алга. Жалгаараа дүүртэл нь овоолсон харагдана билээ. Одоо бол үнэ өсөх, экспортод гарах боломжтой болох юм байна. Энэ мөч хэзээ байх бол?

-Бид хийж үзээгүй биш үзсэн болохоор Аж үйлдвэрийн парк байгуулах ёстой.

Монгол Улс гадагш нь экспортлоод байх арьс, шир, ноос, ноолуур, мах байхгүй. Харин боловсруулаад эхэлбэл баялаг болох юм. Үүнийгээ дагаад ажлын байр ч бий болно.

-Та бол аж үйлдвэрийн салбар Монгол Улсад хэрэгтэй гэж байгаа юм байна. Гэхдээ МАН Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж үндсэн чиг үүргийг нь өөр яамдад харьяалуулсан нь Монголын баялаг бүтээгчдийг цаазалчихаж байгаа хэрэг биш гэж үү?

-Аж үйлдвэрийн яамыг яагаад татан буулгах болсонтой холбогдуулан яриа явсан.

Үүнд Ерөнхий сайд тодорхой тайлбар өгсөн. Яам яамны ажлыг аваад явсан нь бодлогын хувьд буруу.

Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаар аж үйлдвэрийн салбар яаж хөгжив. ДНБ хэрхэн өсөв гэдэг үзүүлэлтийг харахаар бодитой дүн гарч ирэхгүй байна.

-Аж үйлдвэрийн яам байгуулагдаад нэг жил гаруйн хугацаанд ажилласан. Үр дүн гарахын өмнө цаазалчихлаа л даа. Ямар ч ажлыг хийсэн тодорхой цаг хугацаа шаардагддаг?

-Цаазалж байгаа юм биш. Аж үйлдвэрийн бодлого гэдэг зүйл салбар салбарт байдаг.

Салбарт нь эрхийг нь өгөхгүйгээр нэг яаманд бүгдийг нь өгч болохгүй. Тэгэхгүй бол бусад яамдынхаа чиг үүрэгтэй зөрчилдөх юм байна гэж үзээд ийм шийдвэрт хүрсэн юм.

Шинэчлэл зөв болж уу, үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулаад өгнө. Өмнө нь ХХААХҮ-ын яам гэж байхад технологийн паркийн ажил хэвийн явж байсан.

Монгол Улс үр тариагаа дотооддоо хангаад тэр бүү хэл экспортод гаргаж байлаа. Энэ бүгдийг жингийн туухай дээр тавиад харах ёстой.

Аж үйлдвэрийн яамтай байсан гээд Оюу толгой, Таван толгой,төмөрлөгийн чиглэлийн зүйлс юу болов. Өргөн утгаар нь хараарай. Цаг хугацаа харуулах биз дээ.

-Эдийн засаг муу байна гээд анх удаа сонсож байгаа юм шиг МАН-ынхан хашгирцгааж байна л даа. Үнэндээ МАН-ын гишүүн Ч.Улаан хоёр жил Сангийн сайд, Ерөнхий сайд нэг жил Сангийн сайдаар ажиллпасан. Яагаад мэдээгүй юм шиг иймяриад байгаа юм бэ?

-Зарим нэг мэдээлэл нь Сангийн яамаар явж байсан. Улсын нэг төсөв нь Сангийн яамаар явсан ч Монголбанк, Хөгжлийн банкны төсөвт Сангийн сайд нь тэр бүр оролцоод байх боломжгүй.

Их хурал дээр нээлттэй мэдээлэл хийгээгүй тул тэр бүр мэдээлэл олж авч чадаагүй.

Нийгэмд үр ашгаа өгөхгүй төсөл хөтөлбөрүүдийг дахиж хэрэгжүүлнэ гэдэг хэцүү. Ажлын байр, хуримтлал бий болгосон, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэхүйц томоохон төслүүдээ хэрэгжүүлэх цаг болсон.

-Тухайлбал...

