МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дахин төлөвлөлтийн бодит байдлыг иргэдийн хуралд оруулна
2016.09.01
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Дахин төлөвлөлтийн бодит байдлыг иргэдийн хуралд оруулна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “хүн амьдрах боломжгүй” гэж дүгнэсэн Хан-Уул дүүргийн 2, 3-р хорооны нутаг дэвсгэр дэх “Нэхмэлийн шар” гэгддэг 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16, 3, 4, 8, 9-р байрыг дахин төлөвлөж, барилгажуулах шийдвэрийг 2014 онд гаргасан ч өнөөдрийг хүртэл төсөл хэрэгжүүлэх компани тодорхой болоогүйгээс иргэд хана, таазнаасаа суулт өгч, цуурсан байрандаа эрсдэлтэй нөхцөлд амьдарсаар байгаа юм.

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүтэй уулзаж цаашид хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар санал солилцлоо. Уулзалтад тухайн байрны оршин суугчид болон төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан компаний удирдлагууд оролцож байр сууриа илэрхийллээ.

“Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай  орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах журам”-ын дагуу нэхмэлийн шар байрнуудыг нэг багц болгон тендер зарлаж, тус тендерт “Өндөрбуянт холдинг” компани хуулийн дагуу оролцож ялалт байгуулсан байна. Гэхдээ олон барилгын ажлыг нэг компаниар гүйцэтгүүлэх нь удаашралтай байх талтай гэдэг шалтгаанаар тендерийг цуцалжээ. Ингээд 5 багц болгож, дахин тендер зарласнаар 1-р багцад “Фүжи Холдинг ББСБ” ХХК, 4-р багцад “Рендербау” ХХК сонгогджээ. 

Харин 2016 оны 3-р сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар гэрээ байгуулах эрхийг нь хүчингүй болгосон байна. Төсөл хэрэгжүүлэгчийн эрх цуцлагдсаны дагуу дээрх барилгуудын төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг 2016 оны 4-р сарын 17-ноос 5-р сарын 30-ны өдөр хүртэл зарласан.юм. Өнөөдрийн байдлаар 2 аж ахуйн нэгж байгууллагын санал иржээ.

“Фүжи Холдинг ББСБ” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу анхан шатны шүүх хурал болсон ч 2 удаа хойшилж, өнөөдөр буюу 9-р сарын 1-ний өдөр болохоор товлогдсон байна.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хэлэхдээ “Дахин төлөвлөлтөд хамрагдахыг хүсч байгаа энэ байрны  иргэд, оршин суугчид өнөөдөр үнэхээр хүнд нөхцөлд амьдарч байгаа. Дээвэр нь нурж унах аюултай, өмхий үнэртсэн, халуун усгүй, хүн амьдрахад хүнд байгааг газар дээр нь очиж харсан. Зарим өндөр настнууд үр хүүхэддээ гэрээслэл хүртэл бичиж байна. Хүйтний улирал эхлэхээс өмнө бид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ гэсэн гарцыг хайж байна.” гэсэн юм.

Харин Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяр “Нэхмэлийн шарын энэ асуудлаар 2016 оны 3-р сарын 10-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Болд, төсөл хэрэгжүүлэгчээр сонгогдсон 2 аж ахуйн нэгж, сууц өмчлөгч иргэдийн төлөөлөл хамтарсан нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурал болсон. Энэ хурлаас төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн гурван талт гэрээ байгуулах эрхийг цуцлах шийдвэр гарсан. Энэ шийдвэр 2016 оны 3-р сарын 29-ний өдөр албажиж гарсан.

Үүний дагуу НЕТГ 2016 оны 4-р сарын 25-нд дахин нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Хоёр аж ахуйн нэгжээс материал хүлээж авсан байгаа. Мөн 5-р сарын 30-ны өдөр нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шүүгчийн захирамж ирсэн. Шүүхийн шийдвэрийг хүлээнэ үү. Түр түдгэлзүүлнэ үү гэсэн захирамж ирснээр сонгон шалгаруулалт зогсоод байна. Бидний зүгээс шүүх хурлын шийдвэрийг харна гэсэн байр суурьтай байна” гэлээ.

“Фүжи Холдинг ББСБ” ХХК-ийн Ерөнхий захирал н.Энхсайхан “Манай компани нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дагуу үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ хугацаанд 1 тэрбум 200 сая төгрөгийн зардал гараад байна. Нийт 240 өрх байгаагаас 180 өрхтэй албан ёсоор гэрээ байгуулсан. Нийт өрхийн 82 хувь гэсэн үг. Ажлаа эхлүүлсний дараа тухайн үеийн хотын дарга Э.Бат-Үүл зэрэг хүмүүс манай төслийг явуулахгүйн тулд маш их саад учруулж байсан. Гэхдээ иргэдийн итгэл байсан учраас бид ажлаа үргэлжлүүлж байсан. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр манай компанийн эрхийг цуцалсан.  Ингээд компани ч, иргэд ч хохирч байна” гэлээ.

Нэхмэлийн шар байрнуудын оршин суугчдын зарим нь “Фүжи Холдинг ББСБ” ХХК-ийг иргэд бид өөрсдөө сонгосон. Одоо энэ компанид эрхийг нь олгочихвол иргэд бид хурдан шинэ, тохилог орон сууцанд амьдармаар байна” гэсэн бол зарим оршин суугчид “Фүжи Холдинг ББСБ” ХХК төсөл хэрэгжүүлэх эрхээ авснаасаа хойш нэг хүрз шороо ч асгаагүй. Компани огт хохироогүй. Иргэд бид хохирч байна. Дор хаяж 5 жил барилгын салбарт үйл ажиллагаа явуулсан туршлагатай компаниар барилгаа бариулмаар байна” хэмээн үзэл бодлоо илэрхийллээ.

Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү хэлэхдээ “Зөвхөн Хан-Уулд дүүрэгт биш, олон дүүрэгт дахин төлөвлөлтийн ийм асуудал бий. Тиймээс дахин төлөвлөлтийн бодит байдлыг НИТХ-д өргөн барьж танилцуулна. Юуны түрүүнд иргэд та бүхэн нэг санаанд нэгдэж, эрх ашгийнхаа төлөө явах хэрэгтэй. Эхний ээлжинд шүүхийн шийдвэрийг сонсоод дахин уулзая” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