.-Ерөнхий сайд нефть боловсруулах үйлдвэрийг барих ёстой гэж байсан. Томоохон уурхайнуудыг үр ашигтай хөдөлгөж, малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр барих ёстой.

Үр тариагаараа эх орноо бүрэн хангах хэрэгтэй. Хашаа, зам тавихыг эсэргүүцэж байгаа юм биш. Хэзээ гэдэг нь чухал. Ямар хөрөнгөөр тавих вэ гэдгээ бид тооцох шаардлагатай.

Үр ашгаа өгөх, мөнгө болох төслүүдэд мөнгөө зарах ёстой. Энэ чиглэл рүүгээ явах байх гэж бодож байна.

-“Сайн” хөтөлбөрүүд бол төсвөөс мөнгө гараагүй, арилжааны банк олгож байсан. Заавал энэ хөтөлбөрүүдийг зогсоож байхаар “МАНай хашаа”, “МАНай оюутан” гэдэг ч юм уу үргэлжүүлж болно гэдгийг эдийн засагч С.Дэмбэрэл хэлж байсан даа?

-Бид нийгэмд өгч байсан мессэжүүдээ эргэн санах ёстой. Улаанбаатар хот дэд бүтцийг бий болгон хувийн

сайхан байшинтай болгоно гэж байсан. Дэд бүтцийг нь татаад өгнө гэсэн. Наад газар чинь маш их үнэ хүрнэ.

Маргааш нь ирээд дэд бүтцийг нь тавиад өгнө гэсэн яасан гэж Яармагийнхан асууж байна. Энэ мэтчилэн үг, ажлын зөрүүнээс болсон. Үүнийгээ гоёж, чимэглэсэн шоу болгох хэрэггүй.

Хашааг чинь сайхан болгож өгнө гэсэн яаав. Өнөөдөр хамгийн түрүүнд иргэд эрүүл баймаар байна шүү дээ.

Хоёрдугаарт, ажилтай, орлоготой баймаар байна. Гуравдугаарт, цалингаараа авто машин, орон сууцтай болдог болмоор байна.

-Хэзээ тийм цалинтай болох нь тодорхойгүй. Гэхдээ тийм болтол Яармагтаа “заваараад” амьдар гэсэн үг үү?

-Бид энэ том ажлыг нэг амьсгаагаар шийдэж чадахгүй. Хамгийн бололцоотой газраас нь эхлэх ёстой.

-Тэндээсээ эхлээд явж байсан юм биш үү?

-Тэгсэн л юм бол энэ гэр хороолол чинь орон сууцны хороолол болохгүй яасан юм.

-Нийслэл хот нүүрээ угаасан хүн шиг боллоо гэдгийг хүн бүр яриад байгаа юм биш үү?

-Хийсэн ажлууд бий. Алдаатай хийсэн зүйлс ч бий.

-Бондын эргэн төлөлтүүд хийгдэнэ. Ирэх жилүүдэд амаргүй л байна байх даа?

-Монголчууд хувь заяа өндөртэй хүмүүс. Гурван сая ард түмэн буянт малынхаа ачаар өлсөж, цангаж үзээгүй. Юу юугүй модоо барьчихгүй байх.

Төрийн зөв бодлого явуулчихаад Монгол Улс босоод ирнэ. Баялаг бүтээгчдээ дэмжин, гадны хөрөнгө оруулагчдыг татаад, тэдний өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд, өмнө нь эхэлсэн томоохон төслүүдээ цаг алдалгүй явуулчихаад босоод ирнэ.

Бодлогын том алдааны улмаас л ийм болсон. Үндэсний үйлдвэрлэгчдээ бодитоор дэмжих цаг ирсэн.

Тэгэхгүйгээр төрийн дэргэд төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулаад бизнесийг нь булааж болохгүй. Татварын хөнгөлөлт үзүүл, шударга өрсөлдөх орчныг нь нээж өг.

Ярилцсан Э.ЭНХБОЛД

ШИНЭ МЭДЭЭ